| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2020/0754/З |
| Дугаар | 221/МА2021/0215 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0215
“К т э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “К т э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “К т э” ХХК-ийн газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргах өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К т э” ХХК-д газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч давж заалдах гомдолдоо: “... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/205 тоот гурвалсан гэрээг анх байгуулсан.
Үүнээс өмнө газар ашиглах гэрээ байгуулаагүй учир “К т э” ХХК нь газраа ашиглаж, үр шимийг нь хүртэх, бүтээн байгуулалт хийх гэх мэт ямар ч боломжгүй байсан ба хуульд зааснаар “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргах хэрэглэхийг ойлгодог.
Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албаны дарга нар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрч Засаг дарга гурвалсан гэрээг баталгаажуулж гарын үсэг зурж, Газар зохион байгуулалтын алба тооцоо нийцсэн акт гаргаж өгөхөөр болсон.
Уг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/93 тоот гурвалсан гэрээгээр “К т э” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг төлөхгүй байхаар, харин 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг 1 м.кв газрын төлбөрийг 1320 төгрөгөөр төлөхөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 1 м.кв газрын төлбөрийг 1920 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “...газрын төлбөрийн үлдэгдэлгүй” гэсэн 16/2573 дугаар бүхий албан бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүргүүлсэн байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.
Мөн нэхэмжлэгчээс Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. 6 сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тул энэхүү 03 дугаар тогтоол хүчингүй болсон. Харин сүүлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Ууд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 дүгээр тогтоол батлан гаргасан.
Иймд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/205 дугаар гэрээний 2.4-ийн г/-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2019/93 дугаартай гурвалсан гэрээг байгуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “К т э” ХХК-иас “газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...биднээс үл шалтгаалах асуудлаар газар ашиглах гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулаагүй учраас газраа ашиглах, үр шимийг нь хүртэх, бүтээн байгуулалт хийх ямар ч боломжгүй байсан. ... 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/93 тоот гурвалсан гэрээгээр “К т э” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг төлөхгүй байхаар тохиролцсон” хэмээн тайлбарлан маргасан байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар нэхэмжлэгч “К т э” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн аманд 2.9 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар зөвшөөрөл олгосны үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” 2015/205 дугаар, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2019/93 дугаар гэрээг тус тус Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, нэхэмжлэгч “К т э” ХХК-ийн захирал нар байгуулжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуйн нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан нь газар ашиглах харилцааны ерөнхий зохицуулалт бөгөөд уг зохицуулалт нь мөн хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаанд “газар ашиглах тухай хүсэлт гаргах”, 36 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн “газар ашиглуулах шийдвэр гаргах”, уг шийдвэр гарсан тохиолдолд 37 дугаар зүйлд заасны дагуу “сум, дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран гэрээ байгуулах” журмаар хэрэгжихээр байна. Нөгөөтэйгүүр Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газар ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд нь газрын төлбөр төлөгч байх юм.
Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий этгээдийн газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гарсны дагуу нэг талаас захиргаа /Засаг дарга болон хамгаалалтын захиргаа/, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа ойлголт бөгөөд дээрх хуулийн агуулгыг “газар ашиглагчийн эрх, үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар биш, харин газар ашиглах гэрээ байгуулснаар үүснэ, өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглагч газрын төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч “К т э” ХХК нь газар ашиглах шийдвэр гаргасан өдрөөс буюу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн аманд 2.9 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2019/93 дугаар гэрээний 2.5 дугаар зүйлд “Газрын төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу газар ашиглах шийдвэр гарсан өдрөөс тооцон газрын төлбөрөө төлөх нь газар ашиглагчийн үндсэн үүрэг талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэрээ байгуулагдаагүй байсан цаг хугацааны газрын төлбөрийг төлөхгүй байхаар талууд тохиролцсон гэж дүгнэх боломжгүй.
Мөн “2015-2017 оны хооронд гурвалсан гэрээг биднээс үл хамаарах шалтгааны улмаас байгуулаагүй, гэрээ байгуулаагүй учраас тухайн газраа ашиглах боломжгүй байсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хууль болон гэрээнд заасан газрын төлбөрийг төлөхгүй байх буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан биш юм. Ямар ч тохиолдолд газар ашиглагч нь газрын төлбөрийг цаг тухайд нь төлснөөр газар ашиглах эрх хадгалагдах учиртай.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН