Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/65

 

 

 

 

 

 

 

Ө.Т-т холбогдох

                                                                 эрүүгийн хэргийн тухай                                                                                               

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Ж.Айжуу,

Шүүгдэгч: Ө.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ө.Т-т холбогдох, эрүүгийн 201710000191 дугаартай, 1 хавтас, 94 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ө.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодохой ажилгүй, Дорноговь аймгийн, Сайншанд сумын 6 дугаар баг........ тоотод оршин суух, урьд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус аймаг дахь Сум дундын 8 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 9 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Ө.Т /ЕЮ98010611/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Ө.Т нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 17-10 тоотод оршин суух хохирогч Б.Батмөнхийн гэрт нэвтэрч эмээлийн полиусан хяр хулгайлсны улмаас хохирогч Б.Батмөнхөд 384000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Т-ыг хүн байнгын амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Т-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Таас 384000 төгөрөг гаргуулан хохирогч Б.Батмөнхөд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэргээ анхнаасаа шударгаар хүлээн мэдүүлсэн бөгөөд хохирлоо төлөлгүй удсан нь үнэн. Хохирогч ахтай уулзах гэсэн боловч таарахгүй байсаар удчихсан. Би шүүх хуралд орохоос өмнө хохирлоо бүрэн барагдуулна гэж хэлсэн. Ажил хийж 80000 төгрөг олсон ч манай эгч тог, цахилгааны мөнгө төлөхгүй бол 3 хүүхэд хэцүүдлээ гэхээр нь өгчихсөн. Би хохирлоо төлье гэж бодсон ч надад өөр мөнгө олдоогүй. Би дахин бусдын эд зүйлийг хулгайлъя гэж бодоогүй. Одоо би хохирлоосоо төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, ойлгож байна. Би дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй. Хүний эд зүйл хулгайлан авсандаа маш их харамсаж байна. Би хар нялх багаасаа өнчирч, сургууль, цэцэрлэгт хүмүүжээгүй, ядуу тарчиг өссөн ч дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Одоо би хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Би мөнгө төгрөгний боломжгүйгээс болоод өмгөөлөгч аваагүй, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилдэг өмгөөлөгч байдаг гэдгийг мэдээгүй. Би бичиг үсэг нэг их сайн мэдэхгүй, бага зэрэг мэднэ. Би группт байдаг, 60 гаран настай ээжийнхээ хамт хоёулаа амьдардаг. Миний хувийн байдал, хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Шүүгдэгч Т нь 19 настай, түүнд хорих ял оногдуулсанд гомдолтой байгаа.  Давж заалдах гомдол гаргахаас өмнө эгч нь хохиролд 40000 төгрөг төлсөн байгаа. Т нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж ч мэдэхгүй, боловсролын хувьд бага боловсролтой хүүхэд байгаа юм. 1-р ангиасаа сургуулиас гарсан юм билээ. Шүүгдэгч нь уншиж бичиж чадахгүй, энэ талаар нь мөрдөн байцаагч ч асуугаагүй, боловсролтой гээд л явчихсан, тийм учраас мөрдөн байцаалт болон прокурорын шатанд өмгөөлөгчийн туслалцаа аваагүй. Эмээлийн хазаар нь 384000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийнх нь гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөөс төлж байгаа, төлөхөө илэрхийлж байгаа байдал, хэргээ шударгаар хүлээсэн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв. 

 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь 2017.05.17-ны өдөр Батмөнхийн гэрээс эмээлийн хяр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн.  Анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн хэрэгт тохирсон. Ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх боломж байхгүй, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ын өмгөөлүүлэх эрхийг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн ... өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасны дагуу ийнхүү хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдах эрхтэй. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй бөгөөд гагцхүү шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад шүүгдэгч Ө.Т-ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж дээрх хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй буюу өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангаагүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. 

Түүнчлэн шүүгдэгч Ө.Т нь бичиг үсэг мэдэхгүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хэрэгт түүний боловсролын байдлыг нотолсон баримт авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ө.Т-ын хувьд хулгайлсан гэх эмээлийн хяр чимэг нь бүхэлдээ 384000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба түүний хохирогчид үлдээсэн гэх хугархай хэсгийг үнэлэх боломжтой эсэх, улмаар уг хугархай тал нь хохирлын хэмжээнээс хасагдаж тооцогдох боломжтой эсэх талаар тодруулсаны эцэст дээрх хуульд заасан гэм хорыг арилгах буюу нөхөн төлөх хэмжээг тодорхойлох нь зүйтэй юм. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ө.Т-ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ