Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 697

 

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Эрдэнэчимэг,

ялтан Б.Б, түүний өмгөөлөгч Х.Б,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Б, түүний өмгөөлөгч Х.Б, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батбилэгт холбогдох 201626022932 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б Б, 1993 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хойд эцэг, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ____/,

Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сг “хамт явсан хүнээс мөнгө нэхлээ” гэх үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Бын өмгөөлөгч Э.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Б.Б нь хохирогч Б.Сд эмчилгээний зардал нийт 5.100.000 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Б.Б нь үйлдсэн буруутай үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа. Б.Б нь 2012 оноос 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл БНСУ-д болон “А” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, Голомт банкны ___ дугаартай данс эзэмшиж 6.000.382.00 төгрөгийн дансны үлдэгдэлтэй, өөрийн өмчлөлд автомашинтай зэрэг торгох ялыг биелүүлэх боломжтой байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар сольж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 11 дүгээр сарын 2-ны шөнийн 02 цагийн үед баарнаас гарч шорлог идэж байгаад би 1 залуутай танилцаж, гадаадад ямар байдаг талаар ярилцаж байхад найзууд буудал руугаа явцгаасан. Тэр залуу Монголд ирээд удаагүй байгаа талаараа ярьж байгаад би тэр залууг найзуудтайгаа танилцуулахаар буудал руу дагуулж очсон. Харин тухайн үед С танилцаж амжаагүй байж “уух юм авах гэсэн юм, мөнгө байна уу” гэж зүй бус үйлдэл гаргах үед би хажуугаас нь “хэрэггүй, танилцаж найз нөхөд болоогүй байж” гэхэд нөгөө залуу 17.000 төгрөг гаргаж ирээд 7000 төгрөгийг нь Б.Сд өгсөн. Харин Б.С буцаагаад 7000 төгрөг чинь хүрэхгүй, 10.000 төгрөгөө өгчих гэсэн. Тэгэхээр нь би “... бид нар ямар дээрэмчин биш...” гэж удаа дараа хэлэхэд Б.С уурлаж, хэл амаар доромжилж, чиний найз чинь энэ юм уу гэж басах үед миний сэтгэл санааны хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн найз Б.Сг цохиж биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна. Би Б.Сгийн биед учруулсан эмнэлгийн зардал, бусад хохирлыг бүрэн төлж, цаашид гарах зардлыг ч төлөхөө илэрхийлсэн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг 3 жил хорих ялаар шийтгэснийг торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгөхийг хүсч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна ...” гэв.

Ялтан Б.Бын өмгөөлөгч Х.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар 2016 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө найз Б.Сгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Б.Б нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогчийн эмчилгээний зардалд нотлох баримтаар 3.600.000 төгрөг, нотлох баримтгүй 1.500.000 төгрөг, нийт 5.100.000 төгрөг өгч гэм хорыг арилгасан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шийтгэх тогтоолд дурдагдсан байгаа. Тийм ч учраас хохирогч Б.С нь гомдол саналгүй гэж мэдэгдэн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял” шүүхээс  оногдуулах боломжтой байдлаар заасан боловч шүүх уг заалтыг хэрэглэлгүйгээр 3 жилийн хорих ялыг оногдуулсан шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байгаа  юм. Учир нь Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнээс хэтрүүлэн хохирлыг барагдуулсан байтал 313 дугаар шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас тэр группэд орж, сургуулиасаа жилийн чөлөө авснаас дүгнэхэд түүний эрүүл мэнд сайжирсан, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзлээ” гэсэн нь хохирлыг барагдуулаагүй гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хохирогч Б.Сд цаашид шаардагдах хохирлыг барагдуулна гэдгээ мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн 313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.С цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хөнгөрүүлж 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сг “хамт явсан хүнээс мөнгө нэхлээ” гэх үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь пивоны шилээр цохиж,  хүний эрүүл мэндэд хүнд хор хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Сгийн “... Би 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр найз Б, Б.Б, Э, С, У нартай дэлгүүрээс 0.75 литрийн архи 1 шил, том савтай пиво, бэлэн гоймон, талх, элэгний нухаш зэргийг аваад модны хоёрын “Ланд” нэртэй зочид буудлын 2 ортой, 202 тоот өрөөнд 21 цагийн үед орсон. Тэгээд бид нар пивоо ууж дуусаад, архинаасаа жааханыг үлдээгээд 22 цаг өнгөрч байхад “+25” нэртэй бааранд орж шөнийн 02 цаг хүртэл бүжиглэсэн. Тэгээд С, Э, Б, У бид нар буцаж буудлын өрөөндөө ороод хөзөр тоглоод гоймонгоо идээд сууж байтал Б.Б гаднаас нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад ам хатаад байна, мөнгөтэй хүн байна уу гэж нэг нэгнээсээ асуусан. Б.Быг орж ирэхээс өмнө ч бид нар нэг нэгнээсээ мөнгө асууж л байсан. Тэгтэл Б.Бын найз нь 17.000 төгрөг гаргаж ирээд 7.000 төгрөгийг нь надад өгсөн. Тэгэхээр нь би 7.000 төгрөгөө чи өөрөө аваад, 10.000 төгрөгөө надад өгчих гэж хэлтэл Б.Б баруун гараараа далайх шиг болоод миний толгой руу шилээр цохисон. Тэр үед миний толгойноос цус гарсан ба Б.Б гартаа хагархай, ногоон өнгийн шил бариад зогсож байсан. Тэгээд би толгойгоо дараад доошоо хараад суучихсан. Тэр үед Б.Б гараад зугтаачихсан. Бид нар буудалдаа унтаад амарсан ба тухайн үед миний толгой өвдөхгүй цус нь тогтчихоор нь гайгүй байх гэж бодсон. Тэгээд өглөө 10 цагийн үед сэрэхэд Ууганбаяр бид 2 унтаж байсан ба бусад нь байхгүй байсан. Тэр үед миний толгой аймаар өвдөөд, зүүн талын дух хэсгээр хавдаад овойсон байсан. Тэгээд гэртээ очоод эгчдээ Б.Быг пивоны шилээр цохисон талаар хэлсэн. Би дотроо гайгүй болчих байх гэж бодоод эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ байгаад байсан. Гэтэл өдөр 15 цагийн үед Б.Б нэг бариач хүүхэнтэй ирээд миний толгойг бариулж өгөөд явсан. Миний толгой өвдөөд дотор муухай оргиод, юм идэж болохгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь хэвтэх хэрэгтэй, мэс засалд орно гэж хэлсэн. Тэгээд би гавал тархины тасагт хэвтэж 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр мэс засалд орсон...” /хх-12-13/,

Гэрч Э.Д-ын “... 2016 оны 11 дүгээр сарын 2-ны орой Б.С миний утсыг авахгүй, гэртээ ирж хоноогүй ба 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гэртээ ганцаараа орж ирсэн ба дух нь зүүн хэсэгтээ овойгоод  хавдчихсан, хавдарынхаа хажуугаар жижиг, жижиг зүсэгдсэн юм шиг зураас үүсээд шалбарсан байсан ба куртик нь бөөлжис болчихсон, куртикаа тайлахад хувцас нь бохирлогдоогүй байсан ба толгой нь өвдөөд юм ярьж чадахгүй байна гээд орондоо ороод хэвтсэн. Тэгэхээр нь би яасан бэ, хэн ийм болгосон юм бэ гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. Тэгээд би хүнд зодуулсан, айхтар гэмтээгүй юм байна гэж бодоод толгойны эм 1 ширхэгийг өгөөд хоол цай ид гэсэн чинь идэхгүй байхаар нь унтуулсан. Үдээс хойш нь Б.С ахиад толгой өвдөөд байна гэхээр нь дахин 1 ширхэг толгойны эм өгөөд, хоол ид гэсэн чинь идэж чадахгүй унтсан. Тэр өдөр Эрдэнэбаяр манай гэрт ирэхээр нь юу болсон талаар асуухад Б.Б толгой руу нь пивоны шилээр цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б луу залгаад ирж уулз гэж хэлсэн чинь Б.Б бариач гэх нэг эмэгтэйтэй ирээд Б.Сгийн толгойг бариулсан чинь бариач нь толгой нь хөдөлсөн байна гээд толгойд нь айхтар хүрэхгүй илээд алсаас гараа сонин сонин болгоод хөдөлгөж байгаад явсан боловч толгойных нь өвдөлт зүгээр болоогүй. Маргааш нь би дүүгээ дагуулж Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлсэн ба томографикт харуулсан чинь тархиндаа гэмтэл байна, мэс засалд орно, эмнэлэгт хэвт гэсэн...” /хх-29-30/,

Гэрч С.С-н “... Сар өдрийг нь санахгүй байна. Би найзууд болох Б.С, Б.Б, У, Б, Э нартай 11 дүгээр хороолол орж нэг нэг шил пиво ууцгаасан. Тэгээд бид нар Ууганбаяраас хүн болгон 30.000 төгрөг зээлээд нийт 180.000 төгрөгөөр Модны хоёрт “Ланд” нэртэй буудалд өрөө аваад гаднаас 1 шил архи, 2 сав пиво аваад буудалдаа орж ууж, хөзөр тоглож байгаад 23 цагийн үед “+25” нэртэй бааранд ороод 1 шил архи, хүний тоогоор пиво аваад бүжиглэж байгаад буудал руугаа орсон. Би баарнаас гараад буудал руу орох замд Б.Б гадаа нэг залуутай юм яриад зогсож байсан ба тэр залуу өөрийгөө “би бага ястан, тува” гэх мэтээр ярьж байсан. Тэгээд намайг буудал руу ороход Б.Б нөгөө залуутай гадаа юм яриад үлдсэн. Буудлын өрөөнд Б.С, Э, Б, У бид нар бэлэн гоймон идээд, үлдэгдэл архи пивоо уугаад сууж байтал гаднаас Б.Б нэг залуутай орж ирсэн ба тэр хоёрын нэг нь “Heineken” нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр залуу бид нартай нэрээ хэлээд танилцсан. Тэгээд би бэлэн гоймон идэх гэтэл халуун усгүй болчихоор нь ус буцалгаад буйдангийн ард талд сууж байтал тас гэх чимээ гарсан ба хүмүүс орилсон. Тэгэхээр нь би эргээд хартал Б.Сгийн нүүр нь цус болчихсон байсан...” /хх-35-36/,

Гэрч Т.Э-ын “... 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Б.С, У, Б, Б.Б бид нар У-с мөнгө зээлээд модны хоёрт байдаг “Ланд” нэртэй буудалд нэг өрөө аваад 0.75 литрийн нэг шил архи, 2 сав пиво авч орсон. Буудалд пиво, архиа ууж байгаад “+25” нэртэй бааранд орж бүжиглэхдээ 0.5 литрийн архи авч уусан. Тэгээд баарнаас гарч шорлог идчихээд буудал руугаа орсон ба Б.Б орж ирээгүй байсан. бид нар гоймонгоо дараад идэх гээд, зарим нь гоймондоо усаа хийгээд байж байтал гаднаас Б.Б гаднаас бидний танихгүй, хятад юм шиг царайтай залуутай орж ирээд манай найз, танилц гэсэн. Тэгэхээр нь бид нар тэр залуутай танилцсан ба нэг нэр хэлж байсныг нь одоо мартчихсан байна. Тэр залуу гартаа 0.33 граммын, ногоон өнгийн шилтэй пиво уугаад сууж байгаад ширээн дээр шилээ тавьсан ба буудлын ширээг тойроод Б.С, Э , Б.Б, нөгөө танихгүй залуу бид 4 сууж байсан. гэтэл Б.С Б.Бын найзаас уух юм авах гэсэн юм чамд мөнгө байна уу гэсэн. Тэгтэл Б.Бтай орж ирсэн залуу Б.Сд мөнгө өгсөн. Яг хэдэн төгрөг байсныг би хараагүй. Гэтэл Б.Б ширээн дээр нөгөө 0.33 граммын ногоон өнгийн шилтэй пивоны шилийг аваад уг шилтэй гараа далайгаад Б.Сгийн дух руу нэг удаа цохисон. Тэр үед пивоны шил бутраад газраар тарсан ба Б.Бтай орж ирсэн залуу шууд гараад гүйчихсэн. Тэр үед би яаж байгаа юм бэ гээд босч ирээд Б.Б луу дайраад бариад авах гэтэл боль гээд Сүхбаатар, Болор-Эрдэнэ, Ууганбаяр нар салгасан. Тэгээд Б.Б гараад явсан. Тэр үед Б.Сгийн духнаас цус гараад, хувцас нь цус болчихсон байсан...” /хх-37-38/,

Гэрч Д.-н “... Би өөрийн найз болох Б.С, У, Э, Б.Б, С нарын хамт Ланд нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд орж 1 шил 0.75 литрийн архи, 2 том савтай пиво уугаад 00 цагийн үед “+25” нэртэй бааранд орсон. Бааранд бүжиглэж байгаад буудал руугаа буцаж ороход Б.Б ганцаараа орж ирээгүй байсан ба бид нар бэлэн гоймондоо ус хийгээд хөзөр тоглоод сууж байхад Б.Б гаднаас өвөрмонгол, хазгай хэлтэй залуутай орж ирээд бид нарыг танилц гэсэн ба би танилцаагүй. Тэгтэл Б.С уух юм авъя, мөнгө байна уу гээд бүгдээс нь мөнгө асуусан ба бид нарт мөнгө байгаагүй болохоор бид байхгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл Б.С Б.Бын найзаас мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу халааснаасаа 17.000 төгрөг гаргаж ирээд 7.000 төгрөгөө Б.Сд өгсөн. Гэтэл Б.С энэ мөнгө хүрэхгүй байна, чи 10.000 төгрөгөө өгөөд 7.000 төгрөгөө буцааж ав гэсэн. Тэгтэл нөгөө залуу 10.000 төгрөгөө Б.Сд өгөөд 7.000 төгрөгөө буцааж авсан. Б.Б нь Б.Сд “мөнгийг нь буцааж өг, мөнгө авч яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд байсан. Гэтэл тас хийх чимээ гарсан ба хартал Б.Б гартаа хагархай ногоон өнгийн пивоны шил барьчихсан, Б.С тонгойгоод толгойгоо гараараа дараад ёолоод байсан ба нөгөө сүүлд орж ирсэн залуу шууд гүйгээд гараад явчихсан. Тэр үед Эрдэнэбаяр Б.Б луу яаж байгаа юм бэ гээд дайрсан чинь Б.Б гараад явчихсан. Тэр үед Б.Сгийн дух нь хавдчихсан, жоохон цус гарч байсан ба буудлын өрөө цус болоогүй, хагархай шилийг нь нэг нь цэвэрлэж байсан...” /хх-39-40/,

Гэрч Н.У-н “... 2016 оны 11 дүгээр сарын 2-ны орой 22 цаг өнгөрч байхад би өөрийн найз болох Б.С, Э, Б.Б, Сүхбаатар нарын хамт “Ланд” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд орсон ба орохдоо гаднаас 1 шил 0.75 литрийн архи, 2 том савалгаатай пиво авч ороод бид нар бүгд архи, пиво ууж байгаад уг буудлын хойд талд байрлах “+25” бааранд ороод 0.5 граммын архи аваад уугаад бүжиглэсэн. Тэгээд баарнаас 02 цагийн үед гараад буудал руугаа буцаж орсон. Энэ үед Б.Б орж ирээгүй байсан ба 5-10 минутын дараа гаднаас 1 танихгүй залуутай орж ирсэн. Намайг ус буцалгагчнаас ус авах гээд зогсож байтал тас хийх чимээ гарч хүн ёооё гэж орилсон. Тэгэхээр нь би ширээ рүү харсан чинь Б.С доошоо тонгойгоод толгойгоо дараад суучихсан, Б.Б ширээний хажууд зогсож байсан ба нэг нь Б.Б Б.Сг шилээр цохичихлоо гэсэн. Тэр үед Б.Бын сүүлд хамт орж ирсэн залуу гараад явчихсан. Эрдэнэбаяр нь Б.Б луу дайраад чи яаж байгаа юм бэ гээд уурлаад бариад авахаар нь би салгасан. Тэгээд би Б.Бтай өрөөний гадаа уулзаад чи яагаад цохисон юм бэ гэхэд Б.Б сайн мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд Б.Б, Сүхбаатар, Эрдэнэбаяр, Болор-Эрдэнэ нар гэр лүүгээ яваад, Б.С бид хоёр буудалд хоносон. Маргааш өглөө нь Б.Сгийн дух хавдчихсан байсан ба толгой өвдөөд байна гээд босч чадахгүй болохоор нь би бос гэж босгоод таксинд суулгаж гэрт нь хүргэж өгсөн...” /хх-41-42/,

Гэрч О.С-н “... Би “Ланд” зочид буудалд 2016 оны 9 дүгээр сард ресепшинээр ажилд орсон. 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр манайд шинээр ажилд орсон Номин гэх эмэгтэй ресепшинээр үүрэг гүйцэтгэж хоносон ба 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би Н-с ээлж хүлээж авсан. Тэр үед Н “202 тоотод хэдэн залуучууд орсон ба нэгнийхээ толгойг пивоны шилээр цохиж гэмтээсэн” гэж хэлсэн. Би өөрөө нүдээр  хараагүй...” /хх-138/,

Б.Бын сэжигтнээр өгсөн “... Би 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр У, С, Б, Б.С, Э нартай уулзаад дэлгүүрээс 2 сав пиво, 1 шил 0.75 литрийн архи аваад модны хоёрын “Ланд” нэртэй буудалд орсон. Тэгээд бид нар пиво уугаад, хөзөр тоглоод сууж байгаад 23 цагийн үед тус зочид буудлын доод талд байрлах буудалд орж бүжиглэсэн ба 1 шил 0.5 литрийн архи авсан. Би архинаас нь уугаагүй. Тэгээд бид нар баарнаас гарч шорлог идээд зогсож байхдаа нэг залуутай танилцаж ойр зуурын юм ярьсан. Б.С, Б, У нар буудал руу түрүүлээд орсон. Тэгээд би буудал руу тэр залууг дагуулаад орсон. Тэр залуу манай найз нартай танилцахдаа орос буриад нэр хэлсэн ба би нэрийг нь санахгүй байна. Тэгээд тэр залуу бид 2 орон дээр суусан. Тэгтэл Б.С тэр залуутай их муухай, дээрэнгүй зангаар харьцаад, чи гараад нэг шил архи аваад ир, чамд мөнгө байна уу гээд байсан. тэгэхээр нь би Б.Сг чи болиоч ээ, адилхан монгол хүн байж битгий ингэж нэгнийгээ дээрэлхээд бай гэж гуйсан. Тэгтэл Б.С миний үгэнд орохгүй, нөгөө залууг мөнгөө өг гээд байсан. Тэр залуу халааснаасаа мөнгө гаргаж ирээд надад байгаа мөнгө энэ байна гээд Б.Сд өгсөн. Тэгсэн чинь Б.С мөнгийг нь авсан. Тэгэхээр нь би “чи боль, мөнгийг нь буцааж өг” гэж хэлсэн чинь Б.С чи одоо найз юм уу гээд над руу ууралсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан ногоон өнгийн “Heineken” нэртэй пивоны шилийг аваад Б.Сгийн толгой руу нэг удаа цохисон чинь пивоны шил хагарсан ба нөгөө танилцсан залуу гараад гүйчихсэн. Тэр үед Б.Сгийн духны зүүн хэсгээс цус гарсан чинь Э “өө чи найзыгаа цохиж байгаа юм уу” гээд над руу ууралсан. Тэгэхээр нь би Эт “миний найзууд ийм муухай дээрэлхүү хүмүүс байх ёстой юм уу” гэж хэлсэн чинь Э над руу ширээн дээр байсан архины шил шидсэн чинь намайг оноогүй. Тэгэхээр нь би явлаа гээд буудлаас гарахад С, У 2 араас ирээд битгий яв гээд гуйгаад байсан. тэгэхээр нь би найз нь орвол Б.С над руу уурлана гээд буудлаас гарахад араас Б.С ирээд “чи маргааш цагдаа дээр ирээрэй” гэж хэлээд буудал руу орсон. Маргааш нь би Б.Сгийн гэрт бариач Ундрахбадам гэж хүнийг дагуулж очоод толгойг нь бариулсан. Тэр үед толгойг нь жаахан доргисон байна гэж хэлэхээр нь би Б.Сд “толгой чинь өвдөөд ямар нэгэн асуудал болбол найздаа хэлээрэй, би маш их гэмшиж байна” гэж хэлээд салсан. 2 хоногийн дараа Ууганбаяр над руу залгаад Б.С Гэмтлийн эмнэлэгт хэвтэхээр болсон гэж хэлсэн. Тэгээд намайг Гэмтлийн эмнэлэг дээр яваад очиход мэс засалд орох гэж байгаа гэж хэлсэн...” /хх-68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Сгийн биед тархи доргилт, зүүн духны ясны шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15641 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45/, Хохирлын баримтууд /хх-16-26/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-28/, Өвчний түүх /хх-47-61/, Гэрэл зураг /хх-120/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Б, түүний өмгөөлөгч Э.Г, Х.Б нар нь“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хөнгөрүүлж  өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан байх бөгөөд уг гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн тус гэмт үйлдлийг хийхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх бөгөөд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2005 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж  дүгнэсэн боловч  тогтоох хэсэгт тухайн зүйл хэсгийг баримтлаагүй нь буруу байна. Иймд дээрхи үндэслүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 - 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 15000 нэгжээр /1 нэгж=1000 төгрөг/ буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 15 000 000 төгрөгөөр торгох ялыг 1 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 65 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 975.000 төгрөгийг /65 хоног *15 нэгж=975 нэгж/ хасаж тооцсугай гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Б.Быг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН