Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

  2020           01          08                                    2020/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Хохирогч: Т.Ө-,

            Шүүгдэгч: С.Б-, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

Шүүгдэгч: Т.Л-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

Шүүгдэгч: Э.С-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-, Т.Л-, Э.С-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905033981104 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Л-, 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... тоот регистртэй,

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Энхжаргалын С-, 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт .... тоот регистртэй,

            Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжингийн гүүр”-ний доод талд байх овоолсон шороонуудын орчим иргэн. Т.Ө-ын эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн Iphone XR загварын гар утсыг авч 2.426.640 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б- шүүх хуралдаанд: “...8 дугаар сарын 14-ний өглөө рс тоглоомын газарт хоноод ажил хийх гэж гараад Л- бид хоёрын урд С- түрүүлээд явж байсан. С-гийн араас явж байхад хохирогч Ө- явж байсан. С- намайг цохисон залуу мөн байна гэж хэлээд хохирогчийг цохиод жалга руу авч орсон. С- хохирогчийг нэгээс хоёр удаа цохисон. Л- шээхээр явсан байсан. Хохирогчийг гүүрэн дээр сууж байхад би нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүн харлаа гээд гүүрэн доор орсон. Бид гурав гүүрэн доор ороод С- намайг зодсон хүүхэд мөн гэж хэлсэн. С- гар утсаа гаргаад ир гээд хохирогч гар утсаа гаргаж ирсэн. Л- нэгээс хоёр удаа хохирогчийг цохисон” гэв.

Шүүгдэгч Э.С- шүүх хуралдаанд: “...8 дугаар сарын 14-ний өдөр рс тоглоомын газарт хоноод ажил хийх гээд хүлээж байсан. Тэгэхэд замын эсрэг талд хохирогч Ө- явж байсан. Ардаас Л-, Б- ирээд энэ хүн утастай юм биш үү гэхээр нь зогсоож бай гэж хэлээд хохирогч дээр очоод нүүрэн тус газар нэг цохисон. Тэгээд жалга руу ороод гар утсыг нь аваад Б- гар утасныхаа кодыг хэл гээд хохирогчийг зодоод байсан” гэв.

Шүүгдэгч Т.Л- шүүх хуралдаанд: “...8 дугаар сарын 14-ний өдөр рс тоглоомын газар хоноод өглөө ажилд гарах гээд хүлээгээд байж байсан. С- нойл орох гээд явсан. Б- бид хоёр явж байхад Б-, Ө-аас тамхи асууж байхад С- надтай зодолдож байсан хүүхэд байна гээд араас нь очоод цохисон. Намайг нойл ороод ирэхэд С- гар утас барьсан байсан. Тэгээд гар утасны код гаргаад өг гэсэн. Надад иргэний үнэмлэхний лавлагаа байсан учраас гар утсыг зараад мөнгөө хувааж авсан” гэв.

Хохирогч Т.Ө- шүүх хуралдаанд: “...8 дугаар сарын 14-ний 07 цаг 30 минутын үед ажил руугаа алхаж байсан. Тэгээд үл мэдэх гурван хүн дагасан. Тамхи байна уу гээд С- намайг цохисон. Намайг тонгойгоод байж байхад  цохиод өмнө нь гар утас аваад зугтаасан гээд байсан. Тэгээд гар утсаа гаргаад ир гэж хэлээд намайг өвдөглөөд сууж байхад Б- цээж рүү цохиод унагаасан. Тэгээд далан доогуур ороод Б- миний нүүр рүү цохиод унагаасан. Л- байж бай гээд өмөөрөөд намайг гар утасныхаа кодоо хэлчих гэж хэлсэн” гэв.

Хохирогч Т.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр гурав миний гар утсыг дээрэмдээд авахаар нь би наад утас чинь хүний утас гэхэд тоохгүй утасныхаа кодыг хэл гээд намайг зодоод байхаар нь би утасныхаа кодыг хэлэхэд за чи наанаа байж байгаад яваарай гэж хэлээд гүүр нь дээрээс такси бариад явсан. 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сайн компьютерээс 2.700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр хүүхдүүдээс гар утасны хайрцаг, худалдаж авч байсан бичиг баримтыг асуухад тэр хүүхдүүд бид нар уул уурхайд ажилладаг бүх юм аа уурхайдаа орхичхоод байна гэж надад хэлсэн. 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тэгэхдээ би тэр гар утсыг худалдаж аваагүй, Теди захын утасны ченж Элбэгээ гэдэг хүнд зуучилж өгч дундаас нь 100.000 төгрөг авсан. ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө Элбэгээ гээд буруу ойлгуулсан юм шиг байна. Байцаагч буруу сонсоод биччихсэн байна. Элбэгээ биш Илдээ гэж хүнд зарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Гэрчээр П.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Г.Т-аас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим тэр гар утсыг 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэг залууд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утас зарсан хүүхэд нь өөрийнхөө иргэний бүртгэлийн лавлагааг өгсөн учир би тэр гар утсыг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Гэрч Ж.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр У-гийн гар утсыг сольж Iphone XR загварын гар утас авч өгөхөөр нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди төв орсон юм. Ингээд Тэди төв дотор Iphone XR загварын гар утсыг авахаар сонирхож үзэж явж байгаад 2 давхарын 6 номерын лангуун дээрээс Усан цэнхэр өнгийн Iphone XR загварын гар утсыг авахаар сонирхож үзэхэд уг гар утас таалагдаад гар утас зарж байсан эрэгтэй хүнээс хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад гар утсыг 1.600.000 төгрөгөөр зарна, барьж байсан гар утас гэхээр нь гар утсыг худалдан авсан юм. Ингээд гар утсыг эхнэртээ 1.600.000 төгрөгөөр худалдаж авч өгөөд эхнэр У- барьж байтал 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн гаралтай гар утас барьж байна гээд гар утсыг эхнэр У-гаас хурааж авсан юм. ...Ингээд гар утсыг хураалгасны дараа хэзээ гэдгийг санахгүй байна, ямар ч байсан богино хугацаанд надад гар утас зарсан Тэди төвийн 2 давхрын 6 дугаар лангууны хүн надад өөр орны утас болох Iphone XR загварын гар утсыг өгсөн. Миний зүгээс болон эхнэр У-гийн зүгээс орны өөр гар утас авч, хохиролгүй болсон учир гаргах ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92/,

Өсвөр насны яллагдагчаар С.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Л- ченж ахтай ярьж байгаад гар утсыг 1.200.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ченж ахад гэмт хэргийн гаралтай буюу хүнээс дээрэмдэж авсан гар утас гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 108-110/,

Яллагдагчаар Т.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэди төвийн гадуур гар утас авдаг танихгүй хүнээс хэдэн төгрөгөөр авах эсэхийг асууж байгаад 1.200.000 төгрөгөөр зарсан. Гар утсыг би зарсан бөгөөд гар утсыг худалдаж авсан хүн өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагаагаа өгсөн юм. Нийт 1.200.000 төгрөг болсноос хүн, хүний 400.000 төгрөгөөр хувааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 111-114/,

Яллагдагчаар Э.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Л-, Б- нартай бүлэглэж иргэн Т.Ө-ын гар утас болох Iphone XR загварын гар утсыг дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа нүүрэн тус газарт цохисон, Б- цээж рүү 1 удаа жийж, хөл рүү 1-2 удаа өшиглөсөн. Л- нь нуруу хэсэг рүү хальт байдлаар 2 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 115-118/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/, гар утас худалдан авсан тухай баримт /хх-н 20/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 31-32/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 34/, шүүгдэгч Т.Л-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-40, 66, 124-128/, шүүгдэгч Э.С-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45, 67-68/, шүүгдэгч С.Б-хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 65, 69, 129-143/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 144/, хохирол төлсөн баримт /хх-н 147/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжингийн гүүр”-ний доод талд байх овоолсон шороонуудын орчим иргэн. Т.Ө-ын эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн Iphone XR загварын гар утсыг авч 2.426.640 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Ө-ын: “...Тэр гурав миний гар утсыг дээрэмдээд авахаар нь би наад утас чинь хүний утас гэхэд тоохгүй утасныхаа кодыг хэл гээд намайг зодоод байхаар нь би утасныхаа кодыг хэлэхэд за чи наанаа байж байгаад яваарай гэж хэлээд гүүр нь дээрээс такси бариад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/, гэрч Г.Т-ын: “...Би тэр хүүхдүүдээс гар утасны хайрцаг, худалдаж авч байсан бичиг баримтыг асуухад тэр хүүхдүүд бид нар уул уурхайд ажилладаг бүх юм аа уурхайдаа орхичхоод байна гэж надад хэлсэн. 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тэгэхдээ би тэр гар утсыг худалдаж аваагүй, ...Элбэгээ биш Илдээ гэж хүнд зарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/, гэрчээр П.М-ын: “...Би Г.Т-аас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим тэр гар утсыг 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэг залууд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утас зарсан хүүхэд нь өөрийнхөө иргэний бүртгэлийн лавлагааг өгсөн учир би тэр гар утсыг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/, гэрч Ж.А-ийн: “...Тэди төв дотор Iphone XR загварын гар утсыг авахаар сонирхож үзэж явж байгаад 2 давхарын 6 номерын лангуун дээрээс Усан цэнхэр өнгийн Iphone XR загварын гар утсыг авахаар сонирхож үзэхэд уг гар утас таалагдаад гар утас зарж байсан эрэгтэй хүнээс хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад гар утсыг 1.600.000 төгрөгөөр зарна, барьж байсан гар утас гэхээр нь гар утсыг худалдан авсан юм. ...гар утсыг эхнэртээ ...эхнэр У- барьж байтал 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн гаралтай гар утас барьж байна гээд гар утсыг эхнэр У-гаас хурааж авсан юм. ...Миний зүгээс болон эхнэр У-гийн зүгээс орны өөр гар утас авч, хохиролгүй болсон учир гаргах ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92/ эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нар нь хохирогчийн гар утсыг санаатай нэгдэж дээрэмдэн авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гар утсаа буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч П.М-эд 1.200.000 төгрөгийн хохирол учирсанаас шүүгдэгч Т.Лхагвсүрэн, С.Б- нар нь тус бүр 400.000 төгрөг төлсөн болох нь тогтоодож байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн үлдэгдэл хохирол болох 400.000 төгрөгийг шүүгдэгч Э.С-гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч П.М-эд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Л-, С.Б- нар нь учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Сайханхайнгайгийн өмгөөлөгч хорих ялын доод хэмжээг, шүүгдэгч Т.Л-гийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял, шүүгдэгч С.Б-өмгөөлөгч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул өсвөр насны хүнд ял шийтгэл оногдуулах журмаар, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах..” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Т.Л-, С.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Сайханхайнгайгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б-өмгөөлөгчийн шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Б- нь шүүх хуралдааны үед насанд хүрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-, Т.Л-, С.Б- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Л-, Э.С-, С.Б- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-, С.Б- нарыг тус тус 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-г 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-, С.Б- нарт оногдуулсан 01 жил хорих ял, шүүгдэгч Э.С-д оногдуулсан 02 жил хорих ялыг тус тус нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-гаас 400.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Мөнгөн-Илдэд олгосугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-, Т.Л- С.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР