Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1998

 

МАГАДЛАЛ

2016.12.07                                                               № 1998

 

 

 

 

 

 

 

Д.Энхтуулын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00886 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Энхтуулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Энхээд холбогдох

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Чен Линээс Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Сувд-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Чен Линий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Монгол Улсад оршин сууж байгаа БНХАУ-ын иргэн Лю Юй Мэй нь иргэн Д.Энхтуулд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд хавсаргагдсан БНХАУ-ын иргэн Чен Линээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Лю Юй Мэйд олгосон итгэмжлэл нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчсөн болохыг олж мэдэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Учир нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл монгол хэл байна” гэж заасан байна.

Гэтэл БНХАУ-ын иргэн Чен Линээс иргэн Лю Юй Мэйд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл нь Хятад хэл дээр хийгдсэн байхад Сүхбаатар дүүргийн тойргийн 05 дугаартай нотариатч Б.Энхээ нь түүнийг нягтлан шалгалгүй, дээрх хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлийг гэрчилсэн байгаа юм. Иймд Нотариатын тухай хуулиййн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотраиатчийн болон сонирхогч этгээлийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасны дагуу дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй” гэж заасны дагуу БНХАУ-ын иргэн Чен Лин, Лю Юй Мэй нар нь өөрсдөө биечлэн ирж уг итгэмжлэлийг гэрчлүүлсэн, хятад хэл дээр үйлдсэн итгэмжлэлээ албан ёсны зөвшөөрөлтэй орчуулгын товчоогоор орчуулуулсан байна. Нотариатч миний хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэх хийх зааврын 7-д заасан итгэмжлэл гэрчлэх зааврын дагуу хуульд нийцүүлэн хийсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг баримтлан Б.Энхээд холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Чен Линээс Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Д.Энхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нотариатын үйлдэл хийх албан ёсны хэлийг Монгол хэл байхаар хуульчилсан байна.

            Гэтэл шүүхийн зүгээс итгэмжлэлийн хятад хэл дээрх хувийг гэрчлэхдээ монгол хэл дээрх орчуулгыг үндэслэснийг буруутгах боломжгүй гэж байгаа нь Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагчийн зүгээс орчуулгын товчоо гэх “Rich Us Drilling” нь албан ёсны эрхтэй эсэх, түүнийг нотолсон нэг ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх ийнхүү хийсвэр дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно.

            Нотариатч хятад хэл дээрх хувийг гэрчлэх биш хуульд зааснаар Монгол Улсын албан ёсны хэл болох монгол хэл дээрх хувийг гэрчлэх үүрэгтэй юм. Шүүх нотариатын үйлдэл хийх албан ёсны хэл нь монгол хэл байна гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа боловч маргаан бүхий үндсэн итгэмжлэл нь хятад хэл дээр тул түүнийг албан ёсны монгол хэлээр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй нь илэрхий байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн шүүх “...итгэмжлэлийг гэрчлэх, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шалгаж тодруулах үйл ажиллагаа, мөн нотариатын тэмдэглэл, холбогдох бүртгэл хөтлөлт монгол хэл дээр хийгдсэн байна гэж шүүхийн зүгээс үнэллээ...” гэсэн нь илт үндэслэл муутай, нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна.           …Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т нотариатын үйлдлийн төрлүүдийг заасан, 25.1.3-т “...итгэмжлэл гэрчлэх...”, 25.1.9-т “...баримт бичгийн хуулбарыг гэрчлэх...” үйлдлийг тус тусад нь зохицуулсан байна.

            Дээрх зүйлээс үндэслэн итгэмжлэлийг монгол хэл дээр орчуулан хавсаргаж, хятад хэл дээр үйлдсэн байхад албан ёсны хэл болох монгол хэлээр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй ба нотариатаар баталгаажуулж буй баримт бичиг нь хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчсөн байтал шүүх хэт нэг талыг баримтлан, үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Үүнийг нотлож байгаа өөр нэг баримт нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хятад хэл дээр үйлдэгдсэн баримтад итгэмжлэгч БНХАУ-н иргэн Liu Yumei-ийн гарын үсэг мөн нотариатын бүртгэлийн дэвтэрт 2944/5000 гэсний дараа зурагдсан гарын үсгүүд эрс зөрүүтэй байхад өөрсдөө биечлэн ирсэн мэтээр дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны болж чадаагүй нэг илрэл болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа нь хариуцагч Б.Энхээд холбогдуулан итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Энхээ нь Монголын Нотариатчдын танхимын Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Чен Линээс БНХАУ-ын иргэн Лю Юй Мэйд олгосон хятад хэл дээрх итгэмжлэл, уг итгэмжлэлийн “Rich us Drilling” орчуулгын товчоогоор орчуулуулсан хувийг тус тус бүртгэж гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, итгэмжлэлийн орчуулгын хуулбар, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээ /5 тамганы дугаартай/-ийн 2014 оны итгэмжлэлийн бүртгэлийн болон хуулбарын дэвтэрт бүртгэсэн бүртгэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 32-37, 55, 56/

 

Ийнхүү хариуцагч Б.Энхээ нь дээрх итгэмжлэл, итгэмжлэлийн орчуулгын хуулбарыг бүртгэж гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь Монгол хэл байна” гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд нотариатч Б.Энхээ нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т зааснаар итгэмжлэл гэрчлэх нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар дээрх итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Уг итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож байгаа нь итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00886 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээ /5 тамганы дугаартай/-ийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын иргэн Чен Линээс БНХАУ-ын иргэн Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж, “үлдээж” гэсний ард “хариуцагч Б.Энхээгээс 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтуулд олгосугай” гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                  Д.ЦОГТСАЙХАН