Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 017

 

Ж.Байхумарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаар шүүгчийн захирамжгай, Ж.Байхумард холбогдох эрүүгийн 201704000071 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ардабек, прокурор Х.Өрен, шүүгдэгч Ж.Байхумар, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, иргэний нэхэмжлэгч С.Сакен, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Санырау есентай овогт Жанабигийн Байхумар нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр нойтон шинэс мод бэлтгэж, байгаль экологит 249 292 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Байхумард холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05-р сарын 08- ний өдөр хянан хэлэлцэж 69 тоот захирамжаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Байхумарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэснийгХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 08-ний өдрийн 69 дугаартай захирамж нь үндэслэлгүй, хавтаст хэрэг авагдсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг үндэслэлгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байх тул эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт учруулсан хохирол 249292 төгрөг гэсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтанд учирсан хохирол 747846 төгрөг гэж зөрүүтэй бичигдсэнээс үзэхэд хохирлын хэр хэмжээг бүрэн тодорхойлж тогтоолгүй яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгчээр байцаагдсан С.Сакений мэдүүлэгт “...Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугээр зүйлийн 49.4.1-д байгаль орчинд учруулсан эдийн засгийн үнэлгээ буюу хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтооно...747876 төгрөгийн нөхөн төлбөрийг...нэхэмжлэх болно...” /хх- 29 хуудас/ гэжээ, гэтэл шинжээчийн дүгнэлтэд 747876 гэж огт дурдаагүй бөгөөд уг дүгнэлтэд: “...1. Цэнгэл сумын “Жепек” гэх газраас бэлтгэсэн 12 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 249292 төгрөгийн бодит хохирол учирсан байна...” /хх-ийн 45-46 дугаар хуудас/ гэснээс үзэхэд Байгаль экологит хэр хэмжээний хохирол учирсан нь эргэлзээ төрүүлж байна. Шинжээч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “...хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи- эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”, 49.4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасныг үндэслэл болгон шинжилгээ хийн дүгнэлт гаргаагүй байх тул дүгнэлтийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иймд ахин шинжээч томилж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох шаардлагатай.” гэжээ.

Энэхүү буцаасан заалт нь үндэслэлгүй ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот дүгнэлтээр /хх-ийн 44- 47рх/ Цэнгэл сумын “Жепек” гэх газраас бэлтгэсэн 12 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 249292 төгрөг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан Ойн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн яллагдагч Ж.Байхумарын үйлдлийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоосон байгаа. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр ойн санд учирсан бодит хохирлыг тогтоож өгсөн ба үүгээр захиргааны зөрчил эсхүл эрүүгийн гэмт хэрэг аль нь болохыг тодорхойлж хариуцлага хүлээлгэх учиртай. Харин шинжээчийн дүгнэлтээр Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасан “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтооно” гэж тодорхой заасан диспозици заалтыг тайлбарлуулах нь хууль зүйд нийцэхгүй. Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчээр байцаагдсан С.Сакен нь хуулийн зүйл заалтыг үндэслэн нэхэмжлэх нөхөн төлбөрөө тодорхой мэдүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт нөхөн төлбөр бүхий 747846 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан талаар дурдсан нь яллах дүгнэлтийн тэмдэглэх болоод тогтоох хэсэгтээ дурдсан хэргийн улмаас учирсан бодит хохирлын дүнтэй зөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хэргийн улмаас учирсан хохиролд эргэлзэх учиргүй байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож чадаагүй байна. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол, бусад баримт нь хавтаст хэргийн 76, 78-р хуудсанд авагдсан байна. Уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгээр зүйлчлэгдэж байгаа бөгөөд хэрэв тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдэгдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгээр зүйлчлэгдэх учиртай. Иргэний нэхэмжлэгчээр С.Сакен нь шүүх хуралдаанд “...Цэнгэл сумын тус газар нь манай орчны бүс гэж явна. Иймд манайх хяналт тавина...” гэж тайлбар өгсөн. Энэ тухай нотлох эрх бүхий байгууллагын баримт бичиг, эрх зүйн эх сурвалж хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг орчны бүстэй байж болно. Орчны бүсийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна”, 4.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ тогтооно” гэж заасан байх тул үүнийг тодруулах шаардлагатай. Иргэний нэхэмжпэлийг зөв тогтоож чадаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Монгол Алтай нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны дансанд шүүгдэгч нийт 747876 төгрөгийн хохирол төлсөн нь зөв иргэний нэхэмжлэгчийн дансанд хийсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Иргэн,...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “иргэн,...байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого”, 12.1.5-т “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д “хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого" гэж заасан байна. Иймд хохирлын мөнгийг Засгийн газрын байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар байна. Иймд дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй.” гэжээ.

Энэ нь зүйд нийцэхгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1- д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь тайлбарлана.” гэсэн ба Улсын дээд шүүхийн 2009 оны 05-р сарын 22-ны өдрийн 15 тоот тогтоолоор энэхүү эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 117 дугаар зүйлийн

  1. д      заасан “Иргэний нэхэмжлэл гаргах эрх” нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дизпозитив зарчимд үндэслэгддэг тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэнийг ч нэхэмжлэл гаргуулахаар албадах ёсгүй” гэж тодорхой тайлбарласан байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай байна.

Учир нь Монгол Алтай Нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын захиргаа нь өөрөө төрийн байгууллага бөгөөд үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг орчны бүстэй байж болно. Орчны бүсийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна” гэсэн байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн

д         “Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ” гэж, 10.1-д: “Орчны бүсэд явуулж байгаа үйл ажиллагаа, орчны бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд орон нутгийн өөрөө удирдах болон төрийн холбогдох байгууллага хяналт тавина” гэсэн байна. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн ойд бус тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүст гарсан гэмт хэргийн улмаас байгаль экологт учирсан хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцсон Монгол Алтай Нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Сакен шүүх хуралдаанд биечлэн оролцож иргэний нэхэмжлэгчээр оролцсон үндэслэлээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарласан байхад шүүгчээс зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Х.Хаматжанд холбогдох 201604000273 дугаартай хэрэгт хэрэг нь улсын тусгай хамгаалалтгай газар нутагт үйлдэгдсэн байхад Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Тилеубай нь иргэний нэхэмжлэгчээр оролцож, хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн ба 2017 оны 01-р сарын 10-ны өдөр 05 тоот шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ш.Күнтуганд холбогдох 201604000233 дугаартай хэрэгт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн байхад холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Цэнгэл сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн О.Женисхан гэгч оролцож байгаль экологит учирсан хохирлыг төрийг төлөөлж нэхэмжилснийг 2017 оны 01-р сарын 20-ны өдөр 12 тоот шийтгэх тогтоолоор тус тус шийдвэрлэжээ. Дээрх хэргүүдэд гэмт хэрэг тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдсэн ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гэсэн ба 6.2.4-т “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж тусгасан байна. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг тогтоох шаардлагатай боловч байгаль экологит учирсан хохирол нь өөрөө төрд учирсан хохирол байх тул төрийг төлөөлж нэхэмжилсэн субъектийг дээрх хэргүүдэд иргэний нэхэмжлэгчээр тогтоон оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шийдвэр болжээ.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байна. Хавтаст хэргээс үзвэл уг гэмт хэргийг үйлдэхэд сүх, хөрөө зэргийг хэрэглэсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд заавал хурааж улсын орлого болгох эд зүйлсэд шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй нь мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэх үндэслэл болно.” гэжээ.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолын 9-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох буюу уг зэвсэг хэрэгслийн онцлогийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана” гэсэн байгаа. Холбогдох хэргийн эд мөрийн баримтын хувьд яллагдагч Ж.Байхумарын эзэмшлийн хуучин модон бариултай хөрөө, модон иштэй төмөр сүх, 450 см-ийн урттай олс зэрэг нь түүний өөрийн эзэмшлийн эд зүйл болох нь тогтоогдсон ба шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс уг эд мөрийн баримтыг яллагдагч Ж.Байхумар нь зэвсгийн чанартай ашигласан байх тул эд мөрийн баримтын онцлогийг харгалзан устган шийдвэрлүүлэх талаар санал гаргасан.

Улсын дээд шүүхийн 2006 оны 02-р сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор зах зээлийн үнэлгээг зайлшгүй тогтоосон байхыг шаардах тохиолдол бүрийг тодорхой зааж өгснөөр практикт хэрэглэж байгаа. /Жишээ нь: Бусдыг зэвсгийн чанартай эд зүйл болох хутга хэрэглэж амь насыг нь хохироосон хэрэгт эд мөрийн баримт болох зэвсгийн чанартай хэрэгсэл хутганы үнийг, өөрийгөө боомилж нас барсан гэмт хэргийн хувьд хэргийн газраас олдсон эд мөрийн баримт болох олсны зах зээлийн үнэлгээг тогтоож улсын орлого болгон шийдвэрлэх нь учир дутагдалтай юм./ Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/, Улсын бүртгэлийн лавлагаа /хх- ийн 61-р хуудас/ зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.Байхумарын ургийн овог зөрүүтэй байна гэх боловч ургийн овог Санырау эцгийн нэр Жанаби, өөрийн нэр Байхумар, регистрийн дугаар нь БЛ64122017 гэж лавлагаа гаргуулсан байна. Харин цахим үнэмлэхний лавлагаагаар Санырау есентай овгийн Жанаби овогтой Байхумар, БЛ64122017 регистрийн дугаартай байна. Аливаа улс оронд иргэний ургийн овог нэр давхардсан тохиолдол олон байдаг хэдий ч иргэний регистрийн дугаар хэзээ ч давхардахгүй олгогддог онцлогийг үндэслэн ял шалгуулах хуудсыг нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой байна.

Түүнчлэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05-р сарын 08-ний өдөр хянан хэлэлцэж 69 тоот захирамжид Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн гэх ба тус хуулийн 230.1 аль заалтыг үндэслэн хэргийг буцаасан нь тодорхойгүй, захирамж нь хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгон хэргийг

анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэлгэрүүлж тайлбарлавал. Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтын хувьд бодит хохирол нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан байгаа. Хэргийн бодит хохирлын хувьд бол Ойн сум дундын ангиас 01 тоот дүгнэлтээр Цэнгэл сумын “Жепек” газраас бэлтгэсэн 12 ширхэг модны экологи, эдийн засгийн үнэлгээг 249292 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл, агуулга нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан санкц, дизпози заалт хангагдах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл захиргааны хариуцлага тооцох эсхүл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эсэх асуудлыг бид нар энэхүү шинжээчийн дүгнэлтээр тогтоон шийдвэрлэсэн бөгөөд 249000 төгрөг бүхий хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан шинжээчийн дүгнэлт гарсан байх тул Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангасан юм. Ж.Байхумарыг хэрэгт холбогдуулан татах явцад эрүүгийн хэрэгт холбогдуулан иргэний нэхэмжлэгчээр тогтоосон субъект маань энэхүү байгаль, экологид учруулсан хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Иргэний нэхэмжлэгч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэхэмжилж, оролцож ирсэн байгаа. Шүүгчийн захирамжийн агуулгын хувьд болохоор шинжээчийн дүгнэлтэд 249292 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-д заасан заалтыг үндэслэн гурав дахин үржүүлж тогтооно гэснийг шинжээчийн дүгнэлтээр гаргаагүй гэсэн агуулгаар хэргийг буцаасан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн тодорхой заалтыг өнөөдөр бид нар шинжээчээр хуулийг тайлбарлуулан дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Үүнийг прокурорын зүгээс эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн үндэслэл болгосон юм. Хоёрдугаар заалтын хувьд иргэний нэхэмжпэгчээр тогтоосон субъект маань Монгол Алтай Нурууны тусгай хамгаалалттай газруудын захиргааны мэргэжилтнийг тогтоосон нь өөрөө буруу гэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдээгүй байхад өнөөдөр Монгол Алтай Нурууны тусгай хамгаалалттай газруудын захиргааны мэргэжилтнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулсан гэсэн агуулга бүхий захирамж гаргасан байна. Монгол Алтай Нурууны тусгай хамгаалалттай газруудын захиргаа нь өөрөө төрийн байгууллага, тухайн гэмт хэрэг улсын тусгай хамгаалалтай газрын орчны бүсэд гарсан байгаа. Монгол Аптай Нурууны тусгай хамгаалалттай газруудын захиргаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хяналт тавих эрх бүхий субъект болох нь холбогдох хууль тогтоомжуудад тодорхой заасан ба үүнийг шүүгч захирамжинд дурдаж өгсөн учраас давхардуулан хэлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг нь тусгай хамгаалалттай газрын орны бүсэд үйлдэгдсэн болох нь иргэний нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Гэтэл энэхүү хэргүүдэд мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Тилеубай нь н.Хаматжанд холбогдох эрүүгийн хэрэгт, н.Күнтуганд холбогдох эрүүгийн хэрэг тусгай хамгаалалттай газарт үйлдэгдсэн байхад тус сумын ИТХ-ын дарга О.Женисхан гэдэг хүн иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан байна. Тусгай хамгаалалтай газар нутагт хэрвээ гэмт хэрэг үйлдэгдсэн бол эд хөрөнгийн нөхөн төлбөрийг тусгай хамгаалалтай газар нутгийн байцаагч нар нэхэмжлэх, санхүүг бүрдүүлэх хуулийн заалтыг тусгаж өгсөн байхад, энэхүү хэргүүдэд мөн адил хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Захирамжийн 3 дугаар заалтад, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох буюу уг зэвсэг, хэрэгслийн онцлогийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана” гэсэн байгаа. Холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар Ж.Байхумарын эзэмшлийн хуучин сүх, хуучин хөөрөө, 450 см урттай олс зэргийг хураан авч, шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар шинжлэн судалсан байгаа. Энэхүү эд мөрийн баримтууд Ж.Байхумарын өмчлөлийн эд зүйл болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Улсын яллагчийн зүгээс энэхүү эд мөрийн баримтын онцлогийг харгалзан устгах саналыг шүүх хуралдаанд гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн захирамж өөрөө үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү эд мөрийн баримтын онцлогийг харгалзан үнэлгээг тогтоохоор буцаах үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Дээрх хэргүүдэд хураан ирүүлсэн хөөрөө зэрэг эд мөрийн баримтуудыг устгах шийдвэр гаргасан ба ямар нэгэн үнэлгээ тогтоох эсэх асуудал байгаагүй юм. Тухайн эд мөрийн баримтын онцлогийг харгалзан шүүгч дотоод итгэлээр шийдвэрлэх бүрэн боломжтой байхад буцаасан нь үндэслэлгүй байна гэсэн улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн байгаа. Мөн шүүгдэгч Жанаби овогт Байхумарын тухайн үед хавтаст хэрэгт авагдсан ял шалгуулах хуудас болон цахим үнэмлэхийн лавлагаагаар ургийн овог зөрүүтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Санырау овогт Жанаби овогт Байхумар регистрийн дугаар нь ижилхэн, лавлагаанд санырау есентай овгийн Жанаби овогт Байхумар регистрийн дугаар нь ижилхэн байна. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж гаргасан 69 дугаар шүүгчийн захирамжид үндэслэл болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх заалтыг баримтлан уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар дурдсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлд заасан задаргаа бүхий 4 заалтын чухам аль заалтыг үндэслэн өнөөдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагч яллахаас татгалзсан, хэргийг буруу нэгтгэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэдэг заалтуудын аль болох нь тодорхойгүй захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Эсэргүүцлийг дэмжиж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Байхумар нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 12 ширхэг буюу 0.6789 м2 эзлэхүүнтэй шинэс мод бэлтгэж 249292 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.Байхумарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

1. Улсын яллагчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны 5/02 дугаартай эсэргүүцэлд “Хавсралт хэсэгт нөхөн төлбөр бүхий 747846 /долоон зуун дөчин долоон мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан талаар дурдсан нь хэргийн улмаас учирсан бодит хохирлын дүнтэй зөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хэргийн улмаас учирсан хохиролд эргэлзэх учиргүй.” гэжээ.

Энэ гэмт хэргийн бодит хохирол нь шинжээчийн дүгнэлтээр 12 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.6789мЗ х 204.000 төгрөг х 1.8=249.292 төгрөг гэдгийг тогтоожээ. Шинжээч томилсон тогтоолд “Жепек” гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох?” гэсэн асуултад хариулахдаа “экологи эдийн засгийн үнэлгээ нь 249.292 төгрөг байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” “1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж

зааснаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэсэн заалтаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцэх юм.

Хавтаст хэргийн 87, 106 дугаар хуудсанд авагдсанаар 600.000 төгрөг нэг удаа, 37.878 төгрөг нэг удаа тус тус МАНУТГ- хамгаалалтын 0000100020013005 тоот дансанд тушаажээ. Дээрх хуулийн заалтаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж зөвтгүүлэх нь зүйтэй.

  1. Иргэний нэхэмжлэл гаргах эрх нь “нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг тул хэний ч нэхэмжлэл гаргахаар албадах ёсгүй" гэж тайлбарласан байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.

Улсын яллагчийн эсэргүүцэлд “нэхэмжпэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг” гэж хуулийг буруу тайлбарласан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох эрх нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтол, шүүгч захирамж гаргаж тогтоодог. Иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрх нь мөрдөн байцаагч, прокурорт байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь диспозитив зарчимд үндэслэгддэг бөгөөд энэ хоёр эрх тусдаа ойлголт юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж, Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1,-т “төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд” гэж хуульчилжээ.

Иргэний нэхэмжлэгчээр хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд “Баян-Өлгий аймгийн 6 дугаар багт оршин суух, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд мэргэжилтэн ажилтай С.Сакенийг” тоггоожээ. Иргэний нэхэмжлэгчийг тухайн ойн нөөц нь сумын, эсхүл аймгийн эзэмшилд орох эсэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хуульд заасан чиг үүргийг нарийвчлан тогтоож, мөрдөн байцаалтаар нарийн шалгаж иргэний нэхэмжпэгчийг зөв тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

  1. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө хураах ялыг” мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, эсхүл түүний үнийг болон гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө ялаас гадуур заавал хураана” гэсэн зохицуулалттай холбож ойлгож болохгүй бөгөөд эд хөрөнгө хураах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хэрэглэдэг бол гэмт хэргийн замаар олсон ашиг орлого, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хялбаршуулах зорилгоор ашигласан эзэмшигч нь мөн эсэх, гэмт үйлдэлд ашиглахыг мэдсэн эсэхийг харгалзахгүйгээр заавал хурааж төрийн өмчлөлд шилжүүлдэг учиртай. Ингэхдээ эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийллээр тогтоох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинжчанар, хэр хэмжээг” бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

                 1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2.Шүүгдэгч Ж.Байхумард урьд авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                        Б.ДАМБА

                                                             Д.МӨНХӨӨ