Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 3 сарын 09  өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2021/0161

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ш т” ХХК. 

Хариуцагч: МХЕГ ГУУ ХУБ Д.Н.

Гомдлын шаардлага: “...МХЕГ ГУУ ХУБ Д.Н 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч С.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгч С.Ц шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Тус компани 2019 онд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэмэлт хайгуулын ажил гүйцэтгэх зорилгоор хайгуулын ажлыг төлөвлөгөөг батлуулсан нь үнэн. Харин өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд ямар ч олборлолт хийгдээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтад зөвхөн 2019 онд гэхэд 2 удаа өөрчлөлт орсон байдаг ба төрийн захиргааны байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомж нь нэмэлт, өөрчлөлт орсон байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаал гарсан хэдий ч одоог хүртэл 2020 оны 4 сар хүртэл энэ мэдээг хүлээн авах эрхтэй гэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчдөөс тус мэдээг авч байгаагүй бөгөөд гэнэт 1 жил 6 сарын дараа энэ тухай зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч 200 гаруй аж ахуйн нэгжээс хэдхэн цөөн тооны компанид торгууль ногдуулах эс төлбөл зөрчлийн хэрэг үүсгэж байгаа нь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй хэмээн тунхагласан Үндсэн хуулийн заалтыг зөрчиж ялгаварлан хандаж байгаа үзэгдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн 15 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт “ ... Монгол Улсын Үндсэн хуулиар ардчилсан эрх зүйт төрийн зарчмыг үндэс болгон тогтоож, хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа, Үндсэн хуульт ёсыг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлсон. Хууль тогтоогчоос батлан гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, бусад нийтийн захиргааны байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа дээр дурдсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд үндэслэсэн байхын зэрэгцээ, иргэний эрх , эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учиргүй. Энэ үүднээс хууль тогтоогч хуулиар захиргааны акт гэх нийтийн эрх зүйн үндсэн ойлголтыг тодорхойлохдоо тухайн салбар эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, чиг хандлага, өөрийн орны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэх шаардлагатай юм.

Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, гадагш чиглэсэн аливаа захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны актад хамааруулах бөгөөд энэхүү шинж нь захиргааны актыг сонгодог утгаар нь илэрхийлдэг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дээрх шинжийг бүрэн агуулсан шийдвэрийг гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тухайн шийдвэр нь захиргааны актад хамаарах учиртай ... гэж дүгнэсэн байдаг.

Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар 3.4 “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хэсэг нэмж, 3.3 “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хэсгийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтанд бидний зүгээс өөрийн гэм буруугүйг нотолсон баримт, мэдээлэл гаргаж өгсөн атал хүлээж аваагүй. Энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргахад манай компанийн гомдол дурдсан асуудал болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актад бүртгэлтэй эсэхийг тодруулах нь зүйтэй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/1616 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны А/125 дугаар тушаал Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай албан бичгийг бидэнд өгсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн зүгээс уг тушаалыг захиргааны хэм хэмжээг зохицуулах эрх зүйн баримт бичиг биш гэж үздэг ба энэхүү хувийн үзэл бодол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэснийг ойлгож, мэддэггүй, мэдлэгийг хүрээ дутмаг Төрийн албаны тухай хуульд заасан сургалтад суух үүргийн дагуу Захиргааны ерөнхий хуулиар зохих кредит цагийн сургалтад сууж цаашид иргэн, хуулийн этгээдийг үндэслэлгүй, муйхар шийдвэрээрээ хохироогүй байх мэдлэг эзэмших шаардлагатай болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл -д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тушаал, шийдвэрээ улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Хүн, хуулийн этгээдэд бүртгэлгүй тушаалаар хариуцлага хүлээлгэх нь дээр дурдсан хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Иймд МХЕГ ГУУ ХУБ Д.Н 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Тухайн захиргааны акт хэм хэмжээний акт биш. Хэм хэмжээний акт биш гэж дүгнэх эрх зүйн үр дагавар нь ерөнхий байр суурийг баталгаажуулж өгсөн. Шийдэл нь буруу гэх үндэслэлээр ерөнхий шүүгчид гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байгаа. Дээрх маргаан 2020 оны 09 дүгээр сард хамаарах бөгөөд өнөөгийн нөхцөл байдлаас өөр байсан. Хууль зүйн яамны А/97 дугаар тушаал гараагүй. Цуглуулсан нотлох баримтын хүрээ хэмжээ хязгаар харьцангуй явцуу байсан.

Гомдлын шаардлага яг ямар зүйл дээр төвлөрч яриад байна, яагаад А/125 дугаар тушаалыг бүртгүүлээгүй байж А/97 дугаар тушаалыг бүртгэсэн бэ гэдгийг тодруулах бодитой нотлох баримт шүүхэд цугларсан. Өмнөх маргаанд харьцуулан үзэх, жиших үйл баримт байгаагүй. Ямар учраас хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуульд хамааралтай болгож гомдол гаргасан бэ? гэхээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд байгаа. Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, хэм хэмжээний актаар тодорхойлно гэсэн мөн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дах заалтыг зөрчсөн буюу тухайн агуулга нь Ашигт малтмалын тухай хуулийг иш татаж байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т зааснаар тайлан мэдээг ямар журмаар гаргах вэ гэдгийг заасан. Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт гэдэгтэй заавал маргах асуудал гарч байна. Төрийн захиргааны байгууллагаас хэзээ энэ маягтыг баталсан бэ? Иргэн, хуулийн этгээд баталсан маягтыг заавал дагаж мөрдөх хууль зүйн үндэслэл нь юунд байна гэж маргах нь аргагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийг дурдах хэрэгтэй. Хэм хэмжээний акт байгаад түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол иргэн хуулийн этгээдэд тухайн актыг дагаж мөрдөөгүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэхгүй гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Энэ тухай Засгийн газрын 2010 оны хэм хэмжээний актын талаарх 119 дүгээр тогтоол гэж бий. Захиргааны ерөнхий хуулийн гол суурь болсон Засгийн газрын 119 дүгээр тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан зохицуулалт байгаа. А/125 дугаар тушаалыг бүртгүүлэх шаардлагатай гэдэг асуудлыг хөндсөний үндсэн дээр Мэргэжлийн хяналтын байгууллага А/97 дугаар тушаалыг гаргасан.

Маягтыг бүртгүүлдэг нийтлэг журам Татварын ерөнхий хууль гарснаас хойш хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Татварын ерөнхий газраас хуульд заасан 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөх тайлангийн маягтыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д батлах эрхийг олгосон. Татварын ерөнхий газар энэ үүргээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр биелүүлсэн. Тайлангийн маягтаа А/164 гэсэн тушаалаар баталж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ үүргээ биелүүлээгүй явсаар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүргэсэн.

Хэм хэмжээний акт мөн гэж үзвэл улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй маягтыг дагаж мөрдөөгүйгээс болж яагаад хариуцлага хүлээх ёстой вэ? гэдэг асуулт нь бидний гомдлын  цөм болж байна. Өмнөх маргааны хэрэгт гомдлын утга ижил байж болно. Цугларсан нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримт нь өөр гэдгийг анхаараасай гэж хүсэж байна.

Иймд шүүх  Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийг үндэслэж асуудлыг шийдвэрлэн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч МХЕГ ГУУ ХУБ Д.Н тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ”, 47 дугаар зүйлийн 47.11-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчдийн олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээний талаар мэдээллийг хүлээн авч, хяналт тавин ажиллаж байна.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гаалийн ерөнхий газраас 2019 оны уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээ авч судлахад “Ш т” ХХК нь 2019 онд өөрийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч 13.513,77 тонн жонш экспортолсон байсан.

“Ш т” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д заасан хугацаанд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээний мэдээг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2 “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмын хүрээнд тус компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу эрх бүхий бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийг танилцуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулсан.

Энэхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1 “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах” гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор хянуулж ажилласан болно.

Нэхэмжлэгчийн “... түүвэрлэн цөөн тооны компанид торгууль ногдуулах эс төлбөл зөрчлийн хэрэг үүсгэж байгаа ...” гэх асуудлын хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээнд үндэслэн 2019 онд Уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй болон 2019 онд хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан ашигт малтмал олборлож, экспортолсон байж болзошгүй аж ахуй нэгжүүдийг хамруулан шалгасан. 

Энэ хүрээнд “Ш т” ХХК-ийн үйл ажиллагааг тодруулахад тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй иргэд нөхөрлөлөөс ашигт малтмал худалдан авч экспортод гаргасан нь тус компаниас ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/25 дугаар албан бичиг болон 2002000196 дугаартай зөрчлийн хэрэгт хавсаргасан холбогдогчийн мэдүүлгээр нотлогддог.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулах газрын зүй бус эвдрэл доройтлыг бууруулах, хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа боловч улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил буурахгүй байна. Энэ нь нэг талаас ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайланг төрийн захиргааны байгууллагад гарган өгч, улмаар хууль бусаар ашигт малтмал олборлогчдоос ашигт малтмал худалдан авч борлуулж, ашиг олж байгаатай холбоотой байх тул “Ш т” ХХК-д Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж байдаг. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Үүний дагуу тухайн аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөл эзэмших тэр дундаа ашигт малтмалын нөөц ашиглалтын татвар төлөөгүй тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шийтгэврийн хуудас бичсэн. Хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил буурахгүй, аж ахуй нэгжүүдийн хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлэхгүй байгаа асуудалд анхаарч тухайн аж ахуй нэгжийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Эрх бүхий албан тушаалтан болох мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн оногдуулсан 0063522 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргагч “Ш т” ХХК–ийн захирал болон түүний өмгөөлөгчийн зүгээс “... өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын талбайд олборлолт явуулаагүй, цөөн тооны хэдхэн компанид шалгалт хийж хариуцлага ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль ёсны болоогүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь хууль бус” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “хяналт шалгалтыг хуулийн хүрээнд явуулсан, хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагч “Ш т” ХХК -ийн гомдолд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тэдгээрийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

МХЕГ ГУУ ХУБ Д.Н нь “Ш т” ХХК-ийг 2019 онд худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан маягтын дагуу гаргаж, ирүүлээгүй буюу ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх зөрчилд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсаар хуульд заасан мэдээ тайланг гаргаж өгөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ” гэсэн өөрчлөлтийг оруулжээ. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу гомдол гаргагч “Ш т” ХХК нь олборлолт хийсэн эсэхээс үл хамаарч, худалдахаар ачуулсан, ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр, мөн жилийн эцсийн тайланг, тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна.

Энэхүү үүргийг гомдол гаргагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаал нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан нь хуулиар хүлээлгэсэн уг үүргийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл, шалтгаан болсон гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлтэй, зөв гэж дүгнэсэнгүй.

Яагаад гэвэл, гомдол гаргагч “Ш т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд энэ утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуулийн 47.11-д зааснаар мэргэжлийн хяналтын байгууллагад тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй, тодруулбал, өөрөө олборлоогүй ч ашигт малтмал худалдахаар ачуулсан буюу экспортолсноор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/125 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу тайлан гаргаж өгөх үүрэг гомдол гаргагчид хуулиар үүссэн байна.

Энэхүү А/125 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний акт биш байсан, дагаж мөрдөх үүрэггүй байсан, энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй, уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхээс хүчингүй болгоогүй байсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д: “дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.10-д: “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн  ...  7.11, 7.12, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т: “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, зөрчил нь тогтоогдсон үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 1.3 дугаар зүйл, 7.11 дүгээр зүйлийн 2.2-д заасныг баримтлан “Ш т” ХХК-ийн МХЕГ ГУУ ХУБ Д.Н холбогдуулан гаргасан “МХЕГ ГУУ ХУБ Д.Н 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0063522 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           ШҮҮГЧ                                        У.БАДАМСҮРЭН