Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2016/06139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2016/06139

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, 0 гудамж, 0 тоотод оршин суух Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Ц.О-д холбогдох,

 

Компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн 33.33 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, 203.280.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн үүсгэн байгуулсан “И” ХХК-ийн дүрмийн сан дахь хувь хөрөнгө болох өөрийн эзэмшил өмчлөлийн 100 хувийн хувьцаанаасаа 33.33 хувийн хувьцааг өөрийн дотны анд Ц.О-д түүнийг хөрөнгөжүүлэх зорилгоор цаашид хамтран ажиллах итгэл үнэмшил төрж, бэлэг өгөх, бэлэг хүлээн авах санал нэгдэж, түүнтэй 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, хувьцаагаа бэлэглэн, эзэмшил өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Гэтэл Ц.О нь хувьцааг шилжүүлэн авснаас хойш зан байдал нь өөрчлөгдөн, хэлсэн, ярьсан зүйлээсээ буцаж, үл тоомсорлон, худал ярьж, хуурч мэхлэн, амлаж, тохиролцсон асуудлаасаа буцаж биднээс холбоогоо таслан зугтах болсон бөгөөд дараах гомдоосон ноцтой үйлдлүүдийг хийснийг 2015 оны 11 сараас мэдэж мөн сараас эхлэн 2016 оны 2 сар хүртэл хууль бус үйлдлээ засч залруулан, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн болон олборлосон алтны мэдээ тайлан, алт олборлолт болон техникийн нөхөн сэргээлтийн ажилтай холбоотойгоор гарсан санхүүгийн орлого, зарлагын анхан шатны баримтуудыг өгч, мэдээ тайланг үнэн зөв гаргах, баримтуудыг тулгах, тооцоо нийлэх, өр, авлага барагдуулах, ашгийн асуудлыг ярилцаж дуусгахыг удаа дараа шаардаж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байсаар 2016 он гарган санхүү татварын жилийн эцсийн тайлан тэнцэл гаргах хугацаа болгож, “И” ХХК-ийг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэхэд хүргэсэн. “И” ХХК-ийн нэрээр “М” ХХК-тай “техникийн нөхөн сэргээлт хийх тухай” гэрээг байгуулахаас өмнө уурхай дээр бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлуудын техникийн нөхөн сэргээлт хийх тухай гэрээ байгуулсны дараа гэрээт ажлыг тэдний уурхай дээр хийж, эфелийн галыг угааж алт олборлолт, техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх явцад “И” ХХК-ийн болон миний дансаар тодорхой мөнгөн гүйлгээг оруулж гарган авч зарцуулсан зардлуудын санхүүгийн орлого, зарлагын нэг ч баримт өгөлгүйгээр утсаар ярьж, амаар тоо мэдээ өгч, мэдээ тайлан гаргах ажилд хүндрэл учруулан будлиантуулж, удаа дараа шаардуулж байж “үйл ажиллагааны зарцуулалтын тайлан” гэх ямар ч санхүүгийн баримтгүй жагсаалтыг өгсөн бөгөөд гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарсан бүх зардлуудыг өөрийн “Уул далайн баялаг” ХХК-ийнхаа зардалд тусгасан. Ярьж тохиролцон алт олборлолтын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллуулахаар явуулсан Б.М-г дур мэдэн өөр ажилд шилжүүлэн ажиллуулж хяналтыг сулруулж хяналтгүйгээр алт олборлолтын ажил хийж олборлосон алтныхаа орлогыг нууж, тоо мэдээг буруу дутуу гарган өгсөн ба бидэнд мэдэгдэж баримтаар нотлогдож байгаа 8,435,9 кг алтыг “М” ХХК-ийн нэр дээр Монголбанкинд тушаалгүйгээр ченжүүдэд зарж 612,549,432,65 төгрөгийг хувьдаа завшсан. Өөрийн найз Ш.А, Д.Э нарыг хөдөлмөрийн гэрээ, тушаалгүйгээр геологич, нягтлан бодогчоор дур мэдэн ажиллуулж “И” ХХК-ийн нэр дээр гарт нь олголгүйгээр хйи цалин бодуулж, улсын төсөвт 781,580 төгрөгийн өр үүсгэж, түүнийгээ төлөхгүй зугтаж байгаа зэрэг гомдоосон ноцтой үйлдлүүдийг хийж, илтэд хуурч мэхлэн, итгэл сэтгэлийг минь хөсөрдүүлж бизнесийн нэр хүндэд халдаж, сөргөөр нөлөөлсөнд маш их гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс дээрх гомдоосон ноцтой үйлдлүүдийг хийж, тавьсан шаардлагыг хүлээн авахгүй, хэрүүл маргаан үүсгээд байгаа учир “Компанийн хувьцаа бэлэглэх” болон “Компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэсэн 33,33 хувийн хувьцааг эзэмшил, өмчлөлд минь буцаан шилжүүлж өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Тус компани нь 2010-09-13-нд байгуулагдсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, 2015-03-27-ны өдөр компаний хувьцааг О, Э нарт бэлэглэн компаний эрхийг шилжүүлснээр Ц.О нь энэ компанийн нэг гишүүн болж өөрт ногдох хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх болсон. Нэхэмжлэлд дурдсанаар Ц.О-ы зүгээс ярьсан зүйлээсээ буцаж хуурч мэхэлсэн, санхүүгийн тайлан мэдээ будлиантуулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд харин өөрийн санаачилгаар Ашигт малтмалын газарт холбогдох хууль журмын дагуу өргөдөл өгч Ганц мод, Ширээгийн хөндий нэртэй 2 талбайд хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг өөрөөсөө зардал гаргаж авсан юм. Ц.О “И” ХХК-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээг зөвхөн өөрөө хийж байснаас биш Б.М-ийн зүгээс мөнгөн гүйлгээг огт хийж байгаагүй юм. Нэхэмжлэлтэй танилцахад Б.М нь өөрт ногдох хувьцааны давуу эрхээр Ц.О-ы санаачилга, удирдлага, эд хөрөнгөөр олж авсан тусгай зөвшөөрлүүдийг өөрийн болгох гэсэн башир арга хэрэглэж байгаа нь тодорхой харагдаж байна. Иймд шүүх дээрх байдлуудыг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөгийг “И” ХХК-ийн 0 дугаартай дансанд, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 дугаартай Б.М-н дансанд, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 280.000 төгрөгийг 1 дугаартай Б.М-н дансанд, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөгийг 1 дугаартай Б.М-н дансанд, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг 1 дугаартай Б.М-н дансанд, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөгийг 1 дугаартай Б.М-н дансанд, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөгийг 2 дугаартай Б.М-н эхнэрийн дансанд тус тус Ц.О-ы эхнэр Ц.Ц-н данснаас шилжүүлж, нийт 132.780.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ц.О-ы дансаар болон бэлнээр Б.М-д нийт 70.500.000 төгрөгийг Б.М-н өөрийн компани болох “Э” ХХК-ийн ажлын түрээс, хүүхдийнх нь сургалтын төлбөр, эхнэрийнх нь нэр дээрх банкны зээлийн зэрэг зориулалтаар Б.М-н өөрийнх нь хүсэлт, гуйлтын дагуу шилжүүлж байсан учраас дээрх нийт 203.280.000  төгрөгийг Б.М-с нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч миний бие өөрийн 100% эзэмшлийн, үүсгэн байгуулсан “И” ХХК-ийн 33,3 хувийн хувьцааг хариуцагч Ц.О-д худалдсан зүйл байхгүй зөвхөн хамтран ажиллах итгэл дээр үндэслэн 33,3 хувийг бэлэглэсэн. Гэтэл хариуцагч миний итгэлийг маш ихээр алдагдуулан намайг гомдоосон учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан болохоос хариуцагч Ц.О-ы компанийг өөрийн нэр дээр болгуулах гэсэн юм биш, энэ талаар сөрөг нэхэмжлэл ганц ч үг, үсэг дурдаагүй байна. Ц.О-ы сөрөг нэхэмжлэлд надаас гаргуулахаар нэхэмжлээд буй 203.280.000 төгрөгийн асуудал нь миний Ц.О-д бэлэглэсэн хувьцааны асуудалтай ямар нэгэн хамаарал огт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл, боломжгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан 203.280.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О өөрийн хариуцаж байсан уурхайн ажилдаа захиран зарцуулж байсан. Миний дансанд шилжүүлсэн гэх мөнгө нь О-ы ам шийдвэрээр О-ы хариуцан ажиллуулж байсан уурхайн үйл ажиллагаатай холбоотой зүйлд буцаан зарцуулж байсан болно. Үүнийг тайлбарлавал: 1 Техникийн нөхөн сэргээлтийн ажлын гэрээг хэрэгжүүлэхээр Төв аймгийн Заамар суманд Ц.О нь өөрийн гэр бүлийн хүн Ц.Ц-н хамт бүх ажлыг хариуцан уурхайг ажиллуулаж байсан. Миний хувьд хариуцагчид итгэж шаардлагатай техник, сэлбэг хэрэгслэл, бусад хэрэгцээт зүйлийг шаардлагатай үед нь олж хүргэж өгөх зэрэг ажилд туслалцаа үзүүлэн дансаар ирүүлсэн мөнгийг зарцуулан ажиллаж байсан. 2015 оны 04 сарын 16-ны өдөр “И" ХХК-ны 0 тоот дансаар 60.000.000 төгрөг шилжин ирсэн боловч тухайн өдөр буюу 2015 оны 04 сарын 16-нд хариуцагчийн өөрийн найзын компани болох "А" ХХК-ны Төрийн банкны 5 тоот дансанд гэрээт ажлын хөлс гэж 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн. БГД 3 дугаар хороолол /бичил/-ын ард байрлах 4 давхар байрны дээр 1 давхар нэмж байруулах ажиллагаанд зориулан "И" ХХК-ны дансаар хариуцагчийн хүсэлтээр дамжуулан гаргасан. Санхүүгийн баримтыг хавсаргав. Яагаад надаас нэхэмжлэж байгааг их гайхаж байна. Үлдэх 10.000.000 төгрөгийг уурхайн үйл ажиллагаанд зориулан зарцуулах тул бэлэн болон бусаар тухай бүр холбогдох баримтаар зарцуулсан. Үүнд: Ц.О нь 2015 оны 04 сараас өөрийн хуучин танил Ш.А-ыг геологичоор, Д.Э-ыг нягтлан бодогчоор ажиллуулах ам шийдвэрээр cap бүр цалин бодож нийгмийн даатгалын шимтгэл төлж байхыг "Э " ХХК-ны нягтлан бодогч Ш.Э-ээс хүсч "И” ХХК-ны нэрээр НДШ-ийн тайланг cap бүр гаргуулах болсон. Иймээс 2015 оны 4 сарын НДШ-ийн тайланг 2015.05.04-нд БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст тушаан 132,000 төгрөгийг төлсөн, уурхайн ажилд хэрэгцээтэй сэлбэг, тоног төхөөрөмжийг Ц.Оы хэлснээр Улаанбаатар хотоос бэлдэж хүргүүлдэг байсан. Үүнд крантай машины рам худалдаж авахад 2015 оны 04 сарын 20-нд 560.000 төгрөг, мөн 04 сарын 29-ний өдөр "Кантер" 00-22УНЦ дугаартай автомашинд 6 ширхэг дугуйг 250.000 төгрөгөөр худалдан авч хүргүүлж байсан бөгөөд үүнийг хүргэж өгөх, авах ажилд 371.320 төгрөгийн шатахууны зардалд гаргасан, бүгд 1.181.320 төгрөг. Мөн уурхайн ажлын захиалгаар Кантер 00-22УНЦ автомашины салхины шил болон толь авахад 200.000 төгрөг, уурхай явахад 467.000 төгрөгийн шатахуун авсан бүгд 667.000 төгрөг. 2015 оны 07 сарын 01-нд "М" ХК Техникийн нөхөн сэргээлтийн ажлын барьцааны төлбөрт 8.150.000 төгрөг шижүүлсэн байна. Нийт 10.130.320 төгрөгийг зарцуулсан байна. "И" ХХК-ны дансанд шилжүүлсэн 60.000.000 төгрөгөө Ц. О нь өөрийн хариуцан ажиллуулж байсан барилга угсралт болон техникийн нөхөн сэргээх буюу уурхайн ажилдаа бүрэн зарцуулсан. Гэтэл манайхаар дамжуулан оруулж гаргасан уг мөнгөний тухай нэг ширхэг ч санхүүгийн баримтыг бидэнд гаргаж өгөлгүйгээр биднийг мөн хохироосон. 2015 оны 07 сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг М-н дансанд шилжүүлсэн, 2.000.000 төгрөгийг данснаас бэлнээр гарган авч А, Э нарын 5, 6 сарын НДШ-ийн өр 750.000 төгрөг, өмнөх сард техникийн нөхөн сэргээлтийн ажиллагаатай холбоотой /Ц.О-ы хүсэлт, захиалгаар/ сэлбэг, хэрэгсэл болон түүнийг хүргүүлэхтэй холбоотой гарсан зардал 1.280.000 төгрөг бүгд 2.030.000 төгрөгийн тооцоо хийгдсэн байна. 2015 оны 08 сарын 05-ны өдөр 280.000 төгрөг дансаар хүлээн авсныг Заамар дах уурхай руу очих шаардлага гарч Ц.О нь дуудан шатахууны зардалд 280.000 төгрөг ирүүлсэн. 280.000 төгрөгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулахаар гуйж авах шаардлага байдаггүй. 2015 оны 08 сарын 06-ны өдөр, 2015 оны 09 сарын 01-ний өдөр тус тус 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг Мминий дансаар ирүүлснийг тус бүр бэлнээр авч Техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг олж, зуучлан, гэрээ байгуулан өгсөн иргэн Одгэрэлд тухайн бүрд өгч байсан. Энэ талаар нэхэмжлэгч Ц.О маш сайн мэдэх ёстой. Тухайн үедээ бид 2 байнга хамт явж ажлаа хөөцөлдөж, хэлэлцээр яриаг зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр Мминий бие cap бүр зуучлагчид зуучлалын хөлсийг хүргэж өгөхөөр болж дээрхи ажлыг авч эхлүүлсэн билээ. Ц.О нь зуучлалын хөлс нийт 50.000.000 төгрөгийг өгөх ёстой байтал 20.000.000 төгрөгийг дутуу өгснөөр би зуучлагчийн хөлсийг нөхөн өгсөн. Харин дээрхи 20,000,000 төгрөгийг надад одоо хүртэл нөхөн өгөөгүй байгаа. 30.000.000 төгрөгийн талаар Ц.О нь бүгдийг сайн мэдэж байгаа атлаа уг мөнгийг надаас нэхэмжилж байгаад гомдож байна. Энэ мөнгийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй тул би зөвшөөрөхгүй. 2015 оны 09 сарын 04-ний өдөр 500.000 төгрөг Мминий дансанд шилжүүлснийг Заамар сум техникийн нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа уурхайд очиж ажиллах шаардлага гарч /Ц.Оы дуудсанаар/ очих болсон тул шатахууны зардал шилжүүлэн ирүүлсэн байдаг. Иймээс тус 500.000 төгрөгийг миний бие хариуцах ёсгүй болно. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 40.000.000 төгрөгийг Б.Мминий эхнэрийн дансанд шилжүүлсэн байдаг. Дээрхи техникийн нөхөн сэргээх ажлыг авах, эхлүүлэхийн тулд бид тодорхой хэмжээгээр бие, биеэ дэмжин боломж бололцоогоор хамтран хөрөнгө гаргах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, шатахууныг гэрээгээр авах зэрэг бэлтгэл ажлуудыг хамтран хийцгээж байсан. Энэ үед бид манай эхнэр Эрхэмчимэгийн нэр дээр Хаан банкнаас 30.000.000 төгрөгийн зээл авсан /зээлийн зарцуулалтыг хавсаргав/. Мөн 13.000.000 төгрөгийн тодорхой хүүтэйгээр хувь иргэнээс авч дээрх ажилд зарцуулсан байдаг /Зардлын баримтыг хавсаргав/. Гэрээт ажил хэвийн явагдаж тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болсон, дээрхи зээлийг эргүүлэн төлөх хугацаа нэгэнт болсоноор Ц.Од манай энхэр Б.Эрхэмчимэгээс мэйл илгээж тухайн үед зарцуулсан зардлуудын жагсаалт зурвасын хамт илгээсэн байдаг /мэйлийг хавсаргав/. Үүний дараагаар Ц.О нь өөрийн эхнэр Ц.Ц-н данснаас 40.000.000 төгрөгийг 10 сарын 20-ны өдөр шилжүүлсэн нь бид авах ёстой төлбөрийг авсан болохоос дээрхи хүмүүсээс мөнгө аваагүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй /Дээрх зардлын тус бүрээр харуулав/. Заамар суман дахь нөхөн сэргээлтийн кэймп-д тог залгах зориулалтаар трансформатор худалдан авсан 10.250.000 төгрөг, трансформаторыг ажилд оруулах зориулалтаар кабель утас болон бусад хэрэгсэл авахад 830.000, Эрээнээс хоолой татаж авчруулахад 3.996.768 төгрөг, тээврийн зардалд 200.000 төгрөг, гидерийн шингэн авахад 950.000 төгрөг, уурхайн дарга Сансарт түлш авахад зориулан 1.700.000 төгрөг, трэйлэрийн тээвэрт зориулан 1.600.000 төгрөг, зуучлагчийн хариуцагч Дүнжингарав дэвжээний 5 жилийн ойн шагналд 5.000.000 төгрөг, Баруун зүүн бүсийн сонгон шалгаруулалтад ороход нийт 750.000 төгрөг, И ХХК-ны дансаар дамжуулан нөхөн сэргээлтийн ажилд зориулан түр санхүүжилтэнд 13.000.000 төгрөг, ажил эхлүүлэх зуучлалын хөлсөнд 5.000.000 зэргээр санхүүгийн баримттайгаар 43.286.768 төгрөгийг зарцуулалт хийснийг баримтаар болон Б.Э-ийн дансны хуулгыг хавсаргав. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Ц.О нь 70.500.000 төгрөгийг дансаар болон тэрээр Б.Мнадад өгсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Э ХХК-ны байрны түрээс, манай эхнэрийн нэр дээрхи банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр гэж дээрхи 40.000.000 төгрөгийн зарцуулсан зардалд орсныг давхардуулан бичиж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.О нь техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гэрээг "И" ХХК-ны нэр дээр хийж түүнтэй холбогдуулан гарах санхүүгийн бүх тооцоо баримтыг өгч байхаар тохиролцсон атлаа ажлын явцын дунд удирдлагыг гартаа авч гэр бүлийн хамт ажиллаж байхдаа дур мэдэн зарцуулж байсан ба удаа дараа шаардсаны дараагаар л үйл ажиллагааны зарцуулалтын тайлан гэх ямар нэг санхүүгийн баримтгүй жагсаалтыг бидэнд өгч байсан /Энэ дүнгээр нь авч байсан металлын дүн хүртэл зөрүүтэй/. Үйл ажиллагаатай холбогдон гарсан санхүүгийн баримтуудыг өөрийг хувийн компани болох "У" ХХК-ны үйл ажиллагааны зардлын баримт болгосноор "И" ХХК-д ямар ч санхүүгийн баримт өгөөгүй. О нь тухайн үйл ажиллагааг явуулахдаа ажилчдыг дур мэдэн авч, хөдөлмөрийн гэрээ, тушаал шийдвэр гаргаж байгаагүй, татвар НДШ-ийн ямар ч тооцоо төлбөр хийгээгүй. Харин “И" ХХК-ны нэр дээр гарт олгохгүйгээр цалин бодуулан, НДШ төлүүлэх ёстой 2 иргэнтэй холбоотой гаргасан цалингаас ХХОАТ 56.1000 төгрөг, НДШ 84.000 төгрөгийн өр үүссэнийг төлөөгүй байна. Нийт 645,000 төгрөгийг холбогдох байгууллагуудад төлүүлэх/. НДШ тайлан болон татварын тайланг программ татаж хавсаргав/. Иймд Ц.Оы надаас нэхэмжлээд буй нийт 203.280.000 төгрөгийг хүлээн шөвшөөрөхгүй ба нэхэмжлээд буй дүнгийн тодорхой хэсгийг /баримтаар дээр дурдсан/ өөрийн хэрэгцээ болон И, Э ХХК-уудын үйл ажиллагаанд биш өөрийн нь хувийн болон Уул далайн баялаг ХХК-ны үйл ажиллагаанд зарцуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.О-д холбогдуулан “И” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, 33.33 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан 203.280.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Ц.О нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл гаргаагүй гэж, нэхэмжлэгч Б.М нь сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудал нэхэмжлэлтэй хамааралгүй, төлөх үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, түүнтэй холбоотой компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.М-с хариуцагч Ц.Од “И” ХХК-ийн 33.33 хувийн хувьцааг шилжүүлж, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэл 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хийгджээ /хх-4-6, 7-12/.

 

Хувьцаа бэлэглэх гэрээ, түүнтэй холбоотой компанийн эрх шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 276 дугаар зүйлийн 276.2-д тус тус заасны дагуу байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.М  өөрийг нь гомдоосон ноцтой үйлдэл хийсэн үндэслэлээр хувьцаа бэлэглэх гэрээ, түүнтэй холбоотой компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, хувьцаагаа буцааж авах шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “И” ХХК-ийн хувьцааны 33.33 хувийн хувьцааг найз Ц.Од, мөн 33.33 хувийн хувьцааг найз Д.Эод тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Э-ын мэдүүлгээр тогтоогдож байна.  

 

“И” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Техникийн нөхөн сэргээлтийн гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч “И” ХХК нь захиалагч “М” ХХК-ийн МҮ-000175 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээсан ба “И” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Мгэрээг байгуулжээ /хх1-245-246/.

 

Нэхэмжлэгч Б.М нь техникийн нөхөн сэргээлтийн гэрээний дагуух ажлыг компанийг төлөөлөн хариуцагч Ц.О хариуцан гүйцэтгэхдээ олборлосон алтны мэдээ тайлан, холбогдох санхүүгийн орлого, зарлагын баримтыг өгөөгүй, гэрээт ажлыг гүйцэтгэхэд гарсан бүх зардлыг өөрийн “Уул далайн баялаг” ХХК-ийн зардалд тусгасан, алт олборлолтын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар явуулсан Б.М-г дур мэдэн өөр ажилд шилжүүлж хяналтгүй олборлосон алтны орлогыг нууж, тоо мэдээг буруу гаргасан, 8.435,9 кг алтыг ченжүүдэд зарж 612,549,432,65 төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн найз Ш.А, Д.Э нарыг хөдөлмөрийн гэрээ, тушаалгүйгээр геологич, нягтлан бодогчоор дур мэдэн ажиллуулсны улмаас улсын төсөвт 781.580 төгрөгийн өр үүсгэж төлөөгүй, тавьсан шаардлагыг хүлээн авахгүй, хэрүүл маргаан үүсгэж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласныг хариуцагч Ц.О нь бэлэглэлийн гэрээний дагуу “И” ХХК-ийн гишүүн болж үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг өөрийн зардлаар авсан, тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээг өөрөө хийж байснаас биш нэхэмжлэгч хийж байгаагүй гэж маргаж “И” ХХК болон Б.Мөнхтүвшин, түүний эхнэрийн дансанд шилжүүлсэн гэх нийт 203.280.000 төгрөгийг буцаан төлүүлэх сөрөг шаардлага гаргасан.

 

Зохигчдын хоорондох дээрх маргаан нь “М” ХХК-тай байгуулсан техникийн нөхөн сэргээлтийн гэрээгээр “И” ХХК-ийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байгаагаас үзэхэд тус компанийн дүрэм болон Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.О бэлэглэлийн гэрээний дагуу “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, уг компанийг төлөөлөн дээрх нөхөн сэргээлтийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан нь иргэн Ц.Оы үйл ажиллагаа биш бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан хариуцлага хүлээх хувьцаа эзэмшигчид хамаарна.

 

Нэхэмжлэлд дурдсан “И” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт тодорхойлсны дагуу компанийн удирдлага /хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага/ бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх ба хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй.

 

Иймд “И” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг “бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл” гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл шүүхэд баримтаар тогтоогдоогүй байна.  

 

Хариуцагч Ц.О нь үндсэн нэхэмжлэлийг маргаж 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд “И” ХХК, Б.Мөнхтүвшин, түүний эхнэрийн дансанд шилжүүлсэн нийт 203.280.000 төгрөгийг буцаан төлүүлэх сөрөг шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээний харилцаатай холбоогүй байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Зохигчид сөрөг нэхэмжлэлд дурдсан 203.280.000 төгрөгтэй холбоотой баримтуудыг хоёр талаас гаргаж мэтгэлзсэн хэдий ч сөрөг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж тул уг баримтуудад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.О-д холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, түүнтэй холбоотой компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, 33.33 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-н үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.М-с 203.280.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.О-ы сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.М-с төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ц.О-аас төлсөн 1.174.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА