Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0247

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 34 дүгээр зүйлийн 34.3, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дуусч, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн дотор төлбөрөө төлсөн дээр талууд маргаагүй.

Харин 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ныг хүртэлх 4 хоногийн алданги болох 200.187 /хоёр зуун мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг хэзээ төлөх ёстой юм, алданги нь тусгай зөвшөөрлийн бүрдэл хэсэг мөн эсэх дээр маргаж байсан болно.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Дээрх хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.” 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:” 7.2.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх”; гэж заасан эрхийн дагуу татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль батлагдсаны дараа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр татварын алдангиас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргасан.

Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон боломж, нөхцөлийг эдлүүлээгүй атлаа, бүрэн төлсөн төлбөрийг алдангиа хожимдуулж төлсөн гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэсэн байдаг.

Хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг алданги нь тусгай зөвшөөрлийн төлбөртэй нэг ойлголт уу эсхүл тусдаа ойлголт уу, чухам ямар ойлголт болох тухай холбогдох хуулиудаас судлан үзвэл тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж буй Татварын ерөнхий хуулийн 52.1-д “Татварын өрийг доор дурдсан дарааллаар барагдуулна:” 52.1.1-д “татварын үндсэн өр;” 52.1.2-т “алданги;” 52.1.3-д “торгууль” гэсэн дараалал тогтоосон.

Тодруулбал Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.” 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:” 7.2.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн өрийг төлөхөд дээрх дарааллыг баримтална.

Гэтэл хариуцагч 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчлэхээ больсон хуучин Татварын ерөнхий хуулийн 56.1-д “Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:” 56.1.1-д “тухайн татварт ногдох алданги;” 56.1.2-т “торгууль;” 56.1.3-д “татварын үндсэн өр” гэсэн хуучин дарааллыг баримталж нэхэмжлэгчийн төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 200.187 /хоёр зуун мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн алдангийг хасч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг дутуу төлсөн гэж үзэж байгаа нь холбогдох хууль ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж буй Татварын ерөнхий хуулийн 52.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэснийг тус тус зөрчөөгүй, 4 хоногийн алдангийг чөлөөлүүлэхгүйгээр төлсөн болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын А3059 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар  сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн А3059 дугаар тусгай зөвшөөрөл нь анх 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон, түүнээс хойш тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг тухай бүр төлж байсан бөгөөд харин 2020-2021 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөөгүй буюу 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсний дараа буюу 2020 оны 05 дугаар  сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх өдрийг 4 хоногоор хэтрүүлж төлбөрөө төлсөн байх боловч хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу цуцлах шийдвэр гаргаагүй атлаа төлбөр нэгэнт төлөгдсөний дараа тусгай зөвшөөрлийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “...холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх баримтаа ирүүлээгүй нь төлбөрийг хугацаандаа төлсөн үйл баримтыг үгүйсгэх, улмаар “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй бол” гэх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл болохгүйг буруу дүгнэж, хариуцагч Кадастрын хэлтсээс цуцлах шийдвэр гаргах үед тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн, маргаан бүхий шийдвэрийн үндэслэл бодит нөхцөлд тохироогүй байгааг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй боловч хугацаанд нь төлбөр төлөөгүйтэй холбоотой зохицуулалт мөн хуулийн 34.6, 34.7-д зохицуулсан байхад анхан шатны шүүх хугацаа хэтрүүлж төлсөн байдлыг буруу үнэлж, уг асуудлыг зохицуулсан хуулийн эдгээр заалтыг буруу хэрэглэсэн байна.

Уг хуулийн зохицуулалтаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол 30 хоногийн дотор төлөх боломжийг олгосон, харин энэ хугацаанаас хэтрүүлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.

Нэхэмжлэгч нь 4 хоног хугацаа хэтрүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн буюу хуульд заасан боломжит хугацааны дотор үүргийг биелүүлсэн байх тул хариуцагч нь тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” шалтгаанаар цуцлах үндэслэлгүй.

Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасан зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бол шууд цуцлах биш, харин хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор төлөх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгожээ.

Нөгөө талаас Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д зааснаар аливаа анз буюу “алданги” нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байдаг бөгөөд дээрх хуулийн зорилго нь тусгай зөвшөөрлийн төлбөр /хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор/ төлөх үүргийг гүйцэтгүүлэхэд оршино.

Хариуцагч нь “30 хоногийн дотор төлбөрөө алдангийн хамт төлөх ёстой байсан алданги төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн” гэх боловч хуулиар алдангийг заавал ээлжит жилийн төлбөр төлөхдөө хамт төлөхөөр зохицуулаагүй, хуульд заасан 30 хоногийн дотор төлбөр төлөх үндсэн үүрэг гүйцэтгэгдэж, хуулийн зорилго хангагдсан байхад тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхгүй.

Хугацаа хэтрүүлсний хариуцлагад алданги төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, алданги төлөөгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага шаардах эрхтэй бөгөөд харин алданги төлөөгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан 30 хоногийн дотор буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх өдрөөс 4 хоногт хэтрүүлэн төлсөн, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг 4 хоног хэтрүүлсэн алданги төлөөгүй гэж тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэлээ тайлбарласан ч нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалсан нь дээрх хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг баталсан байх бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заажээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэнтэй холбоотой 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр, хуулийн энэ зохицуулалтад нэхэмжлэгч компани хамаарахаар байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “..дээрх хуулийн зохицуулалтаар алданги чөлөөлөгдөхөөр байна” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад Коронавирус /COVID-19/–ийн халдварын анхны тохиолдол Франц улсын иргэнээс бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр төрийн захиргааны байгууллагууд хязгаарлагдсан цагийн хүрээнд ажилласан нь нийтэд илэрхий үйл баримт байхаас гадна нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн 4 хоногийн 200.187 төгрөгийн алданги төлөх үүргээс нэг удаа чөлөөлөх үндэстэй. Учир нь нэхэмжлэгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, уг хугацаа хэтрүүлсэн 4 хоногийн алданги нь Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар  сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ