Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 18

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,-№

хохирогч Ө.Б

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.От холбогдох эрүүгийн 1907004750003 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ч.О /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Шүүгдэгч Ч.О нь орчиндоо аюул учруулж болох амьтан болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10-11 цагийн орчимд хохирогч Ө.Б нь гурван нохойд хазуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би ийм юм болсон гэдгийг мэдсэн. Энэ хүн яагаад надтай харьцаж болоогүй юм. Манай манаачтай архи ууснаас болж энэ хэрэг болсон. Би хэргээ хүлээж байгаа ч манаач ямар ч хариуцлага хүлээхгүйд би гомдолтой байна. Амралтын газар манай нөхөр бид 2-ын нэр дээр байсан. Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй учраас нохойнууд манаачтай хамт байдаг манай нохойнууд. Урд нь хүзүүвчгүй хашаандаа байдаг байсан ” гэв.

 

            Хохирогч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр дулаахан хувцастай байсан. 10 цагийн үед утас цэнэглэгчээ авах гээд ороход ноход яагаа ч үгүй. Урд нь би тэр нохойнуудыг хооллож байсан. Тэднийд ороод тал шил архийг хувааж уугаад гарахад 3 талаас гурван нохой зэрэг дайраад газар унагаасан. Битүү захтай хувцастай байсан тулдаа хүзүү рүүгээ дайруулаагүй. Амьд үлдээд ярьж байгаа нь энэ. Манаач ажилд ороод удаагүй хүн байсан. Одоо миний нүүрэнд үлдсэн хацарны сорвийг арилгах хэрэгтэй. Сорви арилгахад шаардлагатай 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувь өөрийн хашаанд тэжээдэг нохойг зохих хамгаалалтгүйгээр байлгасан болохоо хүлээн зөвшөөрч байна. Тэгдээ манай "*******" амралтын хашаанд гадны хүн хамаагүй орж гараад явдаггүй зөвхөн бид нарыг очсон үед л зарим нэг хүмүүс орж гардаг юм. Хохирогч *******ын хувьд манай амралтын газрын хашаанд зөвшөөрөлгүйгээр орж манай манаач *******тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж манай хашааны нохойнуудад хазуулсан байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өглөө ******* рүү утсаар ярьж гэртээ байна уу? гэж асуугаад гэртээ байна гэхээр нь /power bank/-aa авахаар гэрт нь очсон. Намайг *******ийн гэрт ороход хашаан дотор нь гурван нохой байсан ба над руу дайраагүй. Тэгээд *******ийн гэрт ортол ******* өчигдөр жаахан уусан юмаа гээд тал шилтэй хараа архи гаргаж ирээд бид хоёр тэрнээс нь жаахан юм ярьж сууж байгаад уусан. Тэгээд удаагүй 40 орчим минут сууж байгаад гарсан. Намайг гарахад ******* гаргаж өгөхөөр хамт гарсан. *******ийн гэрээс гараад хашааны хаалга руу алхаад явж байтал гурван нохой дайраад орж ирээд намайг гурван талаар зууж татаж газарт унагаж зууж эхлэсэн. Тэр үед ******* салгах гээд өшиглөөд цохиод орилоод байсан. Тэр нохойнууд миний хоёр хөлнөөс зууж татаж унагаад газарт унасны дараа гар, нүүр хэсгээс хар халтар өнгийн нохой хазсан.

            Тухайн амралтын газрын эзний эгч Алимаа гэх хүн надад хохирлын төлбөрт тусламж болгож 100.000 төгрөг бэлнээр дахин эмчилгээнд Hepavia нэртэй дусал авч өгсөн уг тусал нь тус бүх нь 24.000 төгрөгний үнэтэй бөгөөд нийлээд 48.000 төгрөгний үнэтэй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

            Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 29-ний орой манай хөрш ******* манай гэрт өөрийн утас цэнэглэгч /power bank/ цэнэглүүлсэн юм. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10-11 цагийн хооронд ******* манай гэрт цэнэглүүлсэн /power bank/-аа авахаар орж ирсэн юм. Би *******т цай хийж өгөөд идээ амсуулаад өмнө өдөр авсан байсан 0,5 литрийн хараа архи зурагтны тавиур дээр байсныг ******* харсан учир хоёулаа энэ архинаас татах уу гэхэд ******* тэгье гээд бид хоёр дээрээс нь жаахан уусан байсан 0,5 литрийн хараа архи хувааж уусан. Тэгээд ******* гэрээс гарах үед би гаргаж өгөөд хашаан дотор явж байтал манай амралтын газрын цагаан нохой дайрч араас нь нөгөө хоёр нохойн дайрсан. Тэгээд бид хоёр хөөгөөд явахгүй тойрч тойрч байгаад шууд дайрч *******ыг газарт унагаж зууж эхлэсэн. Би сандарч нөгөө нохойнуудыг өшиглөж цохиж байж арай гэж салгасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай нөхөр ******* гэдэг. Нөхөр бид хоёр НД-ийн 1-р хороо Их ам гэх газар, газар авч тэндээ мод тарьж амьдарч байгаа ба өнөө өглөө 10:00 цагийн үед нөхөр мөөнь манай хажууд байдаг ******* амралын газрын манаач  *******ээс гар утас цэнэглэдэг power bank авах гэж гэрээсээ гарсан. Тэгээд нөхөр маань цаг гарны дараа гэртээ ирэхдээ зүүн хацар, шанаа, чих нь цус болчихсон согтуу орж ирсэн тэгэхлээр нь би юу болсныг асуутал ******* амралтын газрын нохойнд уруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө авч явж эмнэлэгт үзүүлээд цагдаад ирж байгаа юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 шэ/594 дүгээр:

            “1.Ө.Бын биед зүүн чихний дэлбээний тасралыг оёсны дараах байдал, нүүрэнд шарх, зүүн гуя, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, /хх-ийн 81-82 дугаар хуудас/

 

            Хохирогчид гэмтэл учирсан үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-04-10 дугаар хуудас/,

 

            Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохиролтой холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.О нь өөрийн эзэмшлийн******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтан болох гурван нохойнуудыг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10-11 цагийн орчимд Ө.Б нь гурван нохойд хазуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай манаачтай архи ууснаас болж энэ хэрэг болсон. Амралтын газар манай нөхөр бид 2-ын нэр дээр байсан. Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй учраас нохойнууд манаачтай хамт байдаг манай нохойнууд. Урд нь хүзүүвчгүй, уяагүй хашаандаа байдаг байсан ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... тэр өдөр дулаахан хувцастай байсан. 10 цагийн үед утас цэнэглэгчээ авах гээд ороход ноход яагаа ч үгүй. Урд нь би тэр нохойнуудыг хооллож байсан. тэднийд ороод тал шил архийг хувааж уугаад гарахад 3 талаас гурван нохой зэрэг дайраад газар унагаасан. Битүү захтай хувцастай байсан тулдаа хүзүү рүүгээ дайруулаагүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувь өөрийн хашаанд тэжээдэг нохойг зохих хамгаалалтгүйгээр байлгасан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг гарахад ******* гаргаж өгөхөөр хамт гарсан. *******ийн гэрээс гараад хашааны хаалга руу алхаад явж байтал гурван нохой дайраад орж ирээд намайг гурван талаар зууж татаж газарт унагаж зууж эхлэсэн. Тэр үед ******* салгах гээд өшиглөөд цохиод орилоод байсан. Тэр нохойнууд миний хоёр хөлнөөс зууж татаж унагаад газарт унасны дараа гар, нүүр хэсгээс хар халтар өнгийн нохой хазсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд ******* гэрээс гарах үед би гаргаж өгөөд хашаан дотор явж байтал манай амралтын газрын цагаан нохой дайрч араас нь нөгөө хоёр нохойн дайрсан. Тэгээд бид хоёр хөөгөөд явахгүй тойрч тойрч байгаад шууд дайрч *******ыг газарт унагаж зууж эхлэсэн. Би сандарч нөгөө нохойнуудыг өшиглөж цохиж байж арай гэж салгасан.” гэсэн мэдүүлэг, Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нөхөр маань цаг гарны дараа гэртээ ирэхдээ зүүн хацар, шанаа, чих нь цус болчихсон согтуу орж ирсэн тэгэхлээр нь би юу болсныг асуутал ******* амралтын газрын нохойнд уруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө авч явж эмнэлэгт үзүүлээд цагдаад ирж байгаа юм” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 шэ/594 дүгээр дүгнэлт, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

                                                                                                                                                                    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                                                                                    

            Шүүгдэгч Ч.От ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

            Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гаргасан 3,573,598 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан үзээд хэрэгт авагдсан бичгэн баримтуудыг үндэслэн хохирогчийн эмчилгээ хийхэд зарцуулагдсан 248,598  төгрөгийн шаардлагыг хангаж шүүгдэгчийн урьд өгсөн 148,000 төгрөгийг хасан энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 100,598 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

            Мөн цаашид эмчлүүлэхтэй холбоотой 3,325,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан гаргуулах үндэслэлгүй тул хохирогчийг цаашид эмчилгээтэй холбоотой зарцуулагдсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэх  эрхтэйгээр үлдээлээ.

 

            Энэхүү хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оээс 100,598 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Бт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 3,325,000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД