Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00741

 

ХХБ-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00349 дугаар магадлалтай,

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Б, Ц.Б, С.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 160 988 043 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХХБ-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ж.Б-, Ц.Б- нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар, 146.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ж.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ тоот хаягт байрлах хд-82 байрны 42 тоотод орших 153,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, С.Б- болон БЖ- ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээлд 8.278.382 төгрөг, хүүд 74.381.400 төгрөгийг төлсөн боловч өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээл 137.721.617 төгрөг, хүү 11.794.249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.698 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр буюу 2017 оны 9 сарын 06-ны өдөр хүртэл зээлийн хүү 23.225.143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.782 төгрөг нийт 160.977.543 төгрөгийг төлөөгүй. Талуудын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2.-т зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зохицуулалттай, мөн батлан даалтын гэрээнд зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол батлан даагч тухайн зээлийг төлж барагдуулах үүрэгтэй.  

Иймд, хариуцагч Ж.Б, Ц.Б, С.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 137.721.617 төгрөг, хүү 23.225.143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.782 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 160.988.043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б-, Ц.Б- нарын шүүхэд гаргасан тайлбарт: Энэхүү зээлийг хариуцагч С.Б- авч, зээл, зээлийн хүүг төлж байсан талаар хэрэгт авагдсан баримтууд нотолно. Зээлийг Ж.Б-, Ц.Б- нарын нэрээр авч, сууцыг анхнаасаа батлан даагч С.Б- худалдан авсан. Барьцааны зүйл болох 153,5 м.кв талбайтай сууцыг н.Мэндсайханаас н.Баярсайханд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргааныг хянан хэлэлцэж байгаа бөгөөд хариуцагч С.Б-ийн эхнэр н.Дэлгэрмаа уг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд тул дээрх маргааныг хянан шийдвэрлэж дуустал барьцааны зүйлтэй холбоотой энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байгааг харгалзан түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Хариуцагч буюу зээлдэгч нарын хувьд ерөөсөө энэхүү зээлийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн хувьд мөн дээр дурьдснаар БЖ- ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор бага хүүтэй зээл авахаар дүр үзүүлж, орон сууцны зээл хэлбэрээр авсан. Өнгөрсөн хугацаанд талууд энэ талаар ярилцаж байсан бөгөөд нэхэмжлэгч тал зээл олгохдоо мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тухайн үед зээл авах гэтэл зээл гарах боломжгүй гэсэн тул дээрх орон сууцны өмчлөлийг эхнэр Ш.Дэлгэрмаад хэлж байгаад С.Баярсайханы нэр дээр шилжүүлж, С.Баярсайханаас Ж.Б- худалдан авч байгаа нөхцөлөөр зээл гаргуулж компанид учирсан асуудлаа шийдвэрлэсэн. Банкнаас авсан дээрх зээл нь Ж.Б-, С.Баярсайхан нарт очоогүй зөвхөн компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээг зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан тул батлан даагч С.Б-өд уг нэхэмжлэлийг гаргах эрх байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нараас орон сууцны зээл хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн манай банкны зүгээс дотоод дүрэм, журамд заасан судалгааг хийж, зээлдэгчдийг санхүүгийн боломжтой этгээд гэж үзсэн тул тэдгээрт 146 000 000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар иргэн н.Баярсайханаас барьцааны зүйл болох орон сууцыг нийт 245 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрийн дансандаа урьдчилгаа 30 хувь буюу 99 000 000 төгрөгийг байршуулж, нэмж 146 000 000 төгрөгийн зээл авахад эдгээр хүмүүс батлан даагч БЖ- ХХК-д ажилладаг, хувьцаа эзэмшигч, уг компанийн үйл ажиллагаа тогтвортой, тодорхой төрлийн орлоготой байсныг үндэслэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Б-, Ц.Б- нараас 160.820.956.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.087 төгрөг болон хариуцагч С.Б-өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасныг үндэслэн хариуцагч С.Б-ийн гаргасан нэхэмжлэгч ХХБ-ХХК-нд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Ж.Б-, Ц.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр-2 /17042/ тоот хаягт байрлах хд-82 байр, 14 тоотод орших Ү-2206010924 тоот улсын бүртгэлийн дугаартай 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч ХХБ-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.103.867.65 төгрөг, хариуцагч С.Б-ийн төлсөн 887.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-, Ц.Б- нараас 962.055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00349 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, С.Б-, Ц.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962.055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хурадааны товыг албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэсэн атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай надад шүүх хуралдаан эхлэхээс 1 цагийн өмнө утсаар мэдэгдэж хариуцагч: талын хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Шүүх хуралдаан болсон 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхцсан байсан. Энэ талаар тайлбар хүсэлт явуулах боломжит бус хугацаагаар хуралдааны товыг мэдэгдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Урьд нь нэхэмжлэгч тал хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь байн байн солигддог шалтгаанаар удаа дараа шүүх хуралдаан хойшлох бүрд надад шуудангаар бичгээр тухай бүр жич мэдэгдэнэ гэж байсан. Ц.Б- болон нөхөр Ж.Б- нар нь зээлийн гэрээнд заасан данс болон өөрсдийн дансанд ямар нэгэн мөнгө банкнаас хүлээн авч байгаагүй, барьцааны зүйл нь өмчлөлийн хувьд бидний нэр дээр гаргуулсан ч тус барьцааны орон сууцад амьдардаггүй, бодит амьдрал дээр хамаагүй эд хөрөнгө байтал хариуцагчаар татаж үнэн бодит байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн. С.Б-, С.Баярсайхан нар нь Ц.Б- болон Ж.Б- нарын нэрийг ашиглан орон сууц шилжүүлж өгөх нэрийдлээр банкнаас зээл аваад, түүнийгээ өөрсдийн БЖ- гэх компанид зарцуулсан, зээлдэгч гэх бидэнд нэг ч төгрөг ирээгүй, үүнийг банк анхнаасаа мэдэж байсан ба тэр компани болон захирлаар нь баталгаа гаргуулсан нь талуудын тайлбар нотлох баримтаар нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл зээлдэгч Ж.Б-, Ц.Б- нар нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг хүлээж аваагүй, харин С.Баярсайхан, "БЖ-" ХХКомпани бүгдийг авч зарцуулсан байхад зээлийн гэрээ байгуулсан гэж төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон. С.Б- нь зээлийн асуудлыг би хариуцана гэсээр байхад түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт тайлбаруудыг үндэслээгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбар хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаас цаашгүй байхад бусад бүх байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн. Гэрч оролцуулах, үнэн зөвийг олох боломжтой цаг хугацаа буюу хэрэг түдгэлзүүлэх хүсэлт зэргийг хүлээж авахгүй байсаар хэргийг эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой. Магадлалд “...Ж.Б-, Ц.Б- нар нь 146.000.000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Б-ын өмчлөлийн..., 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалжээ” гэсэн атал зээлийг зээлдэгч Ж.Б-, Ц.Б-ийн хэн алинд шилжүүлээгүйг анхаач үзээгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримтлаагүй хууль зөрчин шийдвэрлэсэн.

Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ХХБ-ХХК 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Ж.Б, Ц.Б, С.Б-аас зээл 137.721.617.97 төгрөг, зээлийн хүү 11.794.249.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.698.50 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, нийт 149.531.065.81 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсчээ. /хх-1-2-р тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү 11.430.894.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.083.52 төгрөг, нийт 11.456.977.89 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 160.988.043.70 төгрөг гаргуулахыг хүсчээ. /2-р хх-ийн 62 тал/

Хариуцагч Ж.Б-, Ц.Б- нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, С.Б-ийн хүсэлтээр зээл авч өгсөн, тэрээр зээл төлдөг буцаан төлдөг байсан гэж маргасан байна.

Хариуцагч С.Б- хариу тайлбартаа, “зээлийг авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, үндсэн төлбөрөө төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй, орон сууцны зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /2-р хх-ийн 101 тал/

ХХБ-ХХК болон Ж.Б-, Ц.Б- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан банк, эрх бүхий этгээдээс зээл олгох болон барьцааны гэрээ, ХХБ-ХХК болон БЖ- ХХК, С.Б-ийн хооронд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан батлан даалтын гэрээ 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус тус байгуулагдсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Зээлдэгч нар орон сууц худалдан авах зорилгоор 146.000.000 төгрөгийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийг сар тутамд 2.368.609.93 төгрөг тогтмол төлөхөөр тохиролцжээ. Энэхүү төлөлтөд тухайн сарын зээлийн хүүгээс гадна үндсэн зээлээс тодорхой хувь багтаж, гэрээний хугацаа дуусахад зээлийн үүрэг дуусгавар болох агуулгатай байна.

Зээлийн гэрээний үүрэг зөрчигдснөөс нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалж мөнгийг шаардсан байх бөгөөд гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бий болсон нь тогтоогджээ.

Иймд гэрээг цаашид үргэлжүүлэх боломжгүй болсноор гүйцэтгэвэл зохих байсан үүргийг шүүх гэрээний нөхцөлийн дагуу тодорхойлж төлбөл зохих үүргийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна. Зээлдэгч нар зээлийн үүргийг хариуцахаар ХХБ-ХХК-ийн өмнө үүрэг хүлээсэн тул хамтран хариуцагч болох ба гэрээнд үүргийг хэрхэн хариуцахыг тодорхой зааж, хэмжээг тусгайлан өөрөөр тохиролцоогүй тул тэднийг зээлийн үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д заасныг зөрчөөгүй байна.

С.Б- батлан даалтын гэрээгээр нөхөн хариуцлага хүлээсэн зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул батлан даагчаас шууд зээлийн үүргийг гаргуулах боломжгүйг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, С.Б-, Ц.Б- нар зээлийн мөнгөөс нэг ч төгрөг хүлээн аваагүй, С.Б- зээлийг төлөхийг зөвшөөрч байхад мөнгийг түүнээс гаргуулаагүй гэх хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайн гомдол үндэслэлгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 28-ны шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайд мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн талаархи тэмдэглэл, мөн хариуцагч нарт шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хэргийн баримтад авагдсан байна. /2-р хх-ийн 131, 134-138 тал/

ХХБ-ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 146.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б-ын харилцах дансанд шилжүүлсэн нь тогтоогджээ. /хх-ийн 13 тал/

Хариуцагч С.Б- нь зээлийн гэрээний тал биш бөгөөд тэрээр ХХБ-ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээгээр зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр үүрэг хүлээсэн талаархи хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2018/00349 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Хариуцагч Ц.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 962.055 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ