| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2020/0670/з |
| Дугаар | 221/МА2021/0285 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0285
Д.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Ц-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: ”Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ын Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “ ... Тухайн хэрэг маргаан нь иргэн Д.Ц миний тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллан тэтгэвэрт гарахаар тогтоогдсон насанд хүрсэн боловч хуульд заасны дагуу тэтгэвэрт гаргахаас татгалзсан.
... Захиргааны хэргийн шүүх нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 143 дугаар албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заагдсан захиргааны акт биш гэж үзсэн ч тус албан бичиг нь иргэн Д.Ц миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хуульд заасны дагуу захиргааны байгууллагад олгогдсон эрхийн дагуу хангалгүй Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн захирамжилсан агуулга бүхий албан бичиг тул захиргааны актын шинжийг бүрэн илэрхийлсэн тул захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлүүлж өгнө үү.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамруулан шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Ц Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагалдангаар 3 сар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл конвейерын 3 дугаар зэрэгтэй машинчаар, нийт 7 жил 6 сар 27 хоног ажилласан бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан жагсаалтын Нэгд “Газар доорх уурхайн ажил мэргэжлийн”, Хоёрт “Хөдөлмөрийн хортой”, Гуравт “Хөдөлмөрийн халуун”, Дөрөвт “Хөдөлмөрийн хүнд” нөхцөлүүдэд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтуудыг тусгажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т зааснаар “... хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... 45 нас хүрсэн бол ...”,
3-д “ ... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... 50 нас хүрсэн бол ...” гэж заасан шаардлагыг хангасан эмэгтэй өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр тус тус зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар, харин хүнд нөхцөлд 10-аас доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01-06-089, 01-06-090 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Ц-ын ажиллаж байсан Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехийн “конвейерын машинч” нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөвт заасан Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1-д “ ... түлш дамжуулахын машинч, ...” ажил мэргэжилд хамаарахыг тогтоожээ.
Нэхэмжлэгч Д.Ц-ын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд ажилласан “конвейерын машинч” ажил мэргэжил нь “Хөдөлмөрийн хүнд” нөхцөлд хамаарч байгаа, конвейерын машинчаар нийт 7 жил 6 сар 27 хоног ажилласан боловч энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан “хөдөлмөрийн хортой” нөхцөлд 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх, 3-д заасан “...10-аас доошгүй жил нь хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ...” байх шаардлагуудыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ц “конвейерын машинч” ажил мэргэжлээр ажилласан хугацаа нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, хөдөлмөрийн нөхцөл нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёрт заасан “Хөдөлмөрийн хортой” нөхцөлд хамаарахгүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6 дахь заалтаар “Хөдөлмөрийн хөнгөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлын хэмжилт, үнэлгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллах”-аар зохицуулсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв тэтгэврийн хөнгөлттэй нөхцөлийг тогтоох эрхтэй этгээд гэж үзэхгүй.
Үүнээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар тодорхойлолт[1]-ыг үндэслэн шийдвэр гаргаагүй гэж хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Д.Ц-ын “хөдөлмөрийн хүнд” нөхцөлд ажилласан хугацаа нь нэгэнт хуульд заасан шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн нөхцөл нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарахгүй нь тус тус тогтоогдсон тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн заалтад хамааруулан шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.
Эдгээрээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
ХОЁР. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь заалтаар “Д.Ц-ын дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цехэд конвейерын машинчаар нийт 7 жил 6 сар 27 хоног ажилласан хөдөлмөрийн нөхцөл, хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөл, хугацаанд хамаарахгүй, улмаар тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй болохыг тогтоосон”-ыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл 2019 оны 03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг хэвээр үлдээсэн”-ийг Д.Ц-д 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 143 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай.
Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулаагүй байна.
Тодруулбал, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаж, хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдэгдсэн албан бичиг захиргааны акт болохгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] Хэргийн 135 дахь тал.