Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0217

 

Н э г” ХХК-ийн гомдолтой

                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н э г” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8, 11.19 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн /2008/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 5 дугаар зүйлийн 5.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н э г” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Болд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудас болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын хяналт шалгалт явуулах журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

“Н э г” ХХК-ийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тухайд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зөрчил шалгасан ажиллагаа, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд зөрчлийн хэрэгт бүртгэл явуулах шаардлагагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн төлөөлөгч бүх үе шатанд компанийг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авахаас өмнө мэдээгүй байсан харилцах дансаар 2013, 2014 онд орсон мөнгө хөрөнгө нь ямар учиртай болохыг тайлбарлах боломжгүй. Харин татварын хяналт шалгалтын явцад тухайн мөнгөн хөрөнгийн гарал үүсэл, компанийн үйл ажиллагааны орлого мөн эсэхийг тогтоохгүйгээр шууд зөрчил гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулснаас нэхэмжлэгч хавтаст хэргийн материалтай бүрэн танилцах, мэтгэлцэх боломж олгоогүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудад шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулж болох тухай хэргийн оролцогчдоос санал, хүсэлт гаргаагүй ба тусгай программ ашиглаж цахим хэлбэрээр зөвшөөрөл олгоогүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 80 дугаар зүйлийн 80.1-д заасантай үл нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаартай шийтгэлийн хуудсаар “Н э г” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, “2013, 2014 онд харилцах дансаар орсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан” зөрчил тогтоогдсон хэмээн 30562552.80 төгрөгийн нөхөн татвар, 14977340.33 төгрөгийн торгууль, 391064,70 төгрөгийн алданги, нийт 45930957,86 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... “А т п г” ХХК-ийг Оросын холбооны улсын иргэн С Р А гэгч этгээдээс шилжүүлэн авч нэрийг нь “Н э г” ХХК болгон өөрчилж 2015 оноос үйл ажиллагаа явуулсан. Татварын албанаас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт өгсөнд үндэслэн компанийн эрхийг шилжүүлэн авсан. Энэхүү зөрчилд миний бие ямар нэгэн байдлаар гар бие оролцоогүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд татварын улсын байцаагч нараас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230001231 дугаартай “Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн” зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэх талаарх дүгнэлтийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, татварын улсын байцаагч нарт мэдэгдсэний дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гомдол гаргагч “Н э г” ХХК нь 2013 онд 242 281 905.84 төгрөгийн, 2014 онд 290 428 724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, 2014 онд            290 428 724.04 төгрөгийн харилцах дансаар орсон орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгасан, татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь улсын байцаагч нарын хяналт шалгалт болон дээр дурдсан прокурорын тогтоолоор тогтоогдсон, компанийг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй нөхцөл байдал тогтоогдохгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь дээрх байдлаар гомдол гаргагчийн гаргасан зөрчил нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд заавал зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах нь ач холбогдолгүй байх тул хариуцагчаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д нийцсэн байна.  

Харин анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасныг маргааны тохиолдолд хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Иймд гомдол гаргагч “Н э г” ХХК-ийн 2013, 2014 онд гаргасан зөрчилд ногдуулсан торгууль, алдангийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах нь зүйтэй.  

Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцоолол хийж, торгууль, алдангийн хэмжээг өршөөлд хамрагдах хэмжээгээр нарийвчлан тодорхойлох боломжгүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах хугацааны торгууль, алдангийг маргаан бүхий актаар тогтоосон нийт дүнгээс хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны тохиолдолд хамааралгүй, буруу хуулийн заалт баримталсан, тэрчлэн хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн атлаа уг хуулийн батлагдсан огноог тодорхой бичээгүй алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлээгүй атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6”-д заасныг удирдлага болгосон нь буруу байсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 5 дугаар зүйлийн 5.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н э г” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 232018006 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Н э г” ХХК-д ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Болдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН