| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2017/0511/З |
| Дугаар | 880 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 880
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Ё.Ц ын нэхэмжлэлтэй “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газар эзэмших эрхийг эргүүлж Ё.Ц миний нэр дээр үлдээж, миний өмчлөлд шилжүүлэх” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , гуравдагч этгээд А.Ө , гэрч Р.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Ё Ц би 1983 онд нийслэл Улаанбаатар хотод шилжин ирж 9-р хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх арга хэмжээний хүрээнд уг хорооны нутагт Буян-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газрыг эзэмшин амьдарч байсан юм. Гэтэл миний зээ дүү М.А ийн гэргий Р.М нь 2002 онд нас барж, 5-11 насны 2 хүүхдийн хамт үлдэхэд би өөрийн халамжинд авч М.А нь нагац ах Ё.Ц миний хажууд Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашаанд 2 хүүхдийнхээ хамт гэрт амьдарч байсан юм. Улмаар М.А нь хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллахын тулд банкнаас зээл авах шаардлагатай болж банкны зээлийн барьцаанд тавих өмч хөрөнгө шаардагдахад Ё.Ц би өөрийн эзэмшлийн Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газар эзэмших эрхийг болон уг хашаан дотор өөрийнхөө найз Н.М, Н.А нартай хамтран барьж авсан дэлгүүрийн зориулалттай 500 м.кв талбай бүхий байшинг дүү М.А ийн нэр дээр 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаагаар шилжүүлж өгөхөд М.А нь уг хашааны газар болон дэлгүүрийн барилгыг банкны барьцаанд тавьж өөрийн төрсөн дүү М.Б ийн хамт “Х” банкнаас мөнгө зээлж авсан юм.
Гэтэл М.А нь 2007 онд гэнэт нас барж уг хашааны газрыг эзэмших эрх миний зээ дүү М.А ийн нэр дээр үлдсэн бөгөөд зээ дүү М.А ийн банкнаас авсан зээлийг төлж банкийг хохиролгүй болгох хүн надаас өөр байгаагүй тул би банкны зээлийн өрийг төлж барагдуулан уг хашааны газрыг эзэмших эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлж амжаагүй байхад нас барсан зээ дүү М.А ийн охин А.Ө уг хашааг эзэмших эрх нас барсан аав М.А ийн нэр дээр байгааг ашиглан банкны барьцаанаас би чөлөөлж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээ надад байсаар байтал уг хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж худал хэлж улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамж гаргуулан уг хашааны газрыг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авсан байна. Энэ тухай гомдлын өргөдлөө миний бие дүүргийн Газрын алба, Нийслэлийн Иргэний хэргийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга нарт шат дараалан хандсан боловч Нийслэлийн Засаг даргаас энэ асуудлаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн билээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт буй Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газар эзэмших эрхийг эргүүлж Ё.Ц миний нэр дээр үлдээж, миний өмчлөлд шилжүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргав. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.“ гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа ..-... тоот хашааны 383 м.кв газрын иргэн А.Ө нь 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд эзэмших эрхийг авсан байна.
Дараа нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус хашааны газрыг өмчилж авах өргөдөлдөө:
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт,
- Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Өөрийн нэр дээрх газрын байршлын кадастрын зураг зэргийг хавсарган Хан-Уул дүүргийн Газрын албандаа өгсөн байна.
Дээрх материалуудыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамжаар иргэн А.Ө д тус хашааны газрыг өмчилж, 0033808 дугаар шийдвэрийг олгосон байна.
Иймд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.
Гуравдагч этгээд А.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
“Миний бие А.Ө 2007 онд аав минь нас барснаас хойш дүүтэйгээ хоёулаа бүтэн өнчин үлдсэн. Аав минь нас барахынхаа өмнө Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа ..-... тоотод дэлгүүр нээн ажиллуулж байсан. Тухайн үед тэтгэвэрт байдаг Ё.Ц болон түүний охин хөдөлмөр эрхэлдэггүй Ц.А, зээ охин н.С нарыг дэлгүүр ажиллуулж тэжээж байсан гэж бодож байна.
Аав минь зуурдаар нас барсны дараа эмээ болон аавын минь ах дүү нар дүү бид хоёрыг өсгөж чадахгүй гээд бид хоёр ээжийнхээ эгч дүү нарын гэрээр амьдарсан. Айл айлд амьдрахад хэцүү байсан учир дэлгүүрийнхээ хашаанд очиж амьдаръя гэж бодоод очтол танай хашаа биш, эцгийгээ байхад нь авахгүй яасан юм гээд хөөгдөж байсан. Тухайн үед Ё.Ц ын хадам эгч дэлгүүрийн хашаанд амьдарч байсан болохоор гомдоод л хөөгдөөд явж байсан.
Дараа нь Ё.Ц ын охин Ц.А дэлгүүрийн хашаанд амьдарч байхад нь очсон. Бас л айлын гэрээр амьдрах хэцүү байна, би дэлгүүрийн хашаандаа амьдармаар байна гэвэл чамд өгч чадахгүй, хоёулаа хуваагаад авъя гэж хэлж байсан. Тухайн үед надад дэлгүүрийн минь гэрчилгээ хайгаад олдоогүй учир Газрын албанд өргөдөл гаргаж, хуулийн дагуу өөрийн нэр дээр гэрчилгээгээ авсан. 16 настай бүтэн өнчин үлдсэнээс хойш өдийг хүртэл Ё.Ц , М.Б болон аавын ах дүү нараас 1000 төгрөг ч авч үзээгүй дүүтэйгээ амьдарсаар ирсэн.
Аавыг минь амьд сэрүүн байхад бүгд л туслуулж дэмжүүлж амьдардаг байсан мөртлөө өнгөрсөн хойно нь бид хоёрт туслах нь байтугай үлдсэн ганц хөрөнгийг нь булааж авах гээд байгаа хүн чанар муу хүмүүс юм. Аав маань амьд сэрүүн байхдаа манай дэлгүүр, манай газар гэж хэлж байсан. Би хуулийн дагуу ааваасаа үлдсэн хөрөнгийг өв залгамжлалаар авсан. Өөрийн өмчлөлд байсан дэлгүүр болон хашаагаа өөр хүнд зарсан. Одоо миний өмчлөлд байхгүй. Ё.Ц ын нэхэмжлэлд 2005 оны 6 сарын 2-ны өдөр миний аав М.А д 500 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай байшинг түр хугацаагаар шилжүүлж өгсөн гэжээ. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд 2004 оны 5 сарын 17-ны өдөр миний аав М.А анх удаа бүртгэж баталгаажуулан гэрчилгээг авч байсан байна.
Тус лавлагаа дээр Ё.Ц ын нэхэмжлэлд дурдсан 2005 оны 06 сарын 02-ны өдрийг хөөж харвал С.Тд 2005 оны 04 сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж байсан байна. Энэ жишээгээр үзвэл Ё.Ц худал мэдүүлэг өгч шүүхийн байгууллагыг төөрөлдүүлж байна гэж А.Ө миний бие үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээд Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Г.М нь 2017 оны 03 сард А.Ө ын нэр дээрх Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа ..-... тоот дахь хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм.
А.Ө нь надад 18 сая төгрөгийн өртэй байсан тул бид хоёр зөвшилцсөний дүнд өрнөөс суутган тус хашаа байшинг би авсан. Би өөрийн нэр дээр шилжүүлж авахын өмнө тус хашаа байшинг очиж үзэхэд хүн байгаагүйгээс гадна тус хашаан дотор дэлгүүрийн зориулалтаар ажиллуулж байсан байшинг харсан. А.Ө хэлэхдээ бага насандаа тус хашаанд аав дүүгийн хамт амьдардаг байсан ба дэлгүүрийг нээн ажиллуулдаг байсан гэв.
Мөн ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгийг лавлагааг авч харахад Ё.Ц гэж хүний нэр байгаагүй болно. А.Ө одоо яагаад Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа ..-... тоотод амьдардаггүй тухайгаа аавыгаа өнгөрснөөс хойш дүүгийн хамт хөөгдсөн гэж хэлсэн. Би 2017 оны 03 сард тус үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш худалдан борлуулж А.Ө аас авах ёстой мөнгийг гаргаж авах хүсэлтэй байгаа тул тус хашаа байшинг зарах зарыг ойр хавьд нь байрлуулснаас гадна хашаан дээр шүршдэг будгаар “зарна” хэмээн бичиж утасныхаа дугаарыг бичсэн.
Би тус газар хоёр ч удаа очсон бөгөөд нэг ч удаа хашаанд амьдардаг гэх хүнтэй тааралдаагүй. Харин хажуу хашаанд нь хамаатан нь байдаг хэмээн ойр хавийн дэлгүүрийн хүнээс олж мэдэж уулзсан. Би тухайн хүмүүст өөрийн нэр дээрх хоёр гэрчилгээг үзүүлэн өр зээлэндээ авсан тухайгаа хэлээд хэрвээ тухайн хашаанд хүн амьдардаг бол дамжуулан хэлж өгөхийг хүсээд явсан. Төд удалгүй над руу хашаа байшин зарна гэсэн зарын дагуу залгаж байна гэх нэгэн эмэгтэй залгасан. Би хариуд нь зарах тухайгаа хэлэхэд үгийн зөрүүгүй утасны цаанаас хашхичиж байсан. Тэр эмэгтэй хэлэхдээ энэ миний хашаа байшин, чи шүүхдээд зараарай гэхээс гадна хэл амаар доромжилж байсан. Дараагийн удаа очиход миний зарна гэсэн бичгийг арилган бүдгэрүүлж байсан ба ойр хавьд наасан зарууд байхгүй байсан. Би өөрийн өмчийг худалдан борлуулах үйл явцад тухайн хүмүүс санаатайгаар саад учруулж байсанд би гомдолтой байсан тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн.
Би 2017 оны 05 сард хөлөө хугалсан. 2017 оны 06 сард болон 08 сард хоёр ч удаа хагалгаанд орсон юм. 2017 оны 05 сараас 09 сарыг хүртэл биеийн байдал тааруу байж хэвтрийн дэглэмд байсан тул тухайн асуудлыг хөөцөлдөж амжилгүй өдийг хүрсэн. Би өөрийн өмчийг худалдан борлуулах явцад Ё.Ц гэх хүн санаатайгаар саад учруулж байгаад миний бие гомдолтой байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ц ын нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газар эзэмших эрхийг эргүүлж Ё.Ц миний нэр дээр үлдээж, миний өмчлөлд шилжүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шийдвэрийг гаргалаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын улмаас иргэн А.Ө , Г.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Шүүх Ё.Ц ын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ё.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт буй Буянт-Ухаагийн ...-р гудамжны ... тоот хашааг эзэмшиж байсан, 2005 онд М.Ад шилжүүлсэн” гэж мэтгэлцсэн боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгооор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй.
Тодруулбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар дахь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн .. дугаар гудамж ... тоот хашаанд байх дэлгүүрийн зориулалттай 50 м.кв бүхий эрх улсын бүртгэлийн Ү-220600577. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг анх 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М.А нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгсөн нотлох баримтуудад Хан-Уул дүүргийн Засаг даргаас М.А ийн нэр дээр 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон 0105-8027/0452. дугаар газар эзэмших гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байна.
Энэхүү гэрчилгээ дээрх бичилтээс харахад гэрчилгээг тус дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжыг үндэслэн олгожээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжаар иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй газрын тооллого бүртгэлд хамрагдсан гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх зохион байгуулалттай ажил байсан байна.
Иймээс нэхэмжлэгч Ё.Ц маргаан бүхий хашааны газрыг М.Ад 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж түүний нэр дээр 0105-8027/0484. дугаар газар эзэмших гэрчилгээ гарсан гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд энэхүү гэрчилгээг нөхөн авсан гэх дүгнэлт хийгдэж байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад маргаан бүхий Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн ... дугаар гудамж ... тоот хашааны газрыг эзэмших хүсэлтийг зохих журмыг дагуу гаргаж байгаагүй, түүнд гэрчилгээ олгогдоогүй гэж шүүх үзлээ. Тухайлбал, нь Хан-Уул дүүргийн газрын албанд шүүхээс хийсэн баримтын үзлэг, нэхэмжлэгч Ё.Ц ын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хийсэн тайлбар зэрэг.
2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.А нь нас барсан бөгөөд түүний охин А.Ө нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд газрын гэрчилгээг нөхөн авахаар өргөдөл гаргаж уг өргөдөлд М.А ийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, кадастрын зураг зэргийг хавсаргасан байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар гуравдагч этгээд А.Ө д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч, 040090. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгогдсон байна.
Улмаар А.Ө нь 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг шаардлагатай баримтуудын хамт захиргаанд гаргасан бөгөөд өргөдөл түүнд хавсаргасан баримтууд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсгүүдэд заасан шаардлага хангасан болох нь нотлогдож байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь хуулийн шаардлага хангасан, баримтын зөрчилгүй иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэр гаргах үүрэгтэй тул нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн .. дугаар гудамж ... тоот 383 м.кв газрыг А.Ө д өмчлүүлэх шийдвэрийг гаргасан нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байна.
Дүгнэхэд, нэхэмжлэгч Ё.Ц д маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, энэ талаар захиргаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй, нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А******* дугаар захирамжийн А.Ө д холбогдох хэсэг нь хууль бус гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг тус тус баримтлан иргэн Ё.Ц ын “нийслэлийн Засаг даргын 2012 оны А******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаагийн ..-р гудамжны ... тоот хашааны газар эзэмших эрхийг эргүүлж Ё.Ц миний нэр дээр үлдээж, миний өмчлөлд шилжүүлэх” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ