Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 755

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , Г.Т , Д.Б, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,  Худалдаа, хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарыг оролцуулан Э , Х , ӨК, И , К , Э , Ф ХХК-иудын нэхэмжлэлтэй, Монголбанк, Сангийн яам, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э  ХХК, Х  ХХК, ӨК ХХК, И  ХХК, К  ХХК, Э  ХХК, Ф ХХК

Хариуцагч: Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгах,  

        Э  ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага: “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4 2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банкинд даалгах, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дугаар “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах”

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Э  ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:  “Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах“ дэд хөтөлбөр батлагдсан болно. Уг хөтөлбөрийн хүрээнд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хөнгөлөлттэй нөхцөл бүхий хөтөлбөрийн зээлд хамрагдаж гурилын үнийн дээд хязгаарыг тогтоож 10 кг болон түүнээс дээш савалгаатай 1 кг дээд гурилыг бөөнөөр худалдах үнийг 1000 төгрөг, нэгдүгээр гурилын бөөнөөр худалдах үнийг 730 төгрөгөөс дээшгүй үнээр борлуулж байгаа билээ.

       Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1 дэх заалтаар “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн болно. Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг баталж “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн үлдэгдлийг гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн билээ. Харин Э  ХХК-ийн хувьд ‘‘Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт хамрагдаж, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Гурилын үнэ тогтворжуулах, тэжээлийн хивэг нийлүүлэх” БГ140220/06-008 дугаар гэрээг байгуулж, Монголбанкаас арилжааны банктай байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ"-ний дагуу Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЗЭГ/111 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулж, 6,000.000.000 (зургаан тэрбум) төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар жилийн 3.8 хувийн хүүтэйгээр авсан. Бид уг зээлийг хүнсний улаан буудай худалдан авах болон үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөнд зарцуулсан болно. Гэтэл 2015 онд улс орон даяар ган болж, хүнсний улаан буудай нь дотоодын эрэлт нийлүүлэлтээ давсны улмаас улаан буудайн үнэ харьцангуй өндөр 1 тонн нь үтрэм дээрээ 570,000 төгрөгийн үнэтэй, харин гурил тэжээлийн үнийг тогтворжуулсан тул гурил үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж хүнд нөхцөлд орсон. Энэхүү нөхцөл байдлаа гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо"-гоор дамжуулан холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлснээр Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол гарч хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай" 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай" 320 дугаар тогтоолоор зээлийн гэрээний хугацааг нэг жилээр сунгахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллагууд болох Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагууд тодорхойгүй шалтаг хэлж, хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэхүү үл ойлгогдох нөхцөл байдлын улмаас хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд зээлийн гэрээний хугацаагаа сунгуулах замаар зээлийн эргэн төлөлтийн ачааллаа бууруулах боломжоо алдаж, арилжааны банкуудтай бизнесийн итгэлтэй харилцаагаа алдах нөхцөл бүрдэж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Түүнчлэн гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд гурилын үнийг өнөөдрийг хүртэл тогтворжуулж, үнийн хязгаарлалтад байгаа боловч, үнэ тогтворжуулах зорилгоор авсан жилийн 3.8 хувийн хүүтэй зээлийн гэрээний хугацаагаа сунгуулж чадахгүй өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн зээл маань жилийн 19.2 хувийн хүүтэй арилжааны зээлд шилжиж зээлийн хүүгийн эрсдэлд ороод байна. Түүнчлэн улаан буудайн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дутагдлаас хамаарч үйлдвэр өөрийн бус шалтгаанаар сул зогсч, үлэмж хохирол хүлээсэн.

      Иймд Монголбанк, Сангийн яамны зүгээс Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тоггоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэх авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай" 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн яаманд даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж, зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгахыг Сангийн яаманд даалгаж өгнө үү. Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам, Худалдаа хөгжпийн банк нь Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А/166/А/24 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах“ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй нь дараах байдлаар нотлогдож байна. “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах “дэд хөтөлбөрийн 2 дугаар зүйлийн 2.6-д Монголбанкны хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг заасан байна. Хөтөлбөрийн 2.6.1-д “Энэхүү дэд хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болон хэрэгжүүлэх арга, хэрэгсэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хөтөлбөрийг дуусгавар болгох, үргэлжлүүлэх асуудлыг ҮХААЯ-тай хамтран шийдвэрлэнэ”, “2.6.3 Зээлийн эрхийн хугацаа 3 жил ...”, 2.6.4 “Оролцогч банктай байгуулсан гэрээндээ тогтмол хяналт тавих”, 2.3 “хэрэгжүүлэх хугацаа 3 жил” гэж заасан боловч “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдтэй 1 жилийн гэрээ байгуулсан.                                               Хөтөлбөрийг сунгах асуудлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яам шийдвэрлэж, Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор хөтөлбөрийн зээлийн гэрээг нэг жилээр сунгахаар болсон боловч Монголбанк хөтөлбөрийн 2.6.1-д заасны дагуу хамтран шийдвэрлээгүй байна. Ийнхүү төрийн захиргааны зохих шатны байгууллагууд нь хөтөлбөрт заасан үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, холбогдох үйл ажиллагаагаа явуулаагүйн улмаас хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд ноцтой хохирч байна” гэв.

        Нэхэмжлэгч Х*******, ӨК ХХК, И  ХХК, К  ХХК, Э******* ХХК, Ф******* ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол банк нь 2010 оноос эхлэн хүнсний болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнээс хамаарч инфляцийг хязгаарлах үүднээс тухайн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой буюу доод түвшинд байлгахаар бодлогын арга хэмжээг тодорхойлсон. Үүнийг тодорхойлохдоо тухайн нийлүүлэгч буюу тухайн гол хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг санхүүгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих тухай Засгийн газрын бодлогын үндсэн дээр Төв банкны тухай хуулийн дагуу банкинд зээл олгох гэсэн зохицуулалтын дагуу Монгол банкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуй сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166, А/24 дүгээр тушаалаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр батлагдаж банкуудтай гэрээ байгуулсан.

      Дээрх хөтөлбөрийн дагуу аж ахуй нэгжүүдэд олгох зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Энэхүү зээлийг Төв банкны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Монголбанк банкинд зээлийг хүүгээр өрсөлдүүлэх буюу үл өрсөлдүүлэх хэлбэрээр гэрээний үндсэн дээр олгож болно”, 13.4 дэх хэсэгт “Банкинд зээл олгох нийтлэг журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно” гэж тус тус заасны дагуу олгосон ба нийтлэг журамдаа зээлийн хугацааг сунгах талаар зохицуулсан. Мөн Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолоор зээлийн гэрээний хугацаатай холбоотой зохицуулалт хийсэн ба Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолын 1.3-т "... зээлийн хугацааг сунгахгүй...” гэх заалт нь “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрт хамаарахгүй гэж заасан болно. Үүний дагуу 14 аж ахуйн нэгжийн мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнааас Хөгжлийн банкинд хүргүүлсэн хэдий ч 2 аж ахуйн нэгжийн хугацааг Монголбанк сунгаж, харилцагч Голомт банкинд албан тоот явуулсан ба бусад 12 аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгахгүй эс үйлдэл гаргасан тул зээлийн гэрээний хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.

       Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудаар Сангийн сайдад тодорхой үүрэг хүлээлгэсээр байхад Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн сайдын эс үйлдэхүй нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1-д зааснаар Сангийн сайд нь ”хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” зэрэг хуулиар хүлээсэн үүрэг болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул хуульд зааснаар зээлийн гэрээний хугацаа сунгах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг даалгасан тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү. Дээрх үндэслэлээр хариуцагч нар нь Монгол Улсын хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан юм. 

       Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дугаар тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр батлагдсан болно. Энэхүү хөтөлбөрт нэхэмжлэгч нар хамрагдах эрх авч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанкнаас олгохдоо аж ахуйн нэгжүүдийн сонгосон арилжааны банкуудтай “дамжуулан зээлдүүлэх” бодлогын гэрээг байгуулж, арилжааны банкуудаар дамжуулан 36 сарын хугацаатай, жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгосон болно.

       Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоол гарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, ...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн үлдэгдлийг гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн билээ. Зээлийн хугацааг сунгах тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Хөгжпийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад хаяглан Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлж хамтран ажиллахыг уламжилж 14 аж ахуйн нэгжийн нэрсийг хүргүүлээд байгаа.

        Уг тогтоол гарснаас хойш олон үе шаттай ажпууд хийгдэж, зээлийн гэрээг сунгах тогтоол хэрэгжихгүй өдийг хүрлээ. Дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бодлогын гэрээнд заасны дагуу зоорь агуулахаа барьж дуусгасан байдал, төслийн хэрэгжилтийн явц, үнэ тогтворжуулах, борлуулалтын сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа эсэх, Үндэсний аудитын газрын нийцлийн аудитын дүгнэлтээр санхүүгийн зөрчил байгаа зэрэг шалгуурыг хангасан 14 аж ахуйн нэгжийг тодорхойлж, гэрээний хугацааг сунгахаар 14 аж ахуйн нэгжийн мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Хөгжлийн банкинд хүргүүлсэн хэдий ч 2 аж ахуйн нэгжийн хугацааг Монголбанк сунгаж харилцагч Голомт банкинд албан тоот явуулсан ба бусад 12 аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгахгүй эс үйлдэл гаргаж, хэрэгжүүлэх тал дээр тодорхой хариу өгөхгүй, зээлийн хорооны хурлыг хийхгүй удаа дараа тодорхой шалтгаангүй хойшлуулсаар ирлээ.

        Ингээд дэд хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо ГҮТББ-ыг байгуулж, Засгийн газрын холбогдох байгууллагуудад хандсаны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлага шилжүүлэх авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолоор зээлийн гэрээний хугацааг нэг жилээр сунгахаар шийдвэрлэсэн юм.

         Гэтэл Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллагууд болох Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагууд тодорхойгүй шалтаг хэлж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзалдахгүй “...Монгол банктай очиж уулз, Хөгжлийн банктай очиж уулз...” гэх мэтээр бие бие рүүгээ түлхэж, тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэхүү хугацаа сунгахгүй эс үйлдэхүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн ачааллаа бууруулах боломжоо алдаж, харилцагч банкууд үндсэн зээлдээ дансанд орсон орлого бүрийг татан авсны улмаас зоорь, агуулахын бараа татан авах эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа зогсож, банкинд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө хураалгахад хүрч, арилжааны банкуудтай бизнесийн итгэлтэй харилцаагаа алдах нөхцөл бүрдэж хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Хэрэв тус аж ахуйн нэгжүүдийн зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд үндсэн зээлийн төлөлт хийгдэхгүй зөвхөн хүүгээ төлөөд, эргэлтийн хөрөнгөөр агуулахад үйл ажиллагаа явуулж, гарсан ашгаар нь зээлийн тодорхой хувийг төлж дуусгах боломжтой юм.

        Иймд гэрээний хугацааг сунгуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй ба Монголбанк, Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр арилжааны банкуудтай зээлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч нарын гэрээний хугацаа сунгуулах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хугацаа сунгах ажпыг зохион байгуулж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, гэрээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

        Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дээр дурдсан хөтөлбөрийн дагуу аж ахуйн нэгжүүдэдэд олгох зээлийг Төв банкны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, мөн тус хуулийн 13.4-т заасны дагуу Монголбанкнаас баталсан банкинд зээл олгох нийтлэг журмыг үндэслэн олгосон гэжээ. Төв банкны тухай хуулийн 13 дугаар зүйл нь Монголбанк мөнгөний бодлого хэрэгжүүлэх, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг богино хугацаанд хангах зорилгоор эцсийн зээлдүүлэгчийн хувьд банкинд барьцаат зээл олгох агуулгатай юм. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 497 дугаар тушаалаар баталсан “Монголбанкнаас банкинд олгох барьцаат зээлийн журам”-ын 2.2 хэсэгт Монголбанк банкны үйл ажиллагаанд нь түр зуурын хөрөнгийн дутагдал үүссэн эсвэл банкийг өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарах боломжтой гэж үзсэн тохиолдолд банкинд барьцаат зээл олгоно гэж заажээ. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанк арилжааны банкуудаар олгосон зээл нь Төв банкны тухай хуулийн 13 дугаар зүйл болон “Монголбанкнаас банкинд олгох барьцаат зээлийн журам”-ын хүрээнд олгосон зээл биш юм.

        Төв Банкны тухай хуулиар Монголбанк нь Засгийн газраас хараат бус бөгөөд Засгийн газрын тогтоолоор Монголбанкинд үүрэг өгөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж, Хөгжлийн банкны удирдах зөвлөлд зөвшөөрсөн, 2015 оны 280 дугаар тогтоолоор арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны удирдах зовлөлд тус тус үүрэг болгосон байх бөгөөд Монголбанкинд үүрэг хүлээлгэсэн болон зөвшөөрөл өгсөн ямар нэгэн шийдвэр гараагүй тул эдгээр тогтоолыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй” гэж заасан ба “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх”, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр арилжааны банкууд болон нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээг Монголбанк сунгах талаар шийдвэр гаргах, хувь этгээдийн хоорондох зээлийн гэрээнд нөлөөлөх боломжгүй.

       Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Монголбанк хөтөлбөр шилжүүлэхтэй холбоотой гэрээний төсөлд санал авах тухай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А-3/633 дугаар албан бичиг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А-3/757 дугаар албан бичгийг Сангийн яам, Хөгжлийн банкинд тус ус хүргүүлсэн байна. 2015 оны  6 дугаар сарын 29-ний өдрийн А-1/650 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс дэд хөтөлбөрийг шилжүүлэх ажлыг түргэвчилсэн хамтран ажиллах талаар Сангийн яаманд мэдэгдэж байсан. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкинд хөтөлбөр шилжүүлэх тухай, зээлийн авлага шилжүүлэх тухай, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шилжүүлэх тухай албан бичгийг 2015, 2016 онд хүргүүлж байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр шилжүүлэх тухай албан бичгээр Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажил хугацаанаас хоцорч байгаа, тус ажлыг яаралтай шийдвэрлэхийг хүссэн. Мөн Улсын Их Хурлын тогтоосон хугацаанаас 9 сараар хоцорч байгааг анхаарч холбогдох гэрээг байгуулах, дэд хөтөлбөрийг шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд дуусгах талаар Сангийн яам болон Хөгжлийн банкинд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А-3/307 албан бичгээр мэдэгдсэн болно.

       Монголбанк нь өөрийн эрх мэдлийн хүрээнд Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар  холбогдох бүхий л арга хэмжээг авч ажилласан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 280, 380 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн 2.1-д Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэхээр заасан боловч Монголбанкны тэнцлээс Засгийн газарт шилжүүлэх ажлыг гүйцэтгэх явцад Улсын Их Хурал нь дээрх 41 дүгээр тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоороо хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй болсон. Түүнчлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулсан Бодлогын гэрээ нь Монголбанк, арилжааны банкнуудын хооронд байгуулсан гэрээ бөгөөд банкнуудын зээлдэгчтэй байгуулсан гэрээнд ч Сангийн яам оролцоогүй тул тухайн нэг зээлийн гэрээг сунгах үүргийг банкинд өгөх эрх хэмжээ байхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацааг сунгах эсэх асуудал нь гэрээний талуудын эрх хэмжээний асуудал учраас Сангийн яам хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч талуудын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд “Монголбанкнаас арилжааны банкнуудад олгосон зээлийн гэрээний үлдэгдэл хөрөнгийг Хөгжлийн банкинд шилжүүлэхээр заасан боловч Хөгжлийн банк нь тухайн гэрээг шилжүүлэн авах үүрэг хүлээгээгүй буюу Хөгжлийн банкинд энэхүү үүрэг болгох эрх зүйн үндэслэлгүй байгаа юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон гэрээний үндэслэл байхгүй байгаа болно” гэв.

        Хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль /2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүчингүй болсон/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөгжлийн банк энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий, энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байна”, мөн хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаараа батална” гэж заасан. Иймд Засгийн газраас Хөгжлийн банкинд хандан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг даалгасан, санхүүжүүлэх зөвшөөрөл олгосон нь бүрэн эрхдээ хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан, хууль бус үйлдэл гэж тооцож байна.

      Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллага болох Монголбанк, Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага Сангийн яамнаас холбогдох шийдвэрээ гарган, хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй байхад тус банкны зүгээс ямар нэгэн шийдвэр гарган ажиллах боломж байхгүй. Монгол Улсын Хөгжлийн банк нь ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани тул манай банкны зүгээс үйлдсэн үйлдэл /эс үйлдэхүй/ нь ямар ч тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хамрагдан захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцох боломжийг олгохгүй гэдгийг мөн илэрхийлж байна” гэв.

       Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны А-166/А/24 тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2.3-т “Хэрэгжүүлэх хугацаа 3 жил” гэж заасан байгаа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2012 оны 12 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжсэн болно. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь хөтөлбөрийн баримт бичгийн 2.7.2-т заасны дагуу Э  ХХК-ийг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж, 2014 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Э  ХХК, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан БГ140220/06-008 дугаар гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хэрэгжүүлсэн болно.

       Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны А-166/А/24 тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2.7.4 заасны дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь “Дэд хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулсан болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нарын зээлийн үлдэгдлийн талаарх зээл олгогч банкнаас тодруулга авахад Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6/494/1722 тоот албан бичгийн хавсралтаар Э  ХХК-ийг 6.0 тэрбум төгрөгийн зээлийг төлөгдөж хаагдсан тухай мэдээлэл ирүүлсэн болно. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар “Гэрээ сунгах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн яам нь “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах талаар хамтран ажиллахыг хүсч Сангийн яаманд 2015 оны 10 дугаар сард 01/3099 тоот албан бичгийг хүргүүлсэн болно” гэв.

        Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э  ХХК нь тус банктай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗЭГ/111-н тоот Зээлийн эрх нээх гэрээ, ЗБ/111-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ/111/03 тоот “Зээлийн барьцааны гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗБ/111-01 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Мондулаан трейд ХХК-тай ЗБ/111/02 тоот Зээлийн барьцааны гэрээ, Нүүдэлчин групп ХХК-тай ЗБ/111/01 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан Засгийн газрын “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 6,000,000,000.00 (зургаан тэрбум) төгрөгийг, жилийн 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Худалдаа, хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 19.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө болон хүнсний буудай худалдан авах зориулалтаар зээлж авсан.

      Э  ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0313/458 тоот Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк хоорондын “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.8-д Хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж зээлийн төлбөрийн эрсдлээс үл хамааран тогтоосон хуваарийн дагуу Монголбанкид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлнө. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0314/244 тоот “Хүнсний гол нэрийн бараа, бүгээгдэхүүний үнийг тоггворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д Гурилын үйлдвэрийн зээлийн төлбөрийн эрсдлээс үл хамааран энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүугийн төлбөрийг Монголбанкинд төлнө” гэж тус тус заасны дагуу Э  ХХК-ийн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 6,000,000,000.00 (зургаан тэрбум) төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкнаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Монголбанкинд бүрэн төлсөн билээ.

       Э  ХХК-ийн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн харилцаа дуусгавар болсон бөгөөд манай банкны зүгээс дэд хөтөлбөрийн зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон өдрийн байдлаар Засгийн газраас “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг сунгах болсон талаар ямар нэгэн тогтоол гараагүй байсан болно. Иймд, Э  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Э  ХХК, Х  ХХК, ӨК ХХК, И  ХХК, К  ХХК, Э  ХХК, Ф ХХК-иудын гаргасан  “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Гурилын үнийг тоггворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дугаар  хамтарсан тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан. 

       Монголбанкнаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөтөлбөрт хамрагдсан компаниудын сонгосон арилжааны банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх” гэрээ байгуулан  олгожээ. 

      Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан нэхэмжлэгч компаниудад зээлийн хугацааг сунгах саналыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлж, Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр  тогтоолоор “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Монголбанк, Сангийн яаманд тус тус даалгасан байна. 

       Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээ”-ний тухай 280 дугаар  тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус банкнаас шилжүүлж авах, хөтөлбөрийн хүрээнд “хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг ижил нөхцлөөр Хөгжлийн банкнаас үнэт цаас гаргаж, Монголбанкинд шилжүүлэх замаар хууль тогтоомжид нийцүүлэн Хөгжлийн банкинд шилжүүлэн авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд тус тус үүрэг болгожээ. 

      Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гэрээ сунгах тухай” 320 дугаар  тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. 

          Хариуцагч Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь Төв банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Монголбанк, банк хоорондын төлбөр, харилцан суутгах тооцоог зохион байгуулж болно”, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”,  9 дүгээр зүйлийн 9.1-т “Энэ хуулийн 8.1-д заасан төсөл, хөтөлбөрт Засгийн газраас баталгаа гаргасан тохиолдолд Хөгжлийн банк уг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж болно. Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг төсөл, хөтөлбөр дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдана. Засгийн газрын баталгааг зөвхөн даатгагдсан төсөл, хөтөлбөрийн зээлд гаргана”, 9.2-т “Засгийн газраас баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, түүнчлэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д ”Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.”, 30 дугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй.”, 31 дүгээр зүйлийн 2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж заажээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар Монголбанк Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг хүлээгээгүй, түүнчлэн Хөгжлийн банкны шүүхэд гаргасан “Монголбанк, Сангийн яамнаас холбогдох шийдвэрээ гарган, хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй байхад тус банкны зүгээс ямар нэгэн шийдвэр гарган ажиллах боломж байхгүй” гэх тайлбар нь үндэслэлтэй бөгөөд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийг Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Монгол банк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд  байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгахыг Монголбанк болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн  хариуцагч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/, Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны А-166/А/24 тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Э  ХХК-ийг сонгон шалгаруулж, 2014 оны 3 дугаар сарын 27-ний өдөр болон Э  ХХК, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан БГ140220/06-008 дугаар  гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, хэрэгжүүлсэн бөгөөд “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2.7.4 заасны дагуу санхүүжилтээс бусад хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах үүргээ биелүүлжээ.

Түүнчлэн тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн дагуу гурилын үйлдвэрүүдэд олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах талаар хамтран ажиллахыг хүсч Сангийн яаманд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 01/3099 тоот  албан бичгийг хүргүүлж байсан зэргээс үзэхэд Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэх боломжгүй юм. 

      Харин хариуцагч Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

       Монголбанкнаас Хөтөлбөр шилжүүлэх, гэрээ сунгахтай холбоотой Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс гэрээний төсөлд санал авах тухай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А-3/633, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А-3/753  , 2015 оны  6 дугаар сарын 29-ний өдрийн А-1/650 дугаар , 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-3/307   дугаар албан бичгүүдийг Сангийн яам, Хөгжлийн банкинд тус тус хүргүүлж, холбогдох бичиг баримтын төслийг боловсруулан хүргүүлж байжээ. 

      Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.”, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6-д зааснаар “санхүүгийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;”, 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” байхаар зохицуулсны дагуу Сангийн яам нь Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн боловч хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу гэрээ сунгах асуудлыг шийдвэрлэх талаар Монголбанкнаас ирүүлсэн санал, төслийг хүлээн авсан боловч тодорхой арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ. 

       Иймд Э  ХХК, Х  ХХК, ӨК ХХК, И  ХХК, К  ХХК, Э  ХХК, Ф ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Сангийн яаманд холбогдох хэсгийг хангаж,  “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгахыг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч нарын гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0716 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн дээрх тогтоол нь Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсныг дурдах нь зүйтэй.

      Э  ХХК-иас гаргасан “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа хөгжлийн банкинд даалгах, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дугаар “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээний заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Худалдаа хөгжлийн банкинд даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

        Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны А-166/А/24 тушаалаар  баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2.6.1-д “... хөтөлбөрийг дуусгавар болгох, үргэлжүүлэх асуудлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран шийдвэрлэнэ”, 2.6.3-д “... хөтөлбөрийн санхүүжилтийг оролцогч банкаар дамжуулан олгоно”, 2.6.4-т “оролцогч банктай байгуулсан гэрээнд хяналт тавьж, санхүүжилтийн нэгдсэн мэдээг сар тутам гаргаж, нийтэд мэдээлнэ”, 2.3-д “Хэрэгжүүлэх хугацаа 3 жил” гэж “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3-т “Оролцогч банк энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу баталсан төлбөрийн хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд уг зээлийг хугацаа хэтэрсэн зээлийн дансанд шилжүүлэн бүртгэж, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлд үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцно”, 4.10-т “хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж хүүг тооцохыг Монголбанкинд зөвшөөрнө” гэж тус тус заажээ. 

      Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах саналаа Сангийн яаманд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/3099 тоот албан бичээр илэрхийлсэн байдаг.

      Худалдаа хөгжлийн банк нь Э  ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗЭГ/111-н тоот “Зээлийн эрх нээх гэрээ”, ЗБ/111-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, ЗБ/111/03 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗБ/111-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан Засгийн газрын “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн зургаан тэрбум төгрөгийг, жилийн 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Худалдаа, хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 19.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө болон хүнсний буудай худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн байна.

      Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0313/458 тоот “Хүнсний гол нэрийн барааг бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж зээлийн төлбөрийн эрсдлээс үл хамааран тогтоосон хуваарийн дагуу Монголбанкинд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлнө. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0314/244 тоот “Хүнсний гол нэрийн бараа, бүгээгдэхүүний үнийг тоггворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д Гурилын үйлдвэрийн зээлийн төлбөрийн эрсдлээс үл хамааран энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүугийн төлбөрийг Монголбанкинд төлнө” гэж тус тус заасны дагуу Э  ХХК-ийн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн зургаан тэрбум төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкнаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Монголбанкинд бүрэн төлж барагдуулжээ.

      Иймээс хариуцагч Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа хөгжлийн банкийг “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4 2.3 дахь заалтыг, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дугаар “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Дээр дурдсан байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Сангийн яаманд  даалгаж, Монголбанк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, 30 дугаар зүйлийн 8,Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2001 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг  хэрэгжүүлэхийг Сангийн яаманд  даалгаж, Монголбанк, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.АДЪЯАСҮРЭН