Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00525

 

М.Сы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1640 дүгээр магадлалтай,

М.Сы нэхэмжлэлтэй

З.О-ээст холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 650 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

Хариуцагч З.О-ээс, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.С, хариуцагч З.О-ээс, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281, 282 дугаар заалтыг үндэслэн хариуцагч З.О-ээстэй 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 30 000 000 төгрөгийг 8 cap 15 хоногийн хугацаатай нэг сарын 1.5 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны 458016409 тоот данснаас хариуцагчийн ХААН банкны 5033110293 тоот дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны 5033110293 тоот дансанд мөн шилжүүлсэн. Зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн ХААН банкны 5518635755 тоот дансанд 1 000 000 төгрөг л төлсөн гэж байгаа боловч уг мөнгийг төлсөн гэсэн баримт байхгүй. Мөн хариуцагч нь 15 466 022 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй, баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 30 000 000 төгрөг зээлийн хүү 3 050 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг, нийт 36 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээлийн гэрээг нөхөн байгуулсан боловч мөнгийг шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М.С нь надтай 2015 оны 12 сараас 2017 оны 01 cap хүртэл хамт амьдарсан. Бэлнээр М.Сд мөнгө өгч байсан дэвтэр надад байгаа. Анх энэ 30 000 000 төгрөгийг надад өөрийн хүсэлтээр чи эргэлтийн хөрөнгөндөө хэрэглэж бай, эргэлтийн хөрөнгөөс гарсан ашгийг хамтын амьдралдаа зарцуулья гэсэн. Гэхдээ энэ мөнгийг гэрээ хийсний дагуу бүтнээр өгөөгүй ба тодорхой хугацааны давтамжтайгаар орж ирсэн. Эхлээд 2016 оны 3 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-нд 10 000 000 төгрөг дансанд орж ирсэн. Зээлийн гэрээг анх хүүтэй гэх асуудал ерөөсөө яригдаж байгаагүй ба надтай маргалдаж муудалцах болгондоо би чамд өгсөн мөнгөндөө баталгаа авна гэж шаарддаг байсан. Сүүлдээ над руу ингэж дайраад байхаар нь арга буюу нотариат дээр очиж гэрээ хийсэн. Түүнээс анхнаасаа хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон зүйл байхгүй. Би М.Сд бэлэн мөнгөөр, данснаас данс хооронд болон мөнгөө банкаар дамжуулан түүний дансанд хийх гэх мэтээр маш их мөнгө өгсөн. Тухайн үедээ би хамтран амьдарч байсан, цаашид гэр бүл болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас банкны баримтыг хадгалж байгаагүй. Иймээс би өөрийн буцааж өгсөн мөнгийг нотлох боломжгүй болоод байна. Надад 20 000 000 төгрөгийг М.Саас шилжүүлээгүй, М.Бямбасайханаас шилжүүлсэн, ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлж байна ч гээгүй. Харин ч бид хамт амьдарч байсан болохоор хамтын амьдралдаа зарцуулаарай гэж байсан. Харин 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10 000 000 төгрөгийг бол нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эхлээд зээл гээгүй, хүү тохироогүй боловч М.С нь 2016 оны 8 сард зээлийн гэрээг хүчээр нөхөн хийсэн. Түүнээс би 2016 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг аваагүй. Миний бие нэхэмжлэгчид дансаар 2 430 000 төгрөг, өөрийн дансаар шилжүүлсэн 5 516 000 төгрөг, бэлнээр 6 ширхэг баримтаар 6 781 000 төгрөг, өөрт нь авсан зүйл 739 022 төгрөг, нийт 15 462 022 төгрөг өгсөн байгаа. Тиймээс 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн М.С, бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хууль зөрчин хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М.С нь надад 30 000 000 төгрөг өгөөгүй, би уг мөнгийг дансаар болон бэлнээр өөрийн өмчлөлд аваагүй тул 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн бидний хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хуульд зааснаар эд хөрөнгө буюу мөнгө шилжиж байж зээлийн гэрээ бодитой хэрэгжсэн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид бодитой шилжсэн зүйл байхгүй учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж болохоор байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн З.Обидний хооронд байгуулсан гэрээ нь 2 талын хүсэл зоригийн нэгдлээр хийгдсэн гэрээ бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.О-ээсзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 525 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27 124 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч З.О-ээсийн нэхэмжлэгч М.Сд холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Сы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167 359 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 307 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1640 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 525 600 гэснийг 31 842 500 гэж, 27 124 400 гэснийг 4 807 500 гэж, 2 дахь заалтын 167 359 гэснийг 317 162 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Охяналтын гомдолдоо: Миний бие нэхэмжлэгч М.Стай хайр сэтгэлийн холбоотойгоор 2016 оны 12-р сараас 2017 оны 01-р сар хүртэл нэг жил гаран тасралтгүй манай гэрт 8 настай охины хамт хамтран амьдарч байсан. М.С нь манай гэр оронд амьдарч байхдаа ахуйн зардал, хоол хүнс, байр түрээсийн зардалд ямар ч хувь нэмэр гаргадаггүйгээс гадна надаар гаргуулах зардал маш их байсан нь баримтаар байгаа. Нэхэмжлэгч М.Сд эмэгтэй хүнийхээ хувьд, эх хүнийхээ хувьд дараах эмзэглэмээр ноцтой зүйлсд маш их гомдолтой байна. М.С нь тухай үед Улсын ерөнхий прокурорын газарт туслах ажилтан хийдэг байсан ба 2017 оны 02-р сарын 03 ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын ёс зүйн алба, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, хэлтсийн дарга Бат-Орших даргад хаяглан эрх зүйч хүний ёс суртахууны доголдолд гомдлоо гаргаж байсан.  Нэхэмжлэгч М.С гэр бүлийн хүчирхийлэл, дарамтыг дээд зэргээр үйлдэж удаа дараа биед гар хүрч гэмтээж байсан /энэ үйлдлийг миний 8 настай охин нүдээрээ харж, одоо бусдаас айж эмээдэг болсон./ Нэхэмжлэгч М.С 2 удаа дарааллан бидний дундаас олдсон хүүхдийг дарамт шахалт үзүүлэн албадан хүчээр үр хөндүүлсэн нь олон гэрчтэй бөгөөд эмнэлгийн баримтаар /хавсаргав/ нотлогдоно. Үүний үр уршгаар миний эрүүл мэнд маш их хохирч гар үений өвчтэй болж, дахин үр тогтоох боломжгүй, үр тогтоох амь насанд ч аюултайгаар хохирч байна. Нэхэмжлэгч М.С нь З.Оминий биед эрүүл мэнд болоод эд хөрөнгийн хохирлыг илүүтэйгээр учруулсан. Бидний дунд ямар нэгэн зээлийн гэрээ үйлдэгдэж байгаагүй. Шүүх зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаад гомдолтой байгаа. Хариуцагч З.Оминий бие М.Стай гэр бүл болно гэж итгэж өөрийн гэр орондоо үнэ төлбөргүй амьдруулж, түүний хэрэглэх бүх хэрэглээ хувцас, тог цахилгаан, эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхэд гээд өөрийн өнчин охиноо тэжээж амьдардаг өрх толгойлсон эх хүний хувьд өрийгөө маш ноцтой хүчирхийлэл дунд амьдарч байсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал хяналтын гомдолдоо: Магадлалд хариуцагч З.Оболон өмгөөлөгч З.Ариунжаргал бид гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.С 2016 оны 3 сарын 16-ний өдөр 30 000 000 төгрөгийг З.О-ээсийн өмчлөлд өгсөн байна гэж үзэж зээлийн гэрээг хуулийн дагуу хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын мэдүүлгээр нотлогдохгүй байгаа нь доорхи баримтаар тогтоогддог. Үүнд: 1. зохигчдын хооронд 2016 оны 3 сарын 16-нд зээлийн гэрээ байгуулагдаагүй, нотариатч 2016 оны 8 сарын 15-нд баталгаажуулсан байдаг бөгөөд энэ гэрээг 2016 оны 8 сарын 15-нд М.Сы тулган шаардсанаар бодитоор мөнгө тухайн өдөр М.Саас аваагүй байж гарын үсэг зурсан гэж хариуцагч З.Отайлбарладаг. 2. Зээлийн гэрээ хийгдсэн гэх 2016 оны 8 сарын 15-нд Оюундэлгэрт 30 сая төгрөг М.С өгсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. 3. Давж заалдах шатны шүүхээс 20 000 000 төгрөгийг 2016 оны 3 сарын 16-нд Оюундэлгэрийн дансанд М.С нь ах Бямбасайханаар дамжуулан шилжүүлсэн байна гэж дүгнэсэн гэтэл тухайн өдөр зээлийн гэрээ хийгдээгүй 2016 оны 8 сарын 15-нд хийгдсэн гэдэг, мөн М.Саас биш Бямбасайхан гэдэг хүнээс шилжүүлсэн байдаг бөгөөд уг гүйлгээнээс М.С 20 сая төгрөгийг Оюундэлгэрт зээлж байна гэдэг агуулга харагддаггүй. Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн мөн Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 заалтыг зөрчсөн тодруулбал хариуцагч Оюундэлгэрийн өмчлөлд 30 сая төгрөг нэхэмжлэгч М.С хийсэн нь нотлогдоогүй, нэхэмжлэгч тал нотлоогүй байхад шүүх зээлийн гэрээ гэж үзэж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч З.О-ээсзээлийн үүрэгт 36 650 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 9 252 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 31 842 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Харин магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

М.С нь З.О-ээстэй байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сарын 1.5 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ. 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч нь нийт 30 000 000 төгрөгийг зээлж авсан байна.

Тухайн үед талууд бичгээр гэрээ байгуулаагүй ба 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээг бичгээр нөхөн байгуулсан гэжээ. 

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй байдлыг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлээ болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалтад тохироогүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. 

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр  боловч талууд хүү, анз төлөх тохиролцоо байсан эсэх талаар буюу гэрээний зарим хэсгийг маргасан байхад шүүх маргаагүй гэж үзсэн нь алдаатай юм.

Зохигч талууд зээлийн гэрээг амаар байгуулсан, анхнаасаа хүү тохироогүй ба хожим нь гэрээг бичгээр байгуулж, хүү, алданги тохирох нь хууль зөрчөөгүй хэдий ч бодит байдалд хүү, анз төлөх талаар зохигчийн хооронд тохиролцоо байгаагүй гэж маргасан, нөгөө талаас  “...бид хамтын амьдралтай байсан, ...уг мөнгийг өсгөж ашгийг амьдралдаа хэрэглэж байсан..., нэхэмжлэгч нь муудалцах болгондоо мөнгөндөө баталгаа авна гэж шаарддаг байсан тул гэрээ хийсэн...”, гэх хариуцагчийн тайлбарыг харгалзан хүү, алданги тооцох боломжгүй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтаар зээлийн гэрээний талууд хүү, анзын талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, тохирсон гэж үзэх бодитой үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь 15 462 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн гэж мэтгэлцсэн боловч баримтаар нотлоогүй байна. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд хариуцагч нь 1 834 800 /хх-31,32,33/ төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь тогтоогдож байх тул буцааж төлөх ёстой 30 000 000 төгрөгөөс хасч тооцоход 28 165 200 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй.

Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1640 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан хариуцагч З.О-ээс28 165 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, нэхэмжлэлээс 8 484 800 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дах заалтад “...167 359...гэснийг ...298 776 ...” гэж өөрчилж, ...307 950... гэсний өмнө хариуцагч З.О-ээсгэж нэмж оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 317 162 төгрөг төлснийг шүүгчийн  захирамжаар буцааж олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА