Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0194

 

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0194

Улаанбаатар хот

 

 

 

 

                                                    “Ш” ХХК-ийн

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар “Ш” ХХК-д хариу хүргүүлэх тухай алан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч  “Ш” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “... Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас Захиргааны eрөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Ш” ХХК-ийн оролцоог нь хангаж, холбогдох баримтуудыг гаргуулан авч, жил бүр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг байгаль орчныг хамгаалах хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тооцох зэрэг Эрдэнэхайрхан сумын Байгаль орчны улсын байцаагчаас тодруулж, судалж үзсэний үндсэн дээр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан, эсхүл хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх баримтыг судалж үзээд хариу өгөх нь зүйтэй ба энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал байх тул хариуцагчид уг асуудлыг нарийвчлан судалж үзэж хариу өгч шийдвэрлэх 3 сарын хугацаа тогтоож дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь илүү шударга бөгөөд зүйд нийцсэн шийдвэр болно гэж шүүхээс үзлээ” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга шүүхэд өгсөн тайлбартаа Би 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш сумын Засаг даргаар ажиллаж эхэлсэн  бөгөөд өмнөх Засаг дарга нарын хийж байсан ажлыг мэдэхгүй. Тиймээс дахин судалж байж тодорхойлолт гаргаж өгнө гэсэн агуулгатай тайлбар гаргасан байдаг.

Анхан шатны шүүх хариуцагчийн уг тайлбарыг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгож шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь төрийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг залгамж чанартай, тасралтгүй явагдах ёстой тул Засаг даргын дээрх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээлэлд үндэслэн тодорхойлолтыг гаргаж өгөх учиртай. Өмнө жилүүдэд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн өөрчлөгдсөнөөр тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзах үндэслэл болохгүй

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах талаар менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхийг шалгах зорилготой тодорхойлолтыг шаардаж байгаа өргөдлийн бүрдүүлбэрийг заасан зохицуулалт юм. Гэтэл “Ш” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн ямар үүргээ хэрхэн, яаж зөрчсөн, уг үүргээ зөрчсөний улмаас байгаль орчинд ямар хохирол учирсныг нотлохгүйгээр сумын Засаг даргаас уг тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийсэн, байгаль орчинд хор хохирол учруулсан үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй байхад нь үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзаж байгаа нь нэхэмжлэгч компанийн эрхийг хязгаарлах, тусгай зөвшөөрлийн талбайд хувийн зардлаараа хийсэн хайгуулын ажлын үр дүндээ үндэслэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг нь зөрчих, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах үндэслэл болох ёсгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д “Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж заасан. Энэхүү баримт буюу тодорхойлолт нь бие даасан захиргааны акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна. Иймд манай компаниас Сумын Засаг даргын тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан үйлдэлтэй холбоотойгоор маргаж байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүхээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны  ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэдгийг баримтлан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Засаг даргаас тодорхойлолт гаргуулах шаардлага бүхий хэргийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон хэргийн үйл баримтад нийцэхгүй байна.

Захиргааны процессын эрх зүйд нотлох үүргийн хуваарилалтын хувьд захиргааны байгууллага захиргааны актын үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компанийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн, байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл бүхий үйл ажиллагаа явуулсныг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж маргаж байгаа үндэслэлүүд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ эцэст нь өөрөө шүүхэд гаргаж өгсөн баримтаараа няцаасан. Тухайлбал хариуцагчийн зүгээс анх шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч компанийг огт байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаагүй, тайлан мэдээ ирүүлж байгаагүй гэж маргасан ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлж, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, байгаль орчны нөхөн сэргээлтийн тайлан мэдээг сумын Засаг даргад хүргүүлж, байгаль орчны байцаагчаар батлуулж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчаар батлуулах ба биелэлтийг 7 дугаар маягтаар тайлагнаж, нөхөн сэргээлтийг сумын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, 7 дугаар маягтыг тухайн жилийн хайгуулын ажлын тайланд хавсаргадаг.

Хэрэгт авагдсан дараах баримтуудаар “Ш” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчаар батлуулж, нөхөн сэргээлтийг байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч нөхөн сэргээлтийн тайлан мэдээг 7 дугаар маягтаар баталгаажуулж байсан болох нь тогтоогдсон. Үүнд:

1. Хүснэгтээр тухайн нотлох баримт нь хэргийн хэддүгээр хавтасны аль талд байгааг харуулав.

Батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө

 

он

Хэргийн хавтас

Батлагдсан нүүр хуудас /хуудас/

1

2013

2

240

2

2014

2

234

3

2015

2

227

4

2016

2

221

5

2017

5

119

 

 

Батлагдсан хайгуулын ажлын тайлан.

 

Он

Хэргийн хавтас

Батлагдсан нүүр хуудас

/Хуудас/

Батлагдсан 7-р маягт бүхий хуудас /Хуудас/

1

           2007

2

246

 

2

2008

3

25

40

3

2009

3

52

67

4

2010

3

83

106 тодорхойлолт албан бичиг

5

2011

3

118

145

6

2012

3

186

202

7

2013

3

211

236

8

2014

3,4

3 хавтас 244

4 хавтас 11

9

2015

4

27

43

10

2016

4

68

90

11

2017

5

138

157

12

2018

6

13

82

 

2. “Ш” ХХК-ийг 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэж хариуцагч маргадаг ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудлаар нэхэмжлэгч компани тухайн үед сумын Засаг дарга, Ашигт малтмалын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Завхан аймгийн Засаг дарга нарт хандаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдог. “Ш” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга баталж өгөөгүй тул хээрийн судалгааны ажил явуулаагүй, лабораторийн туршилтыг хийсэн болох нь “Ш” ХХК-ийн 2018 оны хайгуулын ажлын тайлангаар нотлогддог.

3. Түүнчлэн Эрдэнэхайрхан сумын Санхүүгийн албаны дарга Б.Э-аас шүүхэд гаргаж өгсөн “Ш” ХХК-иас 2016-2017 онд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх дансанд хийсэн барьцаа төлбөрийн тодорхойлолт болон банкны баримтаар байгаль орчныг нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг төлж байсан нь нотлогдож байгаа.

4. Эрдэнэхайрхан сумын байгаль орчны байцаагч Р.М-аас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн “...Хайгуул хийсэн тухад бүрд хайгуул хийсэн талбайгаа хүлээлгэж өгөөд 7 дугаар маягт батлуулаад явж байсан. ... Байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  

5. Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байсан болон холбогдох мэдээ тайланг суманд хүргүүлж батлуулж байсан болох нь Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн 1/179 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд тухайн үүргийг  зөрчсөн зөрчлийн талаар ямар арга хэмжээ авахыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж заасан. Харин хариуцагчаас хуульд заасан уг арга хэмжээ тус компани дээр огт авагдаж байгаагүйн дээр Мэргэжлийн хяналтын байгууллага болон сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчаас “Ш” ХХК-ийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар ямар нэгэн шаардлага, мэдэгдэл, акт, хариуцлага ногдуулж байгаагүй болно.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас нэхэмжлэгчийг Ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаар тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан хууль зүйн үндэслэлгүй хариу өгсний улмаас “Ш” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхээ эдлэх боломжгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3-т заасан онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа.

“Ш” ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийг талбайд нийт 1,405,838,800 төгрөгийг зарцуулж геологи хайгуулын ажил гүйцэтгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаанд байгаль орчинд хор, хохирол огт учруулж байгаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан дээрх үйл баримтыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар бүхий хариу хүргүүлэх тухай албан бичгийг 3 сараар түдгэлзүүлсэн нь хэт нэг талыг барьсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, өмнөх давж заалдах шатны 355 болон 562 дугаар бүхий магадлалаар тус компанийг энэ 12 жилийн хугацаанд байгаль хамгаалах төлөвлөгөө болон тайланг нотлох баримтаар гаргаж өгөхийг сануулсаар байтал, жишээ нь 562 дугаар магадлалд ... хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаарх тодорхойлолтыг хайгуулын үйл ажиллагаа явуулсан бүхий л цаг хугацаанд буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш хамааруулан тооцохоор байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч “Ш” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 12596Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийхдээ байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх ямар үйл ажиллагаа явуулсан болох, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 2007-2019 онуудад байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажилласан талаарх баримт бүрэн авагдаагүй, үүний улмаас давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлээгүй хэмээн татгалзсан хариуцагчийн татгалзалд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дурдагдсаар атал одоо болтол хангалттай материал гаргаж өгөхгүй байгаа нь уг компани 12 жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт бичгийн шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 2007-2019 онуудад байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажилласан талаарх төлөвлөгөө болон тайлан байхгүй байгаа нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх энэ хэргийг ахин 3 сараар түдгэлзүүлсэн нь шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зохицуулалтыг зөрчлөө. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсээд байгаа тодорхойлолтыг гаргаж өгөхийг Засаг даргад шууд тулгалаа. Ингэх нь хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлээгүй компанийн үйл ажиллагааг зөвтгөж төрийн хуулийг дээдлэн ажиллаж байгаа Засаг даргаар шууд хууль зөрчсөн шийдвэр гаргуулахаар хүчээр тулгалаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “... шинэ акт гаргаагүй тохиолдолд Эрдэнэхайрхан сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар бүхий албан бичиг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна ...” гэж дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, шинэ акт гаргахыг шууд тулгасан шийдвэр боллоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, хууль буруу хэрэглэн гарсан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хэлэлцээгүй тухайд. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг үүсгэж, тухайн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй.

Нэхэмжлэгчээс анх “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... тодорхойлолтыг гаргаж өгөхийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/196 дугаар албан бичгээр “...тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй болохыг үүгээр дамжуулан хариуг хүргүүлж байна.” гэсэн хариуг авснаар нэхэмжлэлийн шаардлагаа “...тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан тодорхойлолтыг “Ш” ХХК-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 1/196 дугаар албан бичгийг хүчингүй болгохоор маргаагүй, харин тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн хариу хууль бус болохыг тогтоолгохоор хариуцагчийн татгалзаж буй үйлдэл, үйл ажиллагаатай холбогдуулан маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр дээрх 1/196 дугаар албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн нь  захиргааны актад хамааралтай заалт бөгөөд хариуцагчийн 1/196 дугаар албан бичиг нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул 1/196 дугаар албан бичгийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэгэнт хариуцагчаас “тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөөр байтал шүүх “... хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан, эсхүл хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх баримтыг судалж үзээд хариу өгөх нь зүйтэй ба энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал...” гэх  үндэслэлээр 3 сарын хугацаа тогтоож, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой байх зарчимд нийцээгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төв /тухайн үеийн нэршлээр/-ийн даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2762 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь “А.У” нэртэй 2762 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх бүхий 12596Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 онд “Х” ХХК-д олгож, улмаар 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр “Ж.Ю” ХХК-д,  2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Ш” ХХК-д тус тус шилжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “... хайгуулын  тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” гэж зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр уг 12596Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлийн 3 жилээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, уг хугацааны эцэст хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээр тус Айраг-Уулын алтны үндсэн ордны нөөцийг тогтоосныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-12-11 дүгээр дүгнэлтээр баталгаажуулсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Эдгээр үйл баримтаас дүгнэхэд уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сүүлийн 3 жилээр сунгаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д зааснаар хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхээ эдлэх эрхтэй. Харин энэхүү эрхээ эдлэхийн тулд нь тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлох баримтыг өргөдөлдөө хавсаргах ёстой. Гэтэл 2007-2019 онуудад байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажилласан талаарх төлөвлөгөө болон тайлан байхгүй гэх үндэслэлээр хариуцагч дээрх тодорхойлолтыг гаргах боломжгүй гэх хариуг өгсөн.

Нэхэмжлэгчийн “...2013-2017 оны төлөвлөгөө тайлан гаргасан. Өмнөх онууд нь өөр аж ахуйн нэгж эзэмшиж байсан тул ирээгүй байгаа. 2016, 2017, 2018 онуудад судалгаа шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах, лабораторийн туршилт шинжилгээ гэсэн ажлууд хийгдсэн, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга баталж өгөөгүй тул тухайн талбай дээр хээрийн судалгааны ажил явуулаагүй... ” гэх, хариуцагчийн “...хайгуулын талбайд 2012, 2016-2019 онуудад ажил хийгдээгүй” гэх тайлбараас дүгнэхэд хэрэв эдгээр онуудад хайгуулын ажил хийгдээгүй бол хайгуулын ажлын явцад үүсэж болзошгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бий болсон гэж үзэхээргүй тул энэ нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан тодорхойлолтыг “Ш” ХХК-д гаргаж өгөхөөс татгалзах үндэслэл болохооргүй байна. Хэрэв тухайн онуудад хайгуулын ажил хийгдэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахгүйгээр байгаль орчинд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсан бол хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж заасан арга хэмжээг авсан байх ёстой. Энэ талаар хариуцагч болон эрх бүхий байгууллагаас хийсэн ажиллагаа, тогтоосон баримтгүй байна.   

Хэрэгт авагдсан Эрдэнэхайрхан сумын байгаль орчны байцаагч Р.М-ын “...Хайгуул хийсэн тухай бүрд хайгуул хийсэн талбайгаа хүлээлгэж өгөөд 7 дугаар маягт батлуулаад явж байсан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан зүйл байхгүй” гэх гэрчийн мэдүүлэг[1], хариуцагчийн  1/179 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн 50 хуудас хавсралт бүхий баримтаар[2] нэхэмжлэгч “Ш” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хугацаандаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг 7 дугаар маягтаар баталгаажуулж байсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн “Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Авдрант-Уулын алтны үндсэн ордод 2011-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан”-д хийсэн шинжээчдийн нэгтгэсэн дүгнэлтэд[3] “ ...Суваг нэвтрэлтийн ажлыг газар дээр нь шалгаж, нэвтэрсэн болон нөхөн сэргээлт хийсэн байдалтай танилцахад шаардлагын түвшинд хийгдсэн байна гэж үзэв. Харин нөхөн  сэргээлтийн ажил хийгдсэн байгаа учир геологийн бичиглэл, сорьцлолт хийсэн байдлыг анхдагч бичиглэлтэй нь танилцсанаар хязгаарласан бөгөөд натуртай нь тулгах боломж байсангүй” гэснээс дүгнэхэд суваг нэвтрэлтийн ажлын нөхөн сэргээлт шаардлагын түвшинд хийгджээ гэж үзэхээр байна. Уг  шинжээчийн нэгдсэн дүгнэлтийн дагуу шинжээчийн шүүмжид заасан ажиллагааг нэхэмжлэгч компанийн зүгээс хийж холбогдох засварыг оруулж байжээ. 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагчийг хэн алиныг нь шууд зуун хувь зөвтгөх, эсхүл буруутгах боломжгүй байна.

Иймд хэргийн үйл баримт, дээрх эрх бүхий төрийн албан хаагчийн гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, тус компанийн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээр тус Айраг-Уулын алтны үндсэн ордны нөөцийг тогтоож Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны ХХ-12-11 дүгээр дүгнэлтээр баталгаажуулсан зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.1.8-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд хариуцагч сумын Засаг даргаас авсан хариу арга хэмжээ, тогтоосон баримт байхгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 38 дугаар зүйлийн 38.3, 38.1.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 1259Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан хариу хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг “Ш” ХХК-д гаргаж өгөхийг даалгасугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                       А.САРАНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэрэг 89 дэх тал

[2] 5 дугаар хавтаст хэрэг 38 дахь тал

[3] 6 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал