Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 915

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “H” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн “H” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “H” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн “H” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Өөрчилсөн шаардлага, түүний үндэслэл: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн “H” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталж 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулахаар болсон, үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар 3 дугаар зүйлийн 3.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна", 11 дүгээр зүйлийн 11.1.19 “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” гэж тус тус зааснаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, төлбөрийн асуудал дээр хяналт тавих, цуцлах эрх хамааралгүй болсон бөгөөд уг хуулиуд хоорондоо зөрчилгүй өмнө нь Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгож, цуцалж байсан гэдгээр шийдвэрлэх эрх байхгүй байхад маргаан бүхий шийдвэрийг гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллагаа, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захираааны акт гаргасан” гэж заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэгч “H” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн “H” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" гэж өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, төлбөрийн асуудал дээр хяналт тавих, цуцлах эрх хамааралгүй болсон бөгөөд уг хуулиуд хоорондоо зөрчилгүй өмнө нь Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгож, цуцалж байсан гэдгээр шийдвэрлэх эрх байхгүй байхад маргаан бүхий шийдвэрийг гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага, өөрийн чиг үүрэгт ул хамаарах асуүдлаар захиргааны акт гаргасан" гэж заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлсон байна.

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр Ногоон толгой нэртэй талбайд 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Б г” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын М\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Ашигт малтмалын ашиглалтын М\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХХ-03-10 дугаартай дүгнэлтээр хүлээн авч, нөөцийг Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр тушаалаар бүртгэсэн байна.

Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучнаар/-ийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр “Б г” ХХК- аас “H” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн үндэслэлд дурьдаад буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хураан авах, хяналт тавих чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт хэвээр хадгалагдаж байсан тул нэхэмжлэгчийн “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэг нь үндэслэлгүй болно. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг тодорхой хуульчилж өгсөн байдаг.

Тийм ч учраас 2014 оноос өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хадгалагдаж, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, хяналтын үйл ажиллагааг тус газар хэрэгжүүлж ажиллаж байсан.

Нэхэмжпэлийн шаардлага өөрчилсөн үндэслэлээ “...геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, төлбөрийн асуудал дээр хяналт тавих, цуцлах эрх хамааралгүй болсон” гэсэн байна.

Хэрэв тухайн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой харилцаанд Ашигт малтмал, газрын тосны газар ямар нэгэн эрх хэмжээгүй байсан, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах байсан гэж үзвэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6.2-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 0-20 гектар тутамд 5000 төгрөг төлнө“ гэж заасны дагуу 5000 төгрөг төлөх байсан.

Гэтэл нэхэмжпэгч “H” ХХК-иас тухайн ашигт малтмалын ашиглалтын М\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу гектар тутамд 7250 төгрөгөөр буюу ердийн ашигт малтмалын төлбөрөөр тооцон төлж ирсэн байна.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд буюу 2015, 2016 онуудад Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлбөрөө Ашигт малтмал, газрын тосны газарт төлсөн байна.

 Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн 2015, 2016 онуудын төлбөр төлж байсан төлбөрийн баримтаар дээрх үйл баримтыг хангалттай нотолж байна.

2. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд дээрх хуулийн дагуу өмнөх жилүүдэд төлбөр төлж ирсэн үүргээ 2017 онд биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн нь энэхүү маргааны үйл баримтад хамаарагдахгүй, нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “H” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “H” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” гэж өөрчилсөн.

  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр “H” ХХК-ийн нийслэлийн Налайх дүүргийн “Ногоон толгой” нэртэй газар орших 13.13 гектар талбай бүхий МV-0******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөөгүй үндэслэлээр цуцалсан байна. 

   2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан.

  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 10.1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх”, 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх”, 10.1.4-т “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах”, 10.1.5-д “нийслэл болон аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах” гэж заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болохын хувьд Ашигт малтмал, газрын тосны газар нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцаанд хяналт тавих, бүртгэл хийх, төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөх төлбөрийг”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.6-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн  гүйцэтгэлийг хянах”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө” гэж зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлөх төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгожээ.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга цуцлахаар зохицуулжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол захиргааны акт нь илт хууль бус болохоор хуульчилсан. Тодруулбал нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд захиргааны акт гаргах боломжтой гэсэн шаардлагыг зөрчиж захиргааны акт гаргасныг хэлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал “илт хууль бус” болно.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрээрээ “H” ХХК-ийн MV-0******* дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь өөрт хуулиар олгоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүх “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох” шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч “H” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр болон, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийн алданги төлсөн, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх маргааны үйл баримтуудад зохих дүгнэлт хийх шаардлагагүй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.6, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан “H” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн  “H” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай. 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “H” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ