Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 720

 

И.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

ялтан И.С, түүний өмгөөлөгч О.Б,

иргэний хариуцагч М.О,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, ялтан И.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар И.Ст холбогдох 2015250001425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овогт И С, 1986 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 дүү, хойд эцэг нарын хамт амьдардаг,

2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг 401 дүгээр ангид эдэлж байгаад 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, /РД: ____/,

 

И.С нь согтуугаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шалгагдаж байхдаа оргон зугтаж, өөрийн эхнэр Д.Ог батлан даалтад авахуулна гэж хуурч мэхлэн гаргаж дагуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхонд байрлах Лотус зочид буудлын 205 тоот өрөөнд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар өөрийг нь цагдаад барьж өгсөн гэж өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийн хоолойг нь боож санаатайгаар алсан,

2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Ө-ыг хавсарч унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “Samsung Note 1” загварын гар утас, “Rokes” загварын гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

Урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт ял  шийтгүүлж ялтай байдал дуусаагүй байхад,

- 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Эрдэнэвангаас нийт 6 удаагийн үйлдлээр өөрийгөө боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 12.800.000 төгрөгийг авсан,

- 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-г ШУТИС-д оруулж өгнө гэж хуурч мэхлэн 3.060.000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүүргийн 3 дугаар хорооны нутагт И.С нь өөрийгөө Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан Н.О-н нөхөр Т-н сургуулийг шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг авсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд М.Т-н хүүхдийг Цагдаагийн академид оруулж өгнө гэж хууран мэхэлж 5 удаагийн үйлдлээр 4.610.000 төгрөгийг авсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Э.Э-г ШУТИС-н барилгын инженерийн ангид оруулж өгнө гэж хууран мэхэлж 1.200.000 төгрөгийг авсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт М.Г-г Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 1.550.000 төгрөгийг авсан,

- 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт Ж.О-с “Samsung Note 3” загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Г.Г-н БНХАУ-д үйлдвэрлэсэн “Iphone 6”, “Iphone 5S”, “Samsung galaxy S2” загварын гар утаснууд болон 220.000 төгрөгийг хуурч мэхлэн авч нийт 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Б-с “Acer” загварын LCD 19 инчийн дэлгэцтэй, иж бүрэн 56 ширхэг компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэх замаар авч 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт Б.А-д диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авч хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт Б.Т-г ТИС-ын диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт Б.Ж-д диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан, нийт 12 удаагийн давтан үйлдлээр бусдад 56.110.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Ст прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, И.Сыг хүнийг алах, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 11 жилийн хугацаагаар хорих ял дээр, И.Ст мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Ст оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 897 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г дэвтрийн цаасан  дээр цэнхэр өнгийн балаар 21 мөр бичмэл, Д.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа, “Note 3” загварын гар утасны баталгааны хуудас, 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн мэдээлэл технологийн үндэсний парк дотроос авсан төлбөрийн баримт, Хохирогч Б.Эрдэнэван 2014 оны 6 дугаар сарын 10, 2014 оны 7 дугаар сарын 28, 2014 оны 8 дугаар сарын 18, 2014 оны 8 дугаар сарын 19, 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд И.С нарын зээлийн гэрээ мөн Боловсрол шинжлэх ухааны яам, боловсролын үнэлгээний мэргэжилтэн гэсэн нэрийн хуудас зэргийг хэрэгт хавсаргаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн хөхний даруулга 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн даашинз 1 ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн дэрний уут 1 ширхэг, бор өнгийн бариултай, бариулыг бэхэлсэн цагаан саарал өнгийн 2 ширхэг хадаастай, цагаан саарал өнгийн төмөр ажлын хэсэгтэй нийт урт 23.3 см, ажлын хэсгийн урт нь 11.6 см, ажлын хэсгийн өргөн 23 мм, ажлын хэсгийн дундаж өргөн 23 мм хэмжээтэй хутга, хлорфенамин эмийн хоосон хайрцаг 10 ширхэг хуванцар сав, “Нокиа 1600” загварын 55133/00/010017/2 гэсэн бичигтэй 1 ширхэг гар утас, цитрамон эм 2 ширхэг, Хаан банкны мөнгө шилжүүлэх хуудас 1 ширхэг, Пицца хат гэсэн цагаан өнгийн тооцооны хуудас 1 ширхэг, Гранд плаза орлогын баримт 1 ширхэг, “Duplicat salm drau pub” гэсэн бичигтэй цагаан өнгийн тооцооны хуудас 1 ширхэг зэргийг устгаж, “Iphone 5” загварын шар өнгийн гадаргуутай гар утас 1 ширхэг, хар цайвар өнгийн гар утасны гэр 1 ширхэг, “Iphone 5” загварын гар утасны цэнэглэгч 1 ширхэг, “For” гэсэн бичигтэй түлхүүр, Тоёота гэсэн бичигтэй оосорны хамт 1 ширхэг, Домино гэсэн бичигтэй шар өнгийн цаг 1 ширхэг, шармал өнгийн хос жижиг цагираган ээмэг 1 хос, цайвар шар өнгийн хүзүүний гинж 1 ширхэг, цайвар мөнгөлөг өнгийн 925 гэсэн бугуйн гинж 1 ширхэг, хар өнгийн үүрдэг цүнх 1 ширхэг, “Acer” 19 инчийн дэлгэц 2 ширхэг /1 дэлгэцийн нүүр хагарсан/, CCIVO бичигтэй компьютерийн процессор 5 ширхэг, 6 ширхэг форд cpu-тэй бусад эд ангигүй, 1 ширхэг фордтой бусад эд ангигүй, 1 ширхэг хоосон кесс зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба руу шилжүүлэн худалдан борлуулж хохиролд тооцохыг даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар И.Саас 1.340.400 төгрөгийг гаргуулж Б.Нт олгох, Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Саас нийт 59.339.500 төгрөгийг гаргуулж, үүнээс:

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 3-2 тоотод оршин суух Н.О-д 2.000.000 төгрөг,

Сэлэнгэ аймаг Мандал сум Нарангийн 16 тоотод оршин суух М.Т-т 4.610.000 төгрөг,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 23-35 тоотод оршин суух Э.Э-д 1.200.000 төгрөг,

Өвөрхангай аймаг Бат-Өлзийт 4 дүгээр баг Зөрүүлэгт оршин суух М.Г-т 1.550.000 төгрөг,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Туулын 17-351 тоотод оршин суух Ж.О-т 400.000 төгрөг,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 33-а-10 тоотод оршин суух Б.Б-т 19.600.000 төгрөг,

Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 6 дугаар байр 36 тоотод оршин суух Б.Т-т 3.500.000 төгрөг,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул Алтайн 108-144 тоотод оршин суух Б.А-д 3.500.000 төгрөг,

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 300 тоотод оршин суух Б.Ж-д 3.000.000 төгрөг,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 7-146 тоотод оршин суух А.Ө-д 229.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 391 дүгээр шийтгэх тогтоолын 20 дугаар хуудасны “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Д.Огийн 5 настай охин О.О.Сг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэдгийг, мөн 28 дугаар хуудасны 12 дугаар хэсэгт заасан Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах гэдгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Намайг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Миний хувьд мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэхэмжлэлтэй холбоотой бүх нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн боловч төрийн албан хаагчийн хайхрамжгүй буруутай үйлдлээс зарим нэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй алга болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх үүнийг шийдэх ёстой байтал нотлох баримт хангалтгүй хэмээн шийдсэнгүй. Би үзэхдээ миний энэ нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтээ хамт шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэлээр иргэний хариуцагчаар татагдсан ЦЕГ-аас талийгаач Д.О нь ажиллаж байхдаа нийт 529.200 төгрөгийн цалин авдаг байсан. Охин О.Сд тэжээгчээ алдсаны тэтгэмж 126.500 төгрөг тогтоогдсон. Талийгаач охин О.Сгийн хамт ам бүл 2 амьдардаг байсан бөгөөд /529.200:2=264.600 төг/ нэг хүнд 264.600 төгрөг оногдож байгаа. Үүнээс охин О.Сд оногдох 264.600 төгрөгөөс тэтгэмжийг /264.600-126.500=138.100 төг/ хасахад зөрүү нь 138.100 төгрөг болж байна. Үүнийг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 29 сар 15 хоног /138.100* 29с 15х= 4.073.945 төг/ нөхөж олгуулах. Цаашид охин О.О.Сг 16 нас хүртэл нь сурч байгаа тохиолдолд 18 нас хүртэл нь цалин болон тэтгэмжийн зөрүү 138.100 төгрөгийг сар бүр ЦЕГ-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Талийгаач Д.О нь цагдаагийн байгууллагын ажилтнуудын 100 хувь буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэргийн золиос болж амь насаа алдсан. Цагдаагийн ажилтан ахмад Б.У, А.Э, М нар нь үүргээ ухамсарлаж, ажилдаа хариуцлагатай хандсан бол өнөөдөр миний охин амьд сэрүүн байх бүрэн боломж байсан. Харамсалтай нь Б.У нь гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж тавьж явуулсан нь маш хариуцлагагүй явдал болж эрдэнэт хүний амь эрсдсэн. Гэвч Б.У нь өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Иргэний хариуцагч ЦЕГ нь өмнөх шүүх хуралдаанууд дээр хуулийн дагуу тэтгэмжийн зөрүүг гаргана гэж байсан. Иймд миний гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.

Ялтан И.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж хоригдсон ба цагдан хоригдсон өдрөөс эхлэн мөрдөн байцаалтад ямар нэгэн саад учруулахгүйгээр хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Би 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр эхнэр Д.Огийн ажил дээр очин уулзахад Нийслэлийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарт баригдсан бөгөөд баригдаад явж байхдаа талийгаачийг занасан болон заналхийлсэн ямар нэгэн үг болон үйлдэл гаргаж үзүүлээгүй гэдгийг удаа дараагийн мэдүүлэг болон гэрч нарын нүүрэлдүүлсэн байцаалтаар тогтоогдоод байхад өс хонзонгийн сэдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял сонсгож Шинэчилсэн Эрүүгийн хуулиар тэгшитгэж ялласан. Миний хувьд эхнэрийнхээ амь насыг хардалтын улмаас хохироож, өөрийн ганц охин О.Сг өнчрүүлж, олон хүнд хагацал уй гашуу өгч байгаадаа үнэхээр харамсалтай байна. Энэ хэрэгтээ өөрийгөө өмөөрөх элдэв зүйл бичихээс ичиж байна. Миний хувьд анхнаасаа өс хонзон байгаагүй, хардалтын улмаас ийм зүйл болсон гэдгээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг Оюунгэрэлтэй хамтран үйлдсэн бөгөөд миний хувьд хангалттай нотлох баримтыг мөрдөн байцаагч, шүүгч, прокурор нарт гаргаж өгөхөд үүнд ач холбогдол өгөөгүй нэг талыг барьж яллаж байгаад маш их гомдолтой байна. Хохирогч А-д гаргаж өгсөн МУИС-ын нягтлан бодох бүртгэлийн бакалаврын дипломыг шалгахад хаанаас, хэнээс гарсан нь тодорхой болох юм. Тус диплом, Боловсролын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сургуулийн мэдээллийн санд бүртгэлтэй байхад шалгаж өгөөгүй. Үүнийг шалгахад О олдох боломжтой байсан ч шалгаагүйд гомдолтой байна. Би энэ асуудлыг ахнхаасаа шалгуулахаар удаа дараа хүсэлтээ гаргаж байхад тоож авч үзээгүй. Хохирогч Жигмэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн диплом, хохирогч, Эрдэнэвангийн авсан ШУТИС-ийн 2 ширхэг диплом, хохирогч Тамирын гаргуулж авсан ШУТИС-ийн цахилгаан инженерийн бакалаврын диплом бүгд зохих байгууллагад бүртгэлтэй ба өөрсдөө шалгаж авсан байдаг. Миний найз Г.Т нь ШУТИС-ийн диплом Оюунгэрэлээр гаргуулж одоо “Төмөр замд” уг дипломоор ажиллаж байна. Энэ мэт би диплом авсан хүмүүс болон өөрийн найз нөхдийн, танилын авсан диплом, нэр, хаяг, утасны дугаар, ажил төрлийг удаа дараа зааж өгч байхад Оюунгэрэлийг олж тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүйд маш их гомдолтой байна. Уг үйлдэлд сургуульд оруулаагүй хүмүүсийн асуудал бүтээгүй болохоос диплом гаргуулна гэсэн бүх хүмүүсийн диплом албан ёсоор гарч авсан байдаг. Миний хувьд энэ дипломуудыг шалгахад О олдож хохирол хуваагдах бүрэн боломжтой юм. Мөн О-н найз А-р дамжуулж “Сар шинэ” гэх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь тодорхой байхад энэ асуудлыг шалгаж өгөөгүй. Энэ авсан мөнгө одоо миний хохирол байгаа үгүй нь тодорхой бус байдаг. “Их үндэстэн” гэх компанийн бичиг баримт уг компанийг шалгахад Оюунгэрэл бүрэн олдох боломжтой. Мөн миний багын найз О-н нэр дээр Оюунгэрэл “Тесла кор” гэх компанийн нэр дээр зээл авахуулсан. Өөр миний нэр дээр  “Шинэ төгрөг” ББСБ-с өөрийн найз С гэх эмэгтэйгээр зээл авахуулсан. Энэ бүгдийг тодруулахад Оюунгэрэл бүрэн олдох боломжтой байхад дээрх баримтыг шинээр биш удаа дараа хэлж ярьж явсаар байхад ач холбогдол өгөхгүй яллаж байгаад маш их гомдолтой байна. Би уг үйлдлийг амьдралынхаа эх үүсвэрийг болгож байгаагүй. 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 8 дугаар сард болсон үйлдэл, энэ үйлдлийг үнэн зөвөөр шалгаж тогтоогоогүйгээс гадна зөв зүйлчлээгүйд харамсалтай байна. Үүнийг үнэн зөвөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дээрмийн гэмт хэргийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй ба уг дээрмийн гэмт үйлдлийг хийгээгүй болно. Тухайн өдөр хохирогч Ө-г машинд үлдээгээд л өөрийн багын найз О-д орчихоод 30-40 минут орчим болоод гарч ирэхэд таксины жолооч Баяраа “чамайг мурьчихлаа гээд явчихлаа” гэж хэлсэн. Болсон асуудал ердөө л энэ. Би найзындаа орохдоо утсыг нь аваад орсон. Гэтэл мэдүүлэгтээ “... намайг зодож цохиод, хавсарч унагаагаад айлын хашаанаас нохой дагуулж гарч ирээд дээрэмдсэн...” гэж хэлсэн. Хамгийн наад захаар бодоход намайг хавсарч унагаагаад, нохой авах гээд хашаа руу ороход тэр хүн зугтаах ёстой гэж бодогдох юм. Иймд худал мэдүүлэг өгсөн нь тодорхой байна. Мөн манай найз О-с ядаж ганц тодруулга аваад үнэн зөвийг тогтоох боломжтой байхад уг үйлдлийн үнэн зөвийг тогтоолгүй яллаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ үйлдлийг үнэн зөв тодорхой шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр мөрдөн байцаагч хошууч Э цагдан хорих ангиас түр бичгээр авч гарган хэсэг дээрээ очиж байцаалт авсан. Би “... та яагаад энд авчирч байцаалт авч байгаа юм бэ...” гэхэд “чи дуугүй бай. Зүйл анги чинь буурч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болж байгаа. Бэлдсэн байцаалт тайлбар дээр гарын үсэг зурчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмгөөлөгчийн хамт байж байгаад зурна гэхэд чи өмгөөлөгчтэйгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл болгох гээд яваад байгаа биз дээ, угаасаа гэрч нарыг чинь нүүрэлдүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгож байгаа, маяглаад байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсгээр нь зүйлчилнэ шүү гэж дарамтлан, өмгөөлөгчгүй байцаалт авч гарын үсэг зуруулсан. Дараа нь хавтаст хэрэгтээ танилцахад миний урьд нь өгсөн мэдүүлгээс хол зөрүүтэй байцаалт мэдүүлэг байсан. Үүний дараа бүх байцаалт мэдүүлгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгохоор шалтаглаж өмгөөлөгчгүй авч байснаа удалгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 болгон явуулсан ба хэргийн материалыг анхан шатны шүүх руу явуулсан. Онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байхад нэг ч удаа өмгөөлөгч байлцуулаагүй мөн зүйл анги бууруулснаар шалтаглан илт худал мэдүүлэг авч эрх зүйн байдлыг минь дордуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна ...”  гэв.

Ялтан И.Сын өмгөөлөгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... И.Сын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. И.С өс хонзонгийн сэдэлтээр алсан гэсэнд маргаан байсан. Гэвч Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасны дагуу ял шийтгэл оногдуулсан. Оршуулгын зардалд 1.300.000 төгрөг төлсөн. Одоо 1.340.400 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг төлнө гэдгээ ар гэрийнхэнд нь илэхрхийлсэн байгаа. Явцын дунд энэ мөнгө нь төлөгдөх байх. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Харин залилангийн гэмт хэрэгт холбогдуулаад өмнө удаа дараа хүсэлт гаргаж байсан. Заримыг нь шалгаж, заримыг нь шалгаагүй. Шалгуулах хүсэлтийг мөрдөн байцаалтад прокурорт, шүүхийн шатанд бүрэлдэхүүнд тавьж байсан. Сая болсон анхан шатны шүүх хуралдааны өмнөх шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн хэргийг хянаад И.Сын гаргасан хүсэлтийн дагуу залилангийн гэмт хэргийг дахин шалгах ёстой юм байна гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Үүний дагуу прокурор эсэргүүцэл бичиж улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэ гэсэн шийдвэр гаргасан. Шүүгч С.Пүрэвсүрэн өмнө гаргасан өөрийн шийдвэрээсээ буцаж хоёрдмол байдалтай шийдвэр гаргасан байна гэж үзсэн. И.С анхнаасаа Оюунгэрэл гэдэг хүнтэй хамтарч үйлдсэн гэдэг. И.С энэ хэргийг олон жилийн хугацаанд үйлдээгүй, 5-6 сарын хооронд үйлдсэн. Нийт хохирол 59.000.000 гаруй төгрөг болдог. Энэ их мөнгийг И.С амьдралдаа хэрэглэх боломж бололцоо байхгүй. Мөн Оюунгэрэл гэдэг хүнийг олох боломжтой талаар хэлж, гэрийг нь зааж өгдөг. Цагдаагийн ажилтнууд тухайн байранд очиж хүмүүстэй уулздаг. Оюунгэрэлийг олох боломжтой гэсэн асуудлыг хэлдэг. Анхзаяа гэдэг хүний дипломыг гаргасан ч овгийг нь сольсон байсан. Харин Анхзаяа дипломоо авсан байдаг. Төгөлдөр гэдэг найз нь Оюунгэрэлээр дамжуулан Төмөр замын дээд сургууль төгссөн гэх диплом гаргуулсан. Одоо Төгөлдөр нь төмөр замд ажиллаж байгаа гэж И.С хэлдэг. Урьдчилсан хэлэлцүүлэгт эдгээр байдлуудыг шалгуулах талаар ярьж хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Гандолгорын ах Сумъяагаас 3.000.000 төгрөг, “Сар шинэ Интернэншл” ХХК-иас Найданнасангаар дамжуулан “Тесла кор” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж 3.000.000 төгрөг авсан гэж мэдүүлдэг ч эдгээр асуудлуудыг шалгаагүй. Хохирогч Болдбаатараас залилж авсан процессор байдаг. Эндээс хураагдсан 2 ширхэг дэлгэц, 5 ширхэг процессор, 1 кэйс гээд байдаг. Эдгээр зүйлүүдийг хохирогчид буцааж өгье гэдэг хүсэлтийг гаргадаг. Гэтэл уг зүйлүүдийг буцааж өгөлгүйгээр шийдвэрлэсэн. Иймд хохирогч нарт буцааж өгч хохирлоос хасах нь зүйтэй. И.С ганцаараа 59.000.000 төгрөгийг залилж аваагүй. Үндэслэлгүйгээр ял халдааж хохирлыг хуваан төлөх боломж бололцоогоор хангасангүй. Иймд залилангийн гэмт хэргийг дахиж шалгах шаардлагатай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Шаардлагатай бүх материалыг өгсөн. Шүүгч баримт дутуу учраас шийдвэрлэсэнгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл бүх баримтыг гаргаж өгөөд шийдвэрлэх боломжтой байхад шүүх ингэж шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна ...” гэв.

Иргэний хариуцагч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Цагдаагийн Ерөнхий Газрын хуулийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг, цагдаагийн хурандаа цолтой. Би энэ хэргийн шүүх хуралдаанд хэд, хэдэн удаа оролцож байсан. Сүүлд болсон шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй учраас оролцож чадаагүй. Цагдаагийн Ерөнхий газраас нэхэмжилж байгаа асуудалд холбогдуулаад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Гэтэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг заасан. Үүнд, дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана: баривчилсан; таслан сэргийлэх арга хэмжээ авсан; эмнэлгийн байгууллагад байлгасан; албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн; ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол буруутай эсэхийг харгалзахгүйгээр төр хариуцна гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар хохироосон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, 5 дахь хэсэгт Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Энэ хэрэгт холбогдсон албан хаагчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалдаа хайнга хандсан гэх зүйл ангиар ял сонсгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Эдгээр хүмүүс нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож шийтгэгдсэн учраас энэ хохирлыг цагдаагийн байгууллага биш, тухайн гэм буруутай хүн өөрөө хариуцах эрх зүйн зохицуулалттай ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх. И.С нь Оюунгэрэл гэж хүний талаар яриад байдаг. Оюунгэрэл гэдэг хүний талаар мөрдөн байцаалтын шатанд шалгасан. И.Ст залилуулсан хүмүүс Оюунгэрэл гэж хүнийг танихгүй, хараагүй гэдэг. Ялтны өмгөөлөгчийн хэлж байгаагаар И.С 53.000.000 гаруй төгрөгийг үрэх боломжгүй гэж хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ 53.000.000 төгрөгийг покер тоглоод алдсан байсан. Тухайн мөнгийг нэгээс нь аваад нөгөөд нь өгч байсан гэсэн мэдүүлгийг өгч байсан. Мөн зугтаасан талаар ярьсан. Харин И.С сая өөрөө чөлөө аваад явсан талаар мэдүүлж байна. Мөрдөн байцаалтын шатанд 00 орох хороонд зугтаасан гэх мэдүүлгийг өгсөн. Энэ хэрэгт холбогдуулж цагдаагийн албан хаагч Б.У, А.Э нарын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар шалгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нэг. Хүнийг алсан гэмт хэргийн талаар;

- И.С нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шалгагдаж байхдаа оргон зугтаж, өөрийн эхнэр Д.Ог батлан даалтад авахуулна гэж хуурч мэхлэн гаргаж дагуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхонд байрлах “Lotus” зочид буудлын 205 тоот өрөөнд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар хохирогчийн хоолойг нь боож санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн “... 2015 оны 2 дугаар сарын 4-ний орой 21 цаг өнгөрч байхад миний охин Д.О гэртээ ирэхдээ сэтгэлээр унасан байдалтай “И.Сыг цагдаа бариад явчихлаа” гэж хэлэхээр нь би “яагаад И.Сыг бариад явсан юм бэ” гэж асуусан чинь миний охин “би өдөр тань руу яриад намайг замын цагдаагаас дуудаж байна. Жолооны үнэмлэх гаргах гэсэн чинь чиний регистр зөрчихөөд байна, чи ирж засуулаад гарын үсэг зурах шаардлагатай байна гэж хэлсэн шүү дээ” гэхээр нь би “тэгсэн, яасан” гэсэн чинь “... тэгээд намайг яваад очиход замын цагдаа биш, энгийн хувцастай Нийслэлийн цагдаагийн эрүүгийн цагдаа байна гээд хоёр хүн уулзаад бид хоёр чамайг дуудуулсан, чи одоо И.Сыг олж өг, чамтай холбоотой юм байна” гэж хэлэхээр нь би “бид хоёр холбоо байхгүй хааяа над руу ярьж хүүхдийнхээ талаар асуудаг бид хоёр тусдаа амьдраад удаж байна. Хаана байдаг талаар нь мэдэхгүй” гэж хэлээд байж байхад миний утас дуугарсан чинь И.С над руу залгаж байсан. Тэгэхэд хоёр цагдаа миний утсыг чанга яригч дээр нь тавиад ажил дээр яваад ир уулзах хэрэг байна гэж үг зааж өгөхөөр нь би И.Ст ажил дээр яваад ир уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд машинтай манай ажил руу явсан ба явах замдаа тэр хоёр цагдаа чи хэдэн төгрөгийн цалинтай ажил хийдэг юм бэ, чи худалдагч хийдэг байж яаж ийм үнэтэй утас барьдаг юм бэ, И.С залилан хийж олсон мөнгөөрөө чамд утас авч өгсөн үү гэж хэлэхэд нь миний охин уурлаад та юу яриад байгаа юм бэ, би тэр хүнээс юу ч авдаггүй, би ажил хийж хүмүүс яаж амьдардаг тэр л амьдралаар амьдардаг гэж хэлсэн...” гэсэн. Тэгээд ажил дээр очоод хоёр цагдаа миний гар утсыг авчихаад намайг ерөнхий нягтлангийн өрөөнд оруулаад суулгасан. Тэгээд байж байхад И.С гадаа ирэхээр нь намайг гарч уулз гээд би гараад ажлынхаа гадаа И.Стай уулзах үед хоёр цагдаа ирээд И.Сыг бариад машиндаа суулгасан. И.С машинд суухдаа “Д.О чи намайг барьж өгч байгаа юм биз дээ” гээд хөмхийгөө зуугаад над руу их муухай харж занасан. И.С намайг цагдаад бариад өгчихлөө гэж бодоод байгаа юм шиг байна гэж нилээн сэтгэлээр унасан янзтай ярихаар нь би “миний охин юундаа сэтгэлээр унадаг юм бэ, ямар барьж өгсөн биш, учир нь олдоод гараад ирэх байлгүй, дараа ойлгуулаад хэлж болох байх, цагдаа нар заавал тэгж барих хэрэгтэй байсан юм байхдаа, одоо унт” гэж хэлсэн. Тухайн үед миний охин нилээн сэтгэлээр унасан хямарсан байдалтай байсан. Маргааш нь буюу 2015 оны 2 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд Д.О, аав, охин хоёртойгоо гэрээсээ гарч замаараа охиноо цэцэрлэгт нь өгчихөөд ажил руугаа явсан. Өдөр нь 12 цагийн үед над руу залгаад “ээж, та над руу 2500 нэгж явуулчих” гэхээр нь “ээж нь гадуур явж байна, дүү рүүгээ ярьчих, дэлгүүрт сууж байгаа” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэртээ байж байсан чинь 16 цагийн үед эрүүгийн цагдаа М гэх хүн утсаар яриад “танай охин Д.О гэртээ ирсэн үү” гэхээр нь би “ажил дээрээ байгаа” гэж хэлсэн чинь “И.С ажил дээрээс нь аваад гарсан байна” гэж хэлээд утсаа тасалчихаар нь би охиныоо 99980717 дугаарын утас руу залгасан чинь ерөөсөө утсаа авахгүй байж байгаад 18 цагийн үед охины минь утаснаас “ээж ээ, Сайханаатай хамт байна, санаа зоволтгүй” гэж мессеж ирэхээр нь би буцаагаад залгахад утсаа авахгүй байж байснаа “Наранбулаг явж байна” гэсэн мессеж ирэхээр нь би гайхаад утас руу нь залгаад авахгүй байхаар нь “С баригдсан гэсэн, гарчихсан уу, гайгүй юм уу” гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрчихөөр нь би “хаана байна” гэж мессеж бичсэн чинь “удахгүй харилаа” гэсэн хариу ирсэн. Тэгээд би шөнөжингөө утас руу нь залгасан чинь утсаа авахгүй өглөө болсон. 2015 оны 2 дугаар сарын 6-ны өглөө М гэх цагдаатай утсаар яриад “миний охин гэртээ ирсэнгүй, И.Сын хэрэг нь гайгүй юм уу, гарчихсан юм уу” гэж асуусан чинь “И.С оргосон байна. Би И.Сыг бариад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст У гэх хүнд хүлээлгэн өгсөн. Одоо надаа хамаагүй, Уаас асуу” гэж хэлээд Уын утасны дугаарыг надад өгсөн. Тэгэхээр нь Уын утас руу залгаад “би Д.Огийн ээж байна, өөр дээр чинь байж байгаад зугтаасан И.С миний охиныг авч яваад алга болчихлоо, би маш их санаа зовж байна” гэж хэлсэн чинь У “би Д.О гэх хүн мэдэхгүй” гэж ойлгомжгүй юм яриад утсаа тасалчихаар нь би дахин залгаад “И.С гэх хүн өөр дээр чинь байж байгаад оргосон юм биш үү, М цагдаагаас өөрийн чинь дугаарыг авсан. Миний охин Д.О алга болчихлоо” гэж хэлэхэд “И.С гэж байсан, би Д.Ог мэдэхгүй” гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би М рүү залгаад “та нар миний охиныг олж өг, яахаараа миний охиноор И.Сыг бариулдаг юм бэ, И.С баригдахдаа Д.Ог занасан гэсэн, одоо охин минь яаж яваа ч юм билээ” гэхэд “одоо надад хамаагүй, би Ут хүлээлгэж өгсөн, та Утай ярь” гэж өөрөөсөө зайлуулсан утгатай юм хэлсэн. Тэгээд би дахин У, М нарын утас руу залгаад байсан чинь сүүлдээ утсаа авахаа больчихсон. Тэгээд би хүүгийнхээ хамт Наранбулагтай төстэй нэртэй зочид буудлууд болон хотын ойролцоо амралтын газруудаар хайгаад олоогүй учир Утай утсаар яриад та нар юу болж байна, хайж байна уу гэсэн чинь хайж байна гээд байсан. Тухайн өдрийн орой У утсаар яриад “И.С тань руу ярьсан уу, И.С над руу утсаар яриад эхнэртэйгээ хамт байна, өөрөө тань дээр яваад очъё гэж согтуу ярьсан” гэж хэлсэн. Тэгээд би И.Сын ээжтэй нь утсаар ярьсан чинь “би мэдэхгүй, намайг ерөөсөө хүн гэж тоодоггүй” гэж хэлсэн. 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр би охиныхоо болон У, М нарын утас руу нь ээлжлэн залгаад та нар утасных нь байршилаар олж болдоггүй юм уу гэж хэлээд байж байхад У оройхон “Наранбулаг гэж амралтын газар ирж хайлаа, энд байхгүй байна” гэж хэлсэн. 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр У над руу утсаар яриад “би Баянбуурал гэх амралтын газар ирлээ, энд 96 хүн  байна. И.С танай охин хоёр байхгүй байна” гэж хэлсэн. Үдээс хойш 16 цагын үед У над руу залгаад “И.С сая над руу ярьлаа, тань руу ярьсан уу” гэхээр нь би “үгүй, юу гэж байна” гэсэн чинь “И.С согтуу байна. Тэгээд байцаагчаа би 1 дэх өдрийн өглөө 8 цагт өөрөө яваад очъё, надад 20.000.000 төгрөг байна” гэхээр нь би “хайж байгаа талаараа хэлэлгүй, тэг тэг, өөрөө мөнгөө аваад хүрээд ир” гээд хэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би охиныхоо утас руу залгасан чинь дуудаад утсаа авахгүй байсан. Тэгтэл Д.Огийн утаснаас над руу залгаад байна уу гэхээр нь би И.С уу, Д.О хаана байна гэсэн чинь хажууд байна гэхээр нь “наадахаа надтай яриулаадах” гэсэн чинь “тантай ярихгүй гээд уйлаад байна” гэхээр нь “яагаад ярихгүй гээд байгаа юм бэ, согтуу байгаа юм уу” гэж асуусан чинь “согтуу байна” гэхээр нь “пиво ч уудаггүй хүүхэд яахаараа согтуу байдаг юм бэ” гэхэд И.С “би архи уулгасан юм” гэж хэлэхээр нь “согтуу нь яах вэ, надад дуу хоолойг нь сонсгоотох” гэсэн чинь И.С цаашаа хүнтэй ярьж байгаа юм шиг хайраа ээж чинь яръя гээд байна, ярих юм уу гэж зөөлөн ярьсанаа гэнэт загнаж байгаа юм шиг маяглаад байгаач дээ ярих юм уу, яах юм гэж хэлж надад сонсгож байснаа за хорин минутын дараа яриулъя гээд утсаа тасалчихсан. Тэрнээс хойш над руу утсаар яриагүй, залгахаар утсаа аваагүй. Тэгээд би У луу утсаар яриад юу гэж ярьсан тухайгаа хэлсэн. И.Стай утсаар ярихад дуу хоолой нь согтуу юм шиг сонсогдож байсан. 2015 оны 2 дугаар сарын 9-ний өглөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга дээр очиж миний охин Д.Ог олж өгнө үү, амь нас, эрүүл мэндэд ямар нэг юм тохиолдвол танай хариуцлагагүй цагдаагийн албан хаагч нараас хариуцлага нэхэх болно гэсэн өргөдөл бичиж өгсөн. Цагдаагийн хэлтсийн дарга нь Батсайхан гэх хүнтэй намайг уулзуулаад Батсайхан нь Отгонбаатар гэх хүнд миний өргөдлийг өгсөн. Би Отгонбаатарт байцаалт өгчихөөд Утай биечлэн уулзъя гэж бодоод өрөөнд нь орж “та нар ямар арга хэмжээ авч байна, миний охин ингэж явах хүн биш, ямар нэг юм тохиодчихлоо, би та нарын ажлыг зааж байгаа юм биш, утасных нь байршилаар олж болдоггүй юм уу” гэж хэлэхэд У би “тэр хүнийг алдаагүй, И.С 20.000.000 орчим төгрөгийн залилангийн хэрэгтэй хүн байна лээ, би И.Сыг Сүхбаатар дүүргийн цагдаад аваачиж өгөхөөр явж байх замдаа лавлагаа авах гээд И.Сыг жолоочтой үлдээсэн чинь манай жолооч алдчихсан байна лээ, манай жолооч настай хүн байдаг, тэрнээс хойш даралт нь ихсээд байгаа” гэхээр нь “хэн алдсан нь надад хамаагүй миний охиныг олоод өг, ингэж явах хүн биш, би охиноо сайн мэдэж байна” гэж хэлээд цагдаагаас гарч охиныхоо ажил дээр очиж хүний нөөцийн ажилтантай нь уулзсан. Тэгээд Д.Огийн талаар ярьж байхад манай зохион байгуулагчийн утсанд 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Наранбулагт байна гэсэн мессеж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би Д.О юу гэж хэлж чөлөө авсан гэж асуусан чинь манай зохион байгуулагчид “манай нөхөр цагдаад баригдчихсан, намайг ирээд батлан даалтад аваадах гээд байна. Би цайныхаа цагаар явчихаад ирье” гээд гарсан байсан гэж хэлсэн. Миний охин ажлаасаа гарахдаа ажлынхаа хувцас дээр куртикаа өмсөөд утас хэтэвч хоёроо аваад явсан байсан. 2015 оны 2 сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд миний охины утаснаас надад тэнд байна, энд байна гэсэн утгатай мессеж байнга ирж байсан. 2015 оны 2 дугаар сарын 10-ны өглөө охиноо хайж утас руу нь болон У, М нарын утас руу залгахад хэн ч утсаа авахгүй байсан. Тэгээд 14 цагийн үед манай нөхрийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс залгаад очиж уулзсан чинь миний охиныг нас барсан байдалтай олдсон болохыг хэлсэн. Миний охиныг И.С 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр алчихаад амьд байгаа юм шиг мессеж бичиж утсаар ярьж тохуурхан даажигнаж байсныг сүүлд мэдсэн. И.С миний охиныг алах болсон шалтгаан нь 1-рт цагдаад барьж өгсөн гэж өс хонзон санаж занаж алсан, 2-рт цагдаад барьж өгөөд, өөрөө хүнтэй сууж амьдрах гэж байна гэдэгт зэвүүцэн алсан гэж бодож байна. Мөн анх И.Сыг барьсан хоёр цагдаа болох М, алдсан У нар миний охиныг алуулах бүх боломж нөхцлийг бий болгосон. Ажилдаа хэтэрхий хариуцлаггүй, хайнга хандсан гэж үзэж байна...” /1хх-55-58/,

 Гэрч Н.Б-н “... 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр манай буудлын 205 тоот өрөөнд намайг байхгүй үед нэг залуу орсон байсан. Манай үйлчлэгч Урантуяад “7 хонож магадгүй, хоногийн 30.000 төгрөгөөр орчихъя” гэж хэлээд урьдчилгаа 60.000 төгрөг өгөөд орсон байсан. Тэр залуу намхан биетэй, махлаг залуу байсан. Намайг бичиг баримтаа өгчих, бүртгье гэхээр “одоохон эгчээ” гэж хэлээд л инээгээд яваад байдаг байсан. 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр тэр залуу өрөөнөөсөө гараад явчихсан байсан. Тэгээд огт ирэхгүй байж байгаад 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг 30 минутын үед ирсэн. Намайг үүдний текэн дээр зогсож байхад 3 хоногийн мөнгө гээд 90.000 төгрөг өгсөн. Энэ үед тэр залуугийн араар нэг хүүхэн дээшээ гараад явсан. Гэтэл нөгөө залуу “манай эхнэр ирчихээд алуулж байна. Бид 2 виз гарвал Канад явах гэж байгаа юм. Хадмындаа байхаар ядаргаатай байна” гэж байсан. Тэр өдрөө өрөөндөө 10 ширхэг бууз захиалсан санагдаж байна. Ингээд тэр залуу хамт ирсэн эмэгтэйтэйгээ 2 хоног өрөөнөөсөө гараагүй. Өрөөнийхөө үүднээс л ус, ундаа захиалж авсан. 2015 оны 2 дугаар сарын 5-ны орой тэр залуу бууж ирээд надаас 0.75 литрийн “Gold Chinggis” архи аваад удалгүй 0.75 литрийн “Хар чингис” нэртэй архи авсан. Тэгэхдээ “эхнэр уурлаад алуулж байна аа” гэсэн зүйл л яриад байсан. Тэр өдөр өрөөнд нь ямар нэгэн дуу чимээ гараагүй. 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 16-17 цагийн үед нөгөө залуу өрөөнөөсөө ганцаараа гарч яваад нэг их удалгүй буцаж ирсэн. Орж ирэхдээ тортой юм барьчихсан байсан. Дотор нь ямар ч байсан цаасан хайрцагтай “Болор” архи харагдаж байсан. Надад 2 хоногийн мөнгө өгөхдөө “хадмынхаас хол энд амар байна” гэх утгатай юм ярьж байсан. Ер нь их яриасаг залуу байсан. Энэ өдрөө дахин орж, гараагүй огт хөдөлгөөнгүй байж байгаад 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 18, 19 цагийн үед нөгөө залуу ганцаараа бууж ирээд 10 ширхэг бууз захиалсан. Би буузыг нь өрөөнд нь оруулж өгөх гээд хаалгыг нь тогшиход тэр залуу хаалгаа тайлж гарч ирж буузаа аваад орсон. Намайг огт дотогш оруулахгүй байсан. Ингээд 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр би 13-14 цагийн үед тэр залуугийн байсан 205 тоот өрөөнөөс шкаф авах хэрэгтэй болоод хаалгыг нь тогшиход нөгөө залуу их л сандруу байдалтай “хэн бэ, яасан бэ” гээд хаалгаа онгойлгосон. Би өрөөнөөс нь орж шкафыг нь тэр залуутай хамт өргөж гаргасан. Тэгэхэд орон дээр хамт орсон эмэгтэй нь хөнжил нөмөрчихсөн хэвтэж байхаар нь би согтуу унтаж байгаа юм байх гэж бодсон. Тэгэхэд өрөөнөөс нь нэвширсэн муухай үнэр үнэртэж байхаар нь би хамт явсан үйлчлэгч Отгонсүрэнд “энэ өрөөг нь цэвэрлээд өг, эсвэл өөр өрөөнд оруулаад өрөөг нь сольчих” гэхэд тэр залуу “яах юм бэ, эхнэр шартчихаад байна” гэж хэлээд бид хоёрыг түлхэх нь холгүй гаргасан. Тэр үед залуу нилээн согтуу байдалтай байсан. Ингээд маргааш нь буюу 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр өрөөнөөсөө огт гарч ирэхгүй, дуу чимээ гаргахгүй байгаад байхаар нь орой 17 цагийн үед би гайхаад хаалгыг нь тогштол хаалгаа тайлахгүй, хаалганыхаа цаанаас нөгөө залуу нилээн сандарсан шинжтэй “хэн бэ” гэхээр нь би “та хоёр чинь амьд уу, яагаад дуу чимээгүй байгаад байгаа юм бэ, хаалгаа онгойлгоодох” гэхэд хаалгаа онгойлгохгүй “зүгээрээ эгчээ, санаа зовох юм байхгүй” гэж байсан. Тэгээд би орой 23 цагийн үед 203 тоот өрөөнд унтах гээд орсон. Унтах гээд хэвтэх үед өрөөнд муухай нэвшсэн үнэр үнэртээд байхаар нь цонхоо онгойлгоод унтаж байтал шөнө 03 цаг 30 минутын үед дүү Соёл-Эрдэнэ орж ирээд “тамхи байна уу, муухай үнэр үнэртээд байна” гэж хэлээд тамхи аваад гарсан. Тэгээд би бодоод байтал тэр хүүхэн өрөөнд орсон цагаасаа эхлээд дуу нь гараагүй, хоорондоо юм ярих чимээ гараагүй, өрөөнөөсөө ч цухуйгаагүй болохоор нь гайхаад доошоо бууж Соёл-Эрдэнэд “энэ нэг л шижигтэй байна. Ингэж олон хоног чимээ аниргүй байна гэж юу байхав, цагдаа дуудаж шалгуулъя” гээд 102-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” /1хх-61-64/,

Гэрч П.С-н “... Би “Lotus” зочид буудалд шөнийн ээлжинд байнга ажилладаг ба би орой 20 цагт ирээд хонож ажиллаад өглөө 09 цагт буудаг. Өнөөдрийн хувьд орой 21 цагийн үед ажилдаа ирээд байж байтал урьд нь үнэрлэж байгаагүй эвгүй үнэр гараад байхаар нь эгч Байгаль дээр очоод /эхлээд би нилээн арц, хүж уугуулж байгаад болохоо байхаар нь/ энэ хаанаас, юуны үнэр үнэртээд байнаа гэсэн чинь харин мэдэх зүйл алга, оройноос хойш ийм үнэр их үнэртээд байна гэж хэлээд бид 2 ярьж байгаад би 205 номерт 2-3 хүн хонож байгаа, энэ хүмүүс цэвэрлэгээ авсан уу, орж үзсэн үү гэхэд цэвэрлэгээ хийгдээгүй, наад хүмүүс чинь оруулахгүй байгаа гэж хэлээд, цагдаад дуудлага өгье гээд эгч Байгаль дуудлага өгсөн чинь удалгүй дуудлагын 2-3 цагдаа ирээд буудлын өрөөний хаалгыг би шууд түлхүүрээр нь онгойлгож өгөөд ороход нөгөө эвгүй үнэр маш хурцаар үнэртэж цагдаа нар дотогши ороод өрөөнд байсан нэг залууг гаргаж ирээд, эмэгтэй нь нас барсан талаар хэлсэн...” /1хх-65-67/,

Гэрч Н.Г-н “... 2015 оны 2 дугаар сарын 10-ны өглөө үүрээр намайг ажил  дээрээ байхад 04 цаг 08 минутанд 102-с Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхонд байрлах “Lotus” зочид буудлын 205 тоот өрөөнд хүүхэн, залуу хоёр ороод 4-5 хоносон. Өрөөнөөс муухай үнэр үнэртээд байна гэсэн мэдээлэл ирэхээр нь Улиастай 112, 121 чиглэлийн хоёр автомашинтай а/х Зориг, а/а Эрдэнэбат, а/а Нацагдорж, а/а Тэгшболд нарыг шалгуулахаар үүрэгжүүлэн явуулсан. 10 минутын дараа Зориг над руу залгаад эмэгтэй нь нас барчихсан байна, эрэгтэйг нь барьчихлаа гэхээр нь Зоригийг хэргийн газарт үлдээгээд нөгөө 3 цагдаагаар сэжигтэй этгээдийг цагдаагийн хэлтэст авч ирүүлсэн. Цагдаагийн хэлтэст сэжигтэй этгээдтэй уулзаж ярилцахад биеийн байдал ерөнхийдөө гайгүй байсан учир ярилцлага хийхэд өөрийгөө Ичинхорлоогийн И.С, 28 настай гэж танилцуулаад болсон асуудлын талаар ярихдаа манай эхнэр Д.О, 25 настай, “Toyota Prius 20” загварын машинтай залуутай явалдаад байхаар нь зочид буудалд Д.Отай ороод хардалтын улмаас Д.Ог боосон чинь ухаан алдаад сэрээгүй. Би Д.Ог сэрчих байх гэж бодоод хажууд нь байгаад байсан. Тэгээд би амиа хорлох гээд 200 ширхэг хлорфенамин гэж эм уусан гэсэн. Би И.Стай ярилцаж байхдаа өөрийн “Samsung” загварын гар утсан дээр 4 минутын бичлэг хийсэн. И.С нь 200 ширхэг эм уусан гэсэн учир би 103 дуудаж үзүүлсэн чинь эмч үзчихээд бага зэрэг хордлогын шинж байна. Гэхдээ гайгүй байна гэсэн. И.С эмчийг ирснээс хойш ярихдаа эм уусны дараа бөөлжсөн гэж хэлсэн ба эмч бөөлжсөн болохоор бие нь гайгүй байгаа юм байна, хэрвээ бөөлжөөгүй бол үхэх аюултай гэж хэлсэн. Мөн И.С амиа хорлох гээд өөрийнхөө гэдэс рүү хутгаар нэг хатгаж үзсэн гэсэн...” /1хх-80-81/,

Гэрч Ж.А-н “... 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би Д.Отай ерөөсөө уулзаагүй. Тухайн өдөр цайны цагаар зохион байгуулагч Ууганчимэгт “манай нөхөр ярьж байна, ирээд батлан даалтад авчих гэж байна. Явчихаад ирье” гэж хэлээд гарч явсан байсан. Мөн тэр өглөө Д.О ажил дээрээ ирчихээд Ууганчимэгт “ яанаа өчигдөр Сайханааг цагдаа бариад явчихсан, би бариад өгчихсөн” гэж хэлээд нилээн сэтгэлээр уначихсан байхаар нь Ууганчимэг хэрэг төвөг нь гайгүй бол зүгээр байлгүй дээ гээд өнгөрсөн гэсэн...” /1хх-82-85/,

Гэрч Ө.У-н “... 2015 оны 2 дугаар сарын 5-ны өглөө 08 цаг 50 минутын үед ажил дээрээ ирэхэд талийгаач ирчихсэн, нүд нь улайчихсан, царай нь муухай харагдахаар нь би “яасан, юу болсон бэ” гэж асуусан чинь талийгаач “шөнө унтаж чадсангүй, өчигдөр Сайханааг манай ажил дээр, намайг харж байхад цагдаа нар бариад явчихсан. Сайханаа цагдаад баригдаж явахдаа Д.О чи намайг барьж өгч байгаа юм уу тэ гэж хэлсэн. Тэгсэн чинь би Сайханааг цагдаад бариад өгчихсөн юм шиг санагдаад шөнө унтаж чадсангүй” гэхээр нь би юу болсон талаар асуухад “ямар учраас цагдаа барьсан болохыг мэдэхгүй байна” гэхээр нь би “гайгүй байлгүй дээ” гэж сэтгэлийг нь засах үг хэлээд өнгөрсөн. Тэгээд 14 цагийн үед буюу цайны цаг болж байхад Д.О над дээр ирээд “манай нөхөр ярьж байна. 805-аас ирээд батлан даалтад авчих гэж байна, би явчихаад ирье” гэж хэлэхээр нь би “за тэг тэг, цайны цагаараа амжуулчих” гэж хэлээд Д.О ажлаас гарсан. Тэгээд Д.Ог гарч явснаас хойш 1 цаг гарангийн дараа манай ажил дээр 1 цагдаа ирээд хүний нөөцийн Ариунжаргал эгчтэй уулзаад, Ариунжаргал эгч надаас Д.О хаана байна гэж асуухаар нь би цайндаа явсан гэж хэлсэн чинь гаргаж болохгүй байсан шүү дээ, яагаад явуулж байгаа юм бэ гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж санаа зовоод Д.О руу залгасан чинь огт утсаа авахгүй байхаар нь хаана байна, хурдан ир гэсэн утгатай мессеж биччихээд байж байтал 17 цагийн үед “Сайханаа бид 2 сүүлийн уулзалтаа хийж байна, Наранбулаг руу явж байна, аргалаарай” гэсэн утгатай мессеж ирэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, ажил дээрээ хурдан ир” гэж мессеж бичсэн чинь хариу ирээгүй. Тэгээд би 19 цаг өнгөрч байхад Д.Огийн утас руу залгасан чинь И.С утсыг нь авахаар нь би “утасны эзэнтэй нь яръя” гэж хэлэхэд “ярих боломжгүй байна. Бид 2 салалтаа тэмдэглээд жаахан юм уусан чинь цаадах чинь согтоод унтчихлаа, би хоол авах гээд явж байна” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, ажлаа хийж байсан хүүхдийг ажлын дундуур авч явчихаад, одоо яриулаадах” гэж хэлсэн чинь “би одоо хоол авах гээд явж байна, ороод яриулъя, өнөөдөртөө Д.Ог аргалчих, маргааш 09 цаг гэхэд ажил дээр нь хүргээд өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа дахин утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон...” /1хх-86-89/,

Гэрч Г.Б-н “... 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 18-19 цагийн үед Д.О ирж тооцоо нийлж байхад ерөнхий нягтлан намайг дуудаад “Д.Огийн нөхөр нь хэрэг хийчихсэн гэж байна, гадаа цагдаа ирчихсэн, нөхрийг нь барих гэж байгаа юм байна. Чи Д.Ог утсаар ярих нь уу харж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд тооцоо нийлж байгаад Д.О бид 2 хамт гарч тамхи татсан чинь энгийн хувцастай 2 хүн ирээд Д.Отай уулзаад жаахан зайтай очоод зогссон. Тэр үед би нөгөө цагдаа нар нь юм байна гэж бодсон. Тэгээд буцаж ороод ажлаа хийж байтал манай найз ирчихлээ гээд дуудахаар нь би үүдэнд найзтайгаа уулзаад сууж байтал 19 цаг өнгөрч байхад Д.О гадуур хувцсаа өмсөөд гараад ирье гээд гарахаар нь би харж байгаарай гэж хэлсэн болохоор нь араас нь гарсан чинь манай ажлын үүдэнд цагаан машин зогсчихсон, арын хаалга нь онгорхой, хажууд нь 2 цагдаа, Д.О болон бас нэг залуу зогсчихсон байсан. Тэр танихгүй залуу Д.О руу гараараа чичилж заагаад “наадах чинь хөөе” гэж чанга орилж хэлэхэд нь би цагдаа нар Д.Огийн нөхрийг барьчихсан юм байна гэж бодоод цааш нь юу гэж хэлснийг нь сонсолгүй буцаад ажил руугаа орсон. Намайг ажил руугаа ороод 20-30 минутын дараа Д.О орж ирж тооцоо нийлчихээд 20 цаг өнгөрөөд Д.О “Соманг плаза”-гийн салбар луу явсан. Тэгээд тэр салбар дээрээс над руу утсаар ярьж 30 орчим минут тооцоо нийлсэн. Д.О уг нь их сэргэлэн цовоо зантай, гэтэл тухайн үед биеэ барьсан байдалтай байгаад байсан...” /1хх-90-92/,

Гэрч Б.А-н “... 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 17-18 цагийн үед 13 дугаар хорооллын “Соманг плаза”-гийн тооцоог хийлгэхээр Д.О манай өрөөнд орж ирсэн. Д.Ог орж ирээд удаагүй байхад намайг гадаа хүн хүлээж байна гэхээр нь гарсан чинь өөрийгөө цагдаа гээд Мягмартай нэртэй хүн байсан ба хажууханд нь өөр бас нэг энгийн хувцастай залуу зогсож байсан. Мягмартай нэртэй залуу “Д.Огийн нөхөр хэрэг хийчихсэн, бид нар барих гэж байгаа юм, Д.Ог битгий утсаар яриулж, өөрөөсөө холдуулаарай, би гадаа байж байя, хүнтэй утсаар ярьвал юу гэж ярьж байгааг нь сонсоод хэлээрэй” гээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд би өрөөндөө орж ирээд байж байсан чинь цагдаа яриад хүнтэй утсаар ярьсан уу гэж надаас асуусан. Тухайн үед Д.О ерөөсөө утсаар яриагүй. Хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад Д.Огийн утас дуугараад байна, утсаар яриулах гэсэн юм, та дагуулаад гараад ир гэхээр нь би Д.Ог дагуулж гаран амралтын өрөөнд оруулаад Д.О цагдаатай хамт үлдсэн. Тэгээд Д.О буцаж орж ирэн тооцоогоо нийлж дуусаад 20 цагийн үед санхүүгийн албаны өрөөнөөс гарч явсан. Тэрнээс хойш цагдаа нартай холбогдоогүй. Харин маргааш нь 13 цаг өнгөрч байхад Мягмартай нэртэй цагдаа над руу утсаар яриад Д.О ажил дээрээ байна уу, нөхөр нь цагдаа дээрээс зугтаачихлаа гэж хэлэхээр нь өрөөнөөс гарч дэлгүүр лүү очоод Д.О байхгүй байхад нь зохион байгуулагч Ууганчимэгээс Д.Ог асуусан чинь цайндаа гараад явчихсан гэж хэлэхээр нь цагдаад дамжуулж хэлсэн. Тэрнээс хойш цагдаа над руу Д.Ог цайнаасаа ирсэн үү гэж хэд хэдэн удаа залгаж асуусан ба Д.О дахиж ажил дээрээ ирээгүй. Хэд хоногийн дараа Ариунжаргалаас Д.Ог нас барсан талаар сонссон...” /1хх-93-96/,

Гэрч Б.Ц-н “... 2015 оны 2 дугаар сарын 4-ний орой би талийгаач руу залгаж ярьсан чинь гэр лүүгээ харьж явна, надад хэцүү юм тохиолдоод гэхээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач дараа уулзаж байгаад яръя гэж хэлээд өнгөрсөн. 2015 оны 2 дугаар сарын 5-ны орой 19 цагийн үед талийгаачийн утаснаас И.С миний дугаар луу залгаад Д.О бид 2 Наранбулагт амралтын газар байна, чи такси бариад хүрээд ир, бид хоёр сүүлийн уулзалтаа хийж байна гэхээр нь би такси барьж очоод яахав, найзыгаа дуудаад яваад очъё, наад газар чинь хаана байдаг юм бэ гэхэд 22-ын товчоо өнгөрөөд байдаг гэж хэлэхээр нь би Д.Отай яръя гэж хэлсэн чинь би хоолонд явж байна, танай найз чинь тасраад уначихсан би эргэж ороод яриулъя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа И.С над руу дахин залгаад Д.О намайг хуурсан уу, өөр хүнтэй унтсан уу гэж асуухаар нь би “ёстой тийм юм байхгүй, юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь И.С тэгвэл “би хуурч байсан, би загвар өмсдөг хүүхэнтэй унтсан” гээд хачин юм яриад байхаар нь “би яваад очъё, Д.Отай утсаар яръя” гэж хэлсэн чинь эргээд яриулъя гээд утсаа тасалчихсан. Тэгээд би буцаагаад утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан...” /1хх-97-98/,

Гэрч Э.Мгийн “... Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч У нь И.С гэж хүн дүүрэг дамжин залилан хийгээд байна. Энэ нөхрийг эрэн сурвалжлаад өгөөч гэж санал тавихаар нь би хэлтсийн болон тасгийн даргад танилцуулан И.Стай холбоотой мэдээллийг цуглуулах ажлыг 2014 оны 12 дугаар сарын сүүлээс хийж эхэлсэн. Тэгээд 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр би Д.Огийн ажил дээр очиж ном үзэж байгаад утасны дугаарыг нь авчихаад тэр өдрөө ажлынх нь гадуур И.Сыг ирэх болов уу гэж харж байгаад 2015 оны 2 дугаар сарын 4-ны өдөр Д.О руу залгаж цагдаагаас залгаж байна, та 805 дугаар ангийн энд хүрээд ир гэсэн чинь Д.О миний жолооны үнэмлэх гарчихсан юм уу гэж асуухаар нь би та ямар ч байсан хүрээд ир, уулзаж байгаад яръя гэж хэлээд ажлынхаа хаягийг зааж өгсөн. Тэгээд 10 цагийн үед Д.О манай ажил дээр ирэхээр нь би хүлээн авч уулзаад танай нөхөр И.С залилангийн хэрэг хийгээд зугтаагаад олдохгүй байна, та энэ хүнийг хаана байгаа талаар мэдэх үү, холбоо барьж уулзаж байгаа юу гэж асуусан чинь 6 сарын өмнө И.С намайг алгадаж зодоод бид 2 гэрээ буулгаж, салж тусдаа амьдарч байгаа, надтай өчигдөр уулзсан. Өнөөдөр хүүхдийн Ipad тоглоом авч ирж өгнө, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй, өмнө нь И.Сыг хэрэг хийснийг нь мэдээгүй байж байгаад шүүх хурал болоод ял авсныхаа дараа хэрэг хийсэн гэдгээ хэлж байсан. Миний ээж аав 2 сал гээд байгаа юм, би бас амьдралаа бодмоор байна гэж хэлсэн. Тэгээд бид тасгийн даргадаа танилцуулсан чинь Эрүүгийн төлөөлөгч Бат-Эрдэнийг хамт явж хаяг дээр нь хяналт тавь гэж хэлээд Бат-Эрдэнэ бид 2 Д.Огийн хамт 17 цагийн үед ажил дээр нь очоод үүдэнд нь байж байхад Д.Огийн утас руу И.С залгаад одоо ингэсхээд очлоо, чи байж байх юм уу гэж асуухад Д.О би тулгалт хийж орой болтол байна гэж хэлсэн. Тэгээд Д.Ог ажил руугаа орох үед нь би “Samsung” загварын том цагаан өнгийн утсыг нь авч үлдсэн. Д.Ог ажил руугаа орсны дараа И.Стай холбогдоод хэлчихэж магадгүй гэж бодоод нягтлантай нь уулзаж “Д.Огийн нөхөр нь хэрэг хийчихээд зугтаагаад байгаа юм. Одоо Д.О дээр ирж уулзаж хүүхдийн тоглоом авч ирж өгнө гэж хэлсэн. И.С урд хаалгаар ороод ирвэл хэлээрэй, мөн Д.О утсаар ярих нуу харж байгаарай” гээд нягтлангийнх нь утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд байж байтал Д.Огийн утас руу И.С залгахаар нь Д.Ог ажлаас нь дуудаж гарган, амралтын өрөөнд нь Д.О бид 2 ороод утсаар яриулсан чинь И.С би одоо очиж байна, ажил дээрээ байна уу гэж асуухад нь Д.О байна гэж хэлсэн. Тэр үед Д.О И.Сыг ирэхээр нь би гарч уулзчихаад буцаж ажил руугаа ороход та бариарай гэж хэлэхээр нь би утсыг нь өгөөд оруулсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 гадаа зогсож байсан чинь Д.О нэг эмэгтэй хүнтэй гарч ирж тамхи татаж байгаад надтай ирж уулзаад И.С сая ярьсан, ойрхон ирж байна гэж хэлчихээд, тамхиа татаж дуусаад ажил руугаа орсон. Тэгээд гадуур нь алхаад байж байтал 66-74 УБҮ улсын дугаартай, цайвар өнгийн “Accent” загварын машин ирж зогсоод Д.О ажлаасаа гарч тэр машин дээр очиж уулзчихаад буцаад орчихоор нь И.С ирсэн юм байна гэж бодоод би машинаа асааж “Accent” машины урдуур зогсоод дугуй хагарчихлаа, одоо яах  вэ гэж Бат-Эрдэнэтэй ярьж байгаад, машин дотор сууж байгаа хүнийг хартал И.С мөн байхаар нь шууд бариад ажил руугаа явсан. И.Сыг ойролцоогоор 19 цагийн үед барьсан. Ажил дээр очоод И.Саас тайлбар авч, биед үзлэг хийхэд бэлэн 3.800.000 төгрөг, хятад “Iphone 5” загварын гар утас зэрэг эд зүйл гарч ирсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч У луу утсаар ярьсан чинь манай дүүрэг галын хэрэг гарчихаад ажиллаж байна. Одоо И.Сыг хүлээн авах боломжгүй байна гэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гомбо дарга руу утсаар ярьсан чинь одоо алба хаагч нараа явуулъя гэж хэлээд эрүүгийн төлөөлөгч Баатархүү, мөн 2 төлөөлөгч хамт ирж И.Сыг аваад явсан. И.Сыг авч явах үед наад хүн чинь тодорхой хаяг байхгүй шүү, алдваа гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч У луу залгасан чинь И.Сыг бие засуулж байгаад манай жолооч алдчихсан гэхээр нь юу яриад байгаа юм бэ, та нар алдсанаараа өөрсдөө олоорой гэж хэлчихээд Д.Огийн ажлын нягтлан руу утсаар яриад Д.О байна уу гэхэд цайндаа гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би шууд Д.Огийн ажил дээр очиж нягтлан болон хүний нөөцийн ажилтантай уулзаж И.Сыг ирвэл хэлээрэй гэж хэлээд Д.Огийн хүүхдийн цэцэрлэг хаана байдаг талаар мэдээллийг авсан. Тухайн үед мөрдөн байцаагч У нь И.С над руу эхнэрийнхээ утсаар яриад байна, өмгөөлөгч аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь У над руу залгаад И.С амралтын газарт байна гэхээр нь би та нар өөрсдөө олж ав, бариад өгч байхад алдчихдаг гэж хэлсэн. Тэгээд би Д.Огийн ээж рүү залгаад мөрдөн байцаагч У И.Сыг алдчихсан байна, та тэр хүнтэй холбогдож яриарай, Д.О И.С нарыг ирэхээр нь та ярьж хэлээд туслаад өгөөрэй гэж хэлсэн...” /1хх-103-105/,

Гэрч М.Б-н “... Би Мтэй хамт Д.Отай уулзах тэр үед И.С орой ажил дээр ирнэ гэсэн ба тэр үед И.С өөрөө орой ажил дээр чи нь очино гэж ярьсан юм. Тэгээд Д.Ог дагуулж ажил дээр нь очоод И.Сыг ирэхийг хүлээсэн. Номын дэлгүүрийн гадаа И.С такситай ирсэн. Тэгэхэд И.Сыг ирлээ гээд Д.О гарч таксинд нь орж түүнтэй уулзаад гарч ирээд ажил руугаа ороход нь зөрөөд И.С машинаасаа буугаагүй байхад нь М бид 2 машинд нь орж үнэмлэхээ үзүүлээд, машинаас буулгаад шууд өөрсдийнхөө машинд суулгаад аваад явсан. Тэр үед И.С Д.Ог заналхийлсэн үг яриа хэлээгүй, дуугүй машинд суугаад явсан. Яг тэр үед Д.О ч өөрөө ажил руугаа орсон байсан ба ойр хавьд байгаагүй. Тэр үед И.С утсаар ярихдаа өөрөө эхнэр дээрээ ирнэ гэсэн учраас ажил дээр нь хүлээсэн...” /1хх-107/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... 2015 оны 2 дугаар сарын 4-ний орой Өргөө 2 кино театрын хажуу талд явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад цолтой цагдаа намайг бариад цагдаагийн хэлтэс дээр очиж хоноод 2015 оны 2 дугаар сарын 5-ны өглөө цагдаагийн хэлтсээс 00 орохдоо зугтааж гараад 3 дугаар хороололд очиж Ганбаатай уулзаж цайны газар хоол идчихээд эхнэр Д.Отай утсаар яриад Багшийн дээдийн Интер номын дэлгүүр дээр уулзахаар болоод 14-15 цагийн үед Д.Огийн ажил дээр очиж уулзаад тэндээсээ миний байрлаж байсан “Lotus” гэх буудал руу явсан. Буудал дээр очиж би түрүүлж орж тооцоогоо хийгээд намайг энд олон хоносон гэж битгий хэлээрэй гэж хэлчихээд буцаж гарч Д.Ог аваад хамт буудлын 205 тоот өрөөнд орсон. Буудалд байхдаа 4 шил Нийслэл пиво, 10 ширхэг бууз аваад 2-уулаа пиво ууж, буузаа идчихээд би гарч дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Болор архи, торт, ундаа, шоклад зэрэг зүйл авч ороод Д.О бид 2 унтсан. 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 13 цаг гэж бид 2 босоод жаахан юм идчихээд Болор архинаас задлаж ууж байхдаа би буцаж эвлэрэх, хамт амьдрах талаар ярьсан чинь Д.О одоо хэрэггүй, би өөр хүнтэй уулзаж байгаа, 2уулаа дахиж уулзах шаардлагагүй, манай найз нөхрөөсөө салаад өөр хүнтэй уулздаг болсон чинь их сайхан байна гэж ярихаар нь миний уур хүрээд Болор архийг ихэнхийг нь ганцаараа ууж дуусгаад буудлын орон дээр зэрэгцэн сууж байгаад айлгах гээд би Д.Ог хойш нь орон дээр хэвтүүлээд хажууд нь орон дээр хэвтэж байгаад зүүн гараараа хоолойг нь багалзуурдан боож дарсан. Тухайн үед би 2 минут орчим хоолойг нь боосон ба Д.О эхэндээ гар хөлөө хөдөлгөж байснаа сүүлдээ хөдөлгөөнгүй болчихоор нь би хоолойг нь боохоо больсон. Д.Огийн хоолойг боохоо больсны дараа ямарч хөдөлгөөн хийхгүй, зүгээр хэвтээд байхаар нь намайг айлгах гээд хөдлөхгүй байгаа юм байна гэж бодоод хэсэг харж байгаад уучлаарай, одоо 2-уулаа салдагаараа салъя гэж хэлээд биеэнд нь хүрээд татсан чинь огт хөдлөхгүй байхаар нь зүрхэн дээр нь чихээ наагаад сонссон чинь зүрх нь цохилохгүй байсан. Тэгээд би Д.Ог үхчихлээ гэж мэдээд амиа хорлох гэж буудлаас гарч хажуу талынх нь зах руу орж эмийн сангаас 1 боодолдоо 20 ширхэгтэй 10 боодол хлорфенамин гэж эм, мөн зах дотроос бор иштэй хутга авч буцаж буудалдаа ороод буудлаас 0.75 литрийн хар чингис архи авч өрөөндөө ороод 200 ширхэг эмийг архитай холиод уусан. Энэ архи уусны дараа би бөөлжсөн. Бөөлжсөний дараа өөрийгөө хутгалах гээд гэдэс рүүгээ нэг удаа хатгасан чинь хутга орохгүй бас миний охин бодогдоод хутгалж чадаагүй. Тэгээд тэрнээс хойш би юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдэхэд би цагдаа дээр ирчихсэн байсан. Би амиа хорлох гээд маш их эм уусан болохоор эм ууснаас хойш хэсэг хугацаа өнгөрөөд тэрнээс хойш юу ч санахгүй байна...” /1хх-179-182/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Д.О нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Д.Огийн цогцос задлан шинжилгээгээр механик амьсгал бүтэлтээс өөр амьдад нь үүссэн гэмтэл тогтоогдоогүй ба амьсгал бүтэлтэд орсон хүн тэр даруй нас барсан байна. Хэвлийн хажуу урд ханын  хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь нас барсны дараа үүсгэгдсэн байна. Талийгаач нь нас бараад 4-5 хоносон байх магадлалтай. Талийгаач нас барах үед дунд зэргийн согтолттой байжээ. Багаж эвдрэлтэй байгаа тул цусанд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хлофенамины шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 337 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-117-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... И.Сын биед зүүн гарын бугалгад цус хуралт, зүүн гарын шуу, зүүн гарын нэг хуруу, баруун шуунд зулгаралт, зүүн хөхний орчимд өнгөц шарх, цус хуралт, хэвлийд шарх, цус хуралт, зулгаралт, нуруу, зүүн өвдөг зулгаралт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2793 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-123/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-120-121, 125-150/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-20/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21-25/, Хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-26-34/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-38/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-39-41/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-42-48/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-49-51/, Хохирлын баримтууд /2хх-62-96/ зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр. Дээрмийн гэмт үйлдлийн талаар;

- И.С нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Өнөболдыг хавсарч унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “Samsung Note 1” загварын гар утас, “Rokes” загварын гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Өнөболдын “... Хосбаяр 2015 оны 1 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед кино үйлдвэрийн буудлын хажууд байх манай бааранд надад зарсан пальтоныхоо мөнгийг авахаар ирсэн тэгээд би Хосбаярт өнөөдөр надад мөнгө алга, бааранд сууж байгаад гар гэж хэлээд 4-5 шил Сэнгүр пиво авч өгсөн. Тэгээд шөнийн 02 цагийн үед манай баараар үйлчлүүлсэн хүн тооцоо хийх мөнгө алга, гэрээс дагаж очоод мөнгө авчих гэсэн. Тэгээд манай баарны зохион байгуулагч намайг хамт яваад ир гээд явуулсан. Энэ үед би Хосбаярын “Samsung Note-1” загварын гар утсыг хүнтэй утсаар яриахаар авсан байсан. Тэгээд би тэр үйлчлүүлэгчээс тооцооны мөнгө авахаар гэр лүү нь хамт таксигаар явсан. Тэгээд хойшоо яваад миний мэдэхийн “Алтан өлгийн” нэг мухарын гудамжинд таксинаасаа буугаад байж байтал гэнэт тэр хүн намайг хавиран унагаагаад дээрээс цохиод, нохой дуудаж гаргаж ирээд намайг явуулахгүй, нохойгоороо уруулах гээд байсан. Тэр үед миний хормогчны халааснаас Хосбаярын “Samsung Note-1” загварын утас унасан. Тэгтэл тэр хүн энэ утсаа надад өг гээд булаагаад авчихсан. Бас миний гарт байсан цагийг авсан. Тэгээд тэр хүн цаашаа явахад нь би зугтаасан. Намайг ажил дээр ирэхэд манай баар хаасан байсан. Би Хосбаярт дээрэмдүүлснээ хэлээд бид 2 Баянзүрх дүүргийн цагдаа дээр ирж өргөдөл гаргасан...” /2хх-139/, “... Би И.Саас бугуйн цаг 20.000 төгрөг, Хосбаярын гар утас 180.000 төгрөг, үүн дээр 29.500 төгрөгийн тооцоо хийгээгүй, нийт 229.500 төгрөг нэхэмжилнэ. И.С намайг машинаас буулгаад жийж унагаагаад нүүр лүү өшиглөж гар утас авсан. Тэгээд зодож байхдаа цагийг бугуйнаас татаж авсан. Миний нүүр жаахан хөхрөөд өнгөрсөн.../ 2хх-140/,

Гэрч Э.Хосбаярын “... Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна, нилээн хэд хоногийн өмнө 23 цагийн үед кино үйлдвэрийн автобусны буудлын ар талын “Ибиза” нэртэй бааранд Өнөболдтой уулзаж өмнө нь зарсан хувцасныхаа мөнгийг авахаар очсон. Тэгээд намайг очиход Өнөболд утсаараа яриулчих, би удахгүй мөнгийг чинь өгье гээд миний утсыг авсан. Тэгээд Өнөболд миний утсаар ярьж байгаад хэсэг алга болчихсон. Өнөболд 1 цаг гаруй алга болоод би баарных нь гадаа түүнийг хүлээсэн. Тэгж байтал замын эсрэг талаас хүрч ирээд би сая утсыг чинь дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд Өнөболд бид 2 цагдаагийн хэлтэст ирж өргөдөл гаргасан...” /2хх-142/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... 2015 оны 1 дүгээр сарын 16-ны орой 00 цаг өнгөрч байхад найз Ганбаярын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ибиза” нэртэй бааранд орж жаахан юм ярьж сууя гээд орох гээд явсан боловч Ганбаяр хүнтэй утсаар ярьж байгаад алга болсон. Ингээд би ганцаараа бааранд орж 2-3 шил пивр ууж байгаад гарах гэсэн боловч мөнгө байхгүй тул зөөгчийг нь ахыгаа дагаад явчих, найзаасаа мөнгө аваад өгье гэж хэлсэн. Тэгээд тэр зөөгчийг дагуулаад найзныхаа гэр лүү явсан. Найзынхаа гэрийн гадаа очиход утасны цэнэг дууссан байсан тул нөгөө зөөгч бандитай машинаас буугаад утсаа өгч бай, миний утасны цэнэг дуусчихсан байна гэж хэлээд утсыг нь авсан. Тэгээд утсаар нь найз руугаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө зөөгч бандийг наанаа зогсож бай гэж хэлээд яваад өгсөн. Би зөвхөн утсыг нь аваад явсан...” /1хх-191/ гэх мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /2хх-141/ зэрэг нотлох баримтуудаар,

Гурав. Залилах гэмт хэргийн талаар;

- И.С нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт ял  шийтгүүлж ялтай байдал нь дуусаагүй байхдаа, нийт 12 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, бусдад нийт 56.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

1. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Э-с нийт 6 удаагийн үйлдлээр өөрийгөө боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 12.800.000 төгрөгийг:

Хохирогч В.Э-н “... Би энэ оны хавар И.С гэж залуутай танилцсан. Тэгэхэд тэр залуу гял цал хувцастай, өөрийгөө Боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулсан. Тэгээд хүүхэд их, дээд сургуульд асуудалгүй оруулж өгч чадна шүү, хэрэг болвол яриарай гэсэн. Тэгээд би Мандал сумандаа очоод аав, ээж, ах дүү нартаа энэ жил хүүхэд сургуульд оруулж өгч чадна гэж хэлсэн. Ингээд надад ах дүү, таньдаг хүмүүс хүүхдээ сургуульд оруулуулахаар мөнгө өгсөн. Би тэр мөнгийг нь И.Ст аваачиж өгсөн. Хамгийн анх 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жуковын талбайн баруун талын Хаан банкны хажуугийн нотариат дээр очиж бэлнээр 1.000.000 төгрөг өгч, И.Ст хүү, алданги байхгүйгээр 1.000.000 төгрөг зээлүүлээ гэсэн гэрээ хийж 2 талаас гарын үсэг зурсан. Үүний дараа 7 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 8 дугаар сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.800.000 төгрөгийг дээрх байдлаар зээлийн гэрээ байгуулж өгсөн. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 15-ны өдөр И.С надтай уулзаад 500.000 төгрөг миний данс руу хийчих, энэ мөнгийг хийгээд сургуулийн асуудал болно гэхээр нь түүний өгсөн дансанд манай ээж Наранцэцэг 500.000 төгрөг хийсэн. Ингээд үүнээс хойш И.Саас сургуулийн асуудал юу болж байна гэхээр болж байгаа, эсвэл энд тэнд хүрээд ир гээд шалтаг тоочиж уулзахаа болиод, сүүлдээ утсаа таслаад алга болсон. И.С манай хаяг гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-23 тоотод дагуулж очсон бөгөөд тэнд төрсөн ээж Ичинхорлоо, ах нь гээд өөр нэг хүн байсан. Гэртээ намайг дагуулж очсон болохоор нь би итгэсэн. И.С надтай харьцахгүй алга болсны дараа гэрт нь очиход ээж, ах 2 нь байсан бөгөөд И.С зугтаагаад ирэхгүй байгаа гэж хэлсэн. Ингээд би 13.500.000 төгрөг манай Мандал суманд амьдардаг Гэрэлээ, Билгүүнээ, Мөнхтөр нараас авч өгсөн. Энэ 3 хүн надаас өгсөн мөнгөө нэхэж байгаа. Би өөрөө худлаа яриад хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гээд мөнгө авсан юм шиг болоод байна. Би Боловсролын яаманд очиж И.С гэж хүн ажилладаг эсэхийг асуухад ажилладаггүй гэж хэлсэн...” /3хх-77-78/,

Гэрч С.Б “... 2014 оны 5-6 дугаар сард байх Э гэж миний таньдаг ах намайг сургуульд оруулж өгөхөд туслана гээд 5.300.000 төгрөг авсан юм. Тэгээд дараа нь сургуульд оруулж өгнө гэсэн ажил нь бүтэхгүй боллоо гээд 5.300.000 төгрөгөө 2014 оны 11, 12 дугаар сарын үед буцааж бэлнээр өгсөн...” /3хх-231/,

Гэрч Н.Г-н “... Би И.С гэж хүнийг танихгүй, уулзаж ч байгаагүй, харин Э гэж хүнийг танина, манай Зүүн хараагийн залуу байгаа юм. Э намайг Цагдаагийн сургуульд оруулж өгнө гэж 2014 оны 8 дугаар сард надаас 5.000.000 төгрөг авсан. Тэгээд 3-4 сарын дараа Цагдаагийн сургуульд оруулж өгнө гэсэн нь бүтэхгүй боллоо гээд 2014 оны 12 дугаар сард 5.000.000 төгрөгийг маань буцааж өгсөн. Одоо надад ямар нэгэн авлага байхгүй...” /3хх-232/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Би 2014 оны 6 дугаар сард найз Э-с 2.400.000 төгрөгийг “хүүхдийг нь сургуульд оруулж өгнө” гэж худлаа хэлж Жуковт замын хойд талын Жоби-72-ын гадаа авсан. Тэр ажил нь бүтээгүй. Дараа нь 8 дугаар сард дахин уулзаад хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж 8.000.000 төгрөгийг 3  хувааж Сансарын Баянцээлийн орчим авсан. Мөн 2014 оны 8 дугаар сард ТБД андуудын орчим 2.000.000 төгрөг авсан. Нийт 11.000.000 төгрөг авсан...” /1хх-176/ гэх мэдүүлгүүд, Зээлийн гэрээ /3хх-81-85/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-г ШУТИС-д оруулж өгнө гэж хуурч мэхлэн 3.060.000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авсан болох нь:

Хохирогч Б.Б-н “... 2014 оны 8 дугаар сард “Zar.mn” сайтаас “их дээд сургуульд оруулж өгнө, диплом гаргаж өгнө” гэх зарлал хараад дугаар луу нь холбогдоход утсаар ярьж байгаад уулзахаар болсон. Тэгээд хэд хоногийн дараа тэр эрэгтэйтэй уулзаж танилцахад өөрийгөө И.С гэж танилцуулаад Боловсролын яаманд ажилладаг, одоогоор амралтаа авчихсан байгаа, ахад нь мөнгө  хэрэгтэй болсон болохоор их дээд сургуульд хүүхэд зуучилж мөнгө олж байгаа” гээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өгсөн бөгөөд тэрэн дээрээ өөрийнхөө гарын үсгийг зурж дугаараа бичсэн байсан. Би ШУТИС-д ороход хэдэн төгрөг болох вэ гэхэд миний зуулчилсны хөлс 1.500.000 төгрөг, сургуулийн төлбөр 2.000.000 гаран төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд итгээд тухайн өдрөө урьдчилгаа 500.000 төгрөгийг өөрийн 10 жилийн сургуулийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, Санхүү эдийн засгийн сургуульд элсэж байсан тодорхойлолт зэрэг бичиг баримтаа өгсөн. Тэгээд түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сар хүртэл цувуулж 4 удаа уулзаж 2.560.000  төгрөг И.Ст өгсөн. Нийт 3.060.000 төгрөг өгсөн. Тэгээд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн утсаа авахгүй, гэрийн хаягаар нь очихоор байшингаа зарчихсан гэж байсан...” /3хх-44-45/,

Гэрч Г.Н-н “...Миний найз Батцэцэг нь И.С гэх хүн сургуулийн шилжүүлэг хийж өгнө гэсэн гээд нийт 3.000.000 орчим төгрөг өгсөн. Яг хэдийг өгсөн гэдгийг санахгүй байна. Би одоо хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Бид 2 хамт явж байхад И.С нь Б-тэй яриад мөнгө хэрэгтэй байна гээд Б утсаа барьцаанд тавьж 100.000 төгрөг аваад тэрийгээ өгсөн. Тэгэхэд ШУТИС-ийн төв байранд очиж мөнгөө өгсөн...” /3хх-47/,

Гэрч С.А-н “... 2014 оны 8 дугаар сарын эхээр манай найз охин Б ШУТИС-д зуулчилж оруулж өгөх хүнийг зараар хайж байсан бөгөөд 1 эрэгтэй хүнтэй холбогдоход “их сургуульд орохыг хүсэж байгаа бол одоо ирэхдээ 500.000 төгрөг аваад ир гэсэн. Тэгээд Батцэцэг бид 2 эгчээс нь 500.000 төгрөг аваад тэр хүнтэй Өргөө-2 кино театрын урд талд уулзсан. Тэр хүн өөрийгөө И.С гэж танилцуулсан бөгөөд Б-т иргэний үнэмлэхний лавлагааны хуулбараа өгч байсан. тэгээд тэр хүнтэй ярилцаж байгаад Б 500.000 төгрөгийг өөрийн бичиг баримтын хамт өгсөн. Тэр хүн удалгүй эргээд холбоо барина гэж хэлээд явсан. Б тэр хүнээр иргэний үнэмлэхний лавлагааны ард тал дээр нь Б-с 500.000 төгрөг зээлэв гэж бичүүлээд гарын үсэг зуруулж авсан. Түүнээс хойш би тэр хүнтэй дахин уулзаагүй бөгөөд Б тэр хүнд нийт 2.460.000 төгрөг цувуулж өгсөн байсан. Тэр талаар сүүлд найз охиноосоо сонсож мэдсэн. 2014 оны 11 сарын дунд үед дахин уулзаад 100.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш тэр хүн сураггүй алга болсон...” /3хх-48/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... 2014 оны 8 дугаар сард интернет зараар танилцсан Батцэцэг гэх хүнээс сургуульд оруулж өгнө гэж 3.100.000 төгрөгийг Өргөө кино театр дотор авсан...” /1хх-177/, “... Б гэж Санхүүгийн сургуульд сурдаг охин өөрөө ШУТИС-д орох гэхээр нь түүнээс 3.060.000 төгрөг цувуулж авсан...” /1хх-209/ гэх мэдүүлгүүдээр,

3. 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүүргийн 3 дугаар хорооны нутагт И.С нь өөрийгөө Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан Н.О-н нөхөр Т-н сургуулийг шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг авсан болох нь:

Хохирогч Н.О-н “... 2014 оны 8 дугаар сард манай нөхөр Т “Түшээ” дээд сургуульд сурч байгаад өөр сургууль руу шилжүүлэх бодолтой би төрсөн эгч О-д хэлсэн чинь манай найз Ч-н найз И.С гэж залуу Боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн хийдэг гэсэн гээд Ч-с И.Сын утасны дугаарыг аваад залгахад И.С нь өөрийгөө яаманд Боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай, МУИС-ийн эрх зүйн ангийг төгссөн, таны наад асуудал чинь жижиг зүйл, 6.000.000 төгрөг өгчих тэгвэл шийдээд өгнө, одоо уулзъя гэхээр нь нөхөр бид 2 Сансарын тунелийн тэнд уулзсан чинь яриа хөөрөөтэй, жижигхэн махлагдуу залуу байсан ба өөрийнхөө нэрийн хуудсыг өгсөн. Нэрийн хуудсан дээр нь Боловсролын яамны үнэлгээний мэргэжилтэн И.С гэсэн хаяг байсан. Тэгээд манай нөхөр Боловсролын яаман дээр очоод асуусан чинь И.С гэж хүн байхгүй гэсэн учир манай нөхөр наад хүн чинь луйварчин, худалч байна, цагдаад хэлж арга хэмжээ авахуулахгүй бол олон хүмүүсийг залилах нөхөр байна гэхээр нь би уурлаад хүнд итгэхгүй ямар сонин юм бэ гэж ятгаж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр И.Стай зээлийн гэрээ хийж 2.000.000 төгрөг өгсөн. Гэтэл И.С манай нөхрийн сургуулийг шилжүүлж өгөлгүй худлаа ярьж, 2.000.000 төгрөг залилсан...” /3хх-29-30/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Би О-г таньдаг юм. Өөрөө нөхөр нь дээд сургуулийн диплом хэрэгтэй байна, олоод өгөөч гэсэн. Би түүнд өөрийгөө яаманд ажилладаг гэж худлаа танилцуулаад итгэлийг нь олоод диплом олж өгнө гэж 2.000.000 төгрөг авсан...” /1хх-208/ гэх мэдүүлэг, Мөнгө шилжүүлэгийн хуулга /3хх-31/, Зээлийн гэрээ /3хх-32/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд М.Т-н хүүхдийг Цагдаагийн академид оруулж өгнө гэж хууран мэхэлж 5 удаагийн үйлдлээр 4.610.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч М.Т-н “... Би И.С гэх залуутай утсаар танилцан “хүүхэд цагдаагийн сургуульд оруулж өгнө” гэхээр нь 2014 оны 9 дүгээр сард анх 2.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 110.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг цувуулж өгч, нийт 4.610.000 төгрөг өгсөн. И.С нь “би цагдаагийн сургууль дээр нэг албан тушаалтантай уулзах хэрэгтэй байна гээд мөнгө авдаг байсан. Би мөнгөө дансаар шилжүүлдэг байсан. Анх надаас 2.000.000 төгрөг авахад нь зээлийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Түүнээс хойш И.Сын утас руу залгаж ярихаар “одоо бүтэх гэж байна, байж бай” гэж хууран мэхэлж, дараа нь утас нь холбогдохоо больсон...” /3хх-18-19/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Би 2014  оны 9 дүгээр сарын 10-ны үед иргэн Т-эй Э гэх найзаараа дамжуулан танилцан утсаар ярьж танай хүүхдийг Цагдаагийн академид оруулах талаар хүнээс асуугаад эргээд хэлнэ гэж хэлсэн. Тэгээд эхлээд 2.000.000 төгрөг, дараа нь 610.000 төгрөг, нийт 4.610.000 төгрөг авсан...” /1хх-198/ гэх мэдүүлэг, Зээлийн гэрээ /3хх-21/, Хаан банкны дансны хуулга /3хх-22-24/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Э.Э-г ШУТИС-н барилгын инженерийн ангид оруулж өгнө гэж хууран мэхэлж 1.200.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Э.Э-ий “... Би ШУТИС-ын авто инженерийн ангид сурдаг бөгөөд ангиа солиулмаар байсан тул найз А-т энэ талаар ярьж байсан. Гэтэл А нэг өдөр над руу залгаад “ангийг чинь солиод өгье, энэ дугаар луу залга” гээд скайтелийн дугаар өгөхөөр нь тэр дугаар луу залгахад “сургуулийн тодорхойлолт, оюутны код, иргэний үнэмлэхний хуулбар, 1.200.000 төгрөг” аваад багшийн дээдийн буудлын тэр хавьд уулзъя гээд утсаар ярьсан. Дараа нь хуралтай болчихлоо гээд 14 цагийн үед уулзъя гээд цагаа хойшлуулсан. 15 цагийн үед өөрөө ирээд дээрх бичиг баримтуудаа авсан. Мөнгийг нь мобайл банкаар манай ээж Д шилжүүлсэн. Дараа 7 хоногийн 1 дэх өдөр орчихно гэж байсан чинь хойшлуулсаар байгаад 11 сар хүргэсэн. Энэ хугацаандаа хэрэг болоод байна гээд иргэний үнэмлэх, төлбөр тушаасан баримт надаас авсан. 11 дүгээр сараас эхлээд утас нь холбогдохоо больсон. Тэрнээс хойш олдохгүй явж байгаад өнгөрсөн 7 хоногийн Лхагва гаригийн шөнө И.С баригдсан гэдгийг А хэлээд мэдсэн...” /3хх-7-8/,

Гэрч Б.Д-н “... Э ШУТИС-ын авто инженерийн ангид сурдаг ба өөрөө барилгын ангид сурах сонирхолтой юм. Тэгтэл 2014 оны 9 дүгээр сард Э хичээлдээ явж байхдаа 1.200.000 төгрөг өгвөл миний ангийг сольж өгнө гэсэн хүн байна, мөнгийг нь өгөөд ангиа солиулъя гэсэн юм. Тэгэхээр нь би наадах чинь ямар учиртай хүн  юм бэ гэхэд энэ хүн найдвартай хүн, яаманд ажилладаг юм гэхээр нь итгээд өөрийн утаснаас мобайл банкаар 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүнийг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Э л мэддэг гэсэн. Би нэг удаа утсаар ярихад одоо оруулна л гээд байсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохоо болиод алга болсон...” /3хх-9/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Энхдөлгөөнөөс ШУТИС-д барилгын ангийг сольж өгнө гэж хэлж бэлнээр 1.200.000 төгрөг авсан. Э нь Т-ийн хүүхдийнх нь найз юм...” /1хх-198/ гэх мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /3хх-11/ зэрэг нотлох баримтуудаар,

6. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт М.Г-г Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 1.550.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч М.Г-н “...Би 2014 онд 10 жилийн сургуулиа төгсөөд хотод их сургуульд орохоор аавтай хамт хотод ирээд Цэрэннадмид эгчийн гэрт хонож байхдаа цагдаагийн академид орох сонирхолтой талаараа хэлэхэд Ц эгчийн танил нь тэр сургуульд оруулж өгөх боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд тэр сургуульд оруулж өгөх хүнтэй Сансарт уулзаад цагдаагийн акдемийн дүрэмт хувцасны хэмжээ өгсөн ба 100.000 төгрөг, миний бичиг баримтын хамт өгсөн. Тэгээд 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүлээсэн. Би Ц эгчээс юу болж байна гэж асуухаар удахгүй гэсэн гээд л байдаг байсан. Тэгээд 9 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Ц эгч бид хоёр нөгөө ахтай уулзаад миний бичиг баримтыг авсан ба тэр үед нөгөө ах одоо удахгүй оруулчих байх гэсэн. Тэгэхэд Ц эгч надад оруулсных нь дараа мөнгөө өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш нь санагдаж байна нөгөө ах над руу залгаад сургууль чинь бүтэж байна, урьдчилгаа 650.000 төгрөг өг гэхээр нь би өгсөн. Тэгсэн болчихлоо үлдэгдэл 800.000 төгрөгөө нөгөө данс руугаа хийгээрэй гэхээр нь мөнгийг нь өөрийн данснаасаа шилжүүлсэн...” /2хх-229-230/,

Гэрч Э.Я-н “... Би 2014 оны 5 дугаар сард Үнэгүй.мн сайтад сургуулийн дүн янзлаж, дипломын ажил хийнэ гэсэн зарын дагуу И.Стай танилцаж байсан. Тэгээд өөрийн эхнэрийн сургуулийн дүнг янзлуулах гээд 2.500.000 төгрөг өгч хөөцөлдүүлж байсан. Тухайн үед И.С манай ах Боловсролын яаманд ажилладаг, сургуульд хүн оруулахад асуудалгүй, чиний таньдаг хүнээс сургуульд орж чадаагүй хүн байна уу, оруулахад асуудалгүй гэж хэлж байсан. Тэгээд 2014 оны 9 дүгээр сард би эхнэрээ сургуульд нь оруулах гээд хотод ирсэн. Хотод таних хүнгүй тул хамаатны М ахын гэрт очиход хөдөөний хүүхэд, цагдаагийн сургуульд орох гэсэн юм таньдаг хүн байна уу гэхээр нь И.С луу залгаад Цагдаагийн академид манай хамаатны хүүхэд орох гэсэн юм чи оруулж чадах уу гэхэд манай ах хурандаа, дарга нь байгаа юм, асуудалгүй гэхээр нь Махбуриад ах, Ц  бид нар И.Стай очиж уулзсан. Тэгсэн чинь бичиг баримтаа аваад ир гээд хэдэн бичиг баримт цуглуул гэсэн. Би тэгээд аймаг руугаа буцсан. Сүүлд сонсоход нөгөө хүүхдээс мөнгө аваад алга болчихсон гэсэн...” /2хх-231-232/,

Гэрч Т.Ц “... Танил М  ах хөдөөнөөс охин Г-н хамт хотод ирээд “охин Г нь Цагдаагийн академид орох сонирхолтой байгаа, таньдаг хүн байна уу гэхээр нь нөхрийн хамаатны Я-д энэ талаар ярихад сургуулийн асуудал зохицуулдаг таньдаг хүн байгаа гэж хэлэхээр нь би Мэндээ ахад хэлсэн. Тэгээд Я надад 96888051, 88023271 гэсэн дугаар өгсөн ба тэр утас руу нь холбогдоод нөгөө хүнтэй нь ярьсан чинь болно уулзъя гээд 805 дугаар цэргийн ангийн урд уулзаад урд талд нь байдаг хувцасны үйлдвэрлүү орж хувцасны хэмжээ өгүүлээд Г-ын бичиг баримтыг аваад явсан. Тэрнээс хойш И.С нь оруулсан зүйл байхгүй, худлаа яриад яваад байхаар нь 9 дүгээр сарын 25-ны өдөр Г-ын бичиг баримтыг авч өгсөн. Тэр үед надад буяны ажилд явах хэрэг гараад яваад 10 дугаар сарын 2-ны өдөр ирээд Гандолгор луу юу болж байна гээд ярьсан чинь орохоор болсон. Нөгөө хүнд 1.500.000 төгрөг өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд И.Стай холбогдож асуухад өнөө маргаашгүй гэж худлаа яриад байхаар нь арга ядаад цагдаад хандсан...” /2хх-233-234/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Таньдаг хүн болох Я-р дамжуулж Г гэх хүнээс 2014 оны 9 дүгээр сард Батлан хамгаалах Их сургуульд оруулж өгнө  гэж 1.400.000 төгрөг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалах Их сургуулийн гадаа АТМ-с авсан...” /1хх-177/ гэх мэдүүлгүүдээр,

7. 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт Ж.О-ээс “Samsung Note 3” загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.О-ийн “... Манай 10 жилийн хүүхэд болох И.С над руу удаа дараа уулзъя гэж залгаад байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр над руу яриад манай ангийнхан уулзаж байна, хүрээд ир гэсэн ба хороололд “НРЖ” кафед уулзахаар болж очиход И.С ганцаараа сууж байсан ба манай ангийнхан яасан бэ гэж асуухад одоо ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд И.С 2 шил пиво уусан ба бид 2 жаахан юм ярьж сууж байгаад явахаар болоход намайг хүргээд өгөөч эгчээсээ компьютер авах гэсэн юм гэж хэлэхээр нь би машинаараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн ар талын 9 давхар байрны доод талын “Милая” нэртэй дэлгүүр лүү ороод ирье хүлээж байгаарай гэж хэлээд ороод гарч ирэхдээ эгч алга байна, гар утсаа өгч байгаач, эгч рүүгээ залгая гэж хэлээд буцаад нөгөө дэлгүүр лүүгээ орсон. Би гадаа нь 30 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход И.С байхгүй байсан ба худалдагчаас нь асуухад манай дэлгүүр нэвт ордог хаалгатай нэг залуу ороод гарсан гэж хэлсэн. Би “Samsung Galaxy Note-3” загварын утсаа залилуулж 700.000 төгрөгийн хохирол учирсан...” /2хх-213-214/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Би 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийг нь тодорхой санахгүй байна, 10 жилийн найз О-тэй утсаар холбогдож, модны хоёрт пабад юм ярьж сууж байгаад тэндээсээ гараад О-ээр 13 дугаар хорооллын дунд зам руу хүнтэй уулзана гэж хүргүүлж, нэрийг нь мэдэхгүй газрын харалдаа зогсоод “утсаар чинь яръя, найзынх нь утас цэнэггүй болчихлоо” гэж утсыг нь аваад машинаас нь буугаад байран дундуур ороод хороолол яваад таньдаг айл Ганбаярынд очиж хоноод маргааш нь Тэди төв дээр О-ийн утсыг 350.000 төгрөгөөр зарсан...” /1хх-176/ гэх мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /2хх-218/ зэрэг нотлох баримтуудаар,

8. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Г.Г-гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Iphone 6”, “Iphone 5S”, “Samsung galaxy S2” загварын гар утаснууд болон 220.000 төгрөгийг хуурч мэхлэн авч нийт 890.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Г-ийн “... Анх 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед найз Д.Ш-тай УБТЗ-ын Бизнес худалдааны төв дээр уулзсан. Тэгээд би найздаа оригнал “Iphone 6 plus” загварын утсыг 1.895.000 төгрөгөөр Хас банкны лизингээр авах гэж байгаа талаараа хэлэхэд Ш ийм үнэтэй гар утас авч яах юм бэ гээд фэйсбүүүк дээр “Iphone 6” гар утасны оргиналаас ялгагдах юмгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн хуурамч дуураймал загварыг нь хямдхан зарна гэсэн зар байна лээ гэхээр нь бид 25 фэйсбүүк ороод зарын группээс 86007717 гэсэн дугаар луу залгаж Нарны гүүрний ойролцоо найз Ш-тай хамт очиж “Toyota Prius 11” загварын машин дотор зар тавьсан эрэгтэйтэй уулзсан. Тухайн үед тэр эрэгтэй машиндаа настайвтар эрэгтэй хүнтэй хамт сууж байсан. Mэгээд надад master copy “Iphone 6” хар саарал өнгөтэй гар утсыг хайрцаг чихэвч цэнэглэгчийн хамтаар өгөөд би тэр залууд 280.000 төгрөг өгөөд салсан. Тэгээд тэр өдрөө орой 21 цагийн үед тэр залуугийн утас руу залгаж ахиж нэг дуураймал “Iphone 5S gold” загварын гар утсыг ээждээ авч өгөхөөр залгаж мессеж бичихэд миний өөрийн 99074522 дугаарын утас руу эргэж залгаад өнөөдөр хүргэж өгч амжихгүй, маргааш утсаар ярьж байгаад өгье гэсэн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 14 цагийн үед манай ажлын өрөөнд орж ирээд надад дуураймал “Iphone 5S gold” загварын гар утсыг хайрцаг, чихэвч, цэнэглэгчийн хамт өгөөд би тэр залууд 210.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Гэтэл тэр өдөр манай хамаатны эгч Д.Наранчимэг утсаар яриад эгчдээ нэг дуураймал утас аваад өгөөч гэхээр нь нөгөө залуутай ярьж орой нь ажил дээр авчирч өгөхөөр тохиролцсон. Орой 21 цаг 35 минутын үед нөгөө залуу манай ажил дээр дотроо гар утасгүй, зөвхөн цэнэглэгч, чихэвчтэй хоосон хайрцаг авч ирсэн. Тэгээд би яагаад дотор нь гар утас нь байхгүй байгаа юм бэ гэхэд манай найз араас машинтай авч ирж байгаа гэсэн. Тэгээд миний гар утасны цэнэг дуусчихлаа, чи надаас авсан утсаа өгч байгаач би дотор нь сим картаа хийгээд найз руугаа яриадхъя гэсэн. Удалгүй чи надаас авах гэж байгаа гар утасныхаа мөнгийг түрүүлээд өгчих гэхээр нь би бэлнээр 220.000 төгрөг тоолж өгөөд, цүнхнээсээ оргинал “Samsung Galaxy S2” загварын гар утсыг гарган тэр залууд үзүүлээд энэ утсыг зарвал  хэдэн төгрөг болох бол гээд асуухад барьж үзэж байснаа би чамд энэ утсыг чинь энгийн оргинал “Iphone 5” загварын утсаар солиод өгөх үү гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн. 5 минутын дараа тэр залуугийн утас нь дуугараад хүнтэй яриад, би гараад найздаа мөнгийг нь өгчихөөд гар утсыг чинь аваад ороод ирье гээд тэр чигээрээ ирэлгүй алга болчихсон. Тэгээд би тэр залуу руу залгаад чи яачихваа гэсэн чинь би танай энд Богд-Ар хорооллын Хаан банкны АТМ-с мөнгө авах гээд зогсож байна, 10 минутын дараа очлоо гэж хэлээд ирэхгүй нилээн удахаар нь утас руу нь залгахад дуудаад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд шөнийн 01 цагийн үед гэртээ очиод 86007717 болон 86061777 дугаарын утас руу нь мессеж бичиж үлдээхэд 2014 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед миний утас руу яриад би яалаа гэж чамайг хульхидах юм бэ, би танай ажил руу машинтай явж байгаад хүн мөргөөд шөнөжингөө Гэмтлийн эмнэлэг дээр байж байгаад үүрээр 05 цагт гэртээ ирсэн гээд би чамд өдөр 11 цаг 30 минутын үед гар утсыг нь гэрт чинь аваачиж өгье гэж худал хэлээд утсаа салгаад алга болсон ...” /2хх-158-162/,

 Гэрч Д.Ш-гийн “... Би 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуучин УБТЗ-ын Дохиолол холбооны 2 дугаар ангид хамт ажиллаж байсан найз Г над руу залгаад Мобикомоос “Apple Iphone 6 plus” утас лизингээр авах гэж байгаа гэж надад  хэлсэн. Тэгэхээр нь би фэйсбүүкээр зарын групп дээр 86007717 гэсэн дугаартай хүн БНХАУ-д үйлдвэрлэсэн master copy хувилбар нь буюу дуураймал “Iphone 6”  гар утсыг хямдхан 300.000 төгрөгөөр цоо шинийг зарна гэсэн байна, чи тэрийг үзэж хараад худалдаж авахгүй юм уу гэж асуухад Гантуяа зөвшөөрөөд манай ажил дээр 15 цагийн үед хүрч ирсэн. Бид 2 зарын дагуу залгахад нэг эрэгтэй хүн утсаа аваад Төмөр замд уулзъя гээд 16 цагийн үед Нарны гүүрний доор “Toyota prius 11” загварын саарал өнгийн машин дотор хүлээгээд сууж байхаар нь Гантуяа бид 2 машинд нь суугаад утсыг үзэж хараад сим картаа хийж шалгаж үзээд чихэвч, цэнэглэгч, хайрцагны хамт 280.000 төгрөгөөр худалдаж авсан...” /2хх-164-165/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... 2014 оны 12 дугаар сард Г гэх эмэгтэйтэй фэйсбүүкээр танилцаад БНХАУ-д үйлдвэрлэсэн “Iphone 6” загварын хуурамч гар утсыг зарна гэхэд Г худалдаж авахаар болсон. Тус утсыг 250.000 төгрөгөөр зарсан. Маргааш нь Г өөрөө над руу яриад авсан утасныхаа өнгийг солиулана гэхээр нь ажил дээр нь очиж уулзахад надаас дахин “Iphone 5s” загварын гар утас олоод өгөөч, “Samsung S2” загварын хуучин утсыг зараад өгөөч гээд надад хуулбар “Iphone 6”, хуулбар “Iphone 5s” гар утас авах 220.000 төгрөг, өөрт байсан “Samsung S2” загварын гар утас зэрэг зүйлээ өгч явуулсан боловч би бүтээж чадаагүй учраас дахин тэр эмэгтэйтэй уулзаагүй...” /1хх-194/ гэх мэдүүлгүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-166/, Зураг таньж олуулах ажиллагаа /2хх-167-169/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /2хх-170-171/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-163/ зэрэг нотлох баримтуудаар,

9. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Б-с “Acer” загварын LCD 19 инчийн дэлгэцтэй, иж бүрэн 56 ширхэг компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэх замаар авч 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ын “... Би 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр найз Падаас 75 ширхэг иж бүрэн компьютер 1 ширхэгийг 413.000 төгрөгөөр тооцож, нийт 31.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 57 дугаар байрны 3 тоотод РС тоглоомын газар ажиллуулж эхэлсэн. 2015 оны 1 дүгээр сард зарахаар интернетэд зар өгсөн. Тэр үед манай тоглоомын газарт байнга орж ирж тоглодог И.С гэж залуу “та компьютерээ зарах гэж байгаа юм уу, би таньдаг хүн дээрээ очиж үзүүлээд ирэх үү гэхээр нь тэг гэсэн” тэгээд И.С 6 компьютерийг авч явъя гэхээр нь би нотариатаар орж гэрээ хийгээд 1 ширхэгийг нь иж бүрнээр нь 350.000 төгрөгөөр зарахаар тохирч 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өгч явуулсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь байх ирээд за 350.000 төгрөгөөр авъя гэж байна бүгдийг нь авъя гэж хэлээд дахин 20 ширхэгийг аваад явсан бөгөөд тэр өдрөөс хойш 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 73 ширхэг иж бүрэн компьютер өгч явуулсан. Тэгээд түүнээс хойш И.С 98980477 гэсэн дугаартай байсан бөгөөд удахгүй дансанд чинь мөнгө орно санаа зоволтгүй гэж ярьж байсан. 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 14 цагийн үед нэг утаснаас залгаад Шөнийн захын Хаан банкинд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд яваад очиход И.С байсан бөгөөд мөнгийг чинь данс руу чинь хийчихлээ. Би утсаа хаячихсан. Надад холбоо барих утас болон мөнгө алга, 100.000 төгрөг өгчих, данс руу чинь мөнгө орчихсон болохоор тэрнээс авчих гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Тэгээд би дансаа ороод шалгаадхъя гээд банк руу хамт орсон боловч банкин дотор байж байгаад алга болчихсон. Тэрнээс хойш 99980717 гэсэн дугаараас над руу залгаад мөнгийг чинь хийчихсэн, дансаа шалга гэх мэтээр байнга залгаж тохуурхаж байсан. Тэгээд би гомдол гаргасан...” /2хх-108-109/,

Хохирогч Ж.Цэ-н “... Би дүүгийнхээ найз Б-тай хамтарч бизнес хийхээр тохирч түүнд 20.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ мөнгөө өөрийнхөө байрыг Капитал банкинд барьцаанд тавьж зээл аваад өгчихсөн юм. Нийт 32.000.000 төгрөгийн зээл аваад 20.000.000 төгрөгийг нь Болдбаатарт өгсөн. Б  өөрөө мөнгө гаргаж нэмсэн. “РС” тоглоомын газар ажиллуулахаар 73 ширхэг компьютер худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд хэсэг явж байгаад хуучин 73 ширхэг компьютерээ зарж шинийг авъя гэж Б надад хэлсэн. Гэтэл дараа нь хүнд өгөөд алдчихлаа, залилуулчихлаа гэж хэлсэн. Ингээд надад 20.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би энэ мөнгөө гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...” /2хх-113-114/,

Гэрч Ц.О-н “... Би Чингэлтэй дүүргийн нутагт Компьютер ландын б-6 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг. 2015 оны 1 дүгээр сарын эхээр И.С нь 100 компьютертэй РС тоглоом Сэлэнгэ аймагт ажиллуулдаг, манай компьютерийн үзүүлэлт багадаад байна, миний компьютерийг иж бүрнээр нь аваад зөрүү өгье, харин та 13 тай компьютерүүд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед надад 10 ширхэг компьютер аваад ирсэн. Тэгээд та мөнгөө өгчих би мөнгөөр нь зардлаа хийгээд хөдөө яваад үлдсэн компьютерүүдээ аваад ирье гэхээр нь нэг ширхэгийг нь 150.000 төгрөгөөр бодоод өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн  дараа буцаж ирээд портер дээр ачиж байгаа гээд дахин 6 ширхэг иж бүрэн компьютер аваад ирсэн. Тэрийг нь би авсан. Тэгээд дахин хэд хоногийн дараа дахин миний утас руу залгаад би РС тоглоомын газраа засвар хийж байгаа, дуусаад шинэ компьютерээ авна, харин одоо дүүд нь мөнгө хэрэгтэй байна, заслын хүмүүст мөнгө өгөх гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлэхээр нь би аваад ир гэхэд удалгүй дахин 5 иж бүрэн компьютер авч ирээд мөнгийг нь аваад явсан. Тэрнээс хойш заслын мөнгө дутлаа гэж 2 удаа 6, 7 ширхэгээр нь нийт 13 ширхэг компьютертэй ирсэн. Дараа нь дахин 11 ширхэгийн авч ирсний 4 ширхэг дэлгэц нь дутуу 7 дэлгэцтэй ирсэн дараа нь дахин 6 компьеютертэй ирсэн. Яг ийм байдлаар энэ залуугаас нийт 65 ширхэг компьютерийг нэг ширхэгийг нь 150.000 төгрөгөөр бодож авсан. Нийт 9.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 65 ширхэг компьютер авч ирснээс 7-8 ширхэг нь эвдэрсэн ажилладаггүй байсан учир мөнгөө хасаад сэлбэгээр бодож авсан...” /2хх-116-117/,

И.Сын сэжигтнээр өгсөн “... Би РС тоглоомын газар тоглодог байсан. Тэгээд Болдбаатарыг таньдаг болсон. Тэр өөрөө намайг компьютерүүдээ зараад өгөөч гэсэн. Би түүнээс 50 ширхэг компьютер авсан. Түүнийгээ бүгдийг нь Компьютер Ланд дээр аваачиж зарсан. Тэр нь үзүүлэлт муутай хуучны эд байсан тул 150.000 төгрөгөөр зараад 7.000.000 төгрөгтэй болсон. Мөнгийг нь үрээд дуусгасан...” /1хх-208/ гэх мэдүүлгүүд, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2хх-118-122/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-115/, зэрэг нотлох баримтуудаар,

10. 2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт Б.А-д диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авч хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.А-йн “... Би Үнэгүй.мн сайтаас диплом гаргаж өгнө гэсэн зарын дагуу 2014 оны 6 дугаар сард офицерүүдийн ордны зүүн талд И.Стай уулзсан. Иэгээд уулзаад диплом хэрэгтэй байна гэхэд И.С нь өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг, чамд бүртгэлтэй албан ёсны диплом гаргаж өгнө  гэж хэлсэн. Тэгээд 3.500.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тэр цайны газарт байхдаа надаас 2.500.000 төгрөг авсан. Тэгээд 14 хоногийн дотор гаргаж өгнө гээд мөнгө аваад явсан. Би мөнгөө өгөхдөө зээлийн гэрээ байгуулж өгсөн. Тэр гэрээг устгачихсан, одоо надад байхгүй. Дараа нь 6-7 хоногийн дараа дахин яриад бас нэг зүйлд мөнгө төгрөг нь дутаад байна гээд надаас 200.000 төгрөг манай гэрийн гадаа ирж авсан. Тэгээд тэрнээс хойш холбоо барихад болж байгаа гээд байснаа 2014 оны 7 дугаар сард диплом гарсан гээд орой харанхуй болсон байхад манай орцонд ирээд би их яарч байна гээд л хүнээс  нуугаад байгаа бололтой бор дугтуйтай гаргаж ирээд үзүүлсэн ба би дэлгэж үзсэн тэгэхэд орцонд харанхуй бүүдгэр байсан ба би сайн харж чадаагүй, үлдсэн 800.000 төгрөгөө өгөөд дипломоо аваад гэртээ орсон. Ороод үзэхэд нэр нь буруу Ариунзаяа гээд гарчихсан байсан. Тэгээд араас нь залгахад хөдөө явж байна, ирээд янзлаад өгье гэсэн...” /4хх-191-192/ гэх мэдүүлгээр,

11. 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт Б.Т-г ТИС-ын диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Т-н “... Би 2014 онд фэйсбүүкээр орж байгаад И.Сын утсыг нэг хүнээс олж мэдсэн. Тэрээр И.Сыг диплом гаргаж өгдөг, сургуульд хүн таньдаг, баталгаатай, ном журмын дагуу гаргадаг гэж хэлсэн. Тэгээд 2014 оны зун хотын төвд уулзсан. Тэгээд уулзахад “төлбөрийг нь төлчихвөл ном журмынх нь дагуу гаргаж болдог” гэхээр нь би ТИС-ийн диплом ямар үнэтэй гаргах вэ гэхэд 5.500.000 төгрөгөөр тохироод урьдчилгаа 3.500.000 төгрөгийн урьдчилгаа өгөх хэрэгтэй гэсэн. Би маргааш, нөгөөдрөөс нь бэлнээр 3.500.000 төгрөг аваад Монгол банкны орчим И.Ст өгсөн. И.С 2014 оны 7 дугаар сарын дундуур бэлэн болно гэж хэлсэн. Би мөнгөө өгөхдөө зээлийн гэрээ хийсэн. Мөнгө авснаасаа хойш 2 удаа уулзсан ба уулзахдаа арай болоогүй байна, хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн...” /4хх-194-195/ гэх мэдүүлэг, Зээлийн гэрээ /4хх-196/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /4хх-197/ зэрэг нотлох баримтуудаар,

12. 2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт Б.Ж-д диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан, нийт 12 удаагийн давтан үйлдлээр бусдад 56.110.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ж-н “...2013 оны 5 дугаар сард сургууль төгссөн диплом гаргана гэсэн зар олоод И.Стай танилцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 38 дугаар байр гэрийнхээ гадаа уулзсан. Тэр үед И.С ганцаараа ирсэн. Ингээд уулзахад 3.500.000 төгрөнд диплом гаргаж өгнө. Би МХГ-ийн хүн танина гэж хэлээд мөнгөө тохироод явсан. Үүнээс хойш нилээн хэд хоногийн дараа Барилгачдын талбай дээр хүрээд ир гэсэн. Би 1.500.000 төгрөг аваад очоод бэлнээр нь түүнд өгсөн. Энэ мөнгөө өгч, авсан гэрээгээ олохгүй байна. Үүнээс хойш И.Стай хааяа нэг ярьдаг. Нөгөөдөх чинь болж байгаа л гэдэг байсан. тэгээд сүүлдээ утас нь холбогдохоо болиод алга болоход нь иргэний үнэмлэхийн хаягаар нь очиход байхгүй байсан. тэгээд тэр жилдээ олоогүй. 2014 оны 8 дугаар сард өглөө эрт гэрт нь очиход гэртээ байсан ба намайг уулзаад ярилцахад нэг хүн рүү яриад болж байгаа, чи байж бай гээд байдаг байсан. тэр нь ямар хүн байсныг мэдэхгүй. Тэгээд дахин мөнгө хэрэг болчихлоо, чи мөнгөө нэмээд өгчихвөл болох гээд байна гэсэн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг өгөөд Жуковт нэг нотариат дээр зээлийн гэрээ байгуулаад мөнгөө өгсөн. Ингээд түүнд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаа салгаад алга болсон...” /7хх-13-14/, Зээлийн гэрээ /7хх-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан И.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас И.Сын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, И.Сыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар И.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүхээс И.Сыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх дүгнэлтэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, ялтан И.Сын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх үндэслэл тогтоогдоогүй, түүний тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд дээрх шинж байгаагүй тул мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй, ялтны эрх зүйн байдлыг  дордуулсан гэж үзнэ. Тодруулвал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон ...” гэх хүндрүүлэх шинж нь зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдсэн залилах гэмт хэрэгт хамаарна.

Харин ялтан И.Сын үйлдэл нь “...хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэргийн шинжид нийцэж байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан И.Сын “... хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгаагүй, зарим гэрч, холбогдогчийг байцаагаагүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн “... тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус шүүхэд  ирүүлжээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар И.Саас 1.340.400 төгрөгийг гаргуулж Б.Нт олгох, Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч Цагдаагийн нэр бүхий албан хаагчдын хууль тогтоомж зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь хүн алсан гэмт  хэргийг үйлдэгдэхэд нөлөөлсөн нь тогтоогдсон. Тухайлбал, тухайн гэмт хэрэгтээ хамтатган цагдаагийн албан хаагч, ахмад Б.У, ахлах ахлагч А.Э  нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тэдний гэм буруутай нь тогтоогдсон боловч 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 41а дугаартай прокурорын тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож /7хх-23/,

Цагдаагийн албан хаагч, эрүүгийн ахлах төлөөлөгч, ахмад М.Б, эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Э.М нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна хэмээн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 493 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож /7хх-25/ тус тус шийдвэрлэсэн байна. Хэдийгээр тэдэнд холбогдох Эрүүгийн хэргийг тусгаарлан хуульд заасан зохих үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч тухайн тохиолдолд Цагдаагийн албаны дүрэм журам хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай болох тогтоогдож Эрүүгийн хийгээд сахилгын хариуцлага хүлээсэн баримт хэрэгт авагдсан тул гэмт хэрэг, бусад зөрчлийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг зохих буруутай этгээдүүд, тухайлбал, тэднийг ажиллуулж байсан хуулийн этгээд /төр/ хариуцан  арилгах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүйн нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлнэ.”гэж,

5 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан нь шүүх, прокурор, цагдаагийн байгуулагын эрх бүхий албан тушаалтны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-1.5, 2 дахь хэсгийн 2.1-2.4-т нэрлэн заасан хууль бус ажиллагаанаас шууд хамааралтайгаар зөвхөн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шүүхээр шийдвэрлэгдсэн этгээдэд шууд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон нарийвчилсан зохицуулалт гэж үзэхээр байна.

Харин Иргэний хуульд гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи зохицуулалтыг илүү тодорхой, дэлгэрэнгүй заасан тул Цагдаагийн албан хаагчдын хууль бус ажиллагаанаас бусад этгээдэд, тухайлбал бусад иргэнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуульд зааснаар зохицуулах зайлшгүй шаардлага үүсч байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасныг үндэслэн тухайн хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татсан болон , хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол, тэжээн тэтгүүлэхтэй холбогдсон зардлыг Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага Цагдаагийн Ерөнхий газарт хариуцуулах хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин насанд хүрээгүй хохирогч О.О.Сгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу насанд хүрээгүй хохирогч О.О.Сгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр хангаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн нь ...яллагдагч... эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.”,  мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг ...хангах, ...”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана: 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл ...хангах тухай...” гэсэн заалт, шаардлагад  нийцээгүй байна.

 

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн хангаж, иргэний хариуцагч  Цагдаагийн Ерөнхий газраас 4.073.0945 төгрөг, мөн О.О.Сг 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл цалин, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 138.100 төгрөгийг сар бүр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгох хуулийн үндэслэл бүхий байна гэж тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдүүдээс учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн И.Ст холбогдох залилах хэргийн бүрдэл хангагдсан, давж заалдах шатны шүүхээс түүний зөвхөн залилах гэмт хэрэгт нь холбогдуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хоёр ч удаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Оюунгэрэл гэх хүнийг олох талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч ийм хүн байдаггүй болох нь тогтоогдсон, мөн ялтан И.Сын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр яллагдагчаар “... би Оюунгэрэл гэх эмэгтэйд мөнгө төгрөг өгч байгаагүй, өмнө нь би буруу ярьсан. Харин түүнтэй уулзаж байсан, бичиг баримтыг нь харж байгаагүй, ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Өөрийгөө Оюунгэрэл гэдэг гэж хэлсэн болохоос би нэрийг нь мэдэхгүй байна. Гэр нь хаана байдаг, хаана ажилладагыг нь мэдэхгүй, очиж байгаагүй, ... “Сар шинэ” ББСБ-аас зээл авч байсан. Тэгэхэд би өөрөө материалаа бүрдүүлээд авсан. Оюунгэрэл туслаагүй. Би худлаа ярьсан юм...” /7хх-170/ гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд энэ талаар дахин шалгах шаардлагагүй, түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан И.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийг гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтаас: “...2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон ...” гэснийг,

 “...2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон ...” гэж,

- 2 дахь заалтаас: “... зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан ...” гэснийг,

“... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан ...” гэж,

- 3 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

 “ И. И.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

- 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сыг 11 жилийн хугацаагаар хорих ял дээр, И.Ст мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг,

 “И.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар оногдуулсан 7 жилийн  хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

- 12 дахь заалтад “... Б.Н нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах ...” гэснийг,

 “... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 4.073.945 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нт олгох, 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төрсөн Д.О овогтой О.Сг 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 138.100 төгрөг сар бүр олгохыг иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газарт даалгасугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдүүдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН