Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШм/68

 

 

С.С, Т.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Болор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.С, Т.Н нарт холбогдох, эрүүгийн 201710010143 дугаартай, 1 хавтас, 156 хуудас бүхий хэргийг прокурор Э.Болорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай сумын харъяат, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын гудамж 1-12 тоотод оршин суух, Халх овогт С.С /ДЭ87032137/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .......... хороо, ........... гудамжны 16 тоотод албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы ...... тоотод түр оршин суух, Дуулингууд овогт Т.Н /ТЯ94100112/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч С.С, Т.Н нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй янжуур тамхийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Т.Н нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, 

Шүүгдэгч С.С-ыг хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 блок буюу 460 хайрцаг Эссэ лайт нэртэй янжуур тамхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 25-66 ХЭА улсын дугаартай 31512 маркийн суудлын авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Нандинсорд буцаан олгож,

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч С.С, Т.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Т.Н нь 2017 оны 05 дугаар сард БНХАУ-ын иргэнтэй чатаар харилцаж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй янжуур тамхийг худалдан авч С.Сыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 25-66 ХЭА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хатгагчийн үүргийг гүйцэтгэж Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 50 блок буюу 500 хайрцаг Эссэ лайтс нэртэй тамхинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үүрэн телефоны лавлагаа, Т.Н-гийн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх Т.Н нь БНХАУ-ын иргэнтэй чатаар харилцаж Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг худалдан авсан нь тогтоогдсон боловч уг тамхиа Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирснийг мэдээгүй, шүүгдэгч Санчирыг танихгүй, харилцаж байгаагүй, энэ гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад улсын яллагч ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Н-г Монгол Улсын хилээр хязгаарласан бараа хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэргийн бодит байдалтай тохирохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Шүүх Т.Н, С.С нарыг гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзсэн бол гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоогоор нь зүйлчилж болох ба энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны  09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.С, Т.Н нарыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй янжуур тамхийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч нарыг санаатай нэгдэж бүлэглээгүй гэж дүгнэн шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, харин шүүгдэгч Т.Н нь дээрх хэргийг үйлдсэн талаар нотлогдоогүй, түүний үйлдэлд гэмт хэргийн шинж агуулагдаагүй гэж дүгнэн шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Тодруулбал Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Н-гийн 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй тамхийг wechat-р БНХАУ-ын иргэнд захиалсан үйлдэл нь шүүгдэгч С.Сын тамхийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд санаатай нэгдсэн гэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй буюу Т.Н, С.С нарын хооронд тамхийг хил нэвтрүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүйн гадна Т.Н болон БНХАУ-ын иргэн нарын хооронд тамхи худалдах, худалдан авах гэрээнд тамхийг хил нэвтрүүлэх талаар хэн ямар үүрэг хүлээснийг шалгаж тогтоогоогүй тул шүүгдэгч Т.Н-г тамхийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзсэн бол гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоогоор нь зүйлчилж болох тухай агуулга тусгагдсан нь ойлгомжгүй ба шүүгдэгч Т.Н-г гэмт хэрэгт хатгагчийн үүрэг гүйцэтгэж хамтран оролцсон гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч” буюу гэмт хэрэгт хамтран оролцогч гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Н-гийн үйлдэлд дээрх хуульд заасан гэмт хэргийн шинж агуулагдаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                  

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ