Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 140

 

Б.Мөнхтүвшингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06139 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.Мөнхтүвшингийн хариуцагч Ц.Оюунчулуунд холбогдуулан “Компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгож, “Ийст гоби ресурс” ХХК-ийн 33.33 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оюунчулууны нэхэмжлэгч Б.Мөнхтүвшинд холбогдуулан гаргасан “203 280 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтүвшин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.Мөнхтүвшин нь “Ийстгоби ресурс” ХХК-ийн дүрмийн сан дахь хувь хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 100 хувийн хувьцааны 33.33 хувийн хувьцааг Ц.Оюунчулуунд түүнийг хөрөнгөжүүлэх зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан. Гэтэл Ц.Оюунчулуун нь 2015 оны 11 сараас эхлэн 2016 оны 2 дугаар cap хүртэл хууль бус үйлдлээ засж залруулан, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн болон олборлосон алтны мэдээ тайлан, алт олборлолт болон техникийн нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой гарсан санхүүгийн орлого, зарлагын анхан шатны баримтуудыг өгч, мэдээ тайланг үнэн зөв гаргах, баримтуудыг тулгах, тооцоо нийлэх, өр, авлага барагдуулах, ашгийн асуудлыг ярилцаж дуусгахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, улмаар “Ийстгоби ресурс” ХХК-ийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг зөрчиж, хариуцлага хүлээхэд хүргэсэн, гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарсан бүх зардлуудыг өөрийн “Уул далайн баялаг” ХХК-ийн зардалд тусгасан, ажилтан Б.Мөнхболдыг дур мэдэн өөр ажилд шилжүүлэн ажиллуулж хяналтыг сулруулж хяналтгүйгээр алт олборлолтын ажил хийж, олборлосон алтныхаа орлогыг нууж, тоо мэдээг буруу гарган өгсөн. Баримтаар нотлогдож байгаа 8 435,9 кг алтыг “Монголросцветмет” ХХК-ийн нэр дээр Монголбанкинд тушаалгүйгээр ченжүүдэд зарж 612 549 432,65 төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн найз Ш.Ариунжаргал, Д.Энхтуул нарыг хөдөлмөрийн гэрээ, тушаалгүйгээр геологич, нягтлан бодогчоор дур мэдэн ажиллуулж “Ийстгоби ресурс” ХХК-ийн нэр дээр гарт нь олголгүйгээр хий цалин бодуулж, улсын төсөвт 781 580 төгрөгийн өр үүсгэж, түүнийгээ төлөхгүй зугтаж байгаа зэрэг ноцтой гомдоосон үйлдлүүдийг хийж, илтэд хуурч мэхлэн, итгэл хөсөрдүүлж, бизнесийн нэр хүндэд халдаж, сөргөөр нөлөөлсөн тул “Компанийн хувьцаа бэлэглэх” болон “Компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэсэн 33,33 хувийн хувьцааг өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 203 280 000 төгрөгийн асуудал нь Ц.Оюунчулуунд бэлэглэсэн хувьцааны асуудалтай ямар нэг хамааралгүй, хариуцагч 203 280 000 төгрөгийг өөрийн хариуцаж байсан уурхайн ажил, миний дансанд шилжүүлсэн гэх мөнгө нь хариуцагчийн ам шийдвэрээр түүний хариуцан ажиллуулж байсан уурхайн үйл ажиллагаатай холбоотой зарцуулж байсан учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч Ц.Оюунчулуун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэхэмжлэлд дурдсанаар Ц.Оюунчулууны зүгээс ярьсан зүйлээсээ буцаж хуурч мэхэлсэн, санхүүгийн тайлан мэдээ будилаантуулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд харин өөрийн санаачилгаар Ашигт малтмалын газарт холбогдох хууль журмын дагуу өргөдөл өгч Ганц мод, Ширээгийн хөндий нэртэй 2 талбайд хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг өөрөөсөө зардал гаргаж авсан. Ц.Оюунчулуун “Ийстгоби ресурс” ХХК-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээг зөвхөн өөрөө хийж байсан, Б.Мөнхтүвшингийн зүгээс мөнгөн гүйлгээг огт хийж байгаагүй. Б.Мөнхтүвшин нь өөрт ногдох хувьцааны давуу эрхээр Ц.Оюунчулууны санаачлага, удирдлага, эд хөрөнгөөр олж авсан тусгай зөвшөөрлүүдийг өөрийн болгох гэж байгаа нь тодорхой тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөгийг “Ийстгоби ресурс” ХХК-ийн 5115022804 дугаарт дансанд, Б.Мөнхтүвшингийн 5115013378 дугаар дансанд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 280 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдар 500 000 төгрөг, Б.Мөнхтүвшингийн эхнэрийн 5115013367 дугаар дансанд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 40 000 000 төгрөг, нийт 132 780 000 төгрөгийг Ц.Оюунчулууны эхнэр Ц.Цэрэнхандын данснаас шилжүүлж, мөн Ц.Оюунчулууны дансаар болон бэлнээр Б.Мөнхтүвшинд нийт 70 500 000 төгрөгийг түүний компани болох “Энержи стрим” ХХК-ийн ажлын түрээс, хүүхдийнх нь сургалтын төлбөр, эхнэрийнх нь нэр дээрх банкны зээлийн зэрэг зориулалтаар Б.Мөнхтүвшингийн өөрийнх нь хүсэлт, гуйлтын дагуу шилжүүлж байсан учраас дээрх 203 280 000 төгрөгийг Б.Мөнхтүвшингээс гаргуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Оюунчулуунд холбогдуулан гаргасан “Ийстгоби ресурс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, түүнтэй холбоотой компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, 33.33 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай    нэхэмжлэгч Б.Мөнхтүвшингийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Мөнхтүвшингээс 203 280 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Оюунчулууны сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Мөнхтүвшингээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Ц.Оюунчулуунаас төлсөн 1 174 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн үндэслэл нь бэлэг хүлээн авагч Ц.Оюунчулуун нь бэлэглэгч Б.Мөнхтүвшинг ноцтой гомдоосон гэдэг үндэслэлээр үнэ төлбөргүй бэлэглэсэн хувьцааг буцаан авах явдал байсан. Ноцтой гомдоох гэдэг ойлголт нь бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийсэн байхыг ойлгох тухай Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт заасан. Хэвийн үйл ажиллагаатай байсан компанид их хэмжээний татварын болон нийгмийн даатгалын өр үүсгэсэн, манай компанийн зардлаар хийгдсэн ажлыг өөрийн компани дээр бүртгүүлж завшсан, манай компани болон өмнөх гүйцэтгэх захирал Б.Мөнхтүвшин миний бие өөрийн бизнесийн нэр хүнд, үүрэг хүлээх чадвар, нэр төрийг үндэслэн олж авсан бизнесийн түнш талтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй алдагдалд оруулсан, бодит мэдээлэл өгөхгүй байсан зэрэг олон нөхцөл байдлаас компанийг ашигтай ажиллуулах бус, зөвхөн богино хугацаанд компанийн нэрээр хувьдаа их хэмжээний ашиг орлого олох, компанийг хувьдаа завших зорилготой байж олон жилийн нөхөрлөлийг хөсөрдүүлснийг нотлох боломжийнхоо хүрээнд компани алдагдалд орсон тухай баримтууд, тус компанийн олж авсан 2 жилийн хугацаатай, өндөр үр ашигтай гэрээ Ц.Оюунчулуунаас болж цуцлагдаж, манай компани их хэмжээний өртөгтэй нөхөн сэргээлтийн ажил хийх үүрэг хүлээсэн болохыг гэрчилсэн баримт зэргийг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар гаргуулах шаардлагатай баримтуудыг гаргуулахыг удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, харин хариуцагчийн хүсэлтийг хангаж, гэрч асуулгах, шүүх хуралдаан хойшлуулах олон удаагийн хүсэлтийг хангасан явдалд гомдолтой, талуудад тэгш хандах зарчим алдагдсан. Шүүгч урьдаас энэ хэрэгт хамааралгүй гэсэн дүгнэлт хөдөлбөргүй гаргачихаад байсан. Мөн нэхэмжлэлд дурдсан “Ийстгоби ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Компанийн тухай хуульд зааснаар компанийн удирдлага бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх ба хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг “Бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж хариуцагчид ашигтайгаар эргэлзээ бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтуудыг зөрчсөн. Хариуцагч Ц.Оюунчулууны санаатай хийсэн компанийг болон намайг гомдоосон ноцтой үйлдлүүдийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 6 дугаар бүлэгт тодорхойлсон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэн зохицуулна гэсэн заалт Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд байхгүй, хариуцагчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд дуудаж байсан ч хуралд ирж байгаагүй тул бэлэг хүлээн авагчаас компанид учруулсан их хэмжээний хохирлын асуудлыг ярихгүйгээр, зөвхөн компаниа буцаагаад авъя гэдэг үндэслэл заасан. Компанийн хувьцаагаа буцааж авах шаардлагатай холбоотой гол нотлох баримт бүрдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтүвшин нь хариуцагч Ц.Оюунчулуунд холбогдуулан компанийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүй болгож, “Ийстгоби ресурс” ХХК-ийн 33.33 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн, санхүүгийн тайлан мэдээ будилаантуулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэж тайлбарлан нэхэмжлэгчээс 203 280 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Ийстгоби ресурс” ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааны 33.3 хувь буюу 333 300 төгрөгийн үнэ бүхий 33.3 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгийн хэлцэл хийж гарын үсэг зурсан байна. /хх.4/ Хэрэгт авагдсан уг гэрээг компанийн дүрэм /хх.7-12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн /хх.6/ байгаатай харьцуулан үзэхэд талуудын хооронд хувьцаа бэлэглэх талаар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг мөн зүйлийн 276.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх шаардлагад нийцүүлэн хийжээ.

 

Бэлэглэлийн гэрээний бэлэглэгч тал Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, мөн хуулийн 280.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ бэлэг хүлээн авагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан “бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан” гэх үндэслэлийн талаар нэхэмжлэлд заагаагүй, маргаагүй тул энэ хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Харин нэхэмжлэгч бэлэглэлийг хүчингүй болгуулан, компанийн шилжүүлсэн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй “... нөхөн сэргээлтийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг Ц.Оюунчулуун гүйцэтгэхдээ олборлосон алтны мэдээ тайлан, холбогдох санхүүгийн орлого, зарлагын баримтыг гаргаж өгөөгүй, гэрээт ажлыг гүйцэтгэхэд гарсан зардлыг “Уул далайн баялаг” ХХК-ийн зардалд тусгасан, Б.Мөнхболдыг дур мэдэн өөр ажилд шилжүүлж ажиллуулсан, олборлосон алтны орлогыг нуусан, өөрийн найз нарыг хөдөлмөрийн гэрээ, тушаалгүйгээр ажиллуулсан ...” /хх.1-2/ гэх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зааж буй үндэслэл нь хариуцагчийн тодорхой үйлдлүүдийн улмаас зохигч тус бүр хувьцааг нь эзэмшдэг компанид хохирол учирсан эсэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох харилцаанд хамааралгүй өөр эрх зүйн харилцаа гэж үзэж, Компанийн тухай хуулийг дурдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэх үндэслэлд хамаарахгүй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбараар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Ц.Оюунчулууны үүсгэн байгуулсан “Уул далайн баялаг” ХХК-ийн 2014, 2015 оны татварын тайлан, 2015 онд төлсөн татварын мэдээлэл, техникийн нөхөн сэргээлт хийх тухай гэрээг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь /хх.266/  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт харшлахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч н.Гэрэлт-Од, н.Ёндонжамц нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн /хх.290/ байх тул анхан шатны шүүх эдгээр гэрчийг асуулгүйгээр хуралдааныг явуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                              ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ