Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2017/02351/И |
Дугаар | 001/ХТ2018/00697 |
Огноо | 2018-05-03 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00697
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар магадлалтай,
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Н Д С-ХХК-д холбогдох,
Татварын өр 257.796.602,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ч, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Намуун дөлгөөн cap ХХК нь барилгыг дуусгах шатны ажил, кафе гуанз, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251.480.654,7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1.776.230,2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4.539.717,6 төгрөг, нийт 257.796.602,50 төгрөгийг төлж барагдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн 57 дугаар зүйлийн 57.1.1-т заасан ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулах гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн. Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Эд хөрөнгийн лавлагаа болон ярилцлагын тэмдэглэлээр Намуун дөлгөөн cap ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө байхгүй нь нотлогдсон учир барьцаа, битүүмжлэл хийх боломжгүй. Үнэт цаас, хувьцаа, тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй болох нь тодорхойлолт, лавлагаагаар нотлогдсон. Иймд нийт татварын өр 257.796.602,50 төгрөгийг Намуун дөлгөөн cap ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Намуун дөлгөөн cap ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Намуун дөлгөөн cap ХХК нь 2014 онд барилгын засал чимэглэл, барилгыг дуусгах шатны ажил, гуанз зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн газартай гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын гүйцэтгэлд мөнгө авахаас илүүтэй бартераар ажлын хөлсөө авдаг байсан. Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус акт. Мэдэгдэх хуудсаар зөвхөн тухайн татвар төлөгчийг дуудан ирүүлэхэд хэрэглэдэг. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Татварын улсын байцаагч мэдэгдэх хуудсаар мэдэгдээд байгаа нь хууль бус бөгөөд улсын байцаагчийн актаар мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хуудсаар тухайн татварын өрийг төл гэдэг нь хуульд нийцэхгүй байна. Хан хул холдинг ХХК-иас ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор байр, машин өгсөн тул тайлангаа үнэн зөвөөр мэдүүлсэн гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Намуун дөлгөөн cap ХХК-иас 257 796 602.50 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Намуун дөлгөөн cap ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 446 933 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 446 933 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар хэрэгт авагдсан хариуцагч “Намуун дөлгөөн сар” ХХК-ийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан” “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”, “Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаар дурьджээ. Гэтэл дээрх тайлангууд нь энгийн цахим баримт бус татвар төлөгчөөс албан ёсны тоон гарын үсгээр баталгаажин илгээгдсэн тайлангууд юм. 2011 онд Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар татварын албад татвар төлөгчтэй тоон гарын үсгийн гэрээ байгуулан татвар төлөгч нь тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болсон бөгөөд уг тайлан нь татварын цахим системээс гарч татварын улсын байцаагчийн тэмдэг дарагдсанаар албан ёсны эх хувийн адил нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Татварын алба нь “Тоон гарын үсгийн технологийн дүрэм” батлан үүний дагуу татварын тайлангуудаа хүлээж авдаг. Хэрэгт нотлох баримт хангалттай цугларч хэргийг шийдсэн байтал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Мөн магадлалын хянах хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв” гэж заасан нь давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хариуцагч Н Д С-ХХК-с татварын өр 257.796.602.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгосон гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх ...Н Д С-ХХК-ийн татварын байгууллагад албан ёсны тоон гарын үсгээр баталгаажиж цахим шуудангаар илгээсэн 2016 оны 4 дүгээр улирлын байдлаархи Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2017 оны 1 дүгээр улирлын Цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэхдээ Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох, “татварын цахим баримт бичиг” гэдэгт татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдэл багтах бөгөөд татвар төлөгчөөс татварын албанд ирүүлсэн татварын тайланг төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авч, бүртгэж, шийдвэрлэнэ гэжээ.
Н Д С-ХХК-ийн цахим хэлбэрээр тайлагнасан татварын тайланг татварын байгууллага хуульд заасан журмын дагуу бүртгэж авсан, уг тайланг цахим сангийн өгөгдлөөс бичгийн хэлбэрт оруулан гаргаж, татварын улсын байцаагч гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Нөгөө талаар эдгээр нотлох баримт буюу татварын тайлан, түүнд тусгасан татварын өрийн талаар хариуцагч маргаагүй, гагцхүү татвараа буруу, алдаатай тайлагнасан гэх үндэслэл заан маргасан ба зохигчийн хэн аль нь цахим татварын тайланд үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй атал давж заалдах шатны шүүх уг ажиллагааг хийж нотлох баримтын шаардлага хангуулаагүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1д заасантай нийцээгүй байна.
Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н Д С-ХХК нь нэмэгдсэн өртөгийн албан татварт 251.480.654.7 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.776.230.2 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварт 4.539.717.6 төгрөг, нийт 257.796.602.50 төгрөгийн өрөө төлөөгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч Н Д С-ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан нь тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 257.796.602.50 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ