Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0206

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20201 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн гомдолтой, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 1.2, 1.3, 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасныг баримтлан “Ш” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...тодруулбал өөрөө олборлоогүй ч ашигт малтмал худалдахаар ачуулсан, экспортолсноор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу тайлан гаргаж өгөх үүрэг хуулиар үүссэн байна...” гэжээ.

Гомдол гаргагчийн зүгээс тухайн талбайд олборлолт хийгээгүй тул тайлан гаргах үүрэггүй гэж огт маргасан зүйл байхгүй. Харин холбогдох хууль тогтоомж нь өөрчлөгдсөн байтал тухайн тушаал, маягтаа хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэх, Монгол Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байж дагаж мөрдүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага дагаж мөрдсөнгүй хэмээн маргасан болно.

Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож, худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ” гэсэн зохицуулалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1- заасан ашигт малтмалын нөөц ашигласны талбар төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ" гэж өөрчилсөн.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар дээрх хэсэгт “Монголбанк, үүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.” гэсэн өөрчлөлт орсон байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж мөн хуулийн 7.11 дугаар зүйлийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь...” гэж хууль тогтоогч зөрчлийн субъект байх этгээдийг тусгайлан хуульчилж өгсөн байдаг.

Гэтэл хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа тайлбар шиг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.11-д заасан худалдсан, экспортолсон бүх этгээд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-ийн субъект байна гэсэн тайлбар нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн үндэслэлгүй тайлбар юм.

Хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.11-д өөрчлөлт оруулсан боловч Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөөгүй нь тусгай зөвшөөрөлгүй боловч ашигт малтмал худалдсан, экспортолсон этгээд мэдээ тайлангаа гаргаагүй бол хариуцлага хүлээлгэж чадахгүй хуулийн хийдлийг үүсгэсэн байна.

Манай компанийн хувьд мөн адил буюу өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч бусдаас жонш худалдан авч, экспортолсон юм.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/64 дүгээр тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг баталсан байдаг ба манай компани ямар ч асуудалгүйгээр татварын тайлан, мэдээ гаргаж байна.

Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлагдсан маягтуудад тусгай зөвшөөрөлгүй боловч тухайн талбайгаас олборлолт хийсэн этгээд, түүнийг худалдан авсан этгээд, экспортолсон этгээдэд зориулсан хүснэгт, багана огт байхгүй, хууль нь өөрчлөгдсөн байтал хуучин актаа мөрдүүлж байсан ба хожим Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалаар тайлангийн маягтыг баталж, 2020 оны 09 дvгээр сарын 25-ны өдрийн 4873 дугаар бүртгэлээр улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлсэн байна.

Өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас жонш олборлож худалдсан этгээд тайлангаа гаргах үүргээ биелүүлээгүй гэж хариуцлага хүлээлгэх байтал, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон этгээд ямар үндэслэлээр Ашиг малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээ хязгаараас давсан үүрэг хариуцлага хүлээлгэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Маргааны хүрээ Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2-т заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь...” гэсэн зохицуулалтын хүрээнд өрнөж буйг шүүх анхаарна уу.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж захиргааны хэм хэмжээний актыг хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “... мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу ... дотор тус тус ирүүлнэ.” гэсэн зохицуулалтын дагуу захиргааны байгууллага болох мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан дүрэм, журам батлах гэсэн ерөнхий зохицуулалтаас илүү нарийн тодорхой хуульд тусгайлан зааж эрх олгосон ба энэхүү хэм хэмжээ нь зөвхөн манай компанид зориулагдахгүй, нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчдөд чиглэсэн, улирал тутам, жил бүр байнга давтан үйлчилж байх Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх шинжийг бүрэн хангасан гэдэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалаар тайлангийн маягтыг баталж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4873 дугаар бүртгэлээр улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлж буй үйлдлээр нотлогдоно.

Хууль тогтоогч захиргааны байгууллагын дур зоргыг хязгаарлах, хүнд суртал, чирэгдэлгүй үр нөлөөтэй байх зорилгын хүрээнд зөвхөн тайлангийн маягт гэсэн баримт бичгээр дамжуулан хуульд заасан мэдээллийг гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдэд үүрэгжүүлсэн. Харин захиргааны байгууллага тайлангийн маягтыг батална, хэрхэн баталж, мөрдүүлэх талаар нарийвчилсан харилцааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, мөн хуулийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болоод биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэнтэй адил агуулга бүхий заалтууд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамд байсан. Тийм ч учраас 2010 оноос хойш хэрэгжүүлээд хэвшсэн зүйлийг хариуцагч мэдэх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, бүртгүүлээгүй тайлангийн маягтаар хууль заасан мэдээллийг авах гээд байна уу, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг авах гээд байна уу гэсэн зүй ёсны шаардлага гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/164 дүгээр тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалаар тайлангийн маягтыг баталж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4873 дугаар бүртгэлээр улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлсэн байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимид: “Захиргааны хэргийн шүүхийн нийгмийн чиг үүрэг нь нийтийн засгийн, юуны өмнө төрийн захиргааны буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахин хангаж байна уу, үгүй юу гэдэгт хараат бус эцэслэн шийдвэрлэх эрх бүхий хяналт тавьж, зөрчил гажуудлыг арилгуулан түүгээрээ засаг захиргааны дураар аашлах явдлаас хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гаалийн ерөнхий газраас 2019 оны уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээ авч судлан “Ш” ХХК нь 2019 онд өөрийн MV-020726 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч 13.513,77 тн жонш экспортолсон атлаа худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.11-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудас үйлджээ.

Гомдол гаргагч компаниас дээрх актыг эс зөвшөөрч шүүхэд хүчингүй болгуулах шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...өөрийн эзэмшлийн талбайд олборлолт явуулаагүй, цөөн тооны хэдхэн компанид шалгалт хийж хариуцлага ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль ёсны болоогүй, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн үйлчлэлгүй захирамжийг үндэслэж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасныг анхан шатны шүүх “... гомдол гаргагч “Ш” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд энэ утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна ... мэргэжлийн хяналтын байгууллагад тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй” гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч “Ш” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020726 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд 2019 онд нэр бүхий 8 нөхөрлөлөөс 940 тн жонш худалдан авч, 11643 тн жонш зуучлан, 45 тн жоншыг тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх болон нөхөн сэргээлт хийх явцад олборлосон, гарал үүсэл нь тодорхойгүй 886 тн жоншыг худалдан авч борлуулсан нь хэрэгт авагдсан гомдол гаргагч компанийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мэдээ хүргүүлэх тухай” 1/25 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь тус компанийг өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлосон жоншыг экспортолсон гэж үзээгүй, гагцхүү Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож экспортлогдож байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдөх ёстой бөгөөд экспортолж байгаа аж ахуйн нэгж компани худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргах ирүүлэх үүрэгтэй гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 11-д заасныг зөрчөөгүй байх тул гомдол гаргагчийн “эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актын хүрээнд бий болсон маягтыг дагаж мөрдүүлэх үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд;”, 47.11-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл "“Ш” ХХК-ийн ашигт малтмал экспортолсон үйл ажиллагаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэлтэй.

Гэтэл “Ш” ХХК нь 2019 онд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд гомдол гаргагчаас уг зөрчлөө “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй актыг үндэслэн манай компанид хариуцлага хүлээлгэх нь хуулийг ноцтой зөрчиж байна” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох зохицуулалтын агуулга нь тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр, үйлчлэл нь одоо ч хэвээр байх тохиолдолд хэрэглэгдэнэ. Гэтэл нэгэнт хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянаж эрх бүхий байгууллага, албан тушаалтаас хүчингүй болгоогүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай маргаж байх энэ тохиолдолд гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ