Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 66

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Ц.Амаржаргал                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Прокурор                            А.Золзаяа

                                                    Хохирогчийн өмгөөлөгч     Н.Төгсбаяр

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын       08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харнууд овогт Батжаргалын Чимэддамбад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020003 дугаартай, 149/2017/00049/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1981  оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Төв аймгийн Борнуур сумын Нарт баг, Шар чулуут гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Батжаргалын Чимэддамба /Регистрийн дугаар: НЙ81021713/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай “Хонда сивик” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянцогтын өвөр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 03-01 УНЛ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учрууулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 86 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож,  

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж,

-Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас

12.332.306 төгрөгийг гаргуулж Дархан-уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 20-3-74 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чонос овогт Аръяабазарын Саруулд /РД:ТА76040615/,

35.850 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг Дархан суманд оршин суух, Жанчивын Ганцэцэгд /РД:ТА52052008/,

6.270.000 төгрөгийг гаргуулж Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 4-2 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Норовын Наянтайд /РД:НБ83081518/

1.864.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46-44 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Амаржаргалын Гантөмөрд /РД:МО90030730/,

2.880.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөн гудамж 3-1 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Баясгаланд /РД:МФ74012818/,

228.690 төгрөгийг гаргуулж Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг, 20-09 тоотод оршин суух, хохирогч Булдагар овогт Батсуурийн Сэргэлэнд /РД:ОЮ98090701/ тус тус олгож, А.Саруулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас сар бүр 246.490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18нас/ хүртэл олгож,

-Хохирогч Б.Сэргэлэн нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чимэддамбад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Тус шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Чимэддамбад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг түүний үйлдсэн гэмт хэрэгт учруулсан гэм хорд нийцээгүй хэтэрхий бага ял шийтгэл оногдуулсан гэж хохирогч талаас үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3-т заасан 5 жилийн хорих ял дотор шүүх өөрсдийн үзэмжээр ял шийтгэл оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тохирсон шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Учир нь: Б.Чимэддамбын үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх 3 нөхцөл байдал байна. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.4-т зааснаар хүнд хор уршиг учирсан, 56.1.10-т заасан согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн 56.1.12-т заасан тэнсэж харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн. Мөн хохирол төлбөр төлөх боломжтой байтал хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байдлыг шүүх харгалзан үзээгүй байна. Шүүх Б.Чимэддамбад 2 жил 6 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирогчийн бүтэн өнчирч хохирсон хүүхэд болон тэдний гэр бүл ах дүүсийн хувьд хүнд цохилт боллоо. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч тал туйлын сэтгэл дундуур үлдлээ.

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдлүүд байна. Шүүгч Б.Хэрлэн нь шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хорих ялыг ямар дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлээгүй атлаа шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа дэглэмийг зохиомлоор бичсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8.18-д заасан шүүх хуралдаанаар уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол гэснийг зөрчсөн байна. Улмаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.2-т заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

 Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг сонслоо. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эдлэх ялын дэглэм буюу хорих ангийг зааж өгөөүй гэсний дагуу хавтаст хэргийн материалтай танилцахад шүүх хуралдааны тэмдэглэлд нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж тусгасан байсан. Тийм учраас энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай “Хонда сивик” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянцогтын өвөр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 03-01 УНЛ улсын дугаартай “Приус 20”  маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учрууулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 86 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, 

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,...Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чимэддамбад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 08 сарын     08-ны өдрөөс эхлэн тоолохоор тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Чимэддамбад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтанд

“…5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй…” гэж заасан боловч шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа энэ заалтыг огт дурьдаагүй болох нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

…1.Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ…

…1.8-д …шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол,

...1.9-д...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй бол гэж заасны дагуу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ…” гэж заасан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж заасан бөгөөд  энэ хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарагддаг тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлан тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл хорих ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэх боломжтой байжээ.

Гэтэл Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4.1 болгож өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж заасан бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарагддаг, хэдийгээр хорих ялын доод хэмжээ 01 жилийн хугацаагаар буурч байгаа боловч дээд хэмжээ нь  03 жилийн хугацаагаар нэмэгдсэн, эрх хасах ялын хугацаа өссөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй болсон байх тул анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

         Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дүгээр сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Чимэддамбад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

           

 

                                             ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ