Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 2020         03          04                                       2020/ШЦТ/374      

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Ц., түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва /ҮД:0912/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ц.ийн Ц.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00432 0225 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйн мэргэжилтэй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Ц.ийн Ц..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц. нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.М.тай маргалдан, улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц. мэдүүлэхдээ: “Би хэрэг болдог өдөр гэртээ ороход манай эхнэр хоёр найзтайгаа архи уугаад сууж байсан. Гэрт байсан хүмүүс бүгд нэлээн согтуу байсан. Надад цохиулсан, хазуулсан гээд байгаа хохирогч эмэгтэйг би цохиогүй, хазаагүй. Зөвхөн гэрээсээ явахыг шаардсан. Гэтэл гэрт агсам согтуу тавьж, хамаг юм гаргаж шидээд байсан тул би өөрөө цагдаа дуудаж өгсөн. Дүү нь ирж авч яваагүй. Цагдаа ирж авч явсан. Түүнийг би цохиж, зодсон зүйл байхгүй. Хохирогч гэж байгаа Ч.М. мэдүүлэгтээ намайг хазсан, өшиглөсөн гэж мэдүүлсэн байхад прокурор цохисон гэж түрүүчийн шүүх хуралдаанд болон энэ шүүх хуралдаанд хэлж байна. Ч.М., Б.Цэрэнноров хоёр манайд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан. Манайд орж ирээд дахин архи уусан гэж мэдүүлсэн. Тэгэхээр цуг архи уусан хүн нь тасраад унасан байхад Ч.М. эмэгтэй хүн ямар байх нь ойлгомжтой. Ч.М. их тавьтаргүй хүн байсан тул ямархуу ааш зан гаргах нь тодорхой. Тийм учраас би цагдаа дуудаж өгсөн. Согтуу хүмүүстэй маргалдаад байх надад хэцүү байсан. Эхний удаа мөрдөн байцаалт дутуу явсан байна гэж буцаахад бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг цагдаагийн байгууллагаас хийгээгүй. Хохирогч нь шүүх хуралдаанд ч ирдэггүй, нүүрэлдүүлэн байцаах гэхээр татгалзаад байгааг гайхаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Ц. нь Ч.М.ын биед гэмтэл учруулсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, зүйлчилж байгаа зүйл ангийг зөвшөөрдөггүй тул хохирогч Ч.М.ын биед хэн гэмтэл учруулсныг тогтоолгохоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт анхан шатны шүүхэд гаргасны үндсэн дээр хэргийг шүүхээс прокурорт буцаасан. Энэ хооронд буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Ц.Ц.д холбогдох эрүүгийн хэргийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар гэмт хэрэгт тооцохгүй. Хохирогч Ч.М.ыг Ц.Ц. хазаж, өшиглөж гэмтэл учруулсныг бүрэн бодитой, эргэлзээгүй тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тодорхой нөхцлүүд тогтоогдож байх тул Ц.Ц.ыг яллагдагчаар татаж, өнөөдрийн шүүх хуралдаанд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хичнээн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч гэсэн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн биед хэн гэмтэл учруулсан, тухайн өдөр хэн түүнд гэмтэл учруулсан, Ц.Ц. өөрийн гэрээс согтуу хүмүүсийг явуулахын тулд өөрөө арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тул хохирогч гэх хүн өөрөө тухайн өдөр хэр согтолттой байсан, ямар ямар шинж тэмдэгтэй байсныг тогтоолгох гэж хүсэлт гаргасан учраас хэргийг анхан шатны шүүх рүү хоёр ч удаа буцаасан. Үүнийг прокурор цагдаагийн байгууллагаас гүйцэт шалгаагүй учраас шүүх захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэдэг үндэслэлээр буцааж шийдвэрлэж байсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхийг нотолсон хуулийн дагуу цугларсан баримт хэрэгт байхгүй болохоор яллах дүгнэлтийн дагуу зүйлчлэгдсэн хэрэгт Ц.Ц.ыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.М.ын өгсөн: “...Тэгтэл Цэрэнноровын найз эмэгтэй нь сүүлд орж ирсэн халамцуу залуутай унтлагын өрөөнд ороод хоорондоо юунаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна маргалдаад байсан. Тэгээд өрөөнөөс гарч ирээд Цэрэнноров бид 2-т хандан муусайн эмэгтэйчүүд та нар ийм байдаг шүү дээ, зайлцгаа гэж хэлснээ намайг үсдээд газарт чирээд байсан ба миний баруун чихнээс хазсан. Мөн тухайн үед намайг сууж байхад цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...Ч.М.ын биед баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.М.ын биед үүссэн гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Гэрч Б.Цэрэнноровын “...Ууганбаяр М. бид 3 нийлээд нэг шил архи ууж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд ирэхэд Ууганбаяр надад М. манай нөхөр Ц. нар зодолдоод М.ыг дүү нь аваад явсан гэсэн. Тэгээд би хоноод өглөө нь явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 658 тоот “Хохирогч Ч.М.ын эрүүл мэндэд баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-ийн 15/,

- Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...Ч.М.ын биед учирсан баруун чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазагдах үед үүсэх боломжтой, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал зулгаралт нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Ц.Ц. нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.М.тай маргалдан, улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.М.ын мэдүүлэг, гэрч Б.Цэрэнноровын мэдүүлэг, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 658 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Ч.М. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Ц.ийн Ц.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц.д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

           3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА