Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2016/07502/и |
Дугаар | 101/ШШ2016/05846 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2016/05846
2016 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2016/05846 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 8 дугаар байр 0 тоотод оршин суух Л.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, А цогцолбор, 3 дугаар давхарт байрлах “Н” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гэрч Б.А, Б.Б, А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Л.О 2015.08.03-нд Н ХХК-ийн захирлын 15/043 дугаартай тушаалаар Төслийн менежерийн туслах, орчуулагч албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд улмаар 2016.01.13-ны захирлын 16/001 дугаартай тушаалаар албан тушаалыг хангамжийн менежер болгон өөрчлөн жинхлэн томилсон. Л.О, ажил олгогч нарын хооронд 2016.01.01-нд байгуулсан гэрээгээр Г.Ог хангамжийн менежерээр, 2016.05.05-нд байгуулсан гэрээгээр материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалаар шинэчлэн гэрээ байгуулсан байна. Улмаар 2016.7.06-ны өдрийн 16/078 дугаартай тушаалаар МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Компанийн 1.4, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах тухай журмын 4-р зүйлийн 4.3, 16/021 тоот Хөдөлмөрийн гэрээний 6-р зүйлийн 6.1.6 дах заалтуудыг тус тус үндэслэн “2016.05.02-ны өдрийн барилгын талбайн цахилгааны материалын захиалга нь талбай дээр буухдаа захиалаагүй материал бууж доголдол гарган, ажлын идэвх санаачлага бага, талбайгаас ирж байгаа бараа материалын захиалгыг хангамжийн байгууллага руу захиалга өгөхдөө хугацаа алддаг, мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаа” гэж заан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, НД, ЭМД-ийн дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Хариуцагч “Н” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Лувсанжамбаагийн Огоос манай компанид холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу гаргаж байна. “Н” ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2910 айлын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам талбай, ногоон байгууламж бүхий орчин үеийн цогц төлөвлөлттэй “Ш” цогцолбор хороолол барих төслийг хэрэгжүүлж байгаа болно. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд баригдаж буй тус хорооллын барилга угсралтын ажил нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэх үеэс бид барилгын салбарт туршлага мэдлэгтэй баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаа болно. Манай компани нь “Ш” төслийн захиалагч, төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төслийн ерөнхий гүйцэтгэгч компаниудыг хянах, барилга усралтын ажилд хяналт тавих үүднээс хяналтын баг бүрдүүлэн тус хяналтын багийг Солонгос улсын иргэн Архитектор мэргэжилтэй К-аар удирдуулахаар шийдвэрлэж Пак-ыг Төслийн менежер албан тушаалд томилосон. Пак нь солонгос, англи хэлтэй ба түүнд туслах, орчуулагч шаардлагатай байсны дагуу “Төслийн менежрийн туслах, орчуулагч"-ын орон тоонд сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгч Л.Ог 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 3 сарын дадлагажих хугацаатайгаар тус албан тушаалд томилсон. Л.О нь Соёл судлаач, Олон улсын харилцаа, Үйлдвэр дизайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд тус орон тоонд гол тавигдаж буй англи хэлний шаардлагыг хангаж байсан тул түүнтэй дадлагажих хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Түүнийг анх тус албан тушаалд тогтоосон туршилтын хугацаа 3 cap байсан боловч Л.О нь туршилтын хугацаанд ур хангалттай харуулж чадаагүй, тухайн орон тоонд тэнцэх эсэх нь эргэлзээтэй байна гэж удирдлага үзээд Төслийн менежерийн саналаар туршилтын хугацааг дахин сунгасан байдаг. Улмаар менежер Пак нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс манай компанид ажиллах боломжгүй болсон тул “Төслийн менежерийн туслах, орчуулагч” -ын орон тоо байхгүй болсон. Гэвч манай компанийн удирдлага Л.Ог өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах бүхий л боломжоо харгалзан түүнийг Хангамжийн менежер буюу Материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулсан. Хангамжийн менежер /Материалын хяналтын мэргэжилтэн/ ажлын байранд тавигдаж байгаа мэргэжлийн шаардлагыг хангахгүй, барилгын салбарын мэдлэг туршлага байхгүй байсан ч бид түүнд барилгын мэргэжилтэй бусад ажилчдаасаа суралцах, өөрийгөө дайчлан ажиллах боломжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч Л.О ч өөрийгөө тухайн ажлын байранд тавигдаж байгаа мэргэжлийн шаардлагад нийцэхгүй байгааг ойлгож байсан. /Барилгын салбарын мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч тушаалаас чөлөөлөх өргөдлөө компанийн Хүний нөөцийн ахлах менежерийн цахим шуудангаар хүргүүлж байсныг хавсралтаар хүргүүлэв. 2016 оны 5 дугаар сард манай компанийн Гүйцэтгэх захирал шинээр томилогдож компанийн бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шинэчлэн батлуулсан ба “Хангамжийн менежер” гэх байрны нэршлийг ’’Материалын хяналтын мэргэжилтэн” гэж өөрчлөн Л.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн баталсан. Материалын хяналтын мэргэжилтэн нь тус ажилд томилогдсон хугацаанаас хойш 2016 оны барилга угсралтын ажил 5 дугаар сард эхлэх үе хүртэл нийт 5 сарын хугацаанд тухайн барилгын улиралд шаардлагатай бараа, материалын судалгааг техникийн шаардлагын дагуу үнэ, чанарын хүрээнд судлан харьцуулалтыг хийж, компанийн гүйцэтгэх удирдлагуудад судалгаагаа танилцуулж сонголтыг тодорхой болгосон байх үүрэгтэй боловч барилга угсралтын ажил эхлэх үед сонголт хийж тодорхой байх ёстой бараа, материалын шийдлүүд гаргаагүй байснаас барилга угсралтын ажил төлөвлөгөөт хугацаанаас хоцрогдолтойгоор эхэлсэн. Компанийн зүгээс энэ алдаа дутагдал нь материалын хяналтын мэргэжилтэн төдийгүй гүйцэтгэх удирдлагын багийн алдаа гэж үзэн Л.Ог тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулсан боловч барилга угсралтын ажил эхэлсэн үеэс барилгын салбарын мэдлэг байхгүйгээс бараа, материалын захиалах хугацааны хоцрогдол, захиалгын алдаатай байдал үргэлжлэн гарах болсон. Манай компаниас баталсан “Материалын хяналтын мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлолтод тус албан тушаалтан нь дараах ажил үүргийн хуваарьтай. /6. Хавсралтаар “Материалын мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлолтыг хүргүүлэв./ Үүнд: Барилгын материал тус бүрээр үнийн болон чанарын харьцуулсан судалгааг хийх; Бараа, материал тус бүрээр гаргасан харьцуулсан судалгааны хуудсыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд танилцуулах; Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах; Сонгогдсон бараа материалын нийлүүлэгчид тухайн материалын нийт тоо, хэмжээг хүргүүлэх, тээвэрлэлтийн зардал, гааль, НӨАТ-ыг тооцоолон санхүүгийн хэлтэст хүргүүлэх; Худалдан авах үйл ажиллагааны гэрээний дагуу холбогдох арга хэмжээг авч, бараа материалыг барилгын талбай дээр буух хүртэл арга хэмжээг зохион байгуулан ажиллах; Инженерээс өгсөн захиалгын дагуу бараа, материал татан авах ажлыг зохион байгуулах. Бараа материал нийлүүлэгч “А” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбай дээр цахилгааны материал буулгах үед манай талаас холбогдох инженер хүлээн авч захиалга өгөөгүй бараа материал ирсэн талаар Нийлүүлэгч компанид мэдэгдэж тус бараа, материалыг буцаан татахыг шаардахад манай компанийн Материалын хяналтын мэргэжилтний өгсөн дагуу тус бараа, материалыг нийлүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Улмаар Нийлүүлэгч “А” ХХК нь Л.Огийн өгсөн захиалгын дагуу тус 4.806.800 төгрөгийн үнийн дүнтэй материалыг нийлүүлсэн болохыг нотолсон бөгөөд дээрх алдаатай захиалгын төлбөрийг компани нь төлж барагдуулсан. Дээрхи нөхцөл байдлын улмаас манай компани нь Л.Отой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Монгол хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Компанийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, тухай” журмын 4.3-т зааснаар “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас шууд халах үндэслэл болно” гэж тус тус заасан үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Л.Отой байгуулсан 16/021 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг заасан байгаа бөгөөд тус зүйлийн 10.2.6-т “Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэж заасан. Гэтэл Л.О нь инженерээс захиалаагүй бараа, материалын захиалгыг Нийлүүлэгч компанид дур өгч улмаар компанид 4.806.800 төгрөгийн бодит хохирлыг (энд бараа, материалын захиалгаас барилга угсралтын ажилд гарсан хугацааны алдангийг оруулж тооцоогүй болно) учруулаад болно. Л.Ог Материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлсөн “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 16/078 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч Л.Ог Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч “Н” ХХК-д Төслийн менежерийн газрын материалын хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь гүйцэтгэх захирлын 16/053 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-7-9, 13-14, 34/.
“Н” ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, компанийн 1.4 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дах заалт, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтыг үндэслэн материалын хяналтын мэргэжилтэн Л.Ог 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн барилгын талбайн цахилгааны материалын захиалга нь талбай дээр буухдаа захиалаагүй материал бууж доголдол гарган, ажлын идэвх санаачлага бага, талбайгаас ирж байгаа бараа материалын захиалгыг хангамжийн байгууллага руу захиалга өгөхдөө хугацаа алддаг, мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна /хх-3/.
Дээр дурдсан хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах журмыг зохицуулсан байх ба 4.3-т хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас шууд халах үндэслэл болно, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.6-д ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхдээ тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, заавар, дүрэм, журмыг нарийвчлан судалж, удирдлагаас өгсөн удирдамж, чиглэлийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах үүрэгтэй гэж тус тус заажээ. Түүнчлэн хариуцагчийн тайлбарт дурдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.6-т ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө өөрийн санаачилгаар цуцална гэжээ.
Хариуцагч татгалзлаа нотолж материалын хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-53-54/, компанийн хөдөлмөрийн дотоод журам /хх-56-61/ “А” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт /хх-38/, Л.Огоос “А” ХХК-тай харилцаж байсан имэйл /хх-46-51/, цахилгааны инженер Б.Бын захиалга /хх-55/, мөн нэхэмжлэгч Л.Огийн анкет, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тушаал, гэрээ /хх-26-37/ зэргийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд Б.А, Б.Б, А.Х нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан.
“А” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримтад 4.806.800 төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн материалыг “Н” ХХК хүлээн авсан ба гэрч Б.А ийнхүү хүлээн авсныг нотлон мэдүүлэг өгчээ. Уг материалын захиалгыг Л.О өгсөн учир “А” ХХК нийлүүлсэн гэж “А” ХХК-ийн ажилтан А.Х, мөн тухайн материалыг захиалаагүй гэж цахилгааны инженер Б.Б нар тус тус мэдүүлжээ. “Н” ХХК нь “А” ХХК-тай имэйлээр харилцаж материалын захиалга өгдөг болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх ба материалын хяналтын мэргэжилтэн Л.Огоос “А” ХХК-д имэйлээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Бараа, материал захиалгын хуудас /хх-50/ явуулжээ.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд “Н” ХХК 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4.806.800 төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн материалыг “А” ХХК-аас хүлээн авсан болох нь нотлогдож байх боловч үүнд нэхэмжлэгч Л.О буруутай болохыг тогтоосон баримтгүй байна.
Мөн ажил олгогчийн тушаалд дурдсан ажилтан Л.Ог ажлын идэвх санаачлага бага, талбайгаас ирж байгаа бараа материалын захиалгыг хангамжийн байгууллага руу захиалга өгөхдөө хугацаа алддаг, мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу шүүхэд баримтаар нотлоогүй.
Л.О нь соёл судлаач, олон улсын харилцаа, үйлдвэр дизайны мэргэжилтэй байх ба түүнийг хариуцагч байгууллага 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хангамжийн менежерээр ажиллуулахдаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх боловч уг хугацаанаас материалын хяналтын мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн гаргасан хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах дараалал, аргачлал”-ын 5.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой аливаа үйл ажиллагааг заавал бичгээр баримтжуулан баталгаажуулах бөгөөд тухай бүр холбогдох удирдлага болон ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байх боловч уг журмыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан ба зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар тухайлан заагаагүй байна.
Иймд дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Л.Ог “Н” ХХК-ийн Төслийн менежерийн газрын материалын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар ажилд томилогдсоноос хойшхи хугацаанд сард 1.493.478 төгрөг //1.486.955+1.508.000/2/-ийн дундаж цалин авч байсныг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс шүүх хуралдааны өдрийг оруулж тооцон 2016 оны 7 дугаар сард ажлын 12 өдрийн цалин 1.120.104 төгрөг /1.493.478/16*12/, 2016 оны 8 дугаар сард 1.493.478 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард ажлын 12 өдрийн цалин 814.624 төгрөг /1.493.478/22*12/, нийт 3.428.206 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ог “Н” ХХК-ийн Төслийн менежерийн газрын материалын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 3.428.206 /гурван сая дөрвөн зуун хорин найман мянга хоёр зуун зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч ДЛ.Огийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Н” ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 69.801 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА