Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/380

 

С.Б, Т.Л,

Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч М.Идэрхангай,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б, Т.Л, Э.С нарт холбогдох 1905033981104 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. С овгийн Сийн Б, 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежид сурдаг гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 9-4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. Б овгийн Тын Л, 2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Идэр дээд сургуульд сурдаг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            3. Б овгийн Эын С, 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзад 10-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 10-17 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            Э.С, Т.Л, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 7 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжингийн гүүр”-ний доод талд байх овоолсон шороонуудын орчим иргэн Т.Өын эд зүйлийг авахаар довтлон 2.426.640 төгрөгийн үнэ бүхий “Iphone XR” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.С, Т.Л, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Тын Л, Б овогт Эын С, С овогт Сийн Б нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, С.Б нарыг тус тус 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, С.Б нарт оногдуулсан 1 жил хорих ялыг, шүүгдэгч Э.Сд оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сгаас 400.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Мөнгөн-Илдэд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Зөвхөн би уг гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан ба шүүх хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 12, 17, 30-ны өдрүүдэд товлогдон хуралдах хүртэл насанд хүрээгүй, өсвөр насны шүүгдэгчээр шүүх хуралд оролцож, надад холбогдох шүүх хурал хаалттай болж, хэргийн оролцогч Лгийн гаргасан ирцтэй холбоотой саналыг харгалзан 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хойшлуулсан. Уг хойшилсон хугацаанд миний төрсөн өдөр болж, улмаар 18 насанд хүрсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд уг бүлэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулна.” гэж тодорхой заасан байхад надад уг хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулаагүй нь харамсалтай байна. Мөн миний бие аавыгаа бөөрний хорт хавдрын улмаас 2019 оны 5 дугаар сард нас барснаас хойш элэгний В, Delta хосолсон вирус гэх оноштой, өвчтэй ээж, 2 дүү нараа харгалзан, хичээлдээ явж, зав чөлөөндөө цагийн ажил хийж, ар гэртээ дэм болж амьдардаг байсан. Гэвч гэнэн томоогүй үйлдлээр ийм хэрэг хийсэндээ туйлын ихээр харамсаж байна. Иймд шүүгчид та бүхэн миний насанд хүрээгүй байхдаа уг хэрэгт холбогдсон, мөн гэр бүл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Идэрхангай гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсвэл өөрчилнө гэсэн байдаг. Дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. ...” гэж заасан байдаг. Гэвч тус бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байдаг. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, эсхүл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах заалтыг барьж, С.Бд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг эргэн харж, ял хойшлуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.С “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Сн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.С давж заалдах гомдол гаргаагүй учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын Э.Сд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч С.Бын давж заалдах гомдлын тухайд, С.Б нь насанд хүрээгүй байх үедээ буюу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэгт холбогдсон байдаг. Түүний үйлдэлтэй холбоотой зүйл, заалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон тул 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт тус зүйл, заалт хамаарахгүй гэж үзэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Л “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Г.Сүхээ “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар бүлэглэн иргэн Т.Өын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Iphone XR” загварын гар утсыг нь дээрэмдэн 2.426.640 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдалд тохирсон шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэмт хэргийн шинж байдал, хүний хувийн байдлыг харгалзан үзэж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, ял шийтгэл оногдуулсныг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.С, Т.Л, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 7 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжингийн гүүр”-ний доод талд байх овоолсон шороонуудын орчим иргэн Т.Өын эд зүйлийг авахаар довтлон 2.426.640 төгрөгийн үнэ бүхий “Iphone XR” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.Өын “...Ажил руугаа явж байхад араас гурван залуу ирж, миний хүзүүгээр тэвэрч, гүүрний доод талд чирж аваачаад, нийлж зодож байгаад миний “Iphone XR” загварын гар утсыг дээрэмдсэн. ...Тэр залуучууд бүгд 20-25 орчим насны хүмүүс байсан бөгөөд нэг нь нөгөө хоёроосоо арай өндөр нуруутай, баруун талын чихэндээ ээмэгтэй байсан. Нөгөө нь хацар дээрээ түлэнхий сорвитой байсан. Тэр өндөр нуруутай залуу над руу дайрч, зодож, биед халдаж байсан. ...Утасныхаа кодыг хэл гээд намайг зодохоор нь би утасныхаа кодыг хэлэхэд “чи наанаа байж байгаад яваарай” гэж хэлээд гүүрний дээрээс такси бариад явсан. ...Намайг гурвуулаа зодсон ба тэр өндөр залуу нь бусдыгаа толгойлоод байсан. ...Намхан нүүрэндээ сорвигүй залуугаа Сүрэн гэж дуудаад байсан. ...” /хх 24-26/,

гэрч Г.Төрбатын “...Би тэр гар утсыг худалдаж аваагүй. Теди захын утасны ченж Илдээ гэдэг хүнд зуучилж өгч дундаас нь 100.000 төгрөг авсан. ...1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх 52-53/,

гэрч П.Мөнгөн-Илдийн “...Би Г.Төрбатаас ... тэр гар утсыг 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд ... нэг залууд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утас зарсан хүүхэд нь өөрийнхөө иргэний бүртгэлийн лавлагааг өгсөн учир би тэр гар утсыг худалдаж авсан. ...” /хх 54-55/,

гэрч Ж.Алтангэрэлийн “...Тэди төв дотор ... 2 давхрын 6 номерын лангуун дээрээс усан цэнхэр өнгийн “Iphone XR” загварын гар утсыг ... зарж байсан эрэгтэй хүнээс хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад гар утсыг 1.600.000 төгрөгөөр зарна .... гэхээр нь ... худалдан авсан юм. Ингээд гар утсыг ... эхнэр Ундармаа барьж байтал ... Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн гаралтай гар утас барьж байна гээд гар утсыг .... авсан юм. ...” /хх 91-92/,

С.Бын өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Би бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах болно. ...” /хх 108-110/,

            Т.Лгийн яллагдагчаар өгсөн “...Тэди төвийн гадуур гар утсыг авдаг танихгүй хүнтэй хэдэн төгрөгөөр авах эсэхийг асууж байгаад 1.200.000 төгрөгөөр зарсан. Гар утсыг би зарсан бөгөөд гар утсыг худалдаж авсан хүн өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагаагаа өгсөн юм. Нийт 1.200.000 төгрөг болсноос хүн хүний 400.000 төгрөгөөр хувааж авсан. ...” /хх 111-114/,

            Э.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би Л, Б нартай бүлэглэж иргэн Т.Өын гар утас болох “Iphone XR” загварын гар утсыг дээрэмдэж авснаа хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа нүүрэн тус газарт цохисон. Б цээж рүү 1 удаа жийж, хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Л нь нуруу хэсэг рүү хальт байдлаар 2 удаа гараар цохисон. ..." /хх 115-118/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/, “Сайн интернэшнл” ХХК-ийн зарлагын баримт, бараа материалын падаан, НӨАТ-ын баримт /хх 20-21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 30-32/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 34-35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 144/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б, Т.Л, Э.С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Б, Т.Л, Э.С нар нь бүлэглэж буюу хохирогч Т.Өыг шүүгдэгч Э.С, Т.Л нар нь гараараа нүүр рүү нь тус тус 1 удаа цохих, шүүгдэгч С.Б нь цээж рүү нь 1 удаа өшиглөх байдлаар тус тус хүч хэрэглэн “Iphone XR” загварын гар утсыг авч, 2.426.640 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Э.С, Т.Л, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Л, С.Б нарыг тус тус 1 жил хорих ялаар, шүүгдэгч Э.Сг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч С.Б нь 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн нь түүний хувийн байдлын талаар авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 127/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 130/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг гарах үед шүүгдэгч С.Б нь арван найман насанд хүрсэн буюу 18 нас 14 хоногтой байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтад орсон боловч уг заалтад өөрчлөлт орохоос өмнө шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй байдлаар тайлбарлан хэрэглэж байсан болно.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч С.Бын “...Миний насанд хүрээгүй байхдаа уг хэрэгт холбогдсон, мөн гэр бүл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах заалтыг барьж, С.Бд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг эргэн харж, ял хойшлуулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулгатай давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч С.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 8.5 дугаар зүйлийн зохицуулалтын аль ашигтай үндэслэлээр нэгийг нь сонгож буюу 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангид заасан ялыг хөнгөрүүлэн 1 жил хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын болон түүний өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ