Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/06479 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Кэй энд Ти констракшн” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 6 278 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болорчулуун, Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Зүмбэрэл нь эх Д.Эрдэнэбаярын хамт “Кей энд Ти констракшн” ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны ЗЗВ байрны 84 тоотод байрлах 46.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 130 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц санхүүжилтийн корпорациас зээлийн гэрээгээр авсан 38 000 000 төгрөг, нийт 53 130 000 төгрөгөөр худалдаж авсан.

Гэвч тухайн орон сууцны паркетан шалаа солиулах шаардлагаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Уран-Асар” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 43.25 м.кв байсан тул 3.2 м.кв-ийн талбайн зөрүү болох 3 650 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 2 628 000 төгрөг, нийт 6 278 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Кей энд Ти констракшн" ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид нь 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр "Захиалгаар орон сууц барих тухай" гэрээ байгуулан, хариуцагч нь 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Зохигчдын хооронд байгуулсан "Захиалгаар орон сууц барих тухай" гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ мөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй байсан боловч хэтрүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид тухайн орон сууцыг хүлээн авахдаа болон авсны дараа мэдэх боломжтой байсан бөгөөд орон сууцыг маргаангүй хүлээн авсан тул тэр үеэс хугацаа тоологдож эхэлсэн.

Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч "Кей энд Ти констракшн" ХХК-иас 6 278 000 төгрөг гаргуулах тухай А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 398 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс "Уран-Асар" ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж орон сууцыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Хэдийгээр Аман хуур хотхоны байр 2008 онд барилгын зураг хийгдсэн ч улсын комисс 2011 онд хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ өмчлөгч нарт олгосон.

Стандарчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" Монгол Улсын стандартын дагуу 3.2 м.кв талбай дутуу байхад тухайн стандарт хэрэгжиж эхэлсний дараа ашиглалтад орсон орон сууцны хэмжээг хууль, тогтоомжид /стандартад/ нийцүүлэхгүйгээр нэхэмжлэгч нарт худалдсан нь хууль бус юм. Улмаар нэхэмжлэгч нар тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд м.кв талбайг хасаж тэмдэглүүлэхэд Монгол Улсын стандартын дагуу дутуу 3.2 м.кв талбайн төлбөрийг хэн хариуцах нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байна.

Түүнээс гадна Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн байдлыг тухайн орон сууцыг хүлээн авахдаа мэдээгүй бөгөөд энэ нь худалдан авагчид үүрэг болгосон мэдэх ёстой байсан тохиролцоо гэрээнд тусгагдаагүй, хуульд мэдэх ёстой шаардлага тавигдаагүй байхад мэдэх боломжтой байсан гэж шүүх хуулийг өөрөөр тайлбарлажээ. Мөн анхан шатны шүүх “худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээн авснаар сууцны талбайн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан” гэсэн нь мэдэх боломжгүй доголдлыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэсэн өрөөсгөл ойлголтыг бий болгож байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр дээрх орон сууцыг хүлээн аваагүй, доголдлын талаар мэдэх боломжгүй байдал харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нар нь хариуцагч “Кей энд Ти констракшн” ХХК-д холбогдуулж орон сууцны үнэд илүү төлсөн 3 650 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 2 628 000 төгрөг, нийт 6 278 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, орон сууцыг хүлээж авахдаа доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан тул шаардлага гаргах эрхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Зүмбэрэл, хариуцагч “Кей энд ти констракшн” ХХК-ийн хооронд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 07/36 тоот “Захиалгаар орон сууц барих тухай гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч А.Зүмбэрэл нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман хуур дижитал хотхон А4 дүгээр байрны 84 тоот 46.2 м.кв талбай бүхий орон сууцыг 53 130 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч нь 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр акт үйлдэж орон сууцыг А.Зүмбэрэлд хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ А.Зүмбэрэл, Д.Эрдэнэбаяр нарын нэр дээр 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч анхан шатны шүүх гэрээний зүйл болон орон сууц нь 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулах үед бусдын өмчлөлд шилжүүлэхэд бэлэн байсан байдлыг үндэслэн тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Худалдагч тал гэрээнд заасан 46.2 м.кв талбай бүхий хэмжээтэй биш 43.25 м.кв хэмжээтэй орон сууцыг худалдан авагч талд шилжүүлсэн нь “Уран-Асар” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэмжилт хийсэн баримтаар тогтоогдсон.

 

Орон сууцны талбай нь 3.2 м.кв-аар дутуу байгаа нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдолд хамаарах боловч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээж авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхдаа хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдсан, үүнтэй холбоотой хохирол гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

А.Зүмбэрэл болон “Кей энд ти констракшн” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан ба Д.Эрдэнэбаяр нь гэрээ байгуулахад оролцоогүй тул тэрээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй, хариуцагч байгууллага нь гэрээний зүйлийг Д.Эрдэнэбаярт хүлээлгэж өгөх үүрэггүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/06479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Зүмбэрэлээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА