| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0020/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** овогт Э-н Нд холбогдох эрүүгийн 1809039461085 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 37 дугаар байрны 3 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “***” ХХК-нд захиалгын ажилтан ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт Э-н Н нь:
- 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн **дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “***” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох билетийн мөнгийг тушаахгүй, бичсэн билетэндээ анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Э.Н нь ойролцоогоор 2014 оноос манай “***” ХХК-ны төв байранд захиалгын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага билет худалдаалахдаа үйлчлүүлэгчээс бэлнээр болон дансаар төлбөр авч харилцагч компани руу билетийн үнийг шилжүүлдэг байсан. Энэ ажиллагаа нь үйлчлүүлэгч төлбөрөө төлсний дараа харилцагч компаниудтай байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлэх замаар билетний үнийг төлдөг байсан. Э.Н үүнийг далимдуулан өөрийн болон өөрийн найзын дансыг ашиглаж, бэлнээр мөнгө авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Э.Н нь дээрх мөнгийг завшихдаа өөрийн захиалгын ажилтны дугаартай рэсэвт / бэлэн мөнгөний орлогын баримт / ашиглахгүйгээр бүртгэлгүй буюу дугаарлаж кодлоогүй рэсэвт / бэлэн мөнгөний орлогын баримт / ашиглаж үлдэх хувийг устгаж харилцагч компанитай тооцоо нийлж, илэрсэн зөрүүг дараа сарын орлогоос нөхөж төлөх замаар завшиж, улмаар энэ байдал даамжирч үйлчлүүлэгчийн билетийг захиалалгүй өөрийн дансанд болон бэлнээр төлбөрийг авч үйлчлүүлэгчдийг хохироож байсан. Манай компани 2016 оноос эхлэн нягтлан бодогчгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тайлан тооцоог би гардан хийдэг байсан боловч би зарим нэг шалтгаанаар гадаад улс болон дотооддоо явахдаа санхүүгийн тамга тэмдэг, бичиг баримт компанийнхаа дансны картаа Э.Нд үлдээдэг байсан гэжээ. / хх 43-44 /
Гэрч Т.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би уг дансыг 2018 оны 7 билүү 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Э.Нд ашиглуулж байсан. Учир нь тухайн үед бид нар хамт зусланд гардаг байснаас гадна би Япон улсын виз гаргуулах гэж хөөцөлдөж байгаа талаараа хэлээд дансны түүх сайн байвал асуудалгүй гардаг гэж байна гэж ярихад Э.Н “Та надад картаа өгчих би ажлынхаа орж гарч байгаа мөнгийг таны данс руу оруулчихаад захирал руугаа шилжүүлчихэж байя” гэж хэлэхээр нь картаа өгчихсөн байсан. Тухайн үед миний данс руу хэдэн төгрөг орж гарсныг би мэдэхгүй бөгөөд 2018 оны 10 дугаар сард Э.Н нь ахаа би ажлаасаа гарчихсан гэж хэлээд миний картыг надад буцааж өгч байсан гэжээ. / хх 55 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 031 дүгээр дүгнэлтэд:
1. ...Билет бичигч оператороор ажиллаж байсан Э.Нгийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд билетийн мөнгийг тушаагаагүй, мөн бичсэн билетийн анхан шатны баримтгүй 24.256.030 төгрөгийн дутагдал гаргасан байна.
2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд Н.О, Э.Н нарын гарын үсэг нь маргаантай байгаа 14.809.800 төгрөгний билетийн мөнгөний тооцоо байна.
Билет бичигч оператороор ажиллаж байсан Э.Нгийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд билетийн мөнгийг тушаагаагүй, мөн бичсэн билетийн анхан шатны баримтгүй 24.256.030 төгрөгийн дутагдал гаргасан байна гэжээ. / хх 95-103 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1652 дугаар дүгнэлтэнд:
1. 2018 оны 1-2 сар гэж хаягласан бор хавтаст байх “***” ХХК-ны 029756, 005349 дугаартай бэлэн мөнгөний баримтууд. 2018 он 3-4 сар гэж хаягласан бор хавтаст байх “****” ХХК-ны 0054*** дугаартай бэлэн мөнгөний баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Н.О-н гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. / хх 79-88 /
Шинжээч Д.Б-н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шинжээч нь үйлдэл тогтоодоггүй ба хийсвэрлэн боддоггүй. Анхан шатны баримтан дээр нотлогдож буй зүйлийг тооцсон. Гарын үсэг нь маргаантай гэх гарын үсэг зурж бэлэн тушаасан гэх бэлнээр авч өгсөн гэх үйлдэл бүхий дутагдлыг тогтоох боломжгүй гэжээ. / хх 104-105 /
“Нийслэл аудит” ХХК-ний хараат бус баталгаажуулах ажлын тайлан / хх 106-
119 /
Дансны хуулгууд / хх 129-148 /
Э.Нгийн ажилд томилсон тушаал / хх 152 /
Шүүгдэгч Э.Нг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 163-164 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 197 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тус компанид захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа иргэдийн билет захиалсан мөнгийг компанидаа тушаалгүй өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан. Гарсан төлбөрийг зөвшөөрч байна. Өр төлбөрөө хашаагаа зараад төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Н нь манай компанид билет бичигчээр 2014 онд ажилд ороод хүүхэд гаргаад эргэж орсон. 2017 оны сүүлээс миний бие гадаадад эмчилгээ хийлгэх болсонтой холбоотойгоор Э.Н нь ганцаараа ажиллах болж, санхүү болон компанийн бусад асуудлыг хариуцан ажиллах болсон. Би Солонгос улсаас 2018 оны 07 сарын 18-нд ирэхэд түүнийг ЦБ-д өгсөн байсан. Э.Н нь зорчигчоос билетийн мөнгийг аваад анхан шатны баримтыг устгаж, мөнгийг ашиглаж байсан нь нотлогдсон. 2016 оны 09 сараас эхлэн ийм байдлаар билетийн мөнгө болох 65.385.568 төгрөгийг хувьдаа ашигласан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул түүнээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү. Үүнээс болоод манай компанийн хөрөнгө дансыг битүүмжилж, үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа. Хохирол нөхөн төлөх талаар удаа дараа худлаа ярьдаг. Нөхөр нь хамт амьдарч байгаа болохыг би мэднэ гэв.
Шүүгдэгч Э.Н 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “***” ХХК-ны итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох билетийн мөнгийг тушаахгүй, бичсэн билетэндээ анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхээс Э.Нг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжэээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний асрамжинд бага насны 2 хүүхэд байдаг, хохирогч нь санхүүгийн мэдлэг мэргэжилгүй хүнд компанийн бүх ажлыг хариуцуулж үлдээснээс болж мөнгө ашиглах боломж олгосон зохих буруутай зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Нгоос 65.395.568 төгрөг гаргуулан хохирогч “***к” ХХК-д олгож, Э.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдав.
Шүүгдэгч Э.Н нь С.О-то баталгаатай гэр бүл бөгөөд хамтран амьдарч байгаа болохоо хүлээн мэдүүлсэн тул 2010 оны 05 сарын 16-нд төрсөн хүү О.А 2015 оны 03 сарын 24-нд төрсөн охин О.А нарыг эцэг С.О асрамжинд үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хошууч бэйс овогт Э-н Нг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э-н Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Нгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Нгоос 65.395.568 төгрөг гаргуулан хохирогч “Айр Нэтворк” ХХК-д олгосугай.
6. Э.Нг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах, орчуулагч Д.Оюунчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мун овогт С-ы Нт холбогдох эрүүгийн 1909034651159 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 49 б-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, групп /хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувьтай /-т, ухаан бүрэн / РД: У3 96100611 / Мун овогт С-ы Н нь:
- 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Лхагвадоржийг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Лхагвадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр 4-н залуугийн нэг нь буюу шар өнгийн өмдтэй, жижиг үстэй, Солонгосоор ярьдаг эрэгтэй нь үгийн зөрүүгүй баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ. / хх 5 /
Гэрч П.Энхтөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.Лхагвадоржтой таараад тамхи татаад зогсож байхад хажуу талд нэг залуу нэг бандийг газарт унагаачихсан цохиод байсан. Н.Лхагвадорж очоод салгахад цохиж байсан банди нь цаашаа яваад, цохиулж байсан банди нь босож ирээд Н.Лхагвадоржийн нүүр рүү нэг удаа цохьсон чинь Н.Лхагвадоржийн нүдний шил газарт унасан. Тэгтэл эрүүгээ бариад “Ёо ёо” гэхээр нь яваад очиход Н.Лхагвадорж шилээ аваад намайг цохьчихлоо гэсэн гэжээ. / хх 80 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11141 дугаар дүгнэлтэнд:
1. Н.Лхагвадоржийн биед эрүү ясны баруун талын их биеийн далд хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 11 /
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 1214 дүгээр дүгнэлтэнд:
1. Сүнхён овогтой Н нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. / хх 44 /
Яллагдагч С.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн үед найз Чинболортой уулзаад Хүүхдийн 100-д “С11” дэлгүүрийн ойролцоох бааранд орж архи уусан. Тэгээд шатаар бууж байсан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Хохирогчид эмчилгээний төлбөрт 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. / хх 54 /
Шүүгдэгч С.Нийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 55-56 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 21 / зэрэг болно.
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны оройн 22 цагт найзтайгаа такси бариад бааранд орсон. Ингээд бааранд бид хоёр 3 шил пиво уусан. Тэгээд гадаа гарч ирээд гэр рүүгээ харих гэж байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Яллах дүгнэлтэнд миний хувцсыг зөв бичсэн болохоор би хүн зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохиролд 2.646.000 төгрөг төлсөн. Тархины гэмтлийн улмаас олон удаа хагалгаа хийлгэсэн. Үүнээсээ болоод мартаж санадаг, ганцаараа гадуур явдаггүй гэв.
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Лхагвадоржийг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тэр 4 залуугийн нэг нь буюу шар өнгийн өмдтэй, жижиг үстэй, Солонгосоор ярьдаг эрэгтэй нь үгийн зөрүүгүй баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Лхагвадоржийн мэдүүлэг / хх 5 /, ...Н.Лхагвадорж очоод салгахад цохиж байсан банди нь цаашаа яваад, цохиулж байсан банди нь босож ирээд Н.Лхагвадоржийн нүүр рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Энхтөрийн мэдүүлэг / хх 80 / ... Н.Лхагвадоржийн биед эрүү ясны баруун талын их биеийн далд хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11141 дугаар дүгнэлт / хх 11 /, ... Сүнхён овогтой Н нь хэрэг хариуцах чадвартай гэсэн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 1214 дүгээр дүгнэлт / хх 44 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч С.Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зарлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 67 хувь алдсан, тархины гэмтлийн улмаас тархины зарим хэсгийг тайруулсан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зэргийг харгалзаад хуульд заасан 650 нэгж буюу 650.000 төгрөгний торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 5.736.449 төгрөг нэхэмжилсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон 2.646.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн / хх 73, 90 / байна. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3.065.000 төгрөгний зарлагын баримтыг үндэслэн хохирлыг гаргуулах боломжгүй тул хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мун овогт С-ы Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С-ы Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 / зургаан зуун тавь / нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтжй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. С.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нэр эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ