Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 2020              05           21                                        2020/ДШМ/661                                                                                                     

Б.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Ц.Батбямба,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Д-т холбогдох 2011000630159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Б-гийн Д, Төв аймгийн Сүмбэр суманд 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Жавхлант 106-2 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 00-00 тоотод түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 00000000/

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Б.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-71 тоотод согтуугаар хамтран амьдрагч С.Оюуныг хардалтын улмаас толгой руу нь цохиж зодон “зүүн чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Д- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Ц.Батбямба бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тусгахаар хуульчилсан байхад шүүх торгох ял биелүүлэх хугацааны талаар тогтоолдоо огт заагаагүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-71 тоотод согтуугаар урьд хамтын амьдралтай байсан С.Оюуныг хардалтын улмаас толгой руу нь цохиж зодон “зүүн чамархайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Оюуны “... Отгонбаатар манайхаар орж, гардаг болохоор гэрт хамт орсон. Би урьд өдөр нь ажилтай, нойргүй хоносон болохоор унтсан. Отгонбаатар утсаараа тоглоод хэвтээд байсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад Отгонбаатар намайг сэрээгээд “Хаалга нүдээд байна” гэхээр нь хаалга онгойлготол өмнө нь 2 жил гаруй хугацаанд дотно харилцаатай байсан Доржмягмар байсан. Тэрээр үгийн зөрүүгүй миний толгойн зүүн чамархайн дээд хэсэгт хатуу зүйлээр цохьсон ...” /хх 7-8, 10/,

гэрч О.Отгонбаатарын “... найз эгч Оюуны гэрт амарч байтал хаалгыг нь хүн тогшсон. Оюунаа эгч хаалгаа онгойлготол согтуу хүн орж ирээд цохих шиг болсон. Гэрэл асаатал Оюунаа эгчийн толгойн зүүн чамархай хэсгээс цус гарч байсан ...” /хх 13/,

шүүгдэгч Б.Д-ын “... хаалгаа нээхгүй удсан. Хамт амьдардаг Оюун үл таних 20 гаруй насны залуутай байсан ... “Чи яах гэж өнөөдөр ирсэн юм” гэхээр нь уурандаа толгойн зүүн чамархай хэсэгт нь нэг удаа цохьсон ...” /хх 22-24/ гэх мэдүүлгүүд,

хохирогч С.Оюунд зүүн чамархайн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 825 тоот шинжээчийн дүгнэлт /хх 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Д-, хохирогч С.Оюун нар өмнө нь хамтын амьдралтай байсан гэдгээ хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Шүүгдэгч Б.Д- нь хардалтын улмаас хохирогчийг зодож толгойн чамархай хэсэгт язарсан шарх гэмтэл учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс торгох ял шийтгэхдээ ямар хугацаанд хэрхэн биелүүлэх талаар тогтоолдоо дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тогтоох хэсэгт тусгах шаардлагыг зөрчсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... торгох ялыг …” гэсний дараа “... хуульд заасан хугацаанд ...” гэж нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН