Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00896

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар магадлалтай,

П.Б-гийн нэхэмжлэлтэй

МЭҮгазарт холбогдох,

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...П.Б- нь МЭҮгазрын дэд дарга, Малын ерөнхий эмчээр ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын дагуу ерөнхий эпидемиологич, тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан их эмчээр ажиллахаар болж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр удирдах ажилтантай байгуулах контрактын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэвч МЭҮгазрын даргын 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тэрээр ажлаас халагдсан ба түүнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5733 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Дээрх шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэж, хариуцагч байгууллага нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд томилсон боловч зэрэглэл бууруулан Т-6/3 шатлалаар цалинжуулах шийдвэр гаргасан. Тэрхүү тушаалын дагуу нэг ч хоног ажлаа хийгээгүй байхад нь ажил олгогч нь мөн өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас халсан. Ийнхүү нэг өдөр 2 тушаал гаргаж байгаа нь шат шатны шүүхийг үл хүндэтгэсэн, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийсэн, хууль бус үйлдэл болсон байна. МЭҮгазрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаал нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Удирдах ажилтантай байгуулах контрактын 8 дугаар зүйлийн 8.1-д контрактын биелэлтэд талууд харилцан хяналт тавих ба хугацаа дууссаны дараа контрактыг дүгнэнэ гэж заасан. Дээрх гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд аль нэг тал цуцлах санал гаргаагүй тохиолдолд цаашид сунгагдсанд тооцох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цуцлах санал тавиагүй учраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. П.Б- нь энэ хугацаанд ажлаа хийгээгүй учраас гэрээний хугацаа дуусах гэдэг ойлголт ч байхгүй. Ийнхүү хугацаа дуусаагүй байхад гэрээний хугацаа дууссан гэж үзэж, мөн контрактын хэрэгжилтийг дүгнэлгүйгээр гэрээний 9.4.1-9.4.3-д заасан контракт цуцлах эдгээр нөхцөлүүдийн аль нь ч үүсээгүй байхад цуцалж, Хөдөлмөрийн тухай хууль болон контрактыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т ажил олгогчийн санаачилгаар контракт цуцлах тохиолдолд 2 сарын өмнө мэдэгдэх, контрактын гэрээний 9.2-д ажил олгогчийн санаачилгаар контрактыг цуцлах тохиолдолд ажил олгогчоос 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж тус тус заасан шаардлагыг ажил олгогч нь биелүүлээгүй, тушаалд дурьдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг заах боломжгүй буюу ийм үйл баримт болоогүй байхад үндэслэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан байна.

Иймд МЭҮгазрын даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-г МЭҮгазрын ерөнхий эпидемиологичийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МЭҮгазраас 3.570.793 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МЭҮгазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч МЭҮгазраас улсын тэмдэгтийн хураамжид 72.083 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72.083 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс “талуудын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан удирдах ажилтантай байгуулах 61 тоот контрактын 2.1-д зааснаар гэрээг нэг жилийн хугацаатай, 2.2-д зааснаар уг хугацаа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлжээ" гэж дүгнэснийг хэт нэг талыг барьж, хэргийн бодит үйл баримтад зөв дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч П.Б- нь төрийн албаны шалгалт өгөөгүй. Төрийн албан хаагч биш хүнийг тухайн үеийн сайдын тушаалаар томилсон бөгөөд өөрөөр хэлбэл хууль бусаар томилогдсон. Хэдийгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоосон боловч П.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контрактын гэрээний хугацаа дууссан байхад шүүх ажил олгогчийн хүсэл санаачлагыг харгалзахгүй шийдвэрлэсэн. П.Б- нь өөрөө 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ ирүүлээгүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул сунгах хүсэлгүй байна. П.Б- нь ажил олгогчийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй байхад ажилгүй байсан хугацааны цалингаа тогтмол авч байгаа бөгөөд өөрөө төрийн албанд ажиллах болзол шаардлагыг хангаагүйгээ мэдсээр байж ичихгүй төрийн албанаас цалин авч хохироож байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон баримтынг хүргүүлсэн байхад биечлэн оролцох хүсэлтийг хүлээн анахаас татгалзаж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Малын гоц халдварт өвчин гарсан хол хорио тогтоосон байгаа нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй юм бол хууль өөр юуг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх болж байна. Шүүхээс хариуцагч нь байгууллагын дарга П.Ганхуягийг өөрийн биеэр оролцох боломжтой байна гэж шийдвэрлэсэн нь тэрээр байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх гухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасантай нийцэхгүй байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэдэг боловч өмнөх хурлууд дандаа нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээр хойшилж байсанд шүүх дүгнэлт өгсөнгүй.

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч МЭҮгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх П.Б-гийн нэхэмжлэлтэй МЭҮгазарт холбогдох тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

П.Б- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр МЭҮгазарт ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан их эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдсон, тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хэдий ч ажил олгогч мөн өдрийн Б/20 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдсэн гэж үзэхгүйг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ. 

Түүнчлэн ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ту/хө/01 тоот контрактын гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар сунгагдсанд тооцсон гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, түүнийг цуцлах талаар контрактад тохирсон үндэслэлүүдийн аль нь бий болсон болохыг Б/20 дугаар тушаалдаа тодорхой заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-т заасантай нийцэхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн тайлбар, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.083 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ