Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

2020        03          17                                   2020/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Жалайр овгийн Б.Д т холбогдох эрүүгийн 2011000630159 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жалайр овгийн Б.Д , 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дэрсэн шүүр хийж зардаг, ам бүл ганцаараа, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Жавхлант 106-2 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-46 тоотод түр оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 978 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Д  нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-71 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч С.Оюуныг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Оюун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би ажлаасаа буугаад өөрийн хуурай дүү Отгонбаатар руу утсаар залгаад гадуур таксинд явж байвал эгчийгээ ажлаас аваад хүргээд өг гэж хэлээд түүгээр авхуулаад 13 цагийн орчим гэртээ ирсэн ба Отгонбаатарт манайхаар орж гардаг болохоор гэрт хамт орсон. Би урд өдөр нь нойргүй ажилтай хоносон учир гэртээ ороод унтаад амарсан ба Отгонбаатар ч тухайн өдөр ажил төрөлгүй завтай байсан юм шиг манайд утсаараа тоглоод хэвтээд байсан. ...Шөнө 23 цаг өнгөрч байхад Отгонбаатар над дээр ирээд сэрээгээд Оюунаа эгчээ хаалга нүдээд байна гэхээр нь би сэрээд хаалга нээтэл миний өмнө 2 жил гаруй хугацаанд нэг гэрт ороогүй ч уулзаж учирдаг эр эмийн харилцаатай байсан залуу болох Доржмягмар нь байсан ба үгийн зөрүүгүй миний толгойн зүүн чамархайн дээд хэсэгт ямар нэгэн хатуу зүйлээр цохчихсон, би гэрэл асаахгүй харанхуй байсан учир юугаар цохисныг нь хараагүй. Миний толгой руу цохимогц духны зүүн хэсгээр халуун шингэн зүйл мэдрэгдсэн ба гараа хүргэтэл цохиулсан хэсгээс их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/, 

Гэрч О.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 12 цагийн орчимд найз эгч нь Оюуны гэрт амраад хэвтэж байтал тэдний хаалгыг хүн тогшсон. Тухайн үед Оюунаа эгч нөгөө орон дээр унтаж байхаар нь би түүнийг очиж сэрээгээд хүн хаалга тогшоод байгааг хэлсэн ба Оюунаа эгч хаалга тайлтал гаднаас үл таних согтуу эрэгтэй хүн орж ирээд Оюунаа эгчид хандаж яагаад хаалга нээхгүй удаад байгаа юм гэж уурласан өнгө аястай хэлсэн. Энэ үед Оюун эгчийг цохих чимээ гарсан, Оюунаа эгч чи намайг яагаад цохиж байгаа  юм бэ? гээд гэрлээ асаатал Оюунаа эгчийн толгойн  зүүн чамархай хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 825 дугаар дүгнэлтэд: “...С.Оюуны биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх гэмтэл тоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 15-16/,

Шүүгдэгч Б.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-өдрөөс 27-ны өдрийн хооронд  ажлаар явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Хотод ирээд Дэнжийн 1000-д гэртээ харихаар явж байх замдаа 2 найзтайгаа таарсан. Ингээд бид гурав Дэнжийн 1000-д үйл ажиллагаа явуулдаг пабад орж нэг шил 750 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад салсан. Би тэндээсээ Дэнжийн 1000-д байр эгчийнхээ гэрт очиж байж байгаад орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-71 тоотод өөрийнхөө түрээслэн амьдардаг нийтийн байрандаа очоод хаалга тогштол, хаалга нээж өгөхгүй 5 орчим минут болхоор нь би эргээд явах гэтэл гэрийн хаалга нээхээр нь дотогш ортол надтай хамт амьдардаг байсан С.Оюун нь гэрт үл таних 20 гаруй насны залуутай байсан ба уг залууг нь оронд хэвтчихсэн, С.Оюун босчихсон байсан. ...С.Оюун надад хандаж чи яах гэж өнөөдөр ирсэн юм бэ гээд уурлаад байхаар нь би уурандаа баруун гараараа түүний толгойн зүүн чамархай хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 22-24/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, шүүгдэгч Б.Д ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 33-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тогтоол /хх 62/, шүүгдэгч Б.Д ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч С.Оюуны гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/, шүүгдэгч Б.Д т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-46/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д  нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-71 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч С.Оюуныг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Оюуны “...Доржмягмар нь байсан ба үгийн зөрүүгүй миний толгойн зүүн чамархайн дээд хэсэгт ямар нэгэн хатуу зүйлээр цохчихсон, би гэрэл асаахгүй харанхуй байсан учир юугаар цохисныг нь хараагүй. Миний толгой руу цохимогц духны зүүн хэсгээр халуун шингэн зүйл мэдрэгдсэн ба гараа хүргэтэл цохиулсан хэсгээс их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,  гэрч О.Отгонбаатарын “...Оюун эгчийг цохих чимээ гарсан, Оюунаа эгч чи намайг яагаад цохиж байгаа  юм бэ? гээд гэрлээ асаатал Оюунаа эгчийн толгойн  зүүн чамархай хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 825 дугаар дүгнэлт /хх 15-16/, шүүгдэгч Б.Д ын “...С.Оюун надад хандаж чи яах гэж өнөөдөр ирсэн юм бэ гээд уурлаад байхаар нь би уурандаа баруун гараараа түүний толгойн зүүн чамархай хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 22-24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Оюун нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Д  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овгийн Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Д  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН