Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох эрүүгийн 1904002330137 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г

 Улсын яллагч                                              Б.О

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Л.Г

 Шүүгдэгч                                                  Т.Б нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа нүүрс шуудайлах ажил эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овгийн Т Б /РД:ЖЙ96032219/

      

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд согтрууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны  39А тоотод  оршин суух Б.Э гэрт Д.А “Гар утас алга боллоо,  гаргаж өг” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний баруун хөлийн гуяны өмнөд хэсэгт заазуураар нэг удаа зүсэж биеийн эрүүл мэндэд нь 6х0.2см хэмжээтэй шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Урд орой нь Эрдэнэбилэгийн гэрт бид нар архи, пиво ууж хоносон. Өглөө босоход миний гар утас алга болсон байхаар нь уурлаад Амгаланбаяртай ноцолдож байгаад хөргөгчин дээр байсан заазуур аваад түүний гуяыг хатгасан.  Миний буруу, гэмшиж байна ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.А мэдүүлсэн: “Б.Э, Б.А, Т.Б бид нар 0.75 граммын нэг шил архи, 2.5 литрийн 4 ширхэг пиво аваад Сургалтын задгайд Б.Э  гэрт уусан. Т.Б бид нарыг “Утас авсан” гээд уурлаад бид хоёр ноцолдсон. Тэгээд тайвшираад зуухны үүдэнд явган сууж байтал миний гуя руу час хийж халуун оргиод цус гарсан. Тухайн үед хаанаас ямар хутга яаж аваад миний гуяийг зүссэн гэдгийг мэдээгүй. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э мэдүүлсэн: “Өглөө нь Т.Б “Утас алга болсон байна, гаргаж өг” гэж орилоод байсан. Д.А, Т.Б хоёр маргаж байгаад зодолдсон. Б өөрөө хөргөгчний дээр байсан заазуурыг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.А мэдүүлсэн: “Өглөө сэрэхэд Т.Б  архи нь гараагүй орилоод “Бүгдийг чинь ална, утас алга” гээд Д.А “Утас авсан уу, гаргаж өг” гээд өмднийхөө тэлээгээр  гуя руу нь ороолгосон. Д.А, Т.Б хоёр гэрийн зүүн ор, хөргөгчний ойролцоо өнхрөлдөөд байсан. Хаанаас мэс авч Д.Абаруун гуяыг зүссэнийг хараагүй. Т.Б “ална” гэж хашгирч дайраад дахин дахин ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/268 дугаартай дүгнэлтэд: “Д.А биед баруун талын гуяны хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 31/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №18 дугаартай дүгнэлтэд “Т.Б нь сэтгэцийн хувьд өвчтэй байна. Болсон үйл явдлыг өөрийн сэтгэхүйн хүрээнд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай. Т.Б нь Оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол өвчтэй байна, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-н 45-46/,

Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Т.Б драггер багажаар согтуурлыг шалгахад 0.007% согтолттой, байсан...” гэжээ. /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд“...Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 39Б тоот ба гэрч Б.Э “модон иштэй заазуур энэ байна” гэж гаргаж ирснийг түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “190400233 дугаартай хэрэгт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 39Б тоотод оршин суух Б.Э ахуйн хэрэглээний шаргал өнгийн модон иштэй, 2 ширхэг хадаастай, бариул хэсгийг наалт туузаар /скоч/ ороосон, бариул хэсгийн дээд булан нь эмтэрч цуурсан, ажлын хэсэг  13.5 см, бариул хэсэг 10 см, нийт  23.5 см урттай заазуурыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н  18-19/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн “Яаралтай тусламжийн хуудас”-т “...2019 оны 11 сарын 23-ны өдрийн 15 цагт 25 минутад Д.А баруун гуяны шархыг цэвэрлэж, 3 оёдол тавьж, цэвэр боолт хийв” гэжээ /хх-н 12-13/,

Хохирогч Д.А хүсэлтэд “Б сайн дураараа эвлэрсэн тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 66/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...ЖЙ96032219 регистрийн дугаартай Т овгийн Т Б...” гэжээ.  /хх-н 60/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэжээ. /хх-н 65/

Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “Т.Б Нарангийн 2-4 тоотод оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-н 61/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

  1. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

      Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны  39Б тоотод оршин суух Б.Э гэрт “утас алга болчихлоо,  гаргаж өг” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хөргөгчин дээрээс заазуур авч Д.А  баруун хөлийн гуяны өмнөд хэсэгт нэг удаа зүссэний улмаас баруун талын гуяны хэсэгт 6х0.2см хэмжээтэй хутгалагдсан шарх бүхий гэмтэл  учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “миний утас алга болсон байсан. Уур хүрээд А ноцолдож байхдаа хөргөгчин дээрээс заазуур аваад түүнийг нэг удаа зүссэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.А “Намайг өөрийнх нь гар утсыг авсан гэж уурлаад байхаар нь би аваагүй гэхэд уурандаа миний гуяыг зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Б.Э “Б өөрөө хөргөгчин дээрээс заазуур авсан байсан” /хх-н 24/, гэрч Б.А “...Д.А баруун гуяыг зүссэнийг хараагүй. Т.Б ална гээд дахин дахин босч ирээд А ноцолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/268 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Хохирогч Д.А, гэрч Б.А, Б.Э нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.А, гэрч Б.Э, Б.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч, гэрчүүд нь гэмт хэрэг гарахын урд орой нь хамт архидан согтуурсан байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.А “утас гаргаж өг” гэж  уурлаж, түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.

Иймд Т.Б үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун талын гуяны хэсэгт хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогч Д.А “Т.Б нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлжээ. /хх-н 22, 66/

Иймд шүүгдэгчийг тусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 4-5 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн санал гаргасан.

Т.Б “хувиараа нүүрс шуудайлах ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрүүл мэндийн хувьд оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол өвчтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Т.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу нүүрс шуудайлах ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овгийн Т Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овгийн Т Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулах, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.Б мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаргал өнгийн модон иштэй, 2 ширхэг хадаастай, бариул хэсгийг наалт туузаар /скоч/ ороосон, бариул хэсгийн дээд булан нь эмтэрч цуурсан, ажлын хэсэг  13.5 см, бариул хэсэг 10 см, нийт  23.5 см урттай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7.  Т.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.Б