Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0845/З |
Дугаар | 221/МА2021/0128 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0128
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийг Т.Д-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн “Э” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/506 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч У.Х нар давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Талуудын гол маргаан нь 1997 онд хувьчлалаар хашаатай 24806 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгчид ашиглуулах, газар дээрх хашаа болон бусад эд хөрөнгийн өмчлүүлсэн. Нэхэмжлэгч талд эзэмшүүлсэн газар дээр болон хамгаалалтын аюулгүй байдлыг хангах үүднээс нэхэмжлэгч талд эзэмшүүлсэн газраас 50 метрийн зайд гадна хамгаалалтын цементэн буюу бетон хашааг өмчлүүлсэн. Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмыг зөрчиж 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар иргэн Т.Д болон Нийслэлийн Барилга, хот байгуулал, төлөвлөлтийн газарт маргаан бүхий 2000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Монгол Улсын Газрын тухай хуулиар зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үндэслэн олгох зохицуулалттай. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд хууль болон захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу, хуульд тодорхойлсон зүйлийг заавал тусгана. Тухайлбал, хаана, ямар хэмжээтэй газрыг ямар зориулалтаар, хэдий хугацаагаар гэх мэт асуудлыг тусгагдсан байхаар зохицуулсан. Хууль болон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд заасны дагуу газар эзэмших, хүсэлт, өргөдлийг гаргаж түүнийг захиргааны байгууллагаас хүлээн авч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмаар тогтоосон ажиллагааг хийсний үндсэн дээр газар эзэмших эрхийг олгох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад газар эзэмшихийг хүссэн иргэн Т.Д, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас газар эзэмшүүлэхээр гаргасан хүсэлт, өргөдөл байдаггүйг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хаана, ямар зориулалтаар, хэдэн жилийн хугацаагаар ямар хэмжээтэй газар эзэмших хүсэлттэй байгаа нь тодорхой бус байхад захиргааны байгууллагаас газар олгосон үйлдэл нь хууль бус байна.
Анхан шатны шүүх “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хойд талд байрлах хамгаалалтын цементэн болон бетон хуучин хашааг “Х” ХХК-д хувьчилсан болох нь лавтай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгож буй баримт буюу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол болон үндсэн хөрөнгийн судалгааны товчоо зэрэг баримтаар гадна хамгаалалтын цементэн болон бетон хуучин хашааг “Х” ХХК-д хувьчилсан болох нь нотлогдож байна. 3 дугаар хавтаст хэргийн ард талын номер 29-д гадна бетон хашаа 1989 онд ашиглалтад орсон гэж тодорхой байгаа мөн 9 дүгээр хуудсанд номер 15-д бетон хашаа 1986 онд ашиглалтад орсон гэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй энэхүү баримтаас харахад цаг хугацааны хувьд 3 жилийн зөрүүтэй ашиглалтад орсон бөгөөд 2 бетон хашаа бүр гадна, дотор гэж тодорхой байхад тухайн баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
3 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд компани нь 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээний дагуу нийслэлийн Газрын албанаас гаргасан ашиглуулж байгаа газрын байршлыг тусгасан баримт юм. Гэтэл тухайн баримтыг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 32.1-д заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлсний дагуу Үндэсний төв архиваас гаргуулсан баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.4-т заасан шаардлагыг хангасан баримт байхад эргэлзээтэй гэж үзэж нотлох баримтын төвшинд үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтад үндэслэн тайлбарласан.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 29.6, 32.1, 33.1.2, 34.2, 34.7-д заасныг зөрчсөн. Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу газар эзэмших хүсэлт, өргөдлийг нийслэлийн Газрын албанд гаргах журамтай. Өргөдөл хууль болон журамд заасан мэдээллийг заавал тусгаж газар эзэмших эрх олгох нөхцөл бүрдэнэ. Гэвч Т.Д, Барилга хот байгуулалтын газар нь өөрийн эрх мэдэл, мэдээллээ ашиглан ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад хариуцагч хууль зөрчиж газар эзэмшүүлэх эрхийг олгосон нь хуулийн 4.1.2, 4.1.4, 32.1, 32.2-ийг зөрчиж байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газар эзэмшүүлж байгаа тул хуулийн 33.1.2-т зааснаар тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа явуулах журмын дагуу газар эзэмших эрх олгох үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байсан. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж бусдад давуу байдлыг олгосон.
Мөн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх эрхийн иргэн Т.Д болон Барилга, хот байгуулалтын газарт олгосон. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан баримтад газар эзэмшүүлэх гэрээ байдаггүй. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын зөвлөмжийн 4 –т “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа юм” гэж тодорхойлсон. Газрын тухай хуулийн 34.8-д зааснаар гэрээ байгуулаагүй байхад гэрчилгээ олгосон тул тус эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, Газрын тухай хуулийн 27.4-т заасныг зөрчиж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Д болон Барилга, хот байгуулалтын газарт үйлчилгээний зориулалтаар 2000 м.кв газрыг олгосон байдаг. Гэвч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтад Газрын тухай хуулийн 34.7-д заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн үнэлгээг хийгээгүй байдаг нь Газрын тухай хуулийн 4.1.2, 34.7-д заасныг зөрчиж газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаагүй төрийн байгууллага гэх нэрийн дор хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нөлөө талаар хариуцагч хуулиар тогтоосон шаардлага тавиагүй нь хууль зөрчсөн байна.
Анх газар олгохдоо Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг ноцтой зөрчсөн. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдлийг хүлээж аваагүй, суурин болон хээрийн судалгааг хийгээгүй. Хөршүүд болон газрын орц, гарцыг тодорхойлоогүйгээс энэхүү маргаан үүссэн. Хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талын эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийн үнэн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна.
Мөн хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг мэдэж байгаа гэрчийг асууж мэдүүлэг авах талаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа хариуцаж 16 жил ажилласан Д.Чулуун-Эрдэнэ гэх хүнийг гэрчээр дуудаж маргаан бүхий газрыг хэзээнээс эхлэн эзэмшиж, ашиглаж байсан талаар болон гуравдагч этгээд өнөөдрийг хүртэл Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу ашигласан талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авалгүй нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн.
Мөн 3 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар хуудаст авагдсан “В” ХХК-ийн гаргасан нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдсэн “В” ХХК-ийн инженер Г.Б-ийг гэрчээр дуудаж өөрийн гаргасан баримт нь ямар зураг болон юуг үндэслэн гаргасан талаар тодруулахаар хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
Мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр хэрэгт ямар ач холбогдолтой үйл баримтыг тогтоох гэж байгаа нь тодорхойгүй, мөн хуулиар тогтоосон журмыг зөрчиж хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс дахин үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоож хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгөхийг хүсэхэд хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан. Гэвч анхан шатны шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85.7-д заасны дагуу хүсэлтийг хүлээж аваагүй нь хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн шүүгчээс татгалзах эрхийг хангаагүй. Нэхэмжлэгч талын ямар үндэслэл бүхий эргэлзээ байгааг анхан шатны шүүх тодруулаагүй
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д заасныг үндэслэн 121.1.4-т зааснаар 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
“Х” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар захирамжийн Т.Д-т холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/506 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.
Анх нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар[1] “Р” ХК-д 24 806 м.кв газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 397 дугаар захирамжаар[2] 24806 м.кв газрыг “Х” ХХК-д шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар[3] 1406 м.кв хэмжээтэй газрыг хасч, “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хэмжээг тухайн байршилд нь 23400 м.кв болгон өөрчилжээ.
Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газрын хэмжээг өөрчлөхдөө уг компанийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр[4] “... Тус компанийн талбайн хэмжээнээс “Б” ХХК-д хийгдсэн зургийн дагуу хасалт хийж өгөхийг зөвшөөрч байна” гэх албан бичгийг үндэслэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Х” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар нь 1997 оноос хойш хэмжээ болон байршлын хувьд өөрчлөгдөөгүй, удаа дараа нийслэлийн Засаг даргын захирамж гарч тухай бүрд гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч энэ талаар нэхэмжлэгч огт маргаж байгаагүй байна.
1.2 Гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар захирамжаар[5] маргаан бүхий газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.2 га газрыг Нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газар, иргэн Т.Д нарт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар[6] дээрх 2000 м.кв газрыг Т.Даас “Э” ХХК-д үйлчилгээний зориулалтаар шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар[7] “Э” ХХК-ийн 2000 м.кв газрын зориулалтыг үйлдвэрлэлийн зориулалттай болгон өөрчилж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/506 дугаар захирамжаар[8] гуравдагч этгээд “Э” ХХК-ийн газрын хэмжээг 11 782 м.кв, аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай болгон өөрчилсөн байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан гуравдагч этгээд Т.Д, Нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газар өнөөг хүртэл эрх бүхий байгууллагад эрх нь зөрчигдсөн гэж үзэж огт гомдол гаргаж байгаагүй, маргаагүй.
2.1 Нэхэмжлэгч нь анх Т.Дт олгогдсон 2000 м.кв газар, улмаар түүнээс “Э” ХХК-д шилжүүлсэн үйл баримтуудтай маргаж байх боловч хэрэгт авагдсан баримт болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/391 дүгээр албан бичиг, агаарын болон сансрын зураг[9], мөн нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэнтэй холбоотой баримтууд, газрын солбицол зэргээс үзвэл“Х” ХХК-ийн газар нь ямар нэгэн байдлаар байршлын хувьд анх олгогдсоноос огт өөрчлөгдөөгүй, 2015 онд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн талбайн хэмжээг багасгаж өөрчилснөөс өөрөөр өөрчлөлт ороогүй, одоогийн эзэмшиж буй байршилд, 23 400 м.кв талбайн хэмжээгээр байгаа болох нь тогтоогдож байна.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/2399 дугаартай[10] албан бичиг болон холбогдох зурагт дээрх маргаан бүхий газар нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газрын хойд хэсгээр залгаа байрлалтай байна.
Тодруулбал, 2000 м.кв газар нь нэхэмжлэгчид анх олгосон 24806 м.кв газарт хамааралгүй, давхцалгүй байх төдийгүй нэхэмжлэгч нь энэхүү газрыг эзэмшихээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, “Х” ХХК нь “Маргаан бүхий газрыг арчлан хамгаалж ирсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж бусдад давуу байдал олгосон” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн эзэмшиж буй газрын хойд талд газар авахаар холбогдох захиргааны байгууллагад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй тул 2000 м.кв газрыг гуравдагч этгээд Т.Д, түүнээс “Э” ХХК-д шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
2.2. Нэхэмжлэгч нь Т.Д, Барилга, хот байгуулал, төлөвлөлтийн газраас маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаагүй, уг газрын “Э” ХХК руу шилжүүлэх үед Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хүсэлт аваагүй нь хууль бус гэж маргаж байх боловч хүсэлт гаргасан эсэх талаар газар баталгаажилтын хувийн хэрэгт баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бус байсан гэж дүгнэх боломжгүй.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, газар эзэмших, ашиглах хүсэлттэй байгаа иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцалгүй байхаар зохицуулагдсан.
“Х” ХХК нь “Маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд олгохдоо хүсэлт аваагүй, гэрээ байхгүй, Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу ажиллагааг хийгээгүй” гэж маргасан. Хэдийгээр газар баталгаажилтын хувийн хэрэгт гуравдагч этгээдийн хариуцагчид хандан гаргасан хүсэлт хавсаргагдаагүй байх боловч гуравдагч этгээд нь бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцуулан газар эзэмшээгүй, хүсэлт гаргаагүй байхад газар эзэмшүүлсэн гэж маргаагүй, мөн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байхад холбогдох гэрээг байгуулаагүйд гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар иргэнд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулах нь газрын албаны үүрэг, өөрөөр хэлбэл нэгэнт газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол газар эзэмших гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг боловч гэрээ байгуулаагүй нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй болохгүй.
2.3 Нэхэмжлэгчийн “Аюулгүй байдлыг хангах үүднээс эзэмшүүлсэн газраас 50 м зайд буюу гадна хамгаалалтын бүсэд хамаарах газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь
Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ш-07 дугаар[11] Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчийн “... Агуулахын барилга байгууламжаас зэргэлдээх байгууллагын барилга байгууламж хүртэлх хамгийн бага зай нь 30 метр байна гэсэн норм, дүрмийн шаардлагыг зөрчөөгүй, стандарт норм, дүрмийн шаардлагыг хангаж байна”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/414 дүгээр[12] шинжээчийн “... Өнөөдрийн байдлаар “Х” ХХК нь химийн бодис импортлох, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд химийн хорт болон аюултай бодисын зориулалтын агуулахгүй байна. 50 см3 багтаамжтай 21ш резервуартай савнуудад дизель түлш хадгалж байна. Энэ нь үйлдвэрийн ажлын байранд химийн бодис хадгалах үйл ажиллагаа явуулаагүй, химийн бодисын агуулахын зориулалттай байр байхгүй байна. Тиймээс аюулгүй байдлын бүсийг химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, стандартыг үндэслэн тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлтүүд, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01-3/2722 дугаар “...2013-2019 онд гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл Гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна”[13], Татварын ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 12/2255 дугаар[14] “... 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй” гэх албан бичгүүд зэргээр дээрх гомдол нь няцаагдаж байна.
2.4. “Анхан шатны шүүх өөрийн Үндэсний төв архиваас цуглуулсан “Х” гэсэн зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлын хувьд,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан “Х” гэсэн зураг нь[15] хэдийгээр шүүх үзлэг хийж Үндэсний төв архиваас авсан, нотлох баримтын шаардлага хангасан боловч энэ нь 2000 м.кв газрыг нэхэмжлэгч эзэмшиж байсан гэдгийг бүрэн тодорхойлж чадахгүй, газрынх нь хувьд хил зааг, солбицолийг тодорхой заагаагүй тойм зураг байгаа учир энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
2.5. Нэмэлт нотлох баримт цуглуулах болон хэргийн газарт үзлэг хийлгэх талаар гаргасан гомдлын хувьд,
Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/2399[16], 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1534[17] дүгээр албан бичгүүд, хэргийн оролцогчид маргаан бүхий газрын байршлын талаар маргадаггүй зэргээс үзвэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй байх тул гэрч асуулгах болон маргаан бүхий газар дээр дахин үзлэг хийлгэх хүсэлтийг хангах үндэслэлгүй.
2.6. Нэхэмжлэгч “Шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, ямар үндэслэл байгаа талаар тодруулаагүй” гэж гомдох боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
Тодруулбал, шүүх хуралдааны явцад даргалагчаас “талуудад татгалзал байгаа эсэх”-ийг асуухад “татгалзал байхгүй” гэсэн атлаа дээрх үндэслэлээр гомдол гаргасан нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасан.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч У.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 1 хавтас 23-28 хуудас
[2] 1 хавтас 8-10 хуудас
[3] 1 хавтас 15-17 хуудас
[4] 1 хавтас 79 хуудас
[5] 2 хавтас 60 хуудас
[6] 2 хавтас 58-59 хуудас
[7] 1 хавтас 112-114 хуудас
[8] 1 хавтас 141-142 хуудас
[9] 2 хавтас 136-140 хуудас
[10] 1 хавтас 229-234 хуудас
[11] 3 хавтас 68-69 хуудас
[12] 3 хавтас, 81-82 хуудас
[13] 3 хавтас 60-61 хуудас
[14] 3 хавтас 76-77 хуудас
[15] 3 хавтас 12 хуудас
[16] 1 хавтас 229-234 хуудас
[17] 3 хавтас 189-200 хуудас