Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00869

 

Ж Ч З--ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00377 дугаар магадлалтай,

Ж Ч З--ийн нэхэмжлэлтэй

Ч.М, Д.М нарт холбогдох,   

Хохирол 3.612.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Майбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж Ч З-/Zhao Qingzai/, өмгөөлөгч З.Ц, хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж Ч З-/Zhao Qingzai/-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд хүү Х.Ганзоригийн нэр дээрх 3 га газарт чацарганы мод тарих, жимс хураах, хүлэмжид ногоо тарих зэргээр ажил эрхэлж, байнга тэнд оршин суудаг. бөгөөд 2013 оны 8 сарын 12-ны өдөр Д.М-ын эхнэр Ч.М-тай гэрээ байгуулж, 2.000.000 төгрөг төлж, тэдний цахилгааны кабелиас хугацаагүйгээр хэрэглэж тог татсан. Гэтэл 2017 оны 10 сарын 05-ны орой 17 цагийн үед Д.М- нь цахилгаанчин н.Эрдэнэ-Очир нарын 5 хүнтэй ирж, тогийг тасалсан. Энэ үед нэхэмжлэгч нь Ш.Ариунтунгалагийн хамт уртаашаа 35 м, өргөн нь 10 м ногооны хүлэмжид бэхэлгээний гагнуур хийж байсан гэх бөгөөд тог тасалсан, 2017 оны 10 сарын 07, 08-ны өдрүүдэд цас их орсоноос барьж байсан 2.500.000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмж дахин сэргэх боломжгүйгээр унаж эвдэрсэн. Чацарганы суулгац 500 ширхэг авсан байтал тог тасарсаны улмаас, худгаас ус гаргах боломжгүй болж суулгацууд хатаж, дахин сэргэх боломжгүй болсон. Хөргөгчид байсан 25 кг 112.500 төгрөгийн үнэтэй мах үнэр орж идэх боломжгүй болсон. Иймд ногооны хүлэмжид учирсан хохирол 2.500.000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр 1.000.000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112.500 төгрөг, нийт 3.612.500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М-, Ч.М- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ж Ч З-нь 2013 онд цахилгааны кабелаа суурилуултал түр хариуцагч нарын цахилгааны кабелиас тог татаж хөлсөнд нь 2 000 000 төгрөг төлөхөөр удаа дараа гуйсны үндсэн дээр, зөвшөөрч тог өгсөн. Гэтэл үүнээс хойш Ж Ч З-нь цахилгаанаа салгаж, тусгаарлах, кабел татах талаар ямар ч арга хэмжээ авалгүй бүтэн 4 жил болсон тул түүнээс цахилгаанаа алгаж тусгаарлахыг удаа дараа шаардаж, салгахгүй бол албан ёсны байгууллагад нь хандаж салгуулах тухай мэдэгдэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тог салгасан бөгөөд салгах тухай урьд нь болон тухайн өдөр Жао Чин Зайд өөрт нь мэдэгдсэн гэв. Мөн тухайн үед их хэмжээний нойтон цас орсоны улмаас хүлэмж нь нурсан бөгөөд цастай байсан тул чацарганы суулгац хатаж үхэх, хөргөгч ажиллахгүй ч махаа хадгалах бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж Ч З-ийн хариуцагч Д.М-, Ч.М- нарт холбогдуулан гаргасан барьж байсан ногооны хүлэмжид учирсан хохирол 2.500.000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр 1.000.000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112.500 төгрөг, нийт 3.612.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 72 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00377 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жао Чин Зайгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ж Ч З-/Цэнд/ түр хугацаагаар хариуцагч Ч.М-т тариалангийн талбайд байгаа шонгоос тог татаж, цахилгаан холбож авсаны төлбөрт 2.000.000 төгрөг төлж, өөрийн хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавьж хэрэглэж байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг цахилгаанаа салгаж тусгаарлахыг 2016 оноос хойш удаа дараа шаардаж, салгахгүй бол албан ёсны байгууллагад нь хандаж салгуулах тухай мэдэгдэж байсан бөгөөд тэрээр ямар ч арга хэмжээ аваагүй, мөн тогны хэлбэлзэл ихэссэн тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахилгаанчин Эрдэнэ-Очироор цахилгааныг таслуулсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Д.М- урьдчилж хэлээгүй, хугацаа тогтоож өгөлгүй тогийг тасалсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол нь хариуцагч нарын тог тасалсан үйлдэлтэй ямар ч хамраалгүй, шалтгаант холбоогүй тул шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн эсэх талаар болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нь тодруулж асуухад нэхэмжлэгч нь тог тасалж, гэм хор учруулснаас 3.612.500 төгрөгийн хохирол учирсан тул шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй, хариуцагч нь тогоо залгаж өг, үгүй бол 2.000.000 төгрөгийг буцааж авмаар байна гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар шаардлага тус бүрдээ тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба тэрээр 3.612.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа л тохирсон улсын тэмдэгтийн хураамж буюу 72.750 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй тул анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ дээрх нөхцөл байдлуудыг болон нэхэмжлэгчийг давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгааг харгалзан үзэлгүй зөвхөн түүний ямар ч баримтгүй, үндэслэлгүй тайлбарт тулгуурлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00377 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж Ч З-нь Д.М-, Ч.М- нараас 3.612.500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөрчлийн улмаас үүсэх гэм хор гэж тодорхойлж, улмаар хариуцагч нарын гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан шалтгаант холбоо тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүйгээс талуудын хооронд гэрээний бус үүргийн эсхүл гэрээний үүргийн зөрчлийн улмаас маргаан үүссэн алин  болох нь бүрэн тогтоогдоогүй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар зохигч мэтгэлцээгүй гэж үзжээ.

Хариуцагчийн цахилгааны шонгоос нэхэмжлэгч цахилгаанаа залгахаар 2.000.000 төгрөг төлсөн тухай баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэлдээ дурдаж, хариуцагчийн цахилгаан тасалсан үйлдлийн улмаас хохирол учирсан гэж шаардсан, түүнчлэн “...цахилгааныг буцаан залгахыг даалгах, хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй, хохирол төлөхгүй бол өгсөн мөнгийг буцаан авна...” гэсэн агуулгатай нэмэлт тайлбар гаргасан байна.

Дээрх байдлаар маргааны үйл баримт тодорхой бус байх тул анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй талаархи өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 104.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ