Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0204

 

 

 

 

 

 

 

Ц-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 65 дугаар зүйлийн 65.6, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтын иргэн Ц-гээс Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалуудыг болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Горхи, Тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар жинхлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор ... Цгийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/46, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, ... зөвлөсөн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай нийцэж байна.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.10-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын албан тушаалын ангилал, зэрэглэл-д зааснаар нэхэмжлэгч Цгийн төрийн албаны удирдах ажилтны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ангилал, зэрэглэл нь ТЗ-7 /дэс түшмэл/-ийн албан тушаал байсан бөгөөд харин түүний жинхлэн томилогдсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нь ахлах түшмэлийн ангиллын ТЗ-8 зэрэглэлд хамаарах албан тушаал байна.

ТЗ-7 зэрэглэлд хамаарах албан тушаалд шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Ц-г ТЗ-8 зэрэглэлийн албан тушаалд томилсон нь дээр дурдсан хуульд заасан төрийн жинхэнэ албаны ангилал, зэрэглэлд нийцээгүйн дээр Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчжээ” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэхдээ хууль буцаан хэрэглэж шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тус 2002 оны Төрийн албаны тухай хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон байдаг.

Харин, маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалуудын аль аль нь 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон байх үед гарсан.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хүчингүй болсон хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг харгалзан үзээгүй. Төрийн албаны зөвлөлийн зөвлөсөн 28 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн буюу төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зөрчсөн байна. Төрийн албан хаагчийг аливаа албан тушаалд томилж, тус албан тушаалд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх итгэлийг өгсөн бол гэнэт түүнийгээ өөрчлөх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоол гарснаар Ц нь албан тушаалд жинхлэгдэн ажиллаж байхад гэнэт түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилж шийдвэрлэхэд хүргэсэн. Ийнхүү зөвлөөгүй байсан бол Б/03, Б/04 дүгээр тушаал гарахгүй байсан буюу Ц-г гэнэт шилжүүлэн ажиллуулахгүй байсан. Түүнээс гадна уг тогтоол гарснаар дан ганц Ц биш, бусад олон төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар бүхий шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү зарчмыг харгалзаж үзээгүй.

Сонсох ажиллагаа явуулсан талаар дүгнээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03, Б/04 дүгээр тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Ц-д тухайн үед танилцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй.

Хариуцагчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хариу тайлбартаа “... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “...дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно...” гэж заасан бөгөөд 28.1.2-д “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол...” гэж заасан” гэж тайлбарладаг.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байж болох тохиолдолд хамаарахгүй буюу тухайн үед ямар нэгэн гарцаагүй байдал болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага үүсээгүй байсан болно. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа нотлох үүрэгтэй байсан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг сонсон ажиллагааг хийгээгүй захиргааны акт гаргасан бол тус акт нь хууль бус болох үр дагавартай байдаг байхад үүнийг нь шүүх дүгнэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  Ц “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ц-г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/04 дүгээр тушаал, мөн өдрийн “Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах, тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/03 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ц-г Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц-г ТЗ-8 зэрэглэлийн албан тушаалд томилогдсон нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ангилал, зэрэглэлд нийцээгүйн дээр нэгэнт Цтэй тохиролцсон байх тул түүнийг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулсан хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ц-г жинхлэн томилох тухай” Б/46 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүйд тооцож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/19 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тус удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгджээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шаардлагыг тухайн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заахаар зохицуулсан байна.

Ц нь Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ахлах түшмэл ангиллын ТЗ-8 зэрэглэлд сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байх шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Ц нь Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангасан бол түүний уг албан тушаалд жинхлэн эрх хамгаалагдах бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд жинхлэхийг даалгах, энэ үндэслэлээр түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.

2. Хариуцагч албан тушаалтан маргаан бүхий Б/04 дүгээр тушаалаар “нэхэмжлэгч Ц-г 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах үндэслэлээ албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу шилжүүлсэн” гэж тодорхойлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно”, 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан маргаан бүхий Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Цг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрснөөр тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 3.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна” гэж зааснаар өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тохиолдолд мөн зүйлийн 3.6-д зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ.

“Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах ёстой. Хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулсан, тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/04 дүгээр тушаалыг нэхэмжлэгч Ц зөвшөөрсөн нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал буураагүй нэмэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасанд нийцжээ

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ