Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00839

 

МЦХ- ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дүгээр магадлалтай,

МЦХ- ХК-ийн нэхэмжлэлтэй

Ж М-ХХК-д холбогдох,       

Гэрээний үүрэгт 579.224.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч МЦХ- ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ж М-ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ-11/1068 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг үзүүлж ирсэн. Уг гэрээний 1.4.7, 1.4.8, 1.4.9-д заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах, орох дуудлага дамжуулах харилцан холболтын үйлчилгээг өөрийн 001 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Гэтэл 2014 оны 6, 7 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө Ж М-ХХК нь өнөөг хүртэл төлөлгүй тус компанид хохирол учруулж байна. Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 6 сард 196.227.691 төгрөг, 7 дугаар сард 204.193.649 төгрөг, нийт 400.241.340 төгрөгийн олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс зөвхөн 14.271.455 төгрөгийн төлбөрийг хийгээд үлдэгдэл 386.149.885 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Дээрх олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээний төлбөрийг гадаадын холболтын үйлчилгээ үзүүлж байгаа компанид төлөхгүй нөхцөлд Монгол улсаас гадаад орон руу гарч байгаа олон улсын дуудлага хийх үйлчилгээг хаадаг учраас манай компани бусад үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг бодож арга буюу Ж М-ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг гадаадын харилцаа холбооны дамжуулагч компанид төлсөн. Уг төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүднээс гэрээнд заасны дагуу Ж М-ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/1076 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5а/17 тоот албан бичгийг тус тус хүргүүлсний зэрэгцээ Ж М-ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж 2 удаа ажлын уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсоны дагуу алданги 193.074.942 төгрөг, үндсэн төлбөр 386.149.885 төгрөг, нийт 579.224.826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж М-ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан ЖМ11/1068 тоот харилцан холболтын гэрээний 2.4.1.1 дэх хэсэгт Ж М-ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 гэж зааглан тогтоосон байдаг. Гэтэл 2014 оны 7 дугаар сард Ж М-ХХК-иас МЦХ- ХК-ийн олон улсын гарцаар гарсан гэх дугаарлалт нь 0000000 гэх мэт дуудагдсан эцсийн хэрэглэгчгүй, бодит бус дуудлага байдаг. Дээрх 0000000 гэх мэт дугаарлалт нь ITU /Олон улсын цахилгаан холбооны байгууллага/-ын номерлолтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа тул дээрх төлбөрийн асуудлыг бодит бус гэж үзэж байна. МЦХ- ХК нь холболт бодитой эсэхийг тооцолгүйгээр программ дээр бичигдсэн анхны бичлэгийг шууд төлбөр болгон ирүүлсэнтэй санал нийлэхгүй байгаа ба олон улсын харилцагч байгууллагадаа манай компаний өмнөөс төлбөр төлсөн гэх боловч энэ талаар баримт байдаггүй. Бид холболт хийгдсэн дугааруудыг нарийвчлан судалж үзсэн бөгөөд доорх албан ёсны зөвшөөрөгдсөн сайтууд дээрх олон улсын телефоны дугаарлалтын дагуу шалгалтыг явуулж нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй болохыг тогтоогоод байгаа. Манай компанийн хувьд 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр болох 14.271.455 төгрөгийг төлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн ба нэгэнт гүйцэтгэсэн гэрээний үүрэгтэй холбогдуулж алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрээр Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч Ж М-ХХК-иас гэрээний үүрэгт 579.224.826 төгрөг гаргуулахыг хүссэн МЦХ- ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.230.031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МЦХ- ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.054.075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо талуудын гаргасан хүсэлтийг хангаагүй, “хангах ёстой байсан” гэж, мөн Ж М-ХХК-ийн сүлжээнээс олон улсын ярианы гарцаар холболт хийгдсэн эсэх, холболт хийгдсэн тохиолдолд ямар хэмжээний төлбөр тооцоо гарсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, гадаад шилжүүлгийн даалгавар мөн гадаад байгууллагаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлүүдийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийх ажиллагаа явуулсан нь харагддаг. Тиймээс үзлэг хийлгэх асуудлыг шүүх хуульд заасан журмын дагуу шийдсэн. Хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна гэж дүгнэснээрээ давж заалдах шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг заавал хангаж шийдвэрлэх ёстой байсан мэтээр байр сууриа илэрхийлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Шүүх хуралдаан эхэлмэгц талуудаас хүсэлт гаргасан бөгөөд тэдгээрийг анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтыг бодитойгоор дүгнэсэн ба нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байдалд давж заалдах шатны шүүх заавал нотлуулах ёстой гэсэн байр сууринаас хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт нотлох баримтууд авагдсан байхад авагдаагүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч МЦХ- ХК нь Ж М-ХХК-д холбогдуулж, сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 579.224.826 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч дуудлага бодитой биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба ийнхүү дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзжээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн ККДАЙ корпорациас МЦХ- ХК-д майлээр ирүүлсэн холболт хийгдсэн талаархи төлбөрийн нэхэмжлэхийн баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Түүнчлэн, шүүх зохигчийн хүсэлтээр МЦХ- ХК-ийн олон улсын гарцаар гарсан дуудлага дугаарлалт нь эцсийн хэрэглэгчтэй холбогдсон эсэх, уг дуудлагууд бодитой эсэх, харилцан холболтын тооцоо үндэслэлтэй эсэхэд 2 удаа мэргэжлийн шинжээч томилсон байх ба шинжээчийн гаргасан дүгнэлт бүрэн бус байснаас хариуцагч талаас бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасан, үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3.054.075 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ