Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 425

 

МАГАДЛАЛ

 

2017.02.10                                             Дугаар 425                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

А.Цэрэндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Пегасус ложистик групп” ХХК-д холбогдох,

2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 5 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:А.Цэрэндулам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох байр сууриа илэрхийлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани ачаа тээвэрлэлт, хангамжийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн эрхэлж буй үйл ажиллагаанаас шалтгаалж ажилчдын ажлын ачаалал харилцан адилгүй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тэрээр орон нутагт буюу Тавантолгойн хээрийн ангид төслийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан ба уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас хамаарч, нүүрс тээвэрлэлт хийгдэх үед ажлын ачаалал нь ихэсдэг хэдий ч компанийн зүгээс тухайн үед ажилласан илүү цагийгдараа нь нөхөн амраах хэлбэрээр тооцдог байсан. А.Цэрэндуламын илүү ажилласан цагийг нөхөн тооцож амраах зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цалинтай амралт эдлүүлсэн бөгөөд түүнтэй хийх илүү цаг ажилласны болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл цагийн тооцоо дууссан гэж үзэж байна. Харин эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдох болсноор бид ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь бүрэн гүйцэд өгч чадахгүй байх тохиолдол гарч байгаа хэдий ч компанийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Манай зүгээс 2015 оны 09-11 дүгээр cap, 2016 оны 01-10 дугаар саруудын цалин, ээлжийн амралтын олговор, ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Пегасус ложистик групп ХХК-иас 25 920 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 274 682 төгрөг гаргулах болон 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 18 567 төгрөг, Пегасус ложистик групп ХХК-иас 287 554 төгрөг тус тус гаргуулан А.Цэрэндуламд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зохицуулсан бөгөөд үүний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.1.29-ны өдрийн 101/ШШ2016/01166 тоот захирамжаар намайг ажлаас буруу халсныг тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор болсон боловч цалинг тодорхой байдлаар шүүгчийн захирамжинд тодорхой тусгаагүй учраас би энэхүү хугацааны үндсэн цалинг 3 000 000 төгрөгөөр (2 500 000 төгрөг нь цалинг үндэслэлгүй бууруулсан дүн) тооцон, нийт 6 900 000 төгрөгний дүнтэй байхаар шаардлагыг гаргасан. Харин хариуцагч эхлээд 2 500 000 төгрөгөөр тооцон төлье, тэгээд энэ шүүхийн шийдвэрийг харая гээд 5 833 333 төгрөг төлхөөр болсон тул би 2016.11.04-нд энэхүү шаардлагынхаа дүнг бууруулж, 1 066 667 болгосон байгаа. 2015.09.01- 2016.02.16 (шинээр, өөр цалинтай хөдөлмөрийн гэрээ хийсэн) хүртэлх цалинг 3 000 000 төгрөгөөр тооцож, энэ хугацааны нийт цалингийн дүнг шийдвэрээр тогтоон баталсан байгаа. Иймд 2015.11.20-2016.01.29 хугацааны цалинг бууруулан тооцсон зөрүүг хариуцагчаас гаргуулахыг шийдвэрт тусгаагүй, шаардлагыг орхигдуулсан тул зөрүү дүн 1 066 667 төгрөг, алданги 533 333 төгрөг нийт 1 600 000 төгрөг гаргуулах. Би 2013.05.13 -нд Пегасус Ложистик Групп-т ажилд орж, 2016.10.20-нд ажлаас чөлөөлөгдсөн ба компани 2015 оны 11 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүйгээс нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч боломжгүй болсон. Удаан хугацаанд цалин төлөгдөөгүйгээс бусдаас зээл авч, одоо эцэст нь ажилгүйдэл үүсэхэд тодорхой хугацааны амжиргааны баталгаа болох энэ тэтгэмжийг авах эрхгүй болсон ба хохирол маань улам ихэссэн. Тиймээс хариуцагчаас ажилгүйдэлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөр 6,273,585 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ компанид 2013.05.13-наас 2016.10.20 хүртэл буюу 41 cap энд тасралтгүй ажилласан ба ажил олгогч ЭМ, НД-ийн төлөлт хийх, холбогдох тайлан, төлөлтийг хийх үүрэгтэй ба, хариуцлагыг компани бүрэн хариуцах ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-т "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй." мөн хуулийн 6-р зүйлийн 6.2-т "Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцажтөлнө." гэж заасан байдаг. Хариуцагч нь НД-ийн шимтгэлийг төлөөгүйн хариуцлагыг хүлээхгүй, учир нь ажилтан шүүхэд гомдол гаргасан, шүүхийн шийдийг харж байж тайлан гаргах хэрэгтэй байсан, ажилтан дэвтэрээ өөрөө авч явсан байсан, тайланг сарын дотор нь өгдөг учраас амжихгүй байсан, ажилтан 2015 оны 12 сараас ажилгүйдэлийн тэтгэмж авсан ба одоо дахин авах эрх нь үүсэхгүй гэх зэргээр хэлсэн нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдоно. Ажил олгогч нь цалин хөлсийг цагт нь төлж, цалин хөлснөөс зохих суутгалуудыг хийн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын албанд cap бүр тайлагнах үүрэгтэй байдаг. Мөн ажил олгогч нь ажилтаны цалин хөлс, орлогын дүнг үнэн зөвөөр цаг тухайд нь холбогдох байгуулгуудад шимтгэл төлж, тайлагнах мөн тайландаа үндэслэн, даатгалын дэвтэрийг хөтлөж ажиллахаас бус харин ажилтаныг даатгалын үйлчилгээ авах эрх ашгийг хөндөж, хүндрэл учруулах ёсгүй. 2015 оны 11 сард илүү төлөлт хийсэн учир шүүхийн шийдвэрийг харж байгаад тэр дүнгээс шилжүүлэн, дахин тайлан гаргана гэдэг ба санхүүгийн менежер М.Амарбаяр нь хэлдэг ба 2016.02.16-2016.04.28 цалин төлөлт, тайланг хийгээгүйгээ ийнхүү байдлаар тайлбарлан гарын үсэг тамга дарж өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Ингэсээр 2016 оны 11 сарын 02-өдөр буюу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэл гаргах хугацаа дуусах үеэр даатгалын шимтгэлийг төлөх талаар олон удаа асууж, шаардсан боловч даатгалын шимтгэл төлөөгүй байсаар байсан, одоо ч төлөөгүй байгаа.

Хариуцагч нь 2016 оны 1 сарын 29-ний шүүгчийн 1166 тоот захирамжийн дагуу олгох мөнгө одоо шийдвэр гүйцэтгэлээр орон, хэрэгжүүлж байгаа. Ингэж 2015.11.20- 2016.01.29 хоорондох тайланг гарган, НД-ын шимтгэл төлөлт сүлжээнд бүртгэгдээд, дараа нь дэвтэр дээр баталгаажилт хийснээр, 2015 оны 11 сард эрх үүссэн нийгмийн даатгалаас авсан ажилгүйдэлийн тэтгэмж буцаан төлөгдөж, тэр удаагийн ажилгүйдэлийн тэтгэмж авагдаагүйгээр тооцогдон, хари 2016 оны 10 сарын 20-д ажлаас халагдсанаар ажилгүйдэлийн тэтгэмж авах эрх үүсээд авах байтал сүүлийн 11 cap шимтгэл төлөгдөөгүй учраас авах эрхгүй болсон. Энэхүү тэтгэмж авах хүсэлтийг халагдсанаас хойш 14 хоногийн дотор НД-д өгөх үүрэгтэй байдаг ба ажил олгогчид хариуцлага тооцон, даатгуулагчид учирсан хохиролыг барагдуулахаар холбогдох хууль, журамд заасан байдаг. Зөвхөн НД-ийн тайлан, төлөлт хийсэний үндсэн дээр нийгмийн даатгалын сүлжээнд бүртгэгддэг ба энэ бүртгэлийг үндэслэн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийн баталгаажуулдаг. Нийгмийн даатгалын дэвтэр нь компани дээр хадгалагддаг ба дэвтэр хэрэгтэй үед бөглөөгүй байгаа гэдэг байсан учир авах боломжгүй байдаг байлаа. Тэр ч байтугай, би ТОСК-д түрээсийн өргөдөл гаргах, Голомт банканд зээл хөөцөлдөхдөө төлөлт хийн, бичилт хийлгэхийг чухалчилан гуйгаад, бөглөсөн эсэхийг нь асуухад, 2015 онд илүү төлөлт хийсэн дүнгээс.суутгаж, дахин тайлан хийнэ, амжаагүй гэсэн тайлбарыг өгдөг байсан. Ингээд цалин, орлого нь ордоггүй гээд тэдгээр зээлийн шалгаруулалтуудад тэнцдэггүй байсан учир надад гомдолтой байдаг. 2016.10.20-нд халагдахдаа хүртэл бөглөхийг шаардаад, төлөлт хийхийг нь хүлээн мөн л дэвтэрээ орхиод, 11 сарын 2,3-нд НД газарт хандахаар, даатгалын төлөлтийг асуухад мөн л төлөлт, бичилт хийгдээгүй байсан, одоо ч хийгээгүй. Иймд анхан шатны шүүх нийт 74 274 682 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул нийт 74 274 682 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2015 оны 9 сард цалин, ээллшйн амралтыг давхцуулан бодсон нь алдаатай болсон бөгөөд гомдлын "Нэг" дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу сарын үндсэн цалинг 2 500 000 төгрөгөөр тооцож, 2015 оны 10 сард 2 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20 хүртэл 1 666 666.70 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 111 111.11 (2,500,000/1 8*8) төгрөг нийт 5 277 777.81 төгрөг бодогдох ёстой. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ногдох цалинд 12 283 018 төгрөг тооцохдоо 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах ээлжийн амралтын мөнгийг давхар тооцсон нь мөн алдаатай болсон. Компанийн зүгээс ажилтны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 2 299 824.97 төгрөгийг 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс ажлын 22 хоногоор тооцон олгохоор үүнээс хойшхи хугацааны буюу 2016 оны 10 сарын 20 хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын олговорт 602 087.00 төгрөгийг ажлаас халагдсан өдрөөр нь тооцон олгохоор шийдвэрлэсэн. Иймд 2016 оны 02 дугаар сарын 16-наас 29-нийг дуустал хугацааны цалин 833 333.33 (1,500,000.00/18*10) төгрөг, 2016 оны 3. 4. 6: 7. 8. 9 сарын цалин 9 000 000.00 (1,500,000.00*6 cap) төгрөг. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 20 хүртэл 975 000.00 төгрөг буюу нийт 10 808 333.33 төгрөг бодогдох ёстой байсан. Нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчаас нийт 98 665 159 төгрөг гаргуулна гэсэн байсан ч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчаас 100 195 459 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд үүнээс хэд нь цалин хөлс, хэд нь ээлжийн амралтын олговор хэд нь алданги гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлага тус бүр тайлбарлаж нотолж чадаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч ийнхүү нотлож чадахгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Гомдолд дурдсан дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч А.Цэрэндуламын сарын үндсэн цалинг 3 000 000 төгрөгөөр тооцсон болон 2015 оны 09, 2016 оны 05 саруудад үндсэн цалин ээлжийн амралтын олговорыг давхацуулан тооцсон нийт 5 432 754.86 төгрөгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс хариуцагчийн төлбөл зохих мөнгөн дүнг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Цэрэндулам нь хариуцагч “Пегасус ложистик групп” ХХК-д холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 5 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Цэрэндулам нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагад захиргааны туслах ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнийг үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01166 дугаар захирамжаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор, хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 тоот тушаалаар А.Цэрэндуламыг өмнө эрхэлж байсан ажил тушаал /Хүрэн шивээ/-д эгүүлэн томилж, сарын үндсэн цалин 2 500 000 төгрөг байхаар талууд тохиролцон, хөдөлмөрийн гэрээнд заасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн дүгнэлт, шийдвэр зөрчилтэй, ойлгомжгүй болжээ.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны талаар зөв дүгнэсэн атлаа хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сарын      01-нээс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалин гаргуулахаар шаардахдаа тухайн хугацааны цалинг 2 500 000 төгрөгөөр тогтоосныг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн, 3 000 000 төгрөгөөр бодож тооцсон нь үндэслэлгүй байна.

А.Цэрэндуламын нийгмийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны цалинг 2 500 000 төгрөгөөр тооцон бичилт хийж нийгмийн даатгалын шимтгэл төлснийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэ байдлыг нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14/15 тоот тушаалаар нэхэмжлэгчийн сарын цалинг 3 000 000 төгрөгөөр тогтоосон тушаал хүчингүй болсныг мөн оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсаныг А.Цэрэндулам үгүйсгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас 1014-2015 оны хугацаанд хамаарах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаагаар хязгаарлагдаж байгаагаас гадна өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч шийдвэрлэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас шүүгчийн 101/ШШ2016/01166 дугаартай захирамж гарсан өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажилд авах тушаал гарсан 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалинг тус тус хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон 2 500 000 төгрөгөөс тооцон, /2 500 000:21,5 = 116 279 төгрөг x 9 сар 4 хоног = 22 965 116 төгрөг/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Пегасус ложистик” ХХК-иас 22 965 116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Цэрэндуламд олгож, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын     01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, мөн хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 5 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт гаргуулах, 2015 оны 5, 7-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох, хариуцагчаас 77 230 343 төгрөг гаргуулах, гэснийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...287 554 төгрөг...” гэснийг “544 101” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 529 325 төгрөг, хариуцагчаас төлсөн 101 875 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

 

                              ШҮҮГЧИД                                                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ