Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00897

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 290 дугаар магадлалтай,

Г.М-гийн нэхэмжлэлтэй

НМХГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16.394.720 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: .миний бие 2003 оноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалаар НМХГ-т шилжсэн. НМХГ- даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар намайг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагчаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Т.Түмэнжаргалын оронд түр томилон ажиллуулж, улмаар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/393 дугаар тушаалаар ахлах байцаагчаар томилсон. Гэтэл НМХГ- даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643 дугаар тушаалаар намайг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тиймээс уг тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр НМХГ- даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643 дугаар тушаалыг захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч НМХГ- шүүхийн дээрх шийдвэрийн дагуу намайг үндсэн ажлын байранд томилсон тушаал гаргахгүй миний эрхийг зөрчсөөр байсан учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж НМХГ- даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/415 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар чөлөөтэй байгаа А.Нарангэрэлийн оронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон.

            Иймд ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 16.394.720 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч НМХГ- итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ....Г.М- нь Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Түмэнжаргалыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилогдон ажиллаж байсан. Т.Түмэнжаргал ажилдаа орох хүсэлтээ өгсний улмаас Г.М-г ажиллуулах сул орон тоо байхгүй болж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн ба 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар чөлөөтэй байгаа А.Нарангэрэлийн оронд түр томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар НМХГ- 16 394.720 төгрөг гаргуулан, Г.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Г.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НМХГ- удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.000 төгрөгөөс 239.924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 76 төгрөгийг, хариуцагчаас 239 924 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 290 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч НМХГ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Г.М-г ажлаас чөлөөлж Т.Түмэнжаргалыг ажилд нь эгүүлэн томилсон нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй бөгөөд Г.М- нь анх томилогдохдоо Т.Түмэнжаргалын оронд түр томилогдож байгаагаа мэдэж байсан бөгөөд Т.Түмэнжаргалыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилогдон ажиллаж байсан нь хэрэгт авагдсан НМХГ-н даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/110 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/643 дугаар тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад үнэлээгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч НМХГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16.394.720 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Г.М-г ажлаас чөлөөлсөн НМХГ- 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643 дугаар тушаалыг захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч НМХГ- даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/415 дугаар тушаалаар Г.М-г Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.... олгоно” гэжээ.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдолыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 290 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ