Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2016/06479

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШЗ2016/06479

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 3 байр 4 тоотод оршин суух А.З,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 3 байр 4 тоотод оршин суух Д.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 4 байр 2 дугаар давхар оффисийн өрөөнд байрлах “К” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү үнэ 3.650.000 төгрөг, зээлийн үүрэгт илүү төлсөн 2.628.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Н, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов. 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.З, Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие А.З нь эх Д.Эын хамт К ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 3 байрны 4 тоотод байрлах 46.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15.130.000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц санхүүжилтийн корпорациас зээлийн гэрээгээр авсан 38.000.000 төгрөг, нийт 53.130.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч тухайн орон сууцны паркетан шалаа солиулах шаардлагаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр У ХХК-аар орон сууцны м.кв хэмжүүлэхэд дээрх орон сууцны талбай 43.25 м.кв байх тул дээрх барилгын талбайн зөрүү 3.2 м.кв-ийн үнэ болох 3.650.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд илүү төлсөн 2.628.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “К” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн А.З, Д Э нарын гаргасан “К” ХХКомпанид холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах хариу тайлбарыг гаргаж байна. Зохигчид нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Захиалгаар орон сууц барих тухай” гэрээ байгуулан, хариуцагч нь 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл нэхэмжлэгчид нь гаргасан нэхэмжлэлдээ 6.278.000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуульд заасан зөрчигдсөн эрхийг сэргээх хөөн хэлэлцэх хугацааг энэ тохиолдолд хэтрүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан “Захиалгаар орон сууц барих тухай” гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” мөн. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй байсан боловч хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчид тухайн орон сууцыг хүлээн авахдаа болон авсны дараа мэдэх боломжтой байсан, бас нэгэнт орон сууцаа маргаангүй хүлээн авсан тул тэр үеэс нь хугацаа тоологдож эхэлсэн тул өнөөдөр эрхээ хамгаалуулах эрх нь дууссан. Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.З, Д.Э нар нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ 3.650.000 төгрөг, зээлийн үүрэгт илүү төлсөн 2.628.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “К” ХХК нь гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нар тухайн орон сууцыг хүлээн авахдаа болон авсны дараа доголдлыг мэдэх боломжтой байсан, нэгэнт орон сууцаа маргаангүй хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 07/36 дугаар “Захиалгаар орон сууц барих тухай гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч А.З нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, А хотхон 4 дүгээр байрны 4 тоот 46.2 м2 талбай бүхий орон сууцыг 53.130.000 төгрөгөөр хариуцагч “К” ХХК-д захиалж гүйцэтгүүлэхээр тохиролцжээ /хх-29-33/.

 

Нэхэмжлэгч дээрх орон сууцыг 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээн авсан /хх-34/ ба түүнд 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ /хх-80/.

 

Зохигчдын хооронд үүссэн харилцааг нэхэмжлэгч миний хөрөнгөөр орон сууц баригдаагүй учир худалдах, худалдан авах гэрээ гэж, хариуцагч ажил гүйцэтгэх гэрээ гэж тус тус тодорхойлж байна.

 

Гэрээний зүйл болох орон сууц 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулах үед бусдын өмчлөлд шилжүүлэхэд бэлэн байсан учир 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээлцсэн болох нь зохигчдын тайлбар болон орон сууц хүлээлцсэн актаар тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэх үндэстэй. 

 

Нэхэмжлэлд орон сууцны паркетан шал солиулах шаардлагаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “У” ХХК-аар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 43.25 м2 байсан учир зөрүү 3.2 м2-ийн үнэ болох 3.650.000 төгрөг, мөн банкны зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2.628.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Мөн худалдсан хөрөнгө доголдолтой буюу гэрээнд заасан хэмжээнээс дутуу тохиолдолд худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заажээ.

 

          Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан хөрөнгө тоо хэмжээний хувьд доголдолтой тохиолдолд хариуцагчаас төлсөн үнийг хувь тэнцүүлэн шаардах эрхтэй байна.

 

          Гэрээний 1.1.1-д сууцны талбайг 46.2 м2 гэж заасан ба нэхэмжлэлд хавсаргасан “У” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд сууцны талбай 43.25 м2 гэжээ /хх-9-10/.

 

          Хариуцагч барилгын зураг 2008 онд хийгдсэн байхад 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн стандартыг үндэслэж хэмжсэн нь үндэслэлгүй гэж маргасан ба Үндэсний төв архиваас хуулбарлан ирүүлсэн барилгын зурагт 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн тэмдэглэгээтэй байна /хх-97/.

 

          Иймээс “У” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж орон сууцыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Үүнээс гадна сууцны талбай хэмжигдэх зүйл бөгөөд гэрээнд 46.2 м2 гэж тодорхой хэмжээ заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хүлээж авах үедээ талбайн хэмжээг шалгаж тодорхойлох боломжтой юм.

    

          Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, мөн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.

 

          Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээн авснаар сууцны талбайн доголдлын талаар хариуцагчид шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэстэй байна.

 

          Нэхэмжлэлд орон сууцны үнийн зарим хэсгийг Орон сууцны санхүүжилтийн корпорациас авсан зээлээр төлсөн гэж тайлбарлаж /хх-67-73/, зээлийн үүрэгт илүү төлсөн 2.628.000 төгрөг гаргуулахыг шаардаж байх боловч нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан тул хариуцагчийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-аас 6.278.000 төгрөг гаргуулах тухай А.З, Д.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.З, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 398 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЗОЛЗАЯА