Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0636/З |
Дугаар | 939 |
Огноо | 2017-12-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 939
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан иргэн Ү.С-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Ү гийн С
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ү овогтой С миний бие 1983 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2002-2007 онд ОХУ-ын Санхүүгийн академийг Нягтлан бодогч аудитор, шинжээчээр мэргэшсэн эдийн засагчаар төгссөн. 2007-2013 онд Чингис хаан банкинд нягтлан бодогч, зээлийн эдийн засагчаар ажилласан. 2015 оны 02 дугаар сараас Нийслэлийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын хэлтэст гэрээт шинжээчээр ажиллаж байгаад Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №145 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын аудитор /шинжээчийн/-н албан тушаалд томилогдон ажилд орсон.
Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № Б/246 тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 -д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” 40.5-д "Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан.
Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1-р заалтад Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу? Орон тоо хасагдсан юм уу? Салбар нэгж татан буугдсан юм уу зэрэг нь тодорхойгүй тушаал гарснаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Монгол улсын Ерөнхий Аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ү.С ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Үндэслэл; Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3,13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна. Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн \ байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэх үндэслэлтэй юм. Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн , байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр,... ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан байдаг.
Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар’’-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг/комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар “... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгуурлалт явуулж, танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16,-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг" гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/246 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно.
Хоёр. Нэхэмжлэлийн бусад үндэслэлүүдийн тухайд: Түүнчлэн нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...”, 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3, МУЕАудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-ын дагуу шалгалт өгөөгүй, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу МУЕАудиторын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их хурлын 2000 оны Дугаар 20 тогтоолоор баталсан 'Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг зөрчсөн, илтэд давуу байдал бий болгосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан ”... төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч..." гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ. Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажил, албан тушаалд томилохдоо МУЕАудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5. дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, шинжээчийн албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтлана.”, 4.1. МУЕАудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байна. Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаарах бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.
Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/ болох аудитор болон удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер" мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-Д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ‘‘Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй, Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм. Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий Аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан.” гэжээ.
Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг.
Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид “...бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж танилцуулахад “саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.
Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна.” гэжээ. Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албанаас халах зохицуулалттай байна.
Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.
Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.С “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагчийн 2017 оны Б/246 тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 40.5-д заасны дагуу хуулийн хугацаанд мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд зааснаар маргаан бүхий тушаалын талаар сонсох ажиллагаа хийгээгүй, ямар бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халж байгаа нь тодорхойгүй, орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан эсэх нь тодорхойгүй, анх ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж маргаж байгаа.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл болон аудио бичлэгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд хийсэн нэмэлт тайлбар, бодит нөхцөл байдал зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэхүү төрийн албаны маргааны хариуцагч байгууллага нь Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг, төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба байх бөгөөд энэ утгаараа өндөр ёс зүй, хууль дээдлэх, шударга ёсны зарчмаас гадна мэргэжлийн өндөр дадлага, туршлага, нарийн мэргэшсэн байдлыг шаардахаар байна.
Монгол Улсын Ерөнхий аудитор хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны А/59 дугаар , А/60 дугаар , А/88 дугаар тушаалуудаар төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаараа Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулахыг даалгажээ.
Нэхэмжлэгч Ү.С дээрхи захиргааны актуудтай маргадаггүй боловч эдгээрийг үндэслэж гарсан хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот тушаалтай маргаж байгаа.
Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд хариуцагчийн 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, Нийцлийн аудитын хэлтсийг байгуулж, үйл ажиллагааны чиг үүрэг, албан тушаалын жагсаалтыг баталсан нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэж дүгнэхээр байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн , байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.”, мөн “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан , өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан байх ба Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16,-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг" гэж тодорхойлжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4. “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал, /ажлын байр/-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн ... ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан ... ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч “....2015 оны 02 дугаар сараас Нийслэлийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын хэлтэст гэрээт шинжээчээр ажиллаж байсан...” гэж нэхэмжлэлдээ дурдсан атлаа энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагчийн зүгээс энэ асуудлаар маргадаггүй. Мөн хэдийгээр нэхэмжлэгч Төрийн албаны шалгалтад ороогүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин Ерөнхий аудитын газар, Нийслэлийн аудитын газраас авсан шалгалтад орсон, төрийн албаны тангараг өргөсөн гэж мэдүүлдэг ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хувийн хэрэгт байсан бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэх бөгөөд энэ нь Ү.С ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргах үндэслэл болоогүй, мөн төрийн албанаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэлгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь энэ асуудлаар хариуцагч маргаагүй болохыг илэрхийлж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 145 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын /хуучнаар/ шинжээчийн албан тушаалд туршилтын 6 сарын хугацаатай томилогдон ажиллаж байсан. Тухайн үед энэ ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын зайлшгүй шаардлагатайд “...дээд, боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч бусад, төрийн албанд ажилласан туршлагатай байх”, чухал шаардлагатайд “магистр, мэргэшсэн нягтлан бодогч” гэж заасан байх бөгөөд ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд 1.1. “Орон нутгийн төсвийн бүх шатны захирагчийн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэнэ”, 2 дугаар зорилтын хүрээнд 2.1. ”Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, төсвийн захиран зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийнэ”, 3 дугаар зорилтын хүрээнд 3.1. “Төрийн болон орон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудад нийцлийн аудит хийнэ” гэжээ. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ү.С ын ажилд орж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудитын чиг үүрэг аль аль нь хамаарч байжээ. Харин шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан боловч нэхэмжлэгчийн шинжээчийн албан тушаалд хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь хэвээр үлдсэн ч орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлын дадлага, туршлагыг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан албан хаагчийг шалгаруулж, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болжээ гэж шүүх дүгнэв.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “... ”шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэнтэй нийцэж байна.
Иймд хариуцагчийн зүгээс “... Өмнө нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь ... Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ... байсан тул ... тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, ... мөрдүүлж эхлээд байна ...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгосон нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч сонсох ажиллагааны явцад “...бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж танилцуулахад “... бүтцийн өөрчлөлтөөр 3 сарын тэтгэмж аваад чөлөөлөгдөхөд асуудал байхгүй, өөр саналгүй...” гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан нь бичмэл болон аудио бичлэгийн нотлох баримтаар нотлогдож байхаас гадна 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэснээс батлагдсан төсвийн хүрээнд ижил тэнцүү хувааж 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, үлдэгдлийг төсөв шийдэгдэхээр шилжүүлнэ гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийсэн болно.
Хэргийн оролцогчдын тайлбар, дээрх нөхцөл байдлыг нотолж буй баримтуудаас дүгнэхэд хариуцагч Аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн тусгай алба болох төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, Нийслэл дэх Төрийн аудитын газар өмнө нь нийт 50 орон тоотой байсныг шинэ бүтцээр 45 болгож орон тоог цөөрүүлэхдээ шинэ ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 5-36 жил ажилласан мэргэжлийн дадлага, туршлага бүхий албан тушаалтнуудыг эрх бүхий комиссоос сонгон шалгаруулж, /нийт 11 албан хаагч ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс Ү.С 2 жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогчоор мэргэшээгүй байна/ гаднаас нэг ч хүнийг шинээр ажилд аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”. 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.4. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “... урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах хуулийн шаардлагад нийцсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гарсан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байх”, 40.2.3. “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3. “... захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 48 зүйлд заасан захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “...хуулийн хугацаанд мэдэгдээгүй, ... сонсох ажиллагаа хийгээгүй, ямар бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халж байгаа нь тодорхойгүй, орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан эсэх нь тодорхойгүй...” гэх тайлбарыг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.С ын “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/246 тоот “Ү.С ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН