Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 693

 

     Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Дэлгэрдалай,

            хохирогч Д.О-н өмгөөлөгч С.Энхбат,

            шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, С.Пүрэвдорж, П.Баасанжав,  

шүүгдэгч Р.С, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.П-н өмгөөлөгч П.Б, С.П,  Б.Э, шүүгдэгч Р.С-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг, шүүгдэгч Ц.Н, түүний  О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох 2014260006281 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ч-П, 19.. оны 6 дугаар сарын 7-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3/114 таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2, 7-р зүйлүүдэд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ./;

  2. Сэвхэт овгийн Р.С, 19 оны 6 дугаар сарын 30-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ....дүүргийн 9 дүгээр хороо, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч . дүүргийн 11 дүгээр хороо, ........... оршин суух,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ./;

3. Боржигон овгийн Ц.Н, 19 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ./;

4. Боржигон овгийн Ч.Э, 19.. оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт ........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ./;

5. Боржигон овгийн Г.З, 19.. оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ........... тоотод оршин суух,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД: ./;

Ч.П нь машин механизм хэрэглэн 2014 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны дэвсгэрт 361-н гарам “Их Булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О-н 3 тооны адууг хулгайлж, 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Р.С, Ц.Н нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ... гэх газраас М.Э-н эзэмшлийн хүрэн хязаалан, Б.О-н эзэмшлийн хээр морь, Д.Т-н эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол буюу нийт 39.020.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын явцад Ч.Э-д адуу өгнө хэмээн шан харамж өгөх, амлах зэргээр мөн Г.З-г хувийн байдлаар гуйж 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ч.Э, Г.З нараар мөрдөн байцаалтад гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн,

Р.С, Ц.Н нар нь Ч.П-тэй бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ........ гэх газраас М.Э-н эзэмшлийн хүрэн хязаалан, Б.О-н эзэмшлийн хээр морь, Д.Т-н эзэмшлийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15.020.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Ч.Э нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн,

Г.З нь ялтай тооцогдох хугацаандаа Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.П-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, Р.С, Ц.Н нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Э, Г.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.П-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус болгон, Р.С, Ц.Н нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт болгон, Ч.Э, Г.З нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж,

Ч.П-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн гэм буруутайд, Р.С, Ц.Н нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Ч.Э, Г.З нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцож,

Ч.П-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Р.С-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Ч.Э, Г.З нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.П, Р.С, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э, Г.З нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.П-т оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.П-н цагдан хоригдсон 209, Р.С-н цагдан хоригдсон 95, Ц.Н-н цагдан хоригдсон 9 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор “Вонго пронтер” загварын, 25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Мөнхтөрд буцаан олгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ч.Э, Г.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Э, Г.З, Ц.Н нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.П-с 24.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.О-д олгож, шүүгдэгч Р.С-с 3.700.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 1-ний дотор гаргуулж, хохирогч Д.Т-д 1.540.000 төгрөг, хохирогч Б.О 2.160.000 төгрөг тус тус олгож, Ч.П-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Р.С, Ц.Н нарын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.П-н өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй учир давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой талуудын мэтгэлцээнд тулгуурлан тогтоож чадаагүй, яллах нотлох баримтуудаар Ч.П-н үйлдсэн хэрэг эргэлзээгүйгээр нотлогдоогүй байхад шүүх Ч.П-г 2014 онд Д.Очирсүрэнгийн 3 морийг хулгайлсан гэж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

  • -г гэмт хэрэг үйлдсэн, морийг ачиж явахыг харсан гэх гэрч А.Ш 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ ...Би Ч.П-н ачиж явсан морийг Д.О ахын морь гэж таньсан гэж зүсээр нь хэлсэн ба мэдүүлгийн төгсгөлд ... Мөрдөн байцаагчийн энэ 3 морийг хараад Д.О болон түүний эхнэрт хэлсэн үү гэж асуухад А.Ш "Би энэ талаар 2-3 хоногийн дараа өөрийнх нь утас уруу залгаж хэлсэн" гэжээ. Гэтэл морио хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдэж эрж хайж байсан юм бол тухайн үед А.Ш морийг нь Ч.П ачиж явсан талаар хохирогчид хэлсээр байтал цагдаад хэлж шалгуулаагүй, хохирогч 2016 онд Ч.П морийг нь хулгайлсан талаар мэдсэн гэж мэдүүлж байгаа нь А.Ш-н мэдүүлэг үнэн эсэхэд эргэлзээ төрөхүйц байна.

Гэрч А.Ш-н мэдүүлэгт эргэлзээ төрүүлж байгаа дахин нэг асуудал нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл Ч.П адуу ачсан зогсож байсан гэх газар, гэрэл нь туссан гэх зоогийн газрын хоорондох зай 100 орчим метр, ба гэрэл нь адууны зүсийг (хулгайд алдсан гэх адуу нь бор, хээр, ногоон зэрэг зүстэй) ялангуяа бараан зүсмийн адууг нэг бүрчлэн зүсээр нь ялгаж харах бололцоотой байсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн түүний мэдүүлгээр морь ачиж явахыг харсан цаг хугацаа нь 2014 оны 9 дүгээр сард 21-22 цагийн орчим ба тэрээр бүр замын эсрэг талаас харсан гэж мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан "Нотлох баримтыг үнэлэх", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг"-ийг мөрдөгч, прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэгжүүлээгүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж явуулсан гэх үндэслэл болох ба энэ нотлох баримтыг үндэслэн гарсан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Мөн зүйлийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу дээрх нотлох баримтуудын зөрүүтэй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээр Ч.П-г гэм буруутайд тооцсон байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Ч.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Ч.П-с 24 сая төгрөг гаргуулж хохирогч Д.О-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Ч.П нь 2014 онд Д.О-н 3 тооны морийг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн энэ үйлдлийг бүрэн нотолж чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан талаарх хуулийн заалтад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлтийг дээр тодорхой бичсэн. Гэвч энэ үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл, хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглэсэн байдалд тайлбар, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь Ч.П-н үйлдсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэг 2014 онд үйлдэгдсэн ба тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцогдож байсан. Хэргийн хохирлын хэмжээ 24 сая төгрөг ба үлэмж хэмжээний хохиролд хамаарч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэтэл шүүх тухайн үйлдлийн талаар маргаж, цагаатгуулах дүгнэлт гаргаж байсан, үргэлжилсэн үйлдлээр онц их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж өршөөлд хамруулаагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д энэ талаар заасан байхад шүүх дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн гэх нэг үндэслэл болж байна. Мөн Ч.П-н үйлдсэн хулгайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь буруу. Түүний үйлдсэн хулгайн хэргийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд "Хөрөнгө хулгайлах", 17.12 дугаар зүйлд "Мал хулгайлах" гэж хулгайн гэмт хэргийг объектын хувьд 2 салгаж зүйлчлэхээр хуульчилсан. Мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, шинэ төрлийн гэмт хэрэг биш ба харин хулгайн гэмт хэргийг объектоор нь заагласан асуудал. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийн объект нь "мал" биш малаас бусад "хөрөнгө" гэж ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан зарчмаар бол эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ял хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан.

Үүнээс үзэхэд Ч.П-н үйлдсэн хулгай үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Дээрх хуулийн заалт, зохицуулалтуудыг харьцуулан дүгнэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан "...шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй..." мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан".. .Шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй, "Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...", гэх үндэслэл бүрэн тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ч.П-т холбогдох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

1. 2014 онд үйлдсэн гэх хулгайн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох;

2. 2016 онд үйлдсэн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд (Мал хулгайлах) зааснаар зүйлчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.П-н өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан ялтанд "... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэсэн заалтыг зөрчлөө. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар энэ хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой юм. Шүүгдэгч Ч.П-н хулгайн 2 хэргийг нэгтгээд нийт хохирол 39.020.000 төгрөг буюу онц их хэмжээ болсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсан юм. Тэрээр 2014 оны Д.О-н 24.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны адууг хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугүй гэж маргаад шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн Д.О-н 3 тооны адуу хулгайлсан хэрэг нь 2015 оны "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 4.1-д заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие энэ талаар санал, дүгнэлтээ гаргасан боловч шийтгэх тогтоолд "өмгөөлөгчөөс 2014 оны хулгайн гэмт хэргийн үйлдлийг өршөөлд хамруулж шийдвэрлэх боломжтой гэх боловч гэм буруугийн дүгнэлт гаргахад тухайн үйлдэл, эс үйлдэхүйн талаар талууд маргаж, гэм буруугүйд тооцож, цагаатгуулах дүгнэлт гаргаж байсан болно. Мөн хулгайн үйлдлүүд нь цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр илэрч гэмт хэргийн хохирлын хэмжээгээр 2002 оны Эрүүгийн хуулийн онц их хэмжээнд хамаарч байсан болно” гэж дүгнэсэн. Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 10.9 дүгээр зүйлд “Хэрэв шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ" гэсэн заалт байгаа тул гэм буруугийн талаар маргах нь өршөөлд хамрагдахгүй байх нөхцөл, шалтгаан биш болохыг тодорхойлсон тул энэ үйлдэл өршөөлд хамрагдах ёстой.

2. Шийтгэх тогтоолд ялтан Ч.П-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлоо буюу 2016 оны хулгайн хэргийн 3 хохирогчийн хохирлоос өөрийн төлөх ёстой 5.006.666 төгрөгийг бүрэн төлсөн зэргийг дурдаагүй. Мөн түүнийг урд 2 удаа ял шийтгэгдсэн, захиргааны зөрчилд удаа дараа холбогдож байсан гэж Эрүүгийн хуульд заагаагүй үндэслэлээр түүний ялыг хүндрүүлэн, эрх зүйн байдлыг дордуулсан.

З. Ялтан Ч.П-н 2016 оны хулгайн хэрэг, хуурамч мэдүүлэг өгүүлсэн хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг бүрт ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоохыг хүсэж байна.

4. Ялтан Ч.П-н ял шийтгүүлсэн 2014 оны хулгайн хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, 2016 оны хулгай, хуурамч мэдүүлэг өгүүлсэн хэргийн хувьд анх удаа ял шийтгэгдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.П-н өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч Ч.П-н зарим үйлдэл, тодруулбал хохирогч П.О-н 3 тооны адууг хулгайлж, 24,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад нотлогдсон гэж үзэж, шүүгдэгч Ч.П-т 5 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Ч.П нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 361-н гарам, "Их булагын бэлчээр" гэх газраас хохирогч Д.О-н 3 тооны адууг хулгайлсан" гэх үйлдэл нь цаг хугацаа, орон зайн зөрүүтэй, ашигласан машин механизм нь тогтоогдоогүй, мөн Ч.П нь тухайн үед хэрэг учрал болсон гэх газар байгаагүй гэдгийг хэрэгт авагдсан гэрч Ч.Э, Г.З, гэрч Э.Г, Л.Б, Д.А нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож, Ч.П-н буруутгах гол үндэслэл болсон гэрч А.Ш-н мэдүүлгийг үгүйсгэгдэнэ. Гэтэл прокурорын шатанд гэрч Г.З, Ч.Э нарыг хэргийн холбогдогчоор татаж, ял сонсгосон, яллагдагчаар татаж, Ч.П-т нэмж ял сонсгосон. Шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлтэй, “...өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар мэтгэлцэхдээ хууль зүйн үндэслэл, нотлох баримтгүй мэтгэлцэж, хуулийг буруу тайлбарлахын зэрэгцээ... өмгөөлөгчийн мэтгэлцээн нь хэрэгт авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн, няцаагдсан" гэж дүгнэсэн байтал, зарим гэрчүүдийн буюу гэрч Э.Г, Л.Б, Д.А нарын мэдүүлэгт ямар нэг дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-р зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан Ч.П-н хохирогч Д.О-н 3 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл ангийн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Р.С-н өмгөөлөгч Ц.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

1. Э, Т, О нарын 3-н тооны адуу хулгайлагдсан хэрэгт Р.С гэм буруугүй гагцхүү Ч.П гэм буруутай болох нь дараах хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Үүнд хохирогч М.Э-н “...Мал нядалгааны газар ажиллуулдаг Явуу гэх хүнээс яагаад манай гурван адууг алчихваа гэхэд Явуу "П гэж хүн бичиг нь араас ирж байгаа одоо алчих" гээд алуулсан гэсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т-н “...Ч.П нь миний хурдан удмын адууг хөлгүй гэж хэлсээр байгаад алуулсанд гомдолтой байна...", хохирогч Б.О-н “...Ч.П над руу залгаад “хоорондоо тохиролцоод хохирлыг чинь барагдуулья" гэхэд би түүнд хандан "Миний 2014 онд алдсан Оонон хээрийг хааш нь гаргасан талаараа хэлчих тэгвэл тохиролцож болох юм." гэхэд П утсаа салгасан...", гэрч Я-н "... Намайг үзэхэд хүрэн халзан таван хошуу тамгатай соёолон адуу нь хурдан угшилын шинжтэй байхаар нь тусад нь үнээр авъя гээд С-с биечлэн гуйхад та Ч.П ахаас асуу гээд өөрийнхөө утсаар тэр хүнтэй яриулахад тэрээр "наад адуу чинь бүдэрч унадаг урд хоёр хөлгүй адуу" гэж хэлсэн. Тэгээд би уг адууг авахаа болиод гарал үүслийн гэрчилгээг нь хүлээгээд байж байхад С надад дахин утсаа авч өгөөд Ч.П гэх хүнтэй яриулахад “Гарал үүслийн гэрчилгээ Дарханы салдаг дээр ирж байна. Та наад гурван тооны адууг нядалгаанд оруулж бай” гэхээр нь би түүнд итгээд нядалгаанд оруулсан ...", гэрч Э-н " ...Отгонтөгсөөс хэний адуу юм бэ гэхэд Ч.П-н адуу гэж хэлсэн... би С-с чи энэ адууг яагаад нядалж байгаа юм бэ гэхэд тэрээр "Би ямарч хамаагүй наад 3-н тооны адууг чинь П ах мэдэж байгаа. Надад наад 3-н тооны адууг нядлаад зардал хийгээд адуу руугаа явна гэж хэлсэн…”, гэрч Ж.Д, Б, Т.А, С.Ц нарын мэдүүлгүүдээр Р.С нь гэм буруутай болох нь тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэгт холбогдолгүй байхад түүнд нухацтай дүгнэлт хийлгүйгээр Р.С-т ял халдаасныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Р.С нь П гэгчийн гуйлтаар түүний бугуйлдаж чирүүлж алдсан болон түүний заасан 3-н ширхэг морийг барьж өгсөн ба нийслэл рүү орохдоо таньдаг ченж сураглахад нь өөрийн таних Явуухүүг хэлснээс өөр гэм буруу хавтаст хэрэгт авагдаагүй байна.

2. П мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлэг тайлбар гаргахдаа “Р.С надаас шарга азарга худалдан авсан ба эмээлтэй морио миний машин дээр ачиж яваад хэсэг адуун дээр очиж 2 морь нэмж барьж машин дээр ачаад явсан. Энэ 3-н адууг С хулгайлсан, өөрийн ах ченж Я-д өгч нядлуулсан” гэж хэлж мэдүүлдэг нь дээр дурдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэг болон дор дурдсан гэрч нарын мэдүүлгээр няцаагдана. Гэрч Э.Э "... би Саруулбаяраас айлын адуунд байгаа 3-н байдасыг авчирч өгөөч гэж гуйтал тэрээр “тэгье” гээд явсан ба тэр өдөр би гэртээ малаа хараад байж байтал өдөр нь Ч.П манай 3 адууг портерт ачаад... Н-н хамт ирсэн. Би Ч.П-с та яаж мэдээд манай гурван адууг авчирч байгаа юм бэ гэсэн чинь С надад хэлсэн юм аа, одоо өөрөө араас ирж байгаа гэж хэлсэн... Тэгээд 23-н цаг өнгөрч байхад С манайд морьтой ганцаараа хүрч ирээд... Ч.П ах намайг Баянцагаан руу адуунд яваад өгөөч гэж гуйгаад байна гэж хэлээд унаж байсан морио үлдээгээд эмээл, хазаар аваад явсан...”, гэрч Я-н “...3 тооны адууг нядалгаанд оруулж байхад манай найз О гэх залуу ирэхэд нь би түүнд хандан "танай  сумаас гарал үүсэлгүй 3 тооны адуу ирж байна... Тэгэхэд О гэх залуу 3 тооны адууны тамгыг хараад өөрийн найз Э гэх залуу руу энэ талаар утсаар миний хажууд ярьсан…” гэсэн мэдүүлгүүд нь С морьтой адууны захад уулзсан эмээлтэй морио алдсан машин дээр ачсан гэсэн нь Энхсайханы мэдүүлгээр, мөн Р.С нь ченж Я-тэй ах дүү садан төрөл гэж хэлсэн нь Я-н мэдүүлэг С, О нарын мэдүүлгээр няцаагдана. Хэрэв Я гэгч С-тай ах дүү садан төрлийн холбоотой байсан бол тэр гарал үүсэлгүй 3-н адууг найз О-д үзүүлж, уг адууны эзэд хэн болохыг сураглуулахгүй нь хэнд ч ойлгомжтой юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар П уг хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон бөгөөд Р.С-н хувьд гэм буруутай болох талаар тогтоогдсон баримт нотолгоо байхгүй болно.

3. Миний бие шүүх хуралдаан дээр Р.С гэм буруугүй хэрэв зайлшгүй гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн шинэ хуулийн 17.1-р зүйлийн 2.4 дэх хэсгээр ял халдаах боломжгүй гэж өмгөөллөө явуулсан болно. Гэтэл Анхан шатны шүүх хэрэв Р.С-г гэм буруутай гэж үзэж байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12-дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр ял халдааж, уг ялыг тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн Р.С-т 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дэх заалтыг зөрчиж, хүнд ял хэрэглэсэн төдийгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тодруулбал малын хулгайгаар ял халдаах байтал мөнгө, эд хөрөнгө хулгайлсан хэргээр ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ хэрэгтэй сайн танилцвал уг гэмт хэргийг Ч.П ганцаараа үйлдсэн болох нь харагдана. Р.С-н эцэг нь маш хүнд өвчтэй байгаа. Иймд Р.С нь бусдын 3-н тооны адууг хулгайлах гэсэн субьектив болон обьектив талын шинжүүд хавтаст хэрэгт тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох буюу зайлшгүй гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.12.1 дэх хэсгээр зүйлчилж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгээр буюу 7.1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...”  гэв.

Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугийн асуудалд маргахгүй бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Н анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь Ц.Н нь Ч.П, Р.С нартай бүлэглэж “машин, механизм ашиглаж бусдын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан гэх хэрэг нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гарсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-р зүйл хулгайлах гэмт хэрэг бөгөөд түүний хүндрүүлэх бүрэлдэхүүн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...машин механизм ашиглаж..." үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Тухайн хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд мөн хуулийн 2.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 7.1-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм. Ц.Н-н үйлдэл нь 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 145  дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарна. Ц.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд сайн дураар нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасны дагуу түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой юм.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгч Ц.Н-н эрх зүйн байдлыг дордуулсан хүндрүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ял оногдуулсанд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “...үйлдсэн гэмт хэрэгт нь нэг шүүгдэгчид 2015 оны, бусад шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх зэргээр салгах, өөрөөр хэлбэл нэг үйлдэлд өөр өөр хууль хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх нь харилцан уялдаа холбоо бүхий байдал алдагдаж, хууль ёсны байх зарчмыг зөрчих үндэслэл болох тул тус үйлдэлд дээрх шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хэрэглэсэн болно..." гэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй дүгнэлт юм. 2015 оны Эрүүгийн хуульд өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийг цуг хэрэглэхийг хориглосон ямар ч заалт байхгүй бөгөөд хуулийн үзэл баримтлал нь эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн нэг л ойлголтоор хэрэглэгдэнэ.

Иймд миний үйлчлүүлэгч Ц.Н-н эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулж, түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 онд хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд уг үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Харин 2014 онд бусдын адууг хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Р.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.О-н өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Р.С нь өмнө удаа дараа ял шийтгүүлээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдэж байсан. Мөн О-н 3 тооны адууг хулгайлж 24.000.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдэх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Дэлгэрдалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад гэрч Ш-т хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд түүнийг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. 2014 оны 4 дүгээр сард адуу хулгайлсан гэх үйлдлийг Ч.П, Ц.Н, Р.С нар үйлдээгүй, хамт яваагүй гэж маргадаг. Гэвч энэ гэмт хэргийг дээрх гурван хүн үйлдсэн болох нь гэрч Я, Э нарын мэдүүлгээр бүлэглэж үйлдсэн нь тогтоогддог. Өршөөл үзүүлэх тухай хуулийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай хольж шийдвэрлэх үндэслэлгүй гэдгийг дэмжиж оролцсон. Улсын яллагчийн ялын шүүмжээ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “мал хулгайлах” гэж зүйлчилж дүгнэлтээ хэлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, тухайлбал шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “...шүүгдэгч Ч.П, Р.С, Ц.Н нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн өөр, өөр зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд нэг шүүгдэгчид 2002 оны, бусад шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх зэргээр салгах, нэг үйлдэлд өөр өөр хууль хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх нь харилцан уялдаа бүхий байдал алдагдаж, хууль ёсны байх зарчмыг зөрчих үндэслэл болох тул тус үйлдэлд дээрх шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болно...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг хэрхэн буцаан хэрэглэсэн талаараа үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Дээрх нөхцөл байдлуудын улмаас шүүгдэгч Ч.П-н өмгөөлөгч П.Баасанжав, С.Пүрэвдорж,  Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Р.С-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг, шүүгдэгч Ц.Н, түүний О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаагийн шүүх хуралдаанаар тус тус хянан хэлэлцэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.