Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00997

 

 

                            

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг,төмөр зам гудамж, Эс Эм контейнер ХХК-ийн хашаанд оршин суух Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуун/РД: УС58052311/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг,төмөр зам гудамж, Эс Эм контейнер ХХК-ийн хашаанд оршин суух Түдэв овгийн Авирмэдийн Дэлгэрмаа/РД: ЧП61121583/

Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны  10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд граагсан тайлбартаа: татвар төлөгчийн 5116856 тоот регистрийн дугаартай “Экструдрменежмент” ХХК улсын бүртгэлд 9011064138 дугаараар 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн.

“Экструдрменежмент” ХХК-ийн улсын бүртгэлийн болон татварын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хаяг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд бүртгэлтэй гэх боловч, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Засаг дарга  тодорхойлсон байна. Үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Батмөнхийн Төмөрчулуун, Авирмэдийн Дэлгэрмаа нар Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг,төмөр зам гудамж, Эс Эм контейнер ХХК-ийн хашаанд оршин суудаг гэх бүртгэлтэй боловч амьдардаггүй, болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон.

Тус компаниас 241,166,911 төгрөгийн татварын өр төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэх гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй хорооны тодорхойлолт авах боломжгүй байх тул “Экструдрменежмент” ХХК болон үүсгэн байгуулагч Б.төмөрчулуун, А.Дэлгэрмаа нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу эрэн сурвалжилж өгнөүү.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,41.1.4 дэх заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экструдрменежмент” ХХК болон үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун, А.Дэлгэрмаа нарыг эрэн сурвалжлуулах шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

          Б.Төмөрчулуун, А.Дэлгэрмаа  нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаагаас гадна тэрээр албан ёсны хаягтаа байхгүй түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Б.Төмөрчулуун, А.Дэлгэрмаа  нар хамгийн сүүлд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг, төмөр зам гудамж, Эс Эм контейнер ХХК-ийн хашаанд оршин суух бүртгэлтэй гэх зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуун/РД: УС58052311/, Түдэв овгийн Авирмэдийн Дэлгэрмаа/РД:ЧП61121583/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

                        

                   

                             ДАРГАЛАГЧ                                   Т.ГАНЧИМЭГ