Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 321

 

Б.М-д холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүл, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Л.Хаш,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн 1907003900176 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.М-, 1972 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал замд 39-09 СЭҮ улсын дугаартай, “Toyota Sienta” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Телубекийг мөргөж амь насыг нь хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                 

             Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Хүүг маань аварч болох боломж байсаар байтал яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хэргийн газраас зугтаасанд нь гомдолтой байна. Шүүх бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл надад зөвлөгөө өгсний дагуу “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бага хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн. Сонгож авсан өмгөөлөгч маань бидний хүсэл зоригийн эсрэг буруу зөвлөгөө өгснөөс болж бид хохирсон дээрээ нэмж хохирсон. Би өмгөөлөгч Б.Чулуунгэрэлтэй уулзан давж заалдах гомдол гаргах талаар ярихад “Хэрэггүй, наад хэрэг чинь хэрэгсэхгүй болно, угаас автын хэрэг цагаатгагддаг” гээд хүлээж аваагүй. Энэ асуудлаар Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргах болно. Иймд ял хөнгөдсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, магадлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүлийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, үйл баримт, шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага, ялын хэмжээ хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгддэг ч мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгдэх гэмт хэрэгт тооцогддог. Шүүгдэгч Б.М- нь амь хохирогчийг 11 метр газар чирсэн бөгөөд гэмтэл авсан байхад нь эмнэлгийн тусламж даруй үзүүлэхийн оронд орхин зугтаасан явдалд гомдолтой байгаа. Шүүгдэгч Б.М-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргээр зүйлчлэгдсэн байхад хөнгөн ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрээс нь уучлалт гуйж, өөрийн ах дүү нараас зээл авч талийгаачийн оршуулга, буян хураахтай холбогдон гарсан зардал, банкнаас авсан цалингийн зээл зэргийг төлж барагдуулсан. Мөн талийгаачийг амьд байхад нь эмчилгээний зардалд тусламж үзүүлсэн. Талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан болохыг анхаарч үзэхийг хүсье. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Учир нь, автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хэдийгээр энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ч бусад хохирлыг төлж барагдуулсан. Тухайлбал, хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхаас нь эхлэн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, оршуулгын зардал, талийгаачийн 49 хоногийн зардалд нийт 5.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалтуудыг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой тайлбарласангүй. Шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ялын талаарх саналыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Л.Хаш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Уг гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гарсан байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч болон шүүгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт байгаа эсэхийг удаа дараа тодруулахад “оршуулгын зардал, хохирол төлбөр, бүх зүйлээ авсан тул гомдол саналгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж байсан. Шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-гийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.М-г 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал замд, 39-09 СЭҮ улсын дугаартай, “Toyota Sienta” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5/а, б, г, мөн дүрмийн 12.2, 3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас Н.Телубекийг мөргөж амь насыг нь хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.М-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүл /2хх 10/, гэрч Д.Давааням /1хх 43-44/, Б.Хүслэнзаяа /1хх 43/, М.Эржанат /1хх 50-52/, Ц.Баатарсүх /1хх 53-55/, Д.Бямбадорж /1хх 56-57/, шүүгдэгч Б.М- /2хх 9/ нарын мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт болон осол гаргасан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-13/, амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №08/ШЭ/82 дугаартай дүгнэлт /1хх 60-65/, амь хохирогчийн цусан дахь спиртийн агууламж, согтолтын зэргийг тодорхойлсон химийн шинжээчийн 5050 дугаартай дүгнэлт /1хх 70/, осол гаргасан тээврийн хэрэгсэл дээр илэрсэн оёдлын утас амь хохирогчийн өмсөж явсан хувцасны материалтай тохирч байгаа болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 4493 дугаартай дүгнэлт /1хх 88/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн техникийн шинжээчийн 40 дугаартай дүгнэлт /1хх 105/, амь хохирогчийн нас барсны гэрчилгээ /1хх 212-213/ зэргийг харьцуулан судлахад:

Б.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал замд, 39-09 СЭҮ улсын дугаартай, “Toyota Sienta” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан Н.Телубекийг дайрч, улмаар хэргийн газрыг орхиж зугтаасан гэх ба Н.Телубек нь тухайн өдрөө эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас баржээ.

Амь хохирогч Н.Телубекийн үхлийн шалтгааныг тогтоохоор хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн цогцост гавал-тархины битүү гэмтэл: ..., цээж-хэвлийн хавсарсан гэмтэл: ... тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ...” гэх боловч амь хохирогчид учирсан гэмтлүүдийн дэс дараалал, аль гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх асуудал тодорхой бус байна.

Шүүгдэгч Б.М- осол гаргасан нөхцөл байдлынхаа талаар “...зам дээр хүн хэвтэж байсан, би 60 км/цагийн хурдтай явж байсан ба ямар ч үйлдэл хийж амжаагүй байхад дээгүүр нь гарсан...” хэмээн тайлбарладаг бөгөөд хэргийн газарт болон осол гаргасан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд амь хохирогч босоо байрлалд мөргүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Түүнчлэн тухайн өдөр зам тээврийн осол гарахаас өмнө амь хохирогч өөрийн гэртээ автомашины хөдөлгүүр засварлах ажлаар бусдыг дуудан ирүүлж, улмаар хамт архидан согтуурсан талаар гэрч Б.Хүслэнзаяа, М.Эржанат, Ц.Баатарсүх, Д.Бямбадорж нараас мэдүүлдэг бөгөөд амь хохирогчтой хамгийн сүүлд үлдсэн гэх гэрч М.Эржанат “...архи дуусангуут тэнд байсан дөрвөн хүн явахаар болоход Телубек хамт явна гээд машинд суусан. Ингээд би машиныг жолоодоод Налайхын төв орж Телубекийн ажлын ахыг буулгаад, буцаад 1 дүгээр хороо, Энгэр шандын нүүрний эгнээд машины эзэн ахыг машинтай нь үлдээхэд хорооны ах бас үлдсэн. Тэгээд би Телубекийг аваад гэр лүү нь явсан. Нисэхийн хороо чиглэлд явж байхад Телубек “Найзаа ганц шил архи авч өгөөч” гэхээр нь “Танайд очиж байгаад авч өгье” гэхэд миний үгэнд орохгүй улмаар намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулаад Нисэхийн хорооны эцсийн таксины зогсоол чигт ганцаараа гүйсэн. Ингээд би эмэгтэй жолоочтой таксинд суугаад найзыгаа үлдээсэн газар болох под станцын баруун талд очиход тэр байхгүй байсан. Ойр орчимд нь хайсан боловч олдоогүй. ...” хэмээн мэдүүлдэг.

Дээрх байдлаас үзвэл, амь хохирогч Н.Телубекийг шүүгдэгч Б.М-гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас нас барсан гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд уг осол гарахаас өмнө болсон үйл явдлыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна.

Ингэхдээ гэрч Ж.Эржанатын мэдүүлэгт үндэслэлгүйгээр тухайн өдөр түүний болон амь хохирогчийн явсан зам маршрут, мөн түүний очсон гэх “Нисэхийн хороо, под станц” зэрэг газрууд нь хаана байрладаг, хэргийн газраас ямар зайд оршдог талаар тодруулж, тухайн цаг хугацаанд таксигаар үйлчилсэн гэх жолооч эмэгтэйг олж тогтоон мэдүүлэг авах нь зүйтэй.

Үүнээс гадна, амь хохирогч нь гэрч Ц.Баатарсүх, Д.Бямбадорж нараас салж явах үедээ биеэ авч явах чадвартай байсан гэх боловч ямар шалтгааны улмаас зам дээр хэвтэх болсон, гэрч Ж.Эржанат амь хохирогчийг гэрт нь хүргэж өгөхөөр хамт явж байгаад яагаад түүнээс зугтаасан зэрэг асуудлыг сайтар шалгаж, амь хохирогчид учирсан гэмтлүүдийн дэс дараалал, аль гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн үүсгэгдсэн болохыг тодруулахаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулвал зохилтой. 

Учир нь зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэг 21 цаг 10 минутаас 22 цаг 40 минутын хооронд үргэлжилсэн байхад гэрч Ж.Эржанат “...таксинд суугаад найзыгаа үлдээсэн газар болох под станцын баруун талд очиход тэр байхгүй байсан. Ойр орчимд нь хайсан боловч олдоогүй. ...” хэмээн мэдүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бердгүлийн гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн...” тухай давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

                              ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН