Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 784

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: С.Л 

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Л  миний бие *** аймаг дах Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар ажиллаж байсан бөгөөд өөрийн удирдлага дор буюу жолоочоор ажиллаж байсан М.Б***д ямар ч хууль бус заавар өгөөгүй, ажлын доголдол гаргаагүй, хууль дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байтал намайг үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын *** дугаар тушаалд албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.12, 13 дугаар зүйлийн 13.19-д заасныг үндэслэжээ. Гэтэл дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ дүрмээр хориглож шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзнэ. 3.2-т Алба хаагчийн гаргасан үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчил гаргасан байж болох алба хаагчид заавал мэдэгдэж хариу тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тгтооно. 3.3-т Зөрчил гаргасан тогтоогдсон бол зөрчлийн шалтгаан нөхцлийг заавал судлаж тогтоон ‘байгууллагын удирдлагад танилцуулна гэсэн байх бөгөөд намайг хууль бус үүрэг даалгавар өгсөн, хариуцлагагүй хандсан, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж буруутгахдаа шалтгаан нөхцөлийг огт судлалгүй бусдын амаар шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна.

Түүнчлэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байтал үндэспэлгүйгээр хүндрүүлэн зөрчил эсэх асуудлыг ч шийдэлгүй сахилгын шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Дүрмийн 6 дугаар зүйлд зөрчлийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг заахдаа ноцтой хор уршиг учирсан болохыг шаардсан байгааг анхаарч үзэлгүй хэт нэг тапыг барьсан сахилгын шийтгэлийг оногдуулсан гэж үзэж өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс захиргааны шүүхэд хандаад байна.

Миний бие цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байсан бөгөөд намайг шууд харъяалан удирдах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын санал хүсэлтгүйгээр илт хууль бусаар цагдаагийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байгаа бөгөөд халах тушаалыг ч албан ёсоор өгөлгүй санаатайгаар хугацаа хоцроох зорилготой байсан болно. 

Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагын журам код 911-ын 6 дах хэсэгт Алба хаагчийг албанаас халах тухай журамлажээ. Дээрхи журмын 911.6.1 дэх хэсгийн

а/ 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 

б/ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон,

в/ Монгол улсын харъяатаас гарсан гэснээс харахад миний бие албанаас халагдах нөхцөл бүрдээгүй байна. Түүнчлэн надад сахилгын шийтгэл оногдуулахдаа журмын 911.6.2, 911.6.3, 911.7.2, 911.7.3, 911.7.5 дахь заалтуудыг зөрчин надад огт мэдэгдээгүйгээр барахгүй, зөвлөлийн хуралд ч байлцуулаагүй, тэр ч байтугай гаргасан тушаалаа ч танилцуулаагүйгээр миний эрх ашгийг ноцтой зөрчсөн болно.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын *** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*** аймгийн шүүхийн Тамгын газраас “Танай байгууллагын нэр бүхий алба хаагчид шүүх байгууллагын эзэмшлийн хашаанаас 4 ширхэг бетон хавтанг хувьдаа ашиглах зорилгоор эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй, нууцаар авч гарсан байна. Холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх албан бичгийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөн аймгийн Цагдаагийн газарт ирүүлснийг хүлээн авч *** дугаартай албаны шалгалтыг явуулсан.

Албаны шалгалтын хүрээнд *** аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Б*** нь тус аймгийн шүүхийн цахилгаанчин Н.Э***тай үгсэн тохиролцож шүүхийн хашаан дотроос байгууллагын хөрөнгө болох 4 ширхэг бетон хавтанг албаны автомашин ашиглан хулгайлж, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Л***ын эзэмшлийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хороололд баригдаж буй хашаа байшинд тээвэрлэн хүргэсэн болох нь тогтоогдож байх ба шалгалтаар цагдаагийн ахмад С.Л  нь цагдаагийн дэд ахлагч М.Б***д хууль бус үүрэг өгч шүүхийн байгууллагын хашаанаас 4 ширхэг хавтан хулгайлуулж өөрийн эзэмшилд авсан болох нь С.Л , М.Б***, Н.Э***, М.Г***, Б.Б*** нараас өгсөн тайлбар, бусад баримтаар нотлогдсон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, ...Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно” гээд “69.1,7.бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, урайлах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;", Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны *** дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ын 12.5-д “Удирдах албан тушаалтан алба хаагчиддаа...хууль бус үүрэг даалгавар өгсөн...”, 12.7-д “Албаны бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг ашигласан...” үйлдлүүдэд ёс зүй, сахилгын шийтгэл тус тус ногдуулахаар заасан. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны *** дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.3.4-т “Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилго ашиглахгүй байх...” гэснийг нэхэмжлэгч С.Л  зөрчсөн байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар С.Л***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгээр илт хууль бус болохыг тогтоолгох, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинг олгуулах гэж тодруулсан болно.

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулж гаргасан шаардлагын хүрээнд хянаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *** аймаг дахь Шүүхийн тамгын газраас “Танай байгууллагын нэр бүхий алба хаагчид шүүх байгууллагын эзэмшлийн хашаанаас  4 ширхэг бетО хавтанг хувьдаа ашиглах зорилгоор эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй, нууцаар албаны машин ашиглан авч гарсан байна. Холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх албан бичгийг *** аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсний дагуу албаны шалгалт явуулж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *** аймаг дахь Цагдаагийн газрын даргын ээлжит бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар *** аймаг дахь цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Л***ыг Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.12, 13 дугаар зүйлийн 13.19-д заасныг зөрчсөн гэж үзэж цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.  

 Мөн дээрх албан бичгийг Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.М*** хүлээн авч шалгаад, прокурорын хяналтанд ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр прокурорын тогтоолоор “...Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг материалд цуглуулсан нотлох баримтуудаар С.Л , М.Б***, Н.Э*** нар нь бүлэглэн 4 ширхэг явган хүний замын бетО хавтанг шүүхийн хашаанаас хулгайлсан болох нь тогтоогдсон байна. Бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь Эрүүгийн хуулинд заасан хулгайлах гэмт хэргийн бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна” гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, С.Л , М.Б***, Н.Э*** нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар захиргааны арга хэмжээ ногдуулахыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.М***д даалгаж шийдвэрлэсэн байна.   

Нэхэмжлэгч “намайг буруутгахдаа шалтгаан нөхцөлийг огт судлалгүй бусдын амаар, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан хүмүүсийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна, намайг шууд харьяалан удирдах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын санал хүсэлтгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн” гэж маргажээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн *** дүгээр тушаалаар “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийг /цаашид сахилгын дүрэм гэх/ тус тус баталсан байна.  

Ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.3-т “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй” гэж заасан байна.

Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ноогдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно. Сахилгын шийтгэл ноогдуулахтай холбогдсон харилцааг тусгай журмаар зохицуулна” гэж заажээ.  

Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” 81 дүгээр зүйлийн 81.3 “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан. 

Сахилгын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “Цагдаагийн албан хаагч нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журам, ажил үйлчилгээний стандарт, цагдаагийн алба хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэхийг цагдаагийн албан хаагчийн сахилга” гэх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д Цагдаагийн төв байгууллага, харъяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан нь шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулж болохоор заажээ.  

Нэхэмжлэгч С.Л  нь Сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 5 удирдах албан тушаалтан алба хаагчдаа хууль бус үүрэг даалгавар өгсөн, 12 дугаар зүйлийн 7 албаны бус зорилгоор байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэлийг ашигласан, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан, 13 дугаар зүйлийн 19 Алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн” гэж заасан сахилгын зөрчил гаргасныг *** аймаг дахь Цагдаагийн газрын дэд хурандаа Д.М***ын явуулсан шалгалтаар тогтоосон байх бөгөөд зөрчлийг *** аймаг дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, С.Л***ыг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн байна.  

С.Л***ын дээрх үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, ёс суртахууны шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож байх ба Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу С.Л  нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, албан хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахиж ажиллахаа тангарагласан, цагдаагийн алба хаагчийн хувьд Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.5-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны соёл дэг журмыг сахина”, 26.1.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан хуулийн заалтуудаас үзвэл С.Л***ыг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, зөрчлийн шинж байдалд тохирсон байна. 

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байна. 

Гэтэл С.Л  нь *** аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар “С.Л ад сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл авагдаж байсан бөгөөд уг сахилгын шийтгэлгүй болох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин давтан сахилгын зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

*** аймаг дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч С.Л  нь гаргасан зөрчлийн талаар тайлбар хэлээгүй, албаны шалгалтын материалтай танилцсан гэж тайлбар өгсөн, мөн албан шалгалтын материалтай танилцсан санал хүсэлтдээ “Олон сая төгрөгийн зээлтэй, албан тушаал буурч ажиллах хүсэлтэй байна” гэх тайлбараас зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. 

Мөн тэмдэглэлд цагдаагийн хурандаа А.Б*** “цагдаагийн ахмад С.Л  таныг албанаас халах талаар саналыг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлын хяналтын газрын байдлыг хангах газар, Хүний нөөц, сургалтын хэлтэст тус тус хүргүүлнэ. Иймээс та Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэр гарах хүртэл хариуцсан ажлаа хийж чадах уу гэх асуултанд “чадна” гэж хариулсан зэргээс үзвэл нэхэмжлэгч С.Л  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал гарсныг мэдээгүй, танилцуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь ажлын хэсгийг албаны шалгалтыг хуулийн дагуу хийгээгүй, эрүүгийн хэргийн материалыг үндэслэж надад сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр прокурорын тогтоолоор нэхэмжлэгчийг хулгайн гэмт хэрэг хийсэн гэдгийг тогтоосон, мөн мэдүүлэг өгсөн хүмүүст хууль сануулж мэдүүлэг авсан тул уг баримтыг албаны шалгалтын материалд авсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч С.Л***ын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгээр илт хууль бус болохыг тогтоолгох, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л***ын “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгээр илт хууль бус болохыг тогтоолгох, өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалинг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОЮУНГЭРЭЛ