Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

  2020            03            05                                          2020/ДШМ/269                                               №  Т  M № 546                                  МАЛАЛ

М.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 1 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Б-т холбогдох хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн М-н Б-, Төв аймагт 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

М.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 7 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна согтуугаар хамтран амьдрагч Б.Н-ыг гэртээ оруулахгүй гэж маргалдах явцдаа араас нь түлхэж унаган зүүн хөлийн хавчаар ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б- нь хохиролд 200,000 төгрөг төлснийг, хохирогч Б.Н- цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн дээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол мөнгөн төлбөр ... барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсэн атлаа торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг тодорхой заагаагүй. Үүнтэй холбоотойгоор ямар хугацааны дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих эрх зүйн үр дагавар үүсэх нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцэхгүй. Мөн шүүхээс торгуулийн ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндсэн хугацаанд, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөхөөр зааж өгөөгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус хуульчилсан байдаг. Мөн Монгол хэлний тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 8.1, 8.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан батлагдсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд “Аливаа эхийг догол мөрөөс эхлэн бичээд, цааш нэгэн бүлэг санааг илэрхийлсэн хэд хэдэн өгүүлбэр буюу цогцолбор бүрийг мөн догол мөрнөөс эхлэн бичнэ” гэснийг уг шийтгэх тогтоол зөрчсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 7 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна согтуугаар хамтран амьдрагч Б.Н-ыг гэртээ оруулахгүй гэж маргалдах явцдаа араас нь түлхэж унаган зүүн хөлийн хавчаар ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-ын “... М.Б-ын хамт айлд очиж хөзөр тоглонгоо 1 шил архи хувааж уусан. Харих замдаа намайг “гэрт оруулахгүй” гэхээр нь би М.Б-ын гар утсыг нь аваад буцаад явж байхад араас ирээд нуруунаас түлхэж унагасан. Унах үед миний зүүн хөл эвгүй болоод, босох гэтэл их өвчтэй байсан ... ” /хх 17-18/,

гэрч Б.Цэвэл-Янжингийн “... 15 цагийн үед “дүү Н-ыг хөлөө гэмтээгээд хүлээн авах дээр байна, хажууд нь нэг согтуу хүн байна” гэж танил маань утсаар ярьсан ... Би дүү Б.Жигжидсүрэнтэй хамт Эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр очиход Н- хөлөө гипсдүүлсэн байсан ...” /хх 21-22/,

гэрч Ц.Мөнхбаатарын “... хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Жаргалантын 6 дугаар гудамжны үзүүрт эмэгтэй хүн хашаа түшээд зогсч байсан. Эрэгтэй нь “сая хальтираад уначихлаа” гэсэн. Эмэгтэйг машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт үзүүлж байхад нөхөр нь эмэгтэйн араас түлхэж унагасныг хэлсэн ...” /хх 27/,

гэрч О.Хашхүүгийн “... Ц.Мөнхбаатар эхнэртэй нь уулзаад гарч ирээд “нөхөр нь түлхээд унагасан гэж байна” гэсэн...” /хх 28/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Н-ын биед зүүн хөлний хавчаар ясны зөрсөн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09шэ/278 тоот шинжээчийн дүгнэлт /хх 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл торгох ялыг биелүүлэх үндсэн хугацаа 90 хоног байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж торгох ялыг эдлэх боломжийг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан үндсэн хугацааг 3 жил хүртэл сунгаж болох эрхийг шүүхэд олгосон байдаг.

Шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялын хэмжээнээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг сунгах шаардлагагүй байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа тогтоох талаар хэргийн оролцогчоос санал, хүсэлт гараагүй, торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй байсан тул шүүхэд эрх олгосон тухайн зохицуулалтыг  хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлээр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмыг тогтоохдоо торгох ялыг эдлээгүй тохиолдолд хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг тодорхой зохицуулсан байна. Гэтэл “... шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөхөөр зааж өгөөгүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагад нийцэхгүй ...” гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН