Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 200

 

Ц.Доржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0226 дугаар магадлалтай, Ц.Доржийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэлтгэл офицер Ц.Дорж би 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын ХХЕГ-н даргын 657 дугаар тушаалаар цэргийн тэтгэвэрт гарсан. Уг тушаалыг үндэслэн МУ-ын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрээр 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гаргасан үндсэн цалинг индексжүүлсэн 5 жилийн дүнгийн 2006 оны 8 дугаар сараас 27320 төгрөг дутуу тэтгэвэр бодох дундаж цалинг гаргасан. Илүү ажилласан 2.6 жилээс 6 сарыг орхигдуулсан. Тогтоосон тэтгэвэр тухайн үеийн МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталсан тэтгэврийн доод хэмжээ 108000 төгрөгт хүрэхгүй байхад тэтгэвэр тогтоолгогч иргэнтэй харьцаж, цалинтай адилтгах орлого байгаа эсэхийг судлаж тодруулаагүй.

ЗГ-ын 2007 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар заалт УНДЕГ-ын шийдвэрээр тэтгэврийн сангийн нөөцөөс 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчдын тэтгэвэр 30 хувь нэмэгдсэнд хамруулалгүй орхисон. Тус хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаж тамга дарагдаагүй, хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэвэр олгосоор байгаа нь хууль бус байна. Эдгээр зөрчлийг арилгах талаар 2008 оноос хойш 13-с дээш удаа өргөдөл хүсэлт өгч тус хэлтэст хандсан боловч хууль зөрчсөн хариу өгсөөр байгаа юм.

Иймд, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2007 оны 02 дугаар сарын 28, 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн тэтгэвэр тогтоолтын хуудсуудыг хүчингүй болгож, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалган, 2006 оны 11 сараас 2015 оны 7 сар хүртэл хугацаанд дутуу олгож байсан тэтгэвэр 22870776 төгрөг, алданги 7841540 төгрөг, бүгд 30712316 төгрөгийг тус хэлтсээс гаргуулан надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Дорж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж олгогдоогүй тэтгэвэр, түүний алдангид 40.896.291 төгрөг, бичиг хэргийн зардалд 162.180 төгрөг, нийт 41.058.471 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар тооцооллыг /хх-158-161/ /шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Даваадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Дорж нь тус хэлтэст 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ тогтоолгохыг хүссэн өргөдөл бичиж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 657 тоот тушаал, холбогдох баримтыг үндэслэн 27 жил 6 сараар цэргийн алба хааснаар тэтгэвэр тогтоосон.

2001 оны 01 сараас 2006 оны 10 сар дуустлах хугацааны 5 жилийн дундаж цалинг итгэлцүүрээр өсгөж 172650 төгрөгнөөс 60 хувиар бодож /172650*60%/ 103590 төгрөг, илүү ажилласан жилийн /172650*2%/ 3453 төгрөг нийт 107043 төгрөгийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ээс олгож эхэлсэн.

Засгийн газрын 2007 оны 15 дугаар тогтоолоор нэмэгдэл хийхдээ 2007 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө тоггоогдсон тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан тул уг тогтоолын нэмэгдэлд хамрагдахгүй.

Засгийн газрын 2007 оны 109 дүгээр тогтоолоор дундаж цалинг 181240 төгрөгөөр өөрчлөн тогтоож 112368 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн олгосон.

Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор 7500 төгрөг нэмж /112368+7500/ 119868 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2007 оны 355 дугаар тогтоолоор үндсэн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж /119868*20%/ 23973 төгрөг нийт 119868+23973=143841 төгрөгийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ээс, 2008 оны 5 дугаар сарын 08-ны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу хоол, түлээ нүүрсний хөнгөлөлтийг оруулан тооцож дундаж цалинг 199860 төгрөг болгон өөрчилж 2008 оны 10 дугаар сарын 01-ээс 143841 төгрөгийн тэтгэвэр олгосон.

Засгийн газрын 2010 оны 241 дүгээр тогтоолоор үндсэн тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлж /143841*30%/ 43152 төгрөг нийт 186993 төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ээс, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж гарснаар иргэний тэтгэврийн дундаж цалин хөлсний 80 хувиар, хугацаанаас илүү алба хаасан нэг жил тутамд 1,5 хувиар тооцож бодож 270476 төгрөгийн тэтгэвэр, Засгийн газрын 2012 оны 80 дугаар тогтоолоор тэтгэврийг 35000 төгрөгөөр нэмэгдүүлж 305476 төгрөгийг 2012 оны 02 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн 461862 төгрөг болгож 383344 төгрөгийн тэтгэврийг 2012 оны 05 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 22000 төгрөгөөр нэмэгдүүлж 405344 төгрөгийн тэтгэврийг 2014 оны 02 дугаар сарын 01-ээс, Засгийн газрын 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр тогтоох итгэлцүүрээр дундаж цалинг 514971 төгрөгөөр тогтоож 431287 төгрөгийн тэтгэвэр, Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор 22000 төгрөгөөр нэмэгдүүлж 453287 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ээс олгож байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж тамга дарсан баталгаажсан олголтын хуудсаар тэтгэвэр тогтоогдсон нь хүчин төгөлдөр бөгөөд уг тогтоолтын хуудсыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын байцаагч 2008 оны 3 дугаар сарын 26-нд хянан шалгаж зөв гэдгийг нотолж баталгаажуулсан байгаа нь хүчин төгөлдрийг дахин нотолж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дорж нь 2007 оны 1-р сарын 1-ний өдөр тэтгэвэр тогтоолгохоор өргөдлөө гаргасан байдаг бөгөөд энэ өргөдөл нь тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан байгаа. Ц.Дорж нь 2006 оны 12-р сард тэтгэврийн нас хүрч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ц.Доржид ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс нь үргэлжлүүлэн тэтгэвэр тогтоож олгох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд харин Нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өргөдөл гаргасан өдрөөс тэтгэвэр олгох хуулийн заалттай. 2007 онд тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх талаар Засгийн газрын 15-р тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд 2007 оны 1-р сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан. Харин Ц.Дорж нь Нийгмийн даатгалын хэлтэст 2007 оны 1-р сарын 1-нд тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан учраас уг тогтоолд хамрагдах боломжгүй болж тухайн үед баталсан индексээр цалинг нь өсгөж тухайн үеийн аргачлалаар тэтгэвэр нь тогтоогдсон гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Доржийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 807.464 /найман зуун долоон мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Доржид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 40.251.007 төгрөг гаргуулах тухай болон 2007.02.28, 2008.11.02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсуудыг хүчингүй болгуулах, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, тэтгэврийг 2006.11.01-ний өдрөөс эхлэн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0226 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Дорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын ахмад хилчин, бэлтгэл офицер би 2007 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэврээ тогтоолгоход индексжүүлэлтээс 3 сар, 2006 оны 10 дугаар сарын үндсэн цалингаас 27320 төгрөг хасч тэтгэвэр тогтоосон, 2008-2010 онд цалинтай адилтгах орлогоо бүрдүүлэн өгөхөд зохих нэмэгдэл олгоогүй зэрэг дутагдлуудыг залруулахаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 10-аас дээш удаа өргөдөл гаргаж тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 5 дугаар сараас нэхэмжлэл гаргаж 2015 оны 8 дугаар сарын 28-нд 75 тоот захирамж, 2016 оны 02 дугаар сарын 05-нд 07 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 24-нд 479 дүгээр тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 07-нд 221МА20160226 тоот магадлал гаргасан нь 479 дүгээр тогтоолтойгоо зөрчилдөж байгаа бөгөөд хуулийг баримтлан нягтлан бодох бүртгэлийн бодит тооцоогоор шийдвэрлэгдэхгүй байх тул тооцоог шалган тогтоож, Молгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан иргэний эрхийг минь сэргээн эдлүүлж, олгоогүй тэтгэвэр, алдангийг хуулийн дагуу олгох талаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Доржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2007 оны 2 дугаар сарын 28, 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэтгэвэр олголтын хуудсыг тус тус хүчингүй болгуулах, бичиг хэргийн зардал 162180 төгрөг гаргуулах, тэтгэврийг шинэчлэн тогтоох тухай шаардлагуудыг  хэрэгсэхгүй  болгож,  2006 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуу олгож байсан тэтгэвэр 26657639 төгрөг, алданги 14238653 төгрөг, бүгд 41058471 төгрөг нэхэмжилсний зарим болох 807464 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь “... олгогдоогүй гэх тэтгэвэр, алдангийн тооцоолол буруу байсан ...” хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гарган, гомдолдоо нэмэгдэл, алдангийн гэх 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр буюу шүүхийн шийдвэрээс хойш гаргасан 47,434.125 төгрөг гаргуулах тооцоог хавсаргажээ.

Анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг хяналтын шатны шүүх үнэлж дүгнэх боломжгүй тул тухайн тооцооны талаар хэрэгт цугларсан, анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэгдсэн нотлох баримтын хүрээнд хянан үзэх нь зүйтэй байна.   

Увс аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсээс Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 657 дугаар тушаал, холбогдох баримтыг үндэслэн Ц.Доржийг 27 жил 6 сар цэргийн алба хааснаар тооцож, тэтгэврийг түүний тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан өдрөөс буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн ... олгоно”, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад өгнө гэж тус тус заасантай нийцжээ.

Харин тус хэлтэс тухайн үед Ц.Доржид олгох тэтгэврийг тооцохдоо дундаж цалингаас 27320 төгрөгийг дутуу бодож 107043 төгрөгөөр тогтоосон нь буруу талаарх нэхэмжлэгчийн тооцоолол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлсэн байхад  захиргааны байгууллага “... энэ нь зөвхөн 2007 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнөх өндөр насны тэтгэвэр авагчид хамаарна ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тэтгэврийг нэмэгдүүлээгүй нь буруутай болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.

Дээрх дутуу тооцсон болон нэмэгдэл олгоогүй алдааг зөвтгөж, 2007 оноос 2011 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тэтгэвэрт олгогдох ёстой байсан зөрүүг 807464 төгрөг гэж тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Үүнээс гадна Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ц.Доржийн тэтгэвэр тогтооход баримталсан 5 жилийн цалингййн тухай бүр шинэчилсэн индексжүүлэлт ба бусад үзүүлэлтүүд Засгийн газрын 2007 оны 109, 241, 355, 2012 оны 80, 153, 2014 оны 15, 2015 оны 15 дугаар тогтоолууд болон 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад заасан хувь хэмжээний дагуу  өөрчлөгдөн  тогтоогдож  байсан, нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 01-нээс сард 453287 төгрөгийн тэтгэвэр авч байгаа, эдгээр нь шинжээчдийн дүгнэлтээр мөн баталгаажсан, тэтгэврийн тооцоог шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй дүгнэжээ.

Иймээс хариуцагчийг тэтгэвэр, тэтгэмжийг бүхэлд нь дутуу бодож тооцооны алдаа гаргасан гэж буруутгахааргүй, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг аль буруутай байгууллагаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу түүнээс алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Харин шүүхүүд алданги гаргуулах боломжгүйг зөв дүгнэсэн атлаа энэ харилцаанд хамааралгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс тухайн шимтгэл төлөгчид хариуцлага хүлээлгэх зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй боловч энэ нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 479 дүгээр тогтоол нь “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж”-ийг хянаж гаргасан тогтоол байх тул “... шүүхийн шийдвэр, магадлал 479 дүгээр тогтоолтойгоо зөрчилдөж байгаа ...” гэх түүний гомдол үндэлэлгүй байна.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллалааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “... хуулийг баримтлан нягтлан бодох бүртгэлийн бодит тооцоогоор шийдвэрлэхгүй байгаа ...” гэх нэхэмжлэгч Ц.Доржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0226 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ