Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00377

 

Ж Ч З- /Z Q z/

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын  21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж Ч З- /Z Q z/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.М-, Ч.М- нарт холбогдох

 

Хохиролд 3 612 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж Ч З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж Ч З- /Zh Q z/-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд хүү Х.Ганзоригийн нэр дээрх 3 га газарт чацарганы мод тарих, жимс хураах, хүлэмжид ногоо тарих зэргээр ажил эрхэлж, байнга тэнд оршин суудаг. бөгөөд 2013 оны 8 сарын 12-ны өдөр Д.М-ын эхнэр Ч.М-тай гэрээ байгуулж, 2 000 000 төгрөг төлж, тэдний цахилгааны кабелиас хугацаагүйгээр хэрэглэж тог татсан. Гэтэл 2017 оны 10 сарын 05-ны  орой 17 цагийн үед Д.М- нь цахилгаанчин н.Эрдэнэ-Очир нарын 5 хүнтэй ирж, тогийг тасалсан. Энэ үед нэхэмжлэгч нь Ш.Ариунтунгалагийн хамт уртаашаа 35 м, өргөн нь 10 м ногооны хүлэмжид бэхэлгээний гагнуур хийж байсан гэх бөгөөд  тог тасалсан, 2017 оны 10 сарын 07, 08-ны өдрүүдэд цас их орсоноос барьж байсан 2 500 000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмж  дахин сэргэх боломжгүйгээр унаж, бүрмөсөн эвдэрсэн. Энэхүү 2 500 000 төгрөгийн хохиролд арматур төмрийн үнэ 2 000 000 төгрөг, панер худалдаж авсан үнэ 500 000 төгрөг орж байна. Чацарганы суулгац 500 ширхэг авсан байтал тог тасарсаны улмаас, худгаас ус гаргах боломжгүй болж эдгээр суулгацууд хатаж үхэж, дахин сэргэх боломжгүй болсон. Хөргөгчид байсан 25 кг бүтэн хонины, 112 500 төгрөгийн үнэтэй мах үнэр орж идэх боломжгүй болсон гэх бөгөөд нийт 3 612 500 төгрөгийг  гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Д.М-, Ч.М- нар болон өмгөөлөгч Ц.Майбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж Ч З- нь 2013 онд цахилгааны кабелаа суурилуултал түр хариуцагч нарын цахилгааны кабелиас тог татаж хөлсөнд нь 2 000 000 төгрөг төлөхөөр удаа дараа гуйсны үндсэн дээр, зөвшөөрч тог өгсөн. Гэтэл үүнээс хойш Ж Ч З- нь  цахилгаанаа  салгаж, тусгаарлах, кабел татах талаар ямар ч арга хэмжээ авалгүй бүтэн 4 жил болсон тул түүнээс цахилгаанаа алгаж тусгаарлахыг удаа дараа шаардаж, салгахгүй бол албан ёсны байгууллагад нь хандаж салгуулах тухай мэдэгдэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тог салгасан бөгөөд салгах тухай урьд нь болон тухайн өдөр Ж Ч З-д өөрт нь мэдэгдсэн гэв. Мөн тухайн үед их хэмжээний нойтон цас орсоны улмаас хүлэмж нь нурсан бөгөөд цастай байсан тул чацарганы суулгац хатаж үхэх, хөргөгч ажиллахгүй ч махаа хадгалах бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж Ч З-гийн хариуцагч Д.М-, Ч.М- нарт холбогдуулан гаргасан барьж байсан ногооны хүлэмжид учирсан хохирол 2 500 000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр 1 000 000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112 500 төгрөг, нийт 3 612 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 72 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж Ч З- /Z Q z/ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.М-ын эхнэр Ч.М-т 2013 оны 8 сарын 12-ны өдөр 2 сая төгрөг өгч, тэдний цахилгаан кабелиас хугацаагүйгээр хэрэглэхээр тог татахыг зөвшөөрч, гэрээ байгуулсан. Түүнчлэн "Танхил хүүхэд" ХХК-ийн захирал Батжаргалд cap болгон, тухайн үед нь цахилгааны төлбөрийн мөнгийг гарын үсэг зуруулан өгч байсан. Гэтэл 2017 оны 10 сарын 05-ны орой 17 цагийн үед Д.М- нь тог тасалж хохирол учруулсан. "Tor залгаж өгөхгүй бол гэрээ хийж өгсөн 2 сая төгрөгөө буцааж авмаар байна. Хэрэв залгаж өгвөл 2 сая төгрөгөө авахгүй" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхаарч шийдвэрлэсэнгүй. Tor таслах байсан бол урьдчилж мэдэгдэх ёстой. Ч.М- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 30.1.3, 30.1.7 дугаар зүйлүүдэд заасан "Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах зэрэг үүргүүдээ хангалттай сахиж биелүүлж байсан. Эрчим хүчээр хангагдах ажиллагаа нь бидний хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулагдаж байгаа бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн Эрчим хүчний тухай хуулийн 29.2, 30.1.1 дэх заалтуудыг ноцтой зөрчлөө. Ийнхүү тог тасалснаас болж барьж байсан 2.5 сая төгрөгийн үнэтэй ногооны хүлэмж сэргэх боломжгүйгээр унаж эвдэрсэн. Тухайлбал, ногооны хүлэмжний арматур төмөр гулзайж, хугарч эвдрэн, хадаж байсан панер хавтангууд сэтэрч хэмхэрсэн. Энэ талаар Ш.Ариунтунгалагийг гэрчээр асуулгахаар шүүх хуралдааны танхимд аваачихад, "шүүгч татгалзсан" гэж ойлгосон. Ямар ч байсан гэрчээр асуугаагүй.

Чацарганы суулгацууд хатаж үхэж, дахин сэргэх боломжгүй боллоо. Мөн хөргөгчид байсан бүтэн хонины мах үнэр орж идэх боломжгүй болсон. Ногооны хүлэмжний эвдэрч хэмхэрсэн, чацарганы суулгацууд дахин ургахгүйгээр хатсан. хонины мах үнэр орж идэх боломжгүй болсон зэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулна гэсэн хариуцагч Д.М-, Ч.М- нарын гаргасан хүсэлтэй санал нэг байсан. Гэвч ямар шалтгаанаар энэ ажиллагаа хийгдээгүйг ойлгоогүй. Хохиролд 3 612 500 төгрөг, гэрээ хийж өгсөн 2 000 000 төгрөг, нийт 5 612 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж Ч З- /Z Q/ нь хариуцагч Ч.М-, Д.М- нарт холбогдуулан хохиролд 3 612 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан.   

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Ч.М-тай бичгийн баримт үйлдэж 2 000 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагчийн цахилгааны кабель утаснаас цахилгаан эрчим хүч татах зөвшөөрөл авч, талууд тохиролцон гарын үсэг зуржээ. Уг бичгийн баримтаар Ж Ч З- нь өөрийнхөө хэрэглэсэн цахилгаанд тоолуур тавихаар, цааш нь бусдад дамжуулан цахилгаан өгөх эрхгүй байхаар тохиролцсонд талууд гарын үсэг зурсанаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл байгуулагдсанд талууд маргаагүй. /хх-ийн 28/

 

Цахилгааны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор хариуцагч тал нэхэмжлэгчээс цахилгааны утсаа салгаж авахыг, түүнчлэн төв цахилгаан түгээх хэрэгсэл дээр тоолуураа залгахыг удаа дараа шаардаж байсан боловч арга хэмжээ аваагүй тул цахилгааныг салгасан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч талаас “..,ямар ч урьдчилан сануулах, нэмэлт хугацаа тогтоох ажиллагаа явагдаагүй” гэж маргажээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэргийн 29 дүгээр хуудсанд “.., хариуцагчид гэрээний үүргээ биелүүлж тог залгахыг даалгаж өгнө үү. Хэрэв тог залгахгүй бол гэрээгээр шилжүүлсэн 2 000 000 төгрөгөө буцааж авья” гэсэн тайлбар гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байгаагийн аль нь болохыг анхан шатны шүүхээс тодруулаагүй байна. 

 

Зохигчид хоорондоо гэрээний харилцаатай байсан эсэх, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол, эсхүл гэм хорын хохирлын алиныг шаардаж байгааг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан шийдвэрлэж болох боловч талуудын хоорондын гэрээний харилцаа, талууд үүргээ зөрчсөн эсэх, гэрээ цуцлагдсан нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудаар мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зарчимтай тул дээрх ажиллагааг нөхөж гүйцэтгэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2 000 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн тог татсан зардлыг хувааж хариуцан улмаар шугамыг дундаа хамтран өмчлөхөөр болсон, эсхүл цахилгаанд холбосны төлөө төлбөр төлсний аль нь болохыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй юм. Дээрх асуудлуудыг тодруулж, нотлох баримт нэг бүрд харьцуулсан үнэлэлт, дүгнэлт өгснөөр хэрэг маргааныг зөв шийдвэрлэх боломжтой. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхой байх нөхцөлд шүүх зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, түүн дээр үндэслэн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болдог. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын  21-ний өдрийн 101/ШШ2017/04109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж Ч З-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                               Ш.ОЮУНХАНД