Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0225

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0225

Улаанбаатар хот

 

 

 

 

                                                              А.Э-ын гомдолтой              

                                                 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, гомдол гаргагч А.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г, хариуцагч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, А.Э-ын гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч А.Э-ын “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч А.Э шүүхэд гаргасан гомдолдоо: “Татварын улсын байцаагч зөрчил үйлдсэнийг нотлолгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, 1 зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулсан нь улсын байцаагчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, үйл баримтуудыг бүрэн дүүрэн дүгнэж үзээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийг дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний Аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй болох нь зөрчлийн 2028000292 дугаартай хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2020 оны 06/3212 дугаар, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2879 дүгээр албан бичиг, түүний хавсралт болох Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн бүртгэл 125 дугаарт 11 дүгээр тойрог, бие даан нэр дэвшигч, А.Э гэж бүртгэгдсэн, Үндэсний Аудитын газрын 2020 оны 01/3293 дугаар албан бичиг зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн.

Гомдол гаргагчийг зөрчил үйлдсэн эсэхийг дээрх албан бичгүүдээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Үндэсний Аудитын газрын хувьд татварын байгууллагад мэдээллээ гаргаад холбогдох материалаа хавсаргаж өгсөн. Татварын улсын байцаагч зөрчлийг нотлох үүрэгтэй учир дээрх албан бичгүүдийг өөр бусад нотлох баримт цуглуулан нотлох ёстой байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй, дан ганц мэдээлэл гаргагчийн албан бичгүүдээр нотолчихлоо гээд байгаа боловч дээрх албан бичгүүд нь дангаараа холбогдогчийг зөрчил үйлдсэн нотлох нотолгооны ач холбогдолгүй. Мөн би зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмнөговь аймгийн аудитын газарт очиж бүртгүүлсэн гэсээр байхад эрх бүхий албан тушаалтан энэ талаар тодруулах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулаагүй. А.Э угаасаа уг зөрчлийг үйлдсэн гэх хатуу дотоод итгэл үнэмшилтэйгээр хандаж, нотлох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй юм.

Татварын улсын байцаагч нь 1 зөрчилд зөвхөн 1 удаа л шийтгэл оногдуулах эрх зүйн суурь зарчмыг зөрчиж, 0292185, 0174305 дугаартай шийтгэлийн хуудсуудаар 2 удаа шийтгэл оногдуулсан. Тухайн үед шийтгэлийн хуудсуудаар 2 удаа шийтгэл оногдуулсан. Тухайн үед шийтгэлийн хуудсыг засварлан дахин гардуулахдаа эх хувийг нь буцаан авсан учир надад 0292185 дугаартай шийтгэлийн хуудсын зураг нь л байдаг. Энэ талаар хариуцагч шүүх хуралдааны үеэр “... энэ зөрчлийн хэргийн хуульд зөрчлийн хэрэг нээсэн учраас 0174305 дугаар шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдсэн. Хэрэв хялбаршуулсан журмаар шийдсэн тохиолдолд 0292185 дугаар шийтгэлийн хуудас гарах ёстой байсан учраас буруу гаргаснаа зассан, энэ шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид өгөөгүй, албан ёсны тушаал гараад энэ 0292185 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон” гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, тухайн зөрчилд 2 удаа шийтгэлийн хуудас оногдуулсан, процессийн алдаа гаргаж 0292185 дугаартай шийтгэлийн хуудсыг буруу гаргаснаа зассан талаараа шүүхэд мэдүүлсэн. Гэтэл шүүх гомдол гаргагчид тус 2 шийтгэлийн хуудсыг хоёуланг нь гардуулж өгсөн, 0292185 дугаартай шийтгэлийн хуудас нь уг шийтгэлийн хуудаст хэрхэн, хэзээ, хаана гомдол гаргах талаар дурдаагүй алдаатай зэрэг нөхцөл байдал тодорхой байхад нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр энэ талаар дүгнэлгүй орхисон. Энэ талаар талуудын шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлгээс дүгнэвэл зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй нь илэрхий бөгөөд ийнхүү процессийн алдаатай ажиллагаанаас гарсан шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн татварын улсын байцаагч холбогдогчоор мэдүүлэг авахдаа тулгаж асуусан, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу зөрчлийн хэргийг нээхээс өмнө прокуророос зөвшөөрөл аваад Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг явуулж цуглуулсан нотлох баримт нь хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримт, гомдол, мэдээллийг 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж авсан ч ажлын 5 хоногийн хугацаа буюу 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээх ёстой байсан боловч 12 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээж буй нь хугацаа хэтрүүлсэн алдаа гаргаж хууль зөрчсөн гэх үндэслэлүүдээр мөн гомдол гаргагч тал шүүх хуралдааны үед маргадаг боловч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шийдсэн.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

0174305 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Э нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж хуульчилж, “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-т “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ” гэж заасан байна.

Гомдол гаргагч уг хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь түүний “... 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сонгуулийн зардлын дансаа нээлгээд, 2, 3 хоногийн дараа буюу 25, 26-ны өдөр аймгийн аудитын газар очсон. Намайг очиход бичиг хэргийн хүн нь сайн мэдэхгүй байна асууя гээд цаад өрөө рүүгээ орсон, ингээд нэг эмэгтэй гарч ирээд тодорхой мэдээлэлгүй байна, маргааш хот руу семинарт яваад ирэхдээ тодруулна, наанаа бүртгүүлчих гэсэн. Тэгээд би дансны дугаараа бичээд орхисон” гэх, “ ... Үндэсний Аудитын газарт очиж бүртгүүлээгүй, манай шадар туслах шуудангаар явуулсан байх ёстой, энэ талаарх нотлох баримт, бичгээр гаргасан зүйл байхгүй” гэх, “... зөрчил гаргаснаа бол хүлээн зөвшөөрч байна, гэхдээ торгуулийн дүнд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх зөрүүтэй мэдүүлгүүд, Үндэсний Аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/3293 дугаар “... А.Э нь Үндэсний Аудитын газарт хуулийн хугацаанд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ирүүлээгүй” гэх албан бичиг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч /хавсралтад А.Э-ын нэр багтсан/ ...байна” гэх албан бичиг зэрэг бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Гомдол гаргагчаас “... хариуцагч дээрх албан бичгүүдээс өөр бусад нотлох баримт цуглуулах ёстой байсан, Өмнөговь аймгийн аудитын газарт очиж бүртгүүлсэн гэсээр байхад тодруулах ажиллагаа явуулаагүй” гэж гомдолдоо дурдах боловч анхан шатны шүүх Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Т.Б-ыг гэрчээр асууж, сонгуулийн дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлсэн эсэхийг тодруулахад “... А.Э надтай уулзаагүй” гэж мэдүүлсэн, хариуцагч холбогдогчоос зөрчилтэй холбоотойгоор мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 01/3293, 2879 дүгээр албан бичгүүд зэрэг маргаанд ач холбогдолтой баримтуудыг гаргуулан авсан байх тул уг гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар гомдол гаргагчид шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг нотлох баримтаас хасуулах зэрэг хүсэлт гаргах эрхийг хуулиар олгосон бөгөөд 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.8-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй байна. 

Товчхондоо, гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлох, өөрт байгаа бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгөх, түүнчлэн нэмэлт нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа энэ үндэслэлээр гомдол гаргаж байгааг шүүх хүлээж авах боломжгүй.

Иймд хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан А.Эт шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Харин хариуцагчийн “... гомдол мэдээлэл хүлээн аваад бүртгүүлэх хооронд тасралтгүй ажиллагаа хийж явсан, зөрчлийг бүртгээд шууд нотлох ажиллагаа хийсэн, хугацаандаа багтаагүй учраас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг болгож бүртгээд тогтоолоо үйлдсэн, мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол ажлын 5 хоногт шийдвэрлэх ёстой, хугацаандаа багтаагүй учраас зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0292185 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 0174305 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан” гэх тайлбараас үзвэл процессийн зөрчилгүй гэж шууд дүгнэх боломжгүй ч хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа эрх бүхий албан тушаалтнаас тухай бүр зөвшөөрөл авч байсан болон маргааны гол үйл баримтад хамаарах нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулсан байх тул зөвхөн дээрх үндэслэлээр 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн хэргийг шийдвэрлэж, гомдол гаргагч уг шийтгэлийн хуудсанд холбогдуулан гомдол гаргасан, 0292185 дугаартай шийтгэлийн хуудас гомдол гаргагчид аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байх тул “1 зөрчилд 2 удаа шийтгэл ногдуулсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН