Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

2020              5             05                                       2020/ДШМ/574

 

Ц.Цд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Цийн Ц, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мтай маргалдан улмаар толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Цыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь 1906001561463 дугаартай тогтоол дээр бичигдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолынд хэргийн дугаарыг буруу бичсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын тухайд, хохирогч Ч.М нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тайлбар өгсөн байдаг боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдоогүй. Мөрдөгч хохирогчоос энэ талаарх баримтыг удаа дараа шаардсан. Хэрэг анхан шатны шүүхээс прокурорт буцаагдсан үед шүүгдэгчийн зүгээс баримтаар тогтоогдсон хохирлыг төлөх тухай саналыг гаргасан. Гэтэл хохирогч баримтаа авчирч өгөөгүй. Түүнчлэн хохирогч хоёр дахь удаагийн мэдүүлэгтээ хохирол төлбөр байхгүй гэдгээ бичгээр гаргасан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1009/А дугаартай яллах дүгнэлтээр Ц.Цыг “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мтай “муусайн эмэгтэйчүүд та нар ийм байдаг шүү дээ, зайлцгаа” гэж хэлэн  маргалдаж, улмаар түүний толгойг нь цохих, чихийг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.Цыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна. /хавтас хэргийн 25 дахь тал/

Иймд хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Ц.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Цыг яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарах тухайн үед шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох хуулийн зохицуулалт үйлчилж байсан.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж, улмаар 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэхүү хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан ... шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

Гэтэл хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудлаар анхан шатны шүүх материаллаг хуулийг үндэслэн тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа “...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэсэн заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм.

“Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг нэгэнт хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа” гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх асуудлыг анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсэгт хэргийн дугаарыг “2006 00432 0225” гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ